Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/1010/З |
Дугаар | 221/МА2021/0077 |
Огноо | 2021-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0077
|
“МУАХ” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Ү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “МУАХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “МУАХ” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““МУАХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй.
1. Нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын талаар нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзал, татгалзлын талаар хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх анхааралтай судалсны эцэст тэдгээрийн агуулгыг шийдвэрт тусгадаг.
Гэтэл шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийг хэн ч уншаад юу ч ойлгохооргүй, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг болгосон байна. Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр өгсөн тайлбарыг огт тусгалгүй, шүүх хурлын үеэр амаар хэлж байсан тайлбарыг энд тэнд нь оруулж, буруу зөрүү бичсэнээс болж хүн уншаад ойлгохооргүй болжээ.
Угтаа шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбарт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэсний гудамжны 18 дугаар байр /хуучнаар Бүгд Найрамдах Куба Улсын Элчийн сайдын яам байрлаж байсан байр/-ыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна гэж заасан байдаг. Бүгд Найрамдах Куба Улсын Элчийн сайдын яамны байрыг МУАХ-нд түр эзэмшүүлэхээр Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот тушаал, МУАХ-ны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр томилогдсон хоёр талын комиссын акт үйлдэн барилга хүлээлцсэн, түүнээс хойш Засгийн газрын ямар нэгэн шийдвэрээр уг байрыг МУАХ-нд бүр мөсөн шилжүүлсэн шийдвэр байхгүй байхад МУАХ-ны өмч гэж хүлээн зөвшөөрсөн Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг засгийн газрын шийдвэрээр, засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэснийг зөрчиж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн бус байгууллагын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэсний гудамжны 18 дугаар байр /хуучнаар Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам байрлаж байсан байр/-ыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээхээр шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн хариуцагчийн тайлбарын агуулгыг тодорхойлох байсан болов уу.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбарын агуулгыг алдагдуулж, улмаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй зүйлийг шүүхийн шийдвэрт тусгаж бичсэнээр хэргийн оролцогчид өөрсдөө төдийгүй хэргийн оролцогч бус хэн нэгэн этгээд уншаад хэргийн талаар ямар ч ойлголт авч чадахааргүй, найруулга, үг зүй, техникийн алдаатай шийдвэр гаргажээ.
Тухайлбал, “ТОГТООХ нь” хэсэг бүхэлдээ утга, агуулга, найруулга, үг зүйн алдаатайгаас гадна гуравдагч этгээд уг барилгыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын эзэмшлийнх гэж маргасан байхад шүүх маргааны зүйлээ буруу тодорхойлж “Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам эзэмших ёстой гэж тус тус маргажээ” гэж тодорхойлсноос харагдаж байна.
2. “Захиргааны актад ямар хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзсэн талаар хууль зүйн үндэслэлийг дурдаагүй” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн байдаг.
2.1 Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУАХ болон Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “МУАХны эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн гэж бодит нөхцөл байдлыг дүгнэж, тогтоолд тусгасан болно.
Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот тушаал, МУАХ-ны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр томилогдсон хоёр талын комиссууд уг байрыг МУАХ-нд түр эзэмшүүлэхээр хүлээлцсэн байдаг. Эдгээр шийдвэрүүд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хуульд өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн албан ёсны шийдвэр биш бөгөөд зөвхөн албан ёсны шийдвэр гартал түр эзэмшүүлж, хөрөнгө хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан шийдвэр юм. Иймд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
2.2 Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргах үед Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /1996 оны/ үйлчлэлд байсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна”. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэснийг тус тус зөрчиж, 500 дугаар тогтоолыг гаргасан байх тул захиргааны байгууллага алдаатай гаргасан шийдвэрээ залруулж, уг тогтоолыг хүчингүй болгосон.
Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, 2 дахь хэсэгт заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” бүрэн эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэснийг үндэслэн шийдвэрээ гаргасан.
Иймд хууль зүйн үндэслэлийг дурдаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
3. Шүүхийн шийдвэрт “хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлт гараагүй байхад яагаад хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.” гэжээ.
Шүүх “эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэж хэнийг хэлээд байгаа нь харин ойлгомжгүй байна. МУАХ-ноос Төрийн өмчийн хороо болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газар, Гадаад харилцааны яаманд хандаж удаа дараа гомдол, санал гаргаж байсан. Мөн “ДБҮЭГ” ТӨҮГ-аас ч удаа дараа санал, хүсэлт гаргаж байсан тул энэ асуудлыг судалж, эцэслэн шийдвэрлэх нь төрийн захиргааны байгууллагын үүрэг юм.
