Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00524/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн 9-02 тоотод оршин суух, Далай ван овогт Данзангийн Баянмөнхийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Баянмөнх миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт гарах болоход Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
                                      D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\565-Ш-И Д.Баянмөнх.docx
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  
Хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь тэтгэвэрт орохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СЕ-56101014 регистрийн дугаартай, Далай ван овогт Данзангийн Баянмөнх нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч Ш.Гансүхийн: ...Би 1975 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан юм... Д.Баянмөнх нь 1977 оны 10 дугаар сараас 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргаар Дугарсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)

2.Гэрч А.Хоролгаравын: ... Би 1975 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад саальчнаар ажиллаж байсан юм... Д.Баянмөнх нь 1977 онд цэргээс халагдаж ирээд  1970 оны 10 дугаар сараас 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргаар Дугарсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)

3. Хэнтий аймгийн архивын № 1936 дугаартай цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан Данзангийн Баянмөнхийн 1977 оны 10 дугаар сараас 1989 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 60 дугаартай тушаалын хуулбарт:... Мал аж ахуйн үйлдвэрт ажиллагсдыг шинэчлэн томилох тухай.... хавсралтын 47 дугаарт Данзангийн Баянмөнх гэжээ. (хх-ийн 7 тал)

5.  Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 86 дугаартай тушаалын хуулбарт:... Ажилд томилох тухай.... хавсралтын 13 дугаарт Данзангийн Баянмөнх гэжээ. (хх-ийн 7 тал)

6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Далай ван овогт Данзангийн Баянмөнх 1956 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, СЕ-56101014 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

7. Д.Баянмөнхийн шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хүсэлт гаргагч нь 1989 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ” бригадад малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  

Хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.  (хх-ийн 25 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СЕ-56101014 регистрийн дугаартай, Далай ван овогт Данзангийн Баянмөнхийг 1977 оны 10 дугаар сарыэ 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар 31 өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян хүрээ”  бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.Баянмөнх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