Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2016/00009

 

Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сар 11-ны өдрийн 151/ШШ2016/00818 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Наранцэцэгт холбогдох

Зээл, зээлийн хүү 5.074.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгчЦ.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин

Хариуцагч Ц.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Должинсүрэнгийн Одгэрэл би 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй 6 сарын хүүтэй харилцан тохиролцож Ц.Наранцэцэгт зээлүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.Наранцэцэгийн харилцан тохирч зээлж авсан мөнгө 3.700.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.150 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээ ёсоор 3.700.000 төгрөг дээр 6 сарын хүү 1.554.000 төгрөгийг нэмэхэд нийт 5.254.000 төгрөг болохоос Ц.Наранцэцэг нь 180.000 төгрөг өгсөн учир 5.074.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Би Д.Одгэрэлээс 2011 оны 7 сарын 26-ны өдөр 1.100.000 төгрөг зээлээд зөвхөн хүүнд нь 1.089.000 төгрөг төлсөн. 2014 оны 11 сарын 26-ны өдөр үндсэн зээл 1.100.000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн 2013 оны 01 сарын 15-ны өдөр 500.000 төгрөг зээлээд мөн хүүнд нь 400.000 гаруй төгрөг өгөөд 2014 оны 04 сарын 06-ны өдөр үндсэн зээл 500.000 төгрөгийг бэлнээр төлж дуусгасан. Ингээд би зээлээ хүүтэй нь төлөөд дуусгачихлаа гэж ойлгож байсан. Гэтэл нэг өдөр Д.Одгэрэл нөхрийн хамт ажил дээр ирээд зээлсэн мөнгөнийхөө хүү алдангийг төлөөгүй хугацааны мөнгө болох 3.700.000 төгрөгийг төл гээд байсан.

 

Ингээд зээлийн тооцоогоо бичдэг дэвтрээ гаргаж ирээд бүх тооцоогоо бодчихоод, таньд хүүг нь дунд нь төлөөгүй хугацааны алданги бодож байна гэж хэлсэн. Би төлөхгүй гэсэн чинь зээлсэн болоод бич гээд ажлын гадаа ирчихээд явахгүй байхаар нь би гараад гарын үсгээ яараад зурчихсан. Ийм л зүйл болсон. Түүнээс яг гар дээрээ 3.700.000 төгрөгийг зээлж аваагүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.2, 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Наранцэцэгээс зээл, зээлийн хүү болох 5.074.000 төгрөг гаргуулах тухай Д.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг зохигч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүй хэт хийсвэр байдлаар шийдвэрлэсэн тухайлбал 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй 6 сарын хүүтэй харилцан тохиролцож Ц.Наранцэцэгт зээлүүлсэн. Уг мөнгийг зээлж авсан талаар баримтыг үйлдсэн ба Наранцэцэг нь түүнд гарын үсэг зурсан. Дээрх баримт нь хэргийн материалын 4 дэх талд байгаа.

Анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй ба хэргийн оролцогчдын тайлбартай уялдуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хэргийн материалын 4 дэх талд байгаа баримтыг нотлох баримтаар ирүүлсэн дэвтэр дээр бичигдсэн 3.700.000 төгрөгийн зээлийн гэрээг Ц.Наранцэцэгтэй хэн гэдэг хүн байгуулсан нь тодорхойгүй, Д.Одгэрэлийн гарын үсэг байхгүй байх ба нэхэмжлэгч Одгэрэлийнх гэх нотлох баримт болгон ирүүлсэн дөрвөлжин шугамтай, 24 хуудастай дэвтэр нь нэхэмжлэгч Д.Одгэрэлийн дэвтэр мөн эсэх нь / түүний нэр болон түүнийх гэдгийг нотлох ямар нэгэн зүйл дэвтэр дээр тэмдэглэгдээгүй/ тодорхойгүй, мөн уг зээлүүлсэн гэх 3.700.000 төгрөгийг хэн хэзээ хариуцагч Ц.Наранцэцэгт хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан зэрэг нь /бэлнээр болон бэлэн бусаар/ баримтаар нотлогдоогүй гэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Наранцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр зээлж авсан. Иймд уг баримтад гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч Наранцэцэг нь тухайн өдөр уг баримтыг Одгэрэлтэй хамт байж байгаад гарын үсгээ зурж өгсөн гэдгээ шүүх хуралдааны явцад хэлсэн байдаг. Эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг нотолж байна.

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 30.000 /гучин мянга/-н төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Наранцэцэг нь 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг тус тус төлсөн. Энэ талаараа хариу тайлбартаа бичсэн. Хэрэв Наранцэцэг нь мөнгө зээлж аваагүй байсан бол зээлийн буцаан төлөлт хийхгүй байсан. Дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр 3.700.000 төгрөгийг Ц.Наранцэцэгт хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан зэрэг нь /бэлнээр болон бэлэн бусаар/ баримтаар нотлогдсонгүй гэсэн иргэн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 151/ШШ2016/00818 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл 5.074.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.Наранцэцэгт холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан ба мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг У.Түвшинд олгожээ /хх-ийн 1, 20 дугаар тал/.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь У.Түвшинд Наранцэцэгт холбогдох хэрэгт анхан, давах, хяналтын шатанд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн зарим хэсгээс эсхүл бүхэлд нь татгалзах, нэхэмжлэлийн зүйлийг болон шаардлагыг өөрчлөх, нэмэх, эвлэрэх, тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, шүүх хуралдаанд оролцох, шүүхэд хүсэлт болон захирамж, тогтоолд гомдол гаргах, давж заалдах, хяналтын гомдол гаргах, хэргийн материалтай танилцах, шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах, гүйцэтгэх бичиг баримтыг нэхэж авах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх-ээр итгэмжлэл 2 жилийн хугацаатай олгосноор У.Түвшин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болжээ.

Шүүх Д.Одгэрэлийн нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгч Д.Одгэрэлд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хийсэн боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргээ бүрэн ойлгож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл өөрийгөө бүрэн төлөөлөх төлөөлөгчийг томилсон бөгөөд уг төлөөллөөс татгалзсан талаар шүүхэд бичгээр мэдэгдээгүй байхад шүүх Д.Одгэрэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчжээ. Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй ба биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн байх учиртай.

Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэж, энэхүү мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болдог байна. Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болоогүй байхад шүүх нэхэмжлэгч П.Одгэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулжээ./хх-ийн 7-8, 19/

Шүүхэд хэргийн хариуцагч Ц.Наранцэцэг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд Д.Одгэрэлийн хүмүүст мөнгө зээлдүүлсэн, зээл, зээлийн хүү тооцож авснаа тэмдэглэдэг дөрвөлжин шугамтай зузаан дэвтэр байдаг. Тэр дэвтэрт надад хэзээ хэдэн төгрөг зээлдүүлсэн, зээлийн хүү, болон үндсэн зээлээ буцааж авсан талаар тэмдэглэсэн байгаа тэр дэвтрийг нотлох баримтаар гаргуулж өгөх, Д.Одгэрэлийн Төрийн банкны дансны 2014 оны 11 дүгээр сарын хуулгыг гаргуулах гэсэн 2 хүсэлт гаргасныг шүүх банкны дансны хуулга гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгчээс бичмэл баримт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ, 38 дугаар зүйлийн 38.3-д шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэснийг тус тус зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчиж явуулснаас маргааны үйл баримт болон хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоодоогүй байхад хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 151/ШШ2016/00818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Одгэрэлийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ӨРНӨНДЭЛГЭР