4. “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна” гэх тухайд.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэр гарах ёстой гэдгийг МУАХ тухайн үед хүлээн зөвшөөрч, хөрөнгө хүлээлцсэн байдаг. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд:
1. 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай акт – /Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мэдэлд байсан 8 айлын сууцыг Урлагийн ажилтны холбоонд шилжүүлэх тухай дээд байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл хугацаанд актаар хүлээлцэв. Уг барилга байгууламжийг ҮААЭГ-ын данснаас хасч Урлагийн ажилтны холбооны хороонд түр хугацаагаар хүлээлгэн өгөв./
2. 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар акт – /1991 оны 10 дугаар 17-ны өдрийн 09 тоот тушаалаар томилогдсон Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн комисс, Урлагийн ажилтны холбооны хорооны 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 273 тоот тушаалаар томилогдсон комисс Урлагийн ажилтны холбооны мэдэлд байсан байрыг Их тэнгэр цогцолборт албан ёсны шийдвэр хүлээхгүйгээр актаар хүлээлгэн өгөв./
3. Гадаад явдлын яамны 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг
4. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдааны протокол
5. “Өмнөх нийгмийн үед бүх зүйл төрийн өмч байсан тухайн барилга төрийн хөрөнгө оруулалтаар бий болсон учир төрийн өмч гэж үзэх нь учир дутагдалтай” гэх дүгнэлтийн тухайд.
Маргаан бүхий байр нь төрийн өмчөөр баригдсан, төрийн байгууллага буюу Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэлд, төрийн тусгай хэрэгцээний байр байсан, тухайн байгууллагын захиалгаар 1987 онд их засвар хийгдсэн гэдэг нь хөдлөшгүй нотлох баримттай. МУАХ өөрийн хөрөнгөөр барьж, өөрийн хөрөнгөөр их засвар хийсэн зүйл огт байхгүй байхад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш өмчлөлийн талаар дүгнэлт хийсэн. Иймд хууль зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй хирнээ хууль зөрчиж үндэслэлгүй дүгнэлт хийсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тус шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “МУАХ” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана” гэж заажээ.
Манай улс нь Бүгд Найрамдах Куба улстай 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоож, хоёр улсын гадаад явдлын яам хооронд 1981 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан протоколд “... Элчин сайдын яамны хэрэгцээнд ажлын шаардлага хэрэгцээг бүрэн хангах багтаамжтай, 3-4 авто машины гарааштай, амралт, зочид, хүүхдийн өрөө, жижиг заалтай, ажилчдын орон сууц нь 2-3 өрөө бүхий албан байр, орон сууцыг харилцан адил байх зарчмын үндсэн дээр, түрээсгүйгээр ашиглуулах үүргийг харилцах хүлээх” гэж заасан бөгөөд Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам нь Нэгдсэн үндэстний гудамж, 18 тоот хаягт байрлах байр /маргаан бүхий/ -нд анх 1970 онд орж, түүнээс хойш1985 онд одоогийн Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны байранд түр шилжин байрлаж байсан ба 1990 оноос хойш дахин байрлаж, 37 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан.
Үндсэн хуулийн шилжилтийн хуульд заасан агуулга нь Монгол Улсын Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргын тушаал хүчинтэй байх тусгай зохицуулалтад хамааралгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нэгжийн дарга нь Засгийн газрыг чөлөөлөх бүрэн эрхгүй болохыг шүүх огт дүгнээгүй, хуулийн хүчин чадалтай, Засгийн газрын нэрийн өмнөөс гаргасан хууль зүйн баримт бичиг гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт зөвхөн үйл баримтыг дурдсан бөгөөд хуулийн иш татах нэг ч хэм хэмжээг дурдаагүй нь угаас хууль бус шийдвэрт баримтлах хуулийн зохицуулалт байхгүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь өөрөө нотлох баримтыг цуглуулдаг тул гагцхүү бодит үнэнийг тогтоох зарчимтай байхад хавтаст хэрэгт авагдсан ихэнх нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт яагаад үнэлэгдээгүй нь тодорхойгүй байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн шилжилтийн хуулийн дээрх зохицуулалтад бүрнээ хамаарах Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн б-д “...Бүгд Найрамдах Куба Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам байрлаж байсныг Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг Франц Улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож, уг байрыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх” гэж өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байхад хэт нэг талыг барьж, уг барилгыг Монгол Улсын Засгийн газрын нэгжийн даргын албан бичгийг үнэлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлсэн үйл баримтыг огт үнэлээгүй нь захиргааны хэргийн шүүх бодит үнэнг тогтоох бус нэг талд ашигтай харьцангуй үнэн тогтоож буй хэлбэр болжээ.
