Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 858

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын дүгнэлттэй “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч гийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаартай хэрэгт “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгож, шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж зөвтгөн өөрчлүүлэх” шаардлага бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч нь иргэн Т.Т Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж гаргасан ““С” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБХТН-ийн буудлага спорт төвийн 1 давхрын зүүн жигүүрт байрлах склад, Нарантуул худалдааны төвийн 339 дүгээр контейнерт хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа” гэх зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгажээ.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан иргэн Т.Т ийн зөрчлийн талаарх гомдол, холбогдогч Б.А нарын мэдүүлгүүд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-02-191/418 дугаартай “Бүтээгдэхүүн устгах тухай” улсын байцаагчийн акт, устгалын акт, гэрэл зургууд болон бичгийн бусад баримтуудаар “С” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБХТН-ийн буудлага спорт төвийн 1 давхрын зүүн жигүүрт байрлах склад, Нарантуул худалдааны төвийн ... дүгээр контейнерт хугацаа дууссан 45 нэрийн, 1442 ширхэг, 2406.5 кг, 26.802.800 төгрөгийн хадгалах хугацаа дууссан чихэр, зефир, набор, шоколадан чихэр, печень зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж, тэмдэглэгээ тавилгүй, улмаар хугацаа дууссан болохыг мэдсээр байж, хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан, задалж шинэ уутанд савлаж дахин шошго нааж худалдаанд гаргахаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон байна.

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч нь хэрэг бүртгэлтийн явцад хийгдвэл зохих ажиллагаа болон зөрчлийн үр дагаврыг арилгах ажиллагаануудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн байх боловч шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн эсхүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол ... зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” шийтгэл ногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг гэж хуульд байхгүй зүйл хэсгээр шийтгэл ногдуулсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд прокурорын дүгнэлт бичиж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон хууль зөрчиж үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч гийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаартай хэрэгт “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгож, шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж зөвтгөн өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Т.Т гаас ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БХТН-ийн өргөтгөлийн хэсэгт байрлах “С” ХХК-ийн агуулахын үйл ажиллагаанд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч, Ж.Б, Т.А, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И нар гүйцэтгэх захирал Б.А болон холбогдох ажилтнуудыг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар хадгалалтын хугацаа дуусан /чихэр, набор, зефир, шоколад зэрэг/ 45 нэр төрлийн 2.4 тн хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хадгалж байсан зөрчил нь баримтуудаар нотлогдсон тул 1******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, “С” ХХК-ийн агуулахад хадгалалтын хугацаа дууссан 45 нэр төрлийн 2.4 тн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 02-02-191/418 дугаар актаар “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлж устгасан. Илэрсэн зөрчлийн арилгуулах 5 заалт бүхий улсын байцаагчийн 02-02-191/1337 тоот албан шаардлагыг хүргүүлсэн.

Тус компани нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан А/98 дугаар тушаалын дагуу хүнсний бүтээгдэхүүн тус бүрт ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, ул мөрийн бүртгэлийн хуудсаар хүнсний сүлжээнд хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг нийлүүлж хэвшээгүйн улмаас дээрх зөрчлүүд үүссэн байгаа тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу гурван мянган нэгж буюу гурван сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Шийтгэлийн хуудсыг бичихдээ 16.5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг гэж андуурч хуулинд байхгүй зүйл заалтыг бичсэн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч гийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаартай хэрэгт “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгож, шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж зөвтгөн өөрчлүүлэх” гэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.15 ... зүйлд заасан зөрчил”, 2.1 дүгээр зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.10 ... заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байна.

Шүүх Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд 1******* дугаартай зөрчлийн хэрэг, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хүсэлтийг бүхэлд нь хангаж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч гийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаартай шийтгэврийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Тодруулбал, “С” ХХК-ийг хугацаа дууссан 45 нэрийн, 1442 ширхэг, 2406.5 кг, 26.802.800 төгрөгийн хадгалах хугацаа дууссан чихэр, зефир, набор, шоколадан чихэр, печень зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж, тэмдэглэгээ тавилгүй, улмаар хугацаа дууссан болохыг мэдсээр байж, хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан, задалж шинэ уутанд савлаж дахин шошго нааж худалдаанд гаргахаар бэлтгэсэн зэрэг зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаартай шийтгэврийн хуудсаар шийтгэвэр ногдуулахдаа хуульд байхгүй заалтыг андуурч бичсэн болох нь тогтоогдлоо.

 Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч нь 1******* дугаартай шийтгэврийн хуудас гаргахдаа андуурч Зөрчийн тухай хуулийн байхгүй зүйл заалтыг бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болно. 

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч гийн 1******* дугаартай шийтгэврийн хуудсийг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК-ийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж өөрчлөх үндэслэлтэй байна.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгүүдийг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г ийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Ч ийн 1******* дугаартай шийтгэврийн хуудсийг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК-ийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ТӨМӨРБАТ