Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 34

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Мөнх Агит ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох,

Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны А/312, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэдэндамба, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэдэндамба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжууд нь Мөнх-Агит ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэлийн 2017.04.27-ний өдрийн А/312 тоот захирамжийн 1 дүгээр зүйлд: Баянбулаг 3-р баг нутаг дэвсгэрт Агьтийн хөндийд 147/76 га-с үр тарианы зориулалтаар 76 га газар эзэмшигч Мөнх-Агит ХХК-нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай гэж, мөн 2017.04.27-ний өдрийн А/313 тоот захирамжийн 1-р зүйлд: Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэрт Агьтийн хөндийд 152/85 га-с үр тарианы зориулалтаар 85 га газар эзэмшигч Мөнх-Агит ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 захирамж гаргасан байна. Мөнх-Агит ХХК 1994 оноос эхлэн үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо, тосны ургамал тариалах, хадлан өвс бэлтгэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай компани тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасныг хэрэгжүүлж үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоодосны ургамалыг сэлгэн тариалах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх туршилт судалгааны ажлыг хийж байгаа юм. Үүнийхээ үр дүнд ТОГТВОРТОЙ УРГАЦЫН ШИНЭ ТЕХНОЛОГИ-ийг боловсруулан 2016 оны эхээр Жаргалант сумын Засаг дарга, Төв аймгийн ХХАА удирдах газрын дарга, Төв аймгийн Засаг дарга, ХХААХҮ-ийн яамны дэмжлэгийг авсан болно. Энэ нь Тариалангийн тухай хуулийг иж бүрнээр хэрэгжүүлэх загвар болсонтой холбоотой. Манай компаний болон Жаргалант сумын газрын албатай байгуулсан Газар эзэмших гэрээний Газар эзэмшүүлэгчийн эрх үүргийн дагуу 4.2-т 1026 га-д жил бүр тариалалт явуулах шаардлагыг тавьж байхаар тусгайлан заасан. Гэтэл Засаг дарга Т.Цолмонгэрэл Тогтвортой ургацын шинэ технологи-оор 1026 га-д 2017 онд тариалалт явуулахыг шаардахын оронд өөрөө зүй бус, хууль бус үйлдэл хийж шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг зориуд бусниулж байна. Засаг даргын дээрх захирамжинд заагдсан Агьтийн хөндийн 85 талбайг 2016 онд цулгуйгаар ураншилсан бөгөөд одоо төмс тариалж байна. Төмс тариалалт нь сэлгэн тариалалтын сайн өмнөгч бөгөөд 2018 онд тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Үр тарианы үйлдвэрлэлд хөрс хамгаалах тэг эдлэншүүлгийн болон цомхотгосон технологийг ашиглана гэсэн заалтыг хэрэгжүүлэх, газар эзэмших гэрээний 4.2-ийн Жил бүр 1026 га талбайд тариалалт явуулж байх шаардлагыг хангах үндэслэл мөн. Засаг даргын захирамжинд заасан 76 га талбайд 2016 онд төмс тариалсан бөгөөд одоо сэлгээнд /жил бүр тариалах зарчимаар/ үр тариа тариалахаар бэлтгэж байна. Манай Мөнх Агит XX компанид нийт 1026 га газар 2016.02.02-ны өдрөөс эхлэн эзэмшихээр 023 тоот гэрээг Төв аймгийн Жаргалант сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Л.Золзаяатай Хоёр жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр дуусна. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн гэрээгээр тохиролцсон 2016, 2017 онуудад жил бүр тариалалт явуулахаар заасан болон хугацаа болоогүй байхад хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн гэрээгээр хоёр тал хоёулаа эрх, эдэлж үүрэг хүлээхээр заасан. Газар эзэмшүүлэгч нь: Гэрээний 4.1, 4.2, 4.4, 5.4 заасан эрх үүргээ хэрэгжүүлээд хяналт шаардлагаа нэг ч удаа тавьж байгаагүй байж гэнэт нэг өдөр Мөнх-Агит ХХКомпаний 85, 76 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Энэ гэрээний дагуу би дээрх га талбайд: 2017.04.17 ний өдөр газар эзэмшсэний нийт төлбөрт 3.693.713 төгрөг тушаасан. Бид эзэмшил газартаа жил бүр тариалалт явуулж байхад шинээр ажил авсан Засаг дарга Т.