Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00850

 

У.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02940 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00376 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: У.М

          Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

          Даатгалын нөхөн төлбөрт 5.325.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.С, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.М нь Соёмбо даатгал ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2015-03-20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн осол болон эмчилгээний зардлын гэрээнд хамрагдаж даатгуулсан юм. У.М 2015-10-23-ны өдөр хөлөө хүндээр гэмтээж удтал эмчилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэх хугацаандаа даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр буюу эмчилгээний зардалд 5,325,800 төгрөгийг Т ХХК-с нэхэмжилсэн боловч учирсан гэмтлийг хуучин гэмтэл гэдэг хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын тухай хуулийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд хорооноос 2016-03- 09-ний өдөр Ж.Мөнхбаатарын даатгалын нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээгээр Т ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Т ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг өдий хүртэл биелүүлэхгүй хохироож байна. Иймд 5,325,800 төгрөгийг Т ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Соёмбо даатгал ХХК, Т ХХК нарын хооронд 2015-03-20-ны өдөр 199С1500682 дугаар даатгалын гэрээ /гэнэтийн ослын, эмчилгээний зардлын/-г мөн өдрөөс эхлэн 2016-03-19-ний өдөр дуусах хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний 1.1.6-д зааснаар гэрээ эзэмшигч нь Соёмбо даатгал ХХК, харин 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй түүний удирдлаган дор ажилладаг ажилтнуудыг ойлгоно гэж заасан. У.М Мөнгөн гүүр эмнэлэгт 2015-10- 23-ны өдөр MRI шинжилгээ хийлгэж улмаар 2015-10-26-ны өдөр тус эмнэлэгт 2015.07.20-с 2015.10.31-ний өдрийн хооронд гэрээгээр ажиллаж байсан БНСУ-ын Мүн Жи Ёо эмчид үзүүлсэн. У.Мын гэмтэл нь “3 жилийн өмнөх гэмтэл болох тухай болон дунд давхаргын жийрэг үе дундах буюу нөхөн сэргээх мэс засал” хийлгэх тухай дүгнэлт гаргаж, түүнийг тус эмнэлгийн мэс заслын эмч н.Оюунбаяртай уулзахыг зөвлөсөн байдаг. Энэ нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 7.1.4-т заасанд хамаарч байсан тул даатгагчийн эрсдэлийн дэд хорооноос 2015-12-30-ны өдрийн АН/4178 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан. Энэ тухай Соёмбо даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттулгад 2016-01-04-ний өдрийн 16/01 албан бичгээр мэдэгдсэн. Хорооны зүгээс даатгалын тохиолдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрэн хянаж, шалгаж үзэлгүйгээр 9/690 дугаар акт гаргасан нь даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд асуудлыг дахин хянаж шалгуулах, хуульд заасан шаардлага хангасан шийдвэр гаргуулах тухай гомдлоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28.1-д заасны дагуу Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд мөн хорооны даргад тус тус гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02940 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-с 5,325,800 төгрөг гаргуулж, У.Мт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100,162 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00376 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...нэхэмжлэгч У.М нь ажил хөдөлмөр эрхлэх идэвхтэй насандаа албан үүргээ гүйцэтгэж байгаад хөлөндөө хүнд гэмтэл авч даатгалын нөхөн төлбөрөө авч чадахгүй өдийг хүртэл бие сэтгэлээр хохирч явна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жил, хөлөндөө гэмтэл авч эмчилгээ хийлгэснээс хойш бараг 3 жил боллоо. Энэ хугацаанд анхан шатны шүүх дээр 3-4 шүүгчийн нүүр үзэж байж хэргээ шийдвэрлүүлсэн. Хэрэг яг шийдэгдэх болохоор шүүгч нарыг ямар нэг шалтгаанаар сольдог, нэхэмжлэгчийг чирэгдүүлж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг уртасгаж хариуцагчид хугацаа хожих боломж олгосоор байгаад 2016-05-10-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэний хэрэг 2017-11-20-ны өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Одоо давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг дахин анхан шатны шүүх руу буцааж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, санхүүгийн байдалд хүнд хохирол учруулж түүний эрх ашгийг улам дордуулж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн материалыг сайтар магадлан хянаж үзээгүй, өвчин зовлонтой жирийн иргэн хүний олон жил эрүүл мэнд, санхүүгийн хүндрэлд орж хохирч байгаа хэрэгт хайнга хандаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах 5 үндэслэлээр гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд хариуцагч Т ХХК-ийн хуулийн зөвлөх, төлөөлөгч Ц.Орхонбат  шүүхэд хандаж 2017-06-12-ны өдөр хүсэлт гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж буруу бичсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “мөн хэргийн 194 дүгээр талд дүрс оношлогооны мэргэжилтэнг шинжээчдийн багт оруулж өгөхийг” нэхэмжлэгч тал хүссэн байхад уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ. Энэ нь ИХШХШТХ-ийн 168.1.3- р олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж буруу дүгнэлт хийсэн. Хариуцагчийн гэж бичихдээ нэхэмжлэгчийн гээд алдаатай бичсэнийг тодруулж магадлаагүй, үгийн жижиг илэрхий алдааны төлөө хэргийг анхан шатны шүүх рүү буцаах шаардлагагүй юм. Үүнд хэргийг магадлан хянасан шүүгчийн итгэл үнэмшил нэхэмжлэгч талд эргэлзээ төрүүлж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбатын итгэмжлэл удаа дараа Т ХХК-ийн өмнөөс албан бланк дээр тамгатай өгч байсан тайлбарууд нь хэрэгт авагдсан байхад хариуцагч гэдэг үгийг нэхэмжлэгч гээд андуураад бичсэн алдааны төлөө анхан шатны шүүхийг буруутгаж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд Т ХХК-ийн хуулийн зөвлөх Ц.Орхонбатын шүүхэд 2017-06-12-ны өдөр гаргасан хүсэлт байх бөгөөд уг хүсэлтийг шүүх хангаад 2017-06-12-ны өдөр 181/Ш32017/008681 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд хавтаст хэргийн 195 дугаар талд байгаа асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016-06-12-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд байх бөгөөд уг хүсэлтэд Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнийг шинжээчээр томилж өгөхийг хүссэн хүсэлт байгаа. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгч хангаж шийдвэрлээд 2017-06-12-ны өдөр 181/Ш32017/008681 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Уг шүүгчийн захирамжтай очиж танилцаж байсан юм. Ингээд 2017-06-12-ны өдрийн 181/Ш32017/008681 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөл 2017-08- 17-ны өдөр дүгнэлтээ гаргасан. /хх-196/ Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамжийг харж уншаагүй байж “шүүгчийн захирамжид нэр дурдаагүй, томилогдоогүй этгээдээр дүгнэлт гаргасан гэж ...” таамгаар алдаатай дүгнэлт хийсэн байна.