Шүүх Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр илүү хүчин чадалтай юу, эсхүл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаал хүчин чадалтай юу гэдийг үнэлээгүй байгаад харамсахын зэрэгцээ Монгол Улсыг олон тэрбум төгрөгийн хохиролд оруулсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг баримтлан шийдвэр гаргажээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг гаргахдаа “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 2-т заасныг удирдлага болгож” гаргасан бөгөөд уг тогтоол гаргасан хууль зүйн үндэслэл тодорхой байхад ойлгомжгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
Тодруулбал, төрийн чиг үүрэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын зохион байгуулж гүйцэтгэлийг хянах, төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах чиг үүргийн хүрээнд гаргасан тогтоол нь хууль ёсны байна.
Шүүх уг тогтол гарах болсон үндэслэл, хуулийн зохицуулалт тодорхой байхад үйл баримтыг огт дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, МУАХ нь зөвхөн орон сууц, үйлчилгээний барилга барих зорилгоор төрийн өмчийг үнэгүй авах, хувьдаа ашиг олох зорилго агуулж байгааг анзаараагүй, огт дүгнээгүй байна.
2. Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолын талаар:
Уг тогтоол гарч, гадаад улсын Элчин сайдын яам байршиж байсан түүхэн барилга, байгууламжийн тодорхой хэсгийг төрийн өмчийн бус, төрийн бус байгууллагад шилжүүлсэн нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон.
“МУАХ” НҮТББ нь дээр хууль бус шийдвэрт үндэслэн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2203008848 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан ба төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэл хүчингүй болох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь төрийн өмчийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан цагаас хойш дураар авирлан, уг үл хөдлөх хөрөнгийн хаалгыг эвдэж, цоожийг солих, цонхыг хагалах, мөн нурааж шинээр барилга барихаар төлөвлөх зэргээр дураар авирлах явдал газар авсан ба улмаар уг байранд гадаад улсын элчин сайдын яам байрлах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.
Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг баримтлаагүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зөрчиж гарсан хууль бус тогтоол юм.
Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “Бүгд Найрамдах Куба Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх” гэж шийдвэрлэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т /2001 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан, нэмэлт өөрчлөлт ороогүй заалт/ “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад үл хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно” гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газраас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байрыг “МУАХ” НҮТББ-д шилжүүлэх ямар нэг шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй байхад төрийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь хууль бус шийдвэр, дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн явдал юм.
Төрийн өмчийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэргүй, Төрийн өмчийн бус хуулийн этгээдийн өмчлөлд дуудлага худалдаа болон бусад хэлбэрээр хариу төлбөргүйгээр шилжүүлэх нь хууль ёс хийгээд шударга ёсонд үл нийцэх үйлдэл бөгөөд төрийн өмчийг хууль бусаар төрийн бус байгууллагад шилжүүлсэн үйлдлийг залруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэстний гудамжны 18 дугаар байр /хуучнаар Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам байрлаж байсан/-ыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тогтоол юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуульд нийцсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “... манай байгууллага 1989 оноос уг барилгыг эзэмшилдээ авсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ байрыг бүтнээр нь МУАХнд хүлээлгэн өгсөн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байшингаараа бүтнээр нь гарсан, бид маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу 20 гаруй жилийн хугацаанд шударгаар эзэмшиж байгаа, бид түрээсийн төлбөр төлдөггүй, 142 дугаар тогтоол нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй” гэж,
Хариуцагчаас “... уг үл хөдлөх хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө төрийн өмчид байсан, тухайн үед мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хууль ёсны шийдвэр, төрийн өмчөөс хассан тухай аливаа эрх зүйн акт гараагүй тул төрийн өмчийн бус этгээдэд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзээд алдаатай гаргасан шийдвэрийг залруулж, зөвтгөсөн” гэж,
Гуравдагч этгээдээс “... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх ямар нэг шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй байхад төрийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол хууль бус байсныг 142 дугаартай тогтоолоор зөвтгөж, манай эзэмшилд хэвээр үлдээсэн нь хуульд нийцсэн, хэрэв уг объектыг манайд хэвээр үлдээхгүй бол Куба улсын Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулах байргүй болж, Засгийн газрын хоорондын хэлэлцээр хэрэгжих боломжгүй болно” гэж тус тус маргажээ.