Цолмонгэрэл Мөнх-Агит ХХК-нийг гэрээнд заасан зориулалтаар болон 2 жил ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тэгвэл Тариалангийн тухай хуулийн 16.2-т Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараах төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ гээд, 16.2.1-д Зусах болон өвөлжих үр тарианы ургамал, 16.2.2-д төмс,хүнсний ногоо, мөөг, 16.2.3-д жимс, жимсгэнэ, 16.2.4-д нэг ба олон наст тэжээлийн таримал, 16.2.5-д тосны            ургамал, 16.2.6-д техникийн ургамал, 16.2.7 эмийн болон цэцэг,гоёл чимэглэлийн таримал, 16.2.-д бусад таримал гэж заасан байна. Мөнх-Агит ХХК 2007 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1254 га газрыг эзэмших 0109230 тоот гэрчилгээг авсан. Энд заасан 8-н талбайг тус бүрт нь эзэмших гэрчилгээг одоо хүртэл олгоогүй байж 22, 85, 75 га талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Учир нь тусдаа бичигдээгүй, байхгүй гэрчилгээг хүчингүй болгуулахаар заасан байна. Иймд Жаргалант сумын Засаг даргын А/310, А/312, А/313 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн өргөдөл гаргаж байна.

Засаг даргын зүгээс газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Хоёр жил гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбараар гэрээ хийсэн өдрөөс эхэлж хуанлийн хоногоор тооцно гэсэн байдаг. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4-т хоёроос дээш жил дараалан ашиглаагүй гэж оруулсан байдаг. Газрын тухай хуулинд газраа хоёроос дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь газар тариалангийн хувьд тариалалт хийгээгүйг ойлгоно. Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй гэдгийн суурь нь Тариалангийн тухай хуульд зааснаар хоёр дээш жил газраа ашиглаагүй гэдгийг ойлгоно. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д газраа дээрээ зориулалтын дагуу хоёр жил тариалалт явуулаагүй гэдгийг баримталсан. Газрын хуулинд заасан хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэж байдаг. Тариалангийн тухай хуулинд зааснаар тариалалтыг хоёр жил дараалан хийдэггүй. Нэг жилд нь уринш хийдэг. Тариалангийн тухай хуулийн 7, 8, 10 дугаар зүйлүүдэд тариалсан газарт өнжөөлт, өнжөөсөн газар тариалалт хийнэ гэдгийг маш тодорхой заасан. Хоёроос дээш жил гэж заахаас өөр сонголт байхгүй. Газар эзэмших гэрээ хийгдсэн хугацаанаас их хамаарна. Манай компанитай газар эзэмших гэрээ хийсэн жил уринш хийсэн. Уринш хийсэн болохоор тухайн жилд тариалалт хийгээгүй. Дараалсан хоёр жилийн хугацаанд тариалалт хийж болдоггүй. Тариалангийн тухай хуулинд зааж өгсөн. Практикт дээр уринш хийсэн болохоор тариалалт хийдэг. Засаг дарга бол газраа хурааж авъя гэсэн зорилготой захирамж гаргасан. Энэ талаар надаас огт асуугаагүй. Хэзээ газар эзэмших гэрээ хийсэн гэдгийг мэдээгүй. Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль зөрчсөн захирамж гаргасан. Газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш манай компани ганц ч жил тариалалт хийгээгүй. Энэ талаар бодож, тооцоолж үзэхгүй газар эзэмших гэрээг хүчингүй болгосон. Тариалангийн тухай хуулийг огт үндэслэсэн зүйл байхгүй. Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль хоёр нь хоорондоо нягт холбоотой. Газрын тухай хуулинд зааснаар хоёр жил гэдгийг газраа зориулалтын дагуу хоёр жил ашигласан байх ёстой гэж ойлгож байна. Тариалангийн тухай хуулинд зааснаар ганцхан тариалалт хийнэ гэж заасан. Энэ талаар тодорхой зааж өгсөн. Газрын тухай хуулийн 9 дүгээр 9.1-д өнжөөсөн газар гэж тариалалт болон уринш хийгээгүй газрыг хэлдэг. Энэ заалтыг огт үндэслээгүй. Хууль бус захирамжийг гаргасан. Хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хугацаа хэзээ дуусах, тариалалт хийсэн үү үгүй гэдгийг шалгаж үзээгүй. Мөнх Агит ХХК нь газар эзэмшүүлэх гэрээгээ хийгээд жил гаруй болж байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь хууль бус юм. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 312, 313 дугаар захирамжуудаар Мөнх агит ХХК-ийн эзэмшлийн 85, 76 га талбайг хүчингүй болгосон ямар ч үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4-д зааснаар газраа ямар зориулалтаар, яагаад ашиглаагүй гэдгийг огт тодруулж асуугаагүй. Засаг дарга газраа хурааж авна гэсэн бодлоор энэ шийдвэрийг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэж захирамж гаргасан нь үндэслэлгүй. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4 дэх заалтыг хэрэгжүүлсэн эсэх талаар тодруулаагүй, судалж үзээгүй. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг огт харгалзаж үзээгүй. Иймээс Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 312, 313 тоот захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Мөнх Агит ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/313 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Газар эзэмшигч Мөнх Агит ХХК нь Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндийд 147/76 га-с үр тарианы зориулалтаар 76 га газар, Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агьтийн хөндийд 152/85 га-с үр тарианы зориулалтаар 85 га газруудыг тус тус эзэмшиж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/313 тоот захирамжуудаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн байгууллагаас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан. Өөрөөр хэлбэл тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-1.7-д заасан нөхцөл байдал тогтоогдвол захиргааны акт илт хууль бус болдог. Мөнх Агит ХХК-ний зүгээс маргаж буй 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 тоот захирамжуудыг хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу захиргааны актуудыг гаргасан. Мөнх Агит ХХК-д 2007 оноос газрыг эзэмшүүлж зохих журмын дагуу иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж байсан. Зохих журмын дагуу газрын хэмжээнд өөрчлөлт орсон учир гэрээг шинэчлэн байгуулж байсан. Өөрөөр хэлбэл Мөнх Агит ХХК-д маргаан бүхий 2 газрын эзэмших эрхтэй холбоотой гэрээг анх 2007 онд байгуулж байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны А/312, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Мөнх Агит ХХК нь 2007 онд Засаг даргын 36 дугаартай захирамжаар 150/22, 147/76, 152/85 ... зэрэг нийт 1254 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшиж байсан, мөн оны 79 дүгээр захирамжаар газрын хэмжээ нэмэгдэж нийт 1784 га газрыг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр талбайн хэмжээг багасган 1026 га газрыг эзэмшиж байсан ба Төв аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаартай захирамжаар дээрх маргаан бүхий хоёр /нийт 161 га/ газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь дор дурьдсан үйл баримтаар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Маргаан бүхий акт буюу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай А/312, А/313 дугаар захирамжуудад тус тус ...Мөнх-Агит ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай, захирамжуудын хоёрдугаар хэсгүүдэд ... захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/36 дугаар захирамжийн нэг дэх заалтын 147/76 га газрыг..., ... 152/85 га газрыг ... гэж эзэмших эрхийг нь хүчингүй болгосон гээд, Агьтийн хөндийд 146/76 буюу 76 га газрын, 152/85 буюу 85 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, дахь заалт, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэжээ.[1]

