Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 670

 

У.Намнандоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр У.Намнандоржид холбогдох 2017 2501 1915 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон Тулга овгийн Улаанбандийн Намнандорж, 1999 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Мандал сумын Мандал цогцолбор сургуулийн 12 дугаар ангид сурдаг байсан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дундговь аймгийн 5 дугаар баг, 2-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗМ99052311/,

У.Намнандорж нь Б.Чингүүнтэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37б байрны гадаа байрлуулсан иргэн Т.Ганболдын эзэмшлийн 30-07 УНД улсын дугаартай “Тоёота карина” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумд байрлах иргэн Ш.Ганчимэгийн эзэмшлийн “Хулд манлай” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч кассын машины савтай бэлэн 110.000 төгрөг, иргэн Н.Батгэрэлийн эзэмшлийн “Говь далай Жаргалант” нэртэй хүнсний дэлгүүрийн вакум цонхийг түлхэн нэвтэрч эд зүйл хулгайлан авч 331.900 төгрөгийг хохирол буюу бусдад нийт 4.831.900 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.Намнандоржийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Намнандорж нь эд хөрөнгийг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Намнандоржид эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Намнандоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар У.Намнандоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Намнандорж бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжид: Тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон тогтоох нь гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Намнандоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл эд мөрийн баримтыг хадгалж, баримтыг хэрэгт хавсаргасугай гэж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтад /...хувийн баталгаа гаргах.../ гэж тус тус залруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална …” гэж заажээ.

Гэтэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус баримталсныг шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчлөө гэж үзэж байна. Шүүх ялтанд оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох байтал 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь буруу байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна.

Түүнчлэн ялтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ гэх байсан байна. Иймд шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна.

Ялтан У.Намнандоржид холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн …” гэжээ.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх У.Намнандоржид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана”, мөн хуулийн 46.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус хуульчилсан байхад 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан “шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл уг шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах” тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, дарааллыг зөрчиж, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.”, 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгнө.” гэж тус тус заасан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр шүүгчийн захирамж нь хэргийн агуулга руу орж шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ялын төрөл хэмжээ, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг залруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэжээ. Мөн шүүгчийн захирамж прокурорын эсэргүүцэл бичигдсний дараа үйлдэгдсэн байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх тул захирамжийг хүчингүй болгов.

Прокуророос У.Намнандоржийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумд байрлах иргэн Ш.Ганчимэгийн эзэмшлийн “Хулд манлай” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч кассын машины савтай бэлэн 110.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Дээрх гэмт хэрэг нь давтан үйлдсэн, эсхүл үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн аль нь болох талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх У.Намнандоржийн үйлдэл тус бүрт дүгнэлт хийж, давтан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн тохиолдолд 2002 оны эрүүгийн хууль, Шинэчлэн найруулсан 2015 оны эрүүгийн хуулиудад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинж /материаллаг хохирол/ байгаа эсэх, иргэн Ш.Ганчимэгт учруулсан 110.000 төгрөгийн хохирол нь тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэвэл зохино. 

Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр У.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр шүүгчийн захирамжийг тус тус  хүчингүй болгож, У.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан У.Намнандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