       3. Хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-06-06-ны өдрийн 10/2631 дугаартай албан бичиг байна. Уг бичигт “Иргэн У.Мын биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтооход КТГ-н зургуудыг ЭМЯ-ны харьяа Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнээр уншуулж саналыг авч ирүүлэх шаардлагатай байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжтой байна.” гэж боломжгүй гэхийг боломжтой гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүх анзаарч үзэлгүй шууд “Тус байгууллага нь У.Мын биед учирсан гэмтэл, бусад асуудлыг тогтооход КТГ-ын зургуудыг Эрүүл мэндийн яамны харьяа Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнээр уншуулж саналыг авсны дараа дүгнэлт гаргах боломжтой гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ.” гэж шүүхийн шинжилгээний байгууллагын албан бичгийг үг үсгийн хувьд илт гуйвуулж тайлбарлан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1.3 дахь заалт, 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж магадлал гаргасан гэж үзэж байна.

       4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 181/Ш32017/008681-р захирамжид нэр заагдаагүй, томилогдоогүй этгээдээр шүүхийн шинжилгээ хийлгэсэн, дүгнэлт гаргахыг албан тоотоор үүрэг болгосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2017-06-12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХХК-ийн хуулийн зөвлөх Ц.Орхонбат анхан шатны шүүхэд хандаж Эрүүл мэндийн яамны харьяа Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийг нэмэлт шинжээчээр томилж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан /хх-195/ бөгөөд шүүгч хүсэлтийг хангаж шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг 2017-06- 12-ны өдрөө гаргаж зохигч нар танилцуулж байсан. Уг шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шинжилгээг хийсэн болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар илэрхий нотлогдож байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй алдаатай дүгнэлт хийсэн.