Маргааны үйл баримтаас үзвэл Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/398, 342 дугаар тушаалаар[1] Нийгмийг аюулаас хамгаалах яамны 1500000 төгрөгийн өртөгтэй тусгай байрыг /1 дүгээр сургуулийн баруун талд байрлах барилга/ Урлагийн ажилтны төв болгон ашиглуулахаар Соёлын яамны мэдэлд балансаар шилжүүлж өгөхийг зөвшөөрч, барилга хүлээлцэх комиссыг байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар[2] “Бүгд Найрамдах Куба улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэх”-ээр шийдвэрлэжээ.
Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тушаалаар[3] “Дэд ерөнхийлөгчийн шинээр орох өвлийн сууц, хуучин амьдарч байсан барилга байгууламжийг хүлээлгэн өгч, хүлээн авах Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн комиссыг томилж, Урлагийн ажилтны холбоонд уг барилга байгууламж, эд аж ахуйг анх хүлээлгэн өгсөн протокол бусад баримт материалын дагуу бүрэн хүлээн авч ажлын комиссын нарийвчилсан акт үйлдэхийг комиссод даалгасан” байх бөгөөд тус комисс МУАХ-ны мэдэлд байсан “Өргөө” байрыг албан ёсны шийдвэр хүлээхгүйгээр актаар хүлээн авчээ.
Улмаар 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мэдэлд байсан 8 айлын сууцыг тус газрын данснаас хасч, Урлагийн ажилтны холбоонд шилжүүлэх тухай дээд байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл актаар хүлээлгэн өгсөн байна.
Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор[4] “Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУАХ болон Монгол Улс дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлж, уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт даалгасан байна.
Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор[5] “...Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн хорооны эзэмшиж байгаа барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн хорооны өмч болох нь нотлогдож байгаа гэж үзэн Төрийн өмчийн холбооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон” байна.
Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУАХ болон Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “МУАХ-ны эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн байна” гэж үзээд Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэстний гудамжны 18 дугаар байрыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь 1986 оноос хойш ямар байгууллагын тайлан, балансад тусгагдаж байсан, уг объектыг анх бүтнээр нь, эсхүл холбогдох хэсгийг “МУАХ” НҮТББ-д шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь ямар журмаар уг обьектийг өөрийн өмчлөлд авсан, маргаан бүхий обьектын хууль ёсны өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй, энэ талаарх талуудын тайлбар, бичгийн нотлох баримтууд зөрүүтэй байх тул маргааныг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
Нэг. Төрийн өмчийн хорооноос Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуй газарт хүргүүлсэн 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18/242 дугаар албан бичигт[6] “...Төрийн өмчийн хороо 2001 оны 500 дугаар тогтоолоороо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны байрлаж буй 1684,12 кв.м талбай бүхий барилгын зөвхөн зүүн хэсгийн нэг, хоёр дугаар давхрын 842,06 талбайн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд уг барилгын 842,06 кв.м талбай бүхий баруун талын одоогоор Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны эзэмшиж буй хэсэг нь танай байгууллагын мэдэлд үлдсэн болохыг мэдэгдэж байна” гэх, “МУАХ” НҮТББ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 41 дүгээр албан бичигт[7] “...Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам нь өөр байранд шилжин байрласан тул бид байрныхаа баруун талыг авах хүсэлтээ уламжилж Гадаад хэргийн яамны сайд Д.Ц-т хандсан...” гэх,
Мөн нэхэмжлэгчийн “...уг барилгыг 1989 оноос хойш 20 гаруй жилийн турш шударгаар эзэмшиж байгаа” гэх тайлбар, “МУАХ” НҮТББ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хүргүүлсэн 2019 рны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар албан бичигт “...энэ барилга нь МУАХны өмч юм” гэх, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр албан бичигт “...өөрийн өмч болох байраа буулгах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна” гэх, 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн МУАХ-ны ээлжит Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...ДБҮЭГ 20 жилийн дараа ямар ч түрээс төлбөргүй манай өргөө байрны гуравны нэгд байрлаж байгаа, ... барилгыг дундуур нь хуваах асуудал байж болохгүй” гэх, улсын бүртгэлийн 2203008848 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамжид байрлах 18 дугаар байр /8 айлын орон сууцны зориулалттай/ 7915 м.кв талбайтай 2 давхар тоосгон барилгын өмчлөгчөөр “МУАХ” ТББ-ыг бүртгэн гэрчилгээ[8] олгосон, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд байрлах 3767.0 м.кв газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосон[9] зэрэг баримтууд нь зөрүүтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг объектыг анх бүтнээр нь, эсхүл холбогдох хэсгийг шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байсан эсэх нь ойлгомжгүй байна.