       5. Шүүгчийн захирамжаар томилогдоогүй Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн эмч Б.Эрдэнэбулганы дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан гэж буруу дүгнээд ИХШХШТХ-н 38.5 дахь хэсгийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 181/Ш32017/008681 дугаартай захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэнг тус тус шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нарт адил асуулт асууж тус бүрт нь дүгнэлт гаргуулсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-09- 14-ний өдрийн 975 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2017-08- 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн талаар үг үсэг байхгүй. Шинжээч нарт адил асуулт тавьж тусад нь дүгнэлт гаргуулж хэрэгт авсан байгаа. Хэргийн зохигч талууд зөвхөн даатгалын тохиолдол болсон эсэх, даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудал дээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч У.Мын хөлний өвдөгний үенд авсан гэмтлийг хуучин эсхүл шинэ эсэхийг тогтоолгохоор шүүхийн шинжилгээний байгууллагад 2 удаа хандаж шинжилгээ хийлгэсэн бөгөөд дээрх шинжилгээнүүдийг хариуцагчийн хүсэлтээр хийлгэж байсан. Шүүхийн шинжилгээ нь өөрөө хэргийн хөдлөшгүй үнэн баримт биш бөгөөд зөвхөн нотлох хэрэгсэл болдог. Анхан шатны шүүх дан ганц шүүхийн шинжилгээний дүгнэлтийг баримталж шийдвэр гаргаагүй, мэс засал хийсэн эмчлэгч эмчийн мэдүүлэг, МRI зургийг анх авч шинжилгээ хийсэн эмчийн тодорхойлолт /Э.Мөнх-Од/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнээд шийдвэрээ гаргасан. Удаа дараа хийсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд, эмчийн мэдүүлэг, тодорхойлолт зэргээс нэг зүйл шүүгч болон зохигч талуудад тодорхой болсон бөгөөд энэ нь хүний өвдөгний үенд учирсан гэмтлийг шинэ эсхүл хуучин байсан эсэхийг гагцхүү дуран оруулж мэс заслын аргаар мэдэх боломжтой бөгөөд үүнийг гагцхүү нэхэмжлэгчийн хөлний үенд мэс засал хийсэн эмчлэгч эмч нотлох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үздэг. Хүн амьдралдаа хэдэн удаа ч гэмтэж бэртэж болох бөгөөд үүнээс хариуцагч даатгалын компани нь зөвхөн даатгалын гэрээний хугацаанд учирсан гэмтлийг л хариуцах юм. Урд нь гэмтсэн учраас одоо гэмтсэнийг хариуцахгүй гэсэн зарчим байхгүй, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хувьд аль болох нөхөн төлбөрийг түргэн шуурхай олгож даатгуулагчийг санхүүгийн хүндрэлээс нь хурдан гаргах зорилготой даатгалын бүтээгдэхүүн юм. Гэтэл Т ХХК нь өөрийн даатгуулагчийн эрүүл мэндийг хамгаална гэж амлан даатгалын хураамж авчхаад өвдөж зовох үед нь гаргуунд нь гаргаж, хохироож байна. Мэргэжлийн даатгалын компани нь даатгалын гэрээний зорилго, зүйл заалтаа өөрсдөө ойлгохгүй даатгалын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүй татгалзаад байгаа нь зөвхөн даатгалын нөхөн төлбөрийг өгөхгүй гэсэн ганц зорилго эрх ашиг байна. Давж заалдах шатны шүүх хэргийн материалыг бүхэлд нь сайтар магадлан хянаагүй, шүүгчийн захирамж, хэрэгт авагдсан албан тоотын үг үсгийн алдааг илт гуйвуулж буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцож шийдвэрийг хүчингүй болгоод байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн гэхийг нэхэмжлэгчийн гэж, боломжгүй гэхийг боломжтой гэж бичсэн алдааг илт гуйвуулан тайлбарлаж, улмаар ИХШХШТХ-н 38.5 дахь хэсгийг буруу хэрэглэж байна. Шинжээч томилсон шүүгчийн захирамж байхад шинжээч томилоогүй гэ давж заалдах шатны шүүх уншаад байгааг ойлгохгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         У.М 2016-05-10-ны өдөр Т ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, даатгалын гэрээний үүрэгт эмчилгээний зардал 5,325,800 төгрөг шаардсаныг хариуцагч  эс зөвшөөрчээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... даатгалын гэрээ байгуулагдсан байна...У.М нь ...өвдөгний үений гэмтэл авч, эмчлүүлсэн нь бөгөөд энэ нь шинэ гэмтэл байгаа нотлогдсон байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...шүүхээс шинжээчээр томилогдоогүй ... этгээдийн ... дүгнэлтийг үндэслэн... гаргасан дүгнэлтийг үндэслэл болгосон нь мөн ...дүрс оношилгооны мэргэжилтэнг шинжээчдийн багт оруулах тухай  нэхэмжлэгчийн хүсэлтийг  шийдвэрлээгүй орхисон нь тус тус буруу...” гэж үзжээ.  

       Давж заалдах шатын шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хэрэгт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2017/007798 дугаар захирамж /хх 1-н 186-189/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-06-06-ны өдрийн 10/2631 дугаартай албан бичиг /хх 1-н 193/, Ц.Орхонбатын хүсэлт /хх 1-н 194/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2264 дугаартай албан бичиг /хх 1-н 195/, Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 37/17 дугаартай албан бичиг /хх 1-н 196/, Б.Эрдэнэбулганы гаргасан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх 1-н 197/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 975 дугаар дүгнэлт /хх 1-н 200-201/ авагдсан байх бөгөөд эдгээр нь хяналтын гомдлын нэг үндэслэл болсон хэдий ч магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2264 дугаартай албан бичиг /хх 1-н 195/-с үзвэл  шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 008681 дугаар  захирамжаар шинжээч томилсон байх боловч уг захирамж хэрэгт байхгүйгээс гадна шүүх шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэхээр томилсон эсэх нь тодорхойгүй байна.

      Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна. Ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана. Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ.

       2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа шинжээч томилуулах хүсэлт гаргасан талыг буруу бичсэн нь магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй. Нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан этгээдийг шүүх буруу бичсэн нь ноцтой зөрчил биш болно. 

        Түүнчлэн, талууд “...хуучин гэмтэл сэдэрсэн...” эсхүл “... хуучин гэмтэл дээр нэмж гэмтэл авсан...” талаар маргаж буй нь тодорхойгүйгээс нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00376 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 100.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