Хоёр. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...уг үл хөдлөх хөрөнгийг 1989 оноос хойш 20 гаруй жилийн турш шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа, мөн өдрөөс өнөөдрийг хүртэл манай байгууллагын балансад бүртгэлтэй байсан” гэж тайлбарлах боловч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж буй байрны зүүн хэсгийн нэг, хоёр дугаар давхрын 12 өрөөтэй 842.06 кв.м талбайтай байрыг Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбоонд балансаас балансад шилжүүлэх, уг байрны эзэмшлийн тухай гарсан Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгох Төрийн өмчийн хорооны тогтоолын танилцуулгад “...2001 оны төрийн өмчийн тооллогоор Дипломат байгууллагуудын үйлчилгээ аж ахуйн газрын балансад 44,004,321 төгрөгийн үнээр бүртгэгдсэн ...”, Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яамны барилга байгууламжийн хийц хэмжээсийн 2015 оны бүртгэлд[10] “...Байгууллагын нэр: Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газар, 13-р байр, Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 6-р хороо НҮБ” гэж бүртгэгдсэн нь ойлгомжгүй байна.
Хавтаст хэрэгт 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдах үед уг үл хөдлөх хөрөнгө нь чухам хэний эзэмшил, өмчлөлд, ямар хэмжээгээр бүртгэгдэж, тайлан балансад тусгагдаж байсан талаарх баримт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.
Гурав. Соёлын яамны сайдын 1970 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар тушаалаар Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийг байгуулж[11], 1975 оны 05 дугаар сарын 21-ний өдөр МУАХны анхдугаар их хурлыг хуралдуулж[12], тус холбооны дүрмийг баталсан бөгөөд холбоо нь олон нийтийн байгууллага байхаар заасан байна.
Хавтаст хэрэгт “МУАХ” НҮТББ-ын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүрэм, тус холбоонд ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан баримтууд авагдсан боловч тус холбоо нь анх чухам хэдэн онд, ямар хөрөнгөтэй байгуулагдсан, маргаан бүхий объект уг хөрөнгөд багтсан эсэх, уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу тухайн жилийнхээ тайланд тусгаж, тайлагнаж байсан эсэх талаарх баримтыг гаргуулах нь зүйтэй байжээ.
Дөрөв. 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “МУАХ” ТББ-аас “А.Ө” ХХК-д маргаан бүхий 18 дугаар байр байрлах 3770 м.кв талбай бүхий газрыг хүлээлгэн өгсөн[13], Гадаад хэргийн яамыг төлөөлж Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дэд захирал Д.Ц, “МУАХ” НҮТББ-ыг төлөөлж Я.О, Б.З, “А.Ө” группийг төлөөлж захирал Л.Г нар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18 дугаар байрыг буулгаж барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г[14] байгуулсан байна.
Хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын эзэмшилд байх ёстой гэж маргаж байх тул дээрх “Хамтран ажиллах гэрээ”-г чухам ямар нөхцөл, шаардлага, зорилгоор байгуулсан, уг гэрээ нь одоо хүчин төгөлдөр эсэх, уг гэрээтэй холбоотой Гадаад хэргийн яам ямар байр суурьтай байгааг тодруулах шаардлагатай.
Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг буулгаж орон сууц, контор, үйлчилгээний зориулалттай барилга барихаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ГБМЗХ2019/10-013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан бөгөөд энэ нь тухайн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, дүрмийн зорилгод хэрхэн нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.
Тав. Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий 142 дугаар тогтоолыг гаргахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаар мэдэгдээгүй” гэхэд хариуцагчаас “...уг асуудлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нартай уулзаж мэдэгдсэн” гэж тайлбарласан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Зургаа. Эцэст нь Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1а/613 дугаар албан бичгээр[15] “...294 дүгээр тушаалыг хүчингүй болгосон Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 тоот тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна ...” гэх тайлбарыг гаргасан хирнээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож байгаа нь ойлгомжгүй, төрийн захиргааны байгууллага нэг асуудлаар 2 өөр байр суурийг илэрхийлсэн байна.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 79 дэх тал
[2] 1-р хавтаст хэргийн 86 дахь тал
[3] 1-р хавтас хэргийн 87 дахь тал
[4] 1-р хавтаст хэргийн 188 дахь тал
[5] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 81 дэх тал
[6] 1-р хавтаст хэргийн 91 дэх тал
[7] 1-р хавтаст хэргийн 187 дахь тал
[8] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 128 дахь тал
[9] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 129 дэх тал
[10] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 2-р хавтаст хэргийн 93 дахь тал
[11] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 97 дахь тал
[12] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 98 дахь тал
[13] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 166 дахь тал
[14] 2-р хавтаст хэргийн 11 дэх тал
[15] 128/2019/0612/3 индекстэй захиргааны хэргийн 1-р хавтаст хэргийн 186 дахь тал