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ... тухайн газруудад тариалалтын үйл ажиллагаа явуулж байсан ... гэсэн үндэслэлд холбогдуулан маргааны үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжид Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 36 дугаар захирамжаар Мөнх-Агьт ХХК-д 143/423, 146/345, 150/22, 151/36, 147/76, 149/117, 152/85, 153/22, 154/73, 148/105-55 га нийт 1254 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 79 дүгээр захирамжаар Мөнх-Агьт ХХК-д ... 156/286 га, 159/64 га, 158/82 га, 165/620 га, 176/76 га, 164/132 га, 180/134 га, 188/147 га, 190/110 га, 193/50 га, 78/38 га 80/54 га нийт 1784 га талбайг үр тарианы зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Г.Ганбат нь Мөнх-Агит ХХК-д 1784 га газрыг эзэмшүүлэхээр Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Мөнх-Агит ХХК-ийн эзэмшлийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/085 дугаар захирамжаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн нийт эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг багасган 1026 га болгосноор нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь үр тарианы зориулалтаар, 1026 га газрыг эзэмшихээр 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Л.Золзаяатай Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ. [2]

Нэхэмжлэгчийн эзэмшил газрын нийт хэмжээ нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч аж ахуйн нэгжид тухай бүр нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичиж олгогдсон 0109230 дугаартай, нийт 1254 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ хадгалагдсан [3] байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөж, нийт 1026 га газрыг эзэмших эрхтэй байсанд, түүн дотроо 85 га, 76 га газрын эзэмших эрхтэй байсан эсэхэд маргаагүй, уг хэмжээгээр газар эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд тухайн маргаан бүхий 152/85 га болон 147/76 га газрыг 2007 оноос хойш тухайн зориулалтаар эзэмших эрхтэй байсан болох нь тогтоогдож байна.

Харин шүүхээс маргаан бүхий газар дээр очиж хийсэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр 76 га болон 85 га талбайд 2017 онд хүнсний ногоо тариалалт хийсэн боловч нэхэмжлэгч аж ахуйн нэгж хийгээгүй болох нь захирал Ц.Цэдэндамбын энэ 76 га талбайг манайх биш Болормаа газар хагалж байгаа, дунд хэсэгт нь төмс тарьсан байна, 85 га талбайд шинээр хашаа бариад, манай компанийн хувьцаа эзэмшигч Болормаа төмс тарьсан ... [4] гэсэн тайлбар, гэрч Г.Болормаагийн ... 76 газартай талбайд 2017 онд тосны ургамал, 2016 онд төмс, 2014, 2015 онд санхүүгийн асуудлаас болоод өнжөөсөн, 85 га талбайд 2017 онд 55 га газарт нь төмс, 30 га газрыг ашиглаагүй байгаа, 76 га болон 85 га ... дээрх 2 талбайд Хонгор буудай ХХК-ийн хөрөнгөөр тариалалт хийсэн. Хонгор буудай ХХК-ийн захирал нь би өөрөө бөгөөд өөрийн компанийн нэр дээр зардал, тайлан гаргадаг. Мөнх-Агит ХХК нь огт тариалалт хийдэггүй..., ... 85 га талбайд 2014 онд 10 га талбайд нь ногоон тэжээл Цэдэндамба гуай өөрөө тариалалт хийсэн, 2015, 2016 онуудад огт тариалалт хийгээгүй. 76 га талбайд 2012 оноос 2016 оныг хүртэл тариалалт хийгээгүй, 2016 оноос тухайн газарт нутгийн иргэд тариалалт хийж авсан. 85 га, 76 га талбайнуудад Мөнх-Агит ХХК нь өөрөө огт тариалалт хийдэггүй учраас би талбайд нь өөрийн хөрөнгөөр тариалалт хийгээд хурааж авсан [5] гэсэн тайлбар, мөн 2015, 2016 онуудад нэхэмжлэгч аж ахуйн нэгж тариалалт хийгээгүй болох нь захирал Ц.Цэдэндамбын шүүх хуралдаанд Болормаа 2015, 2016 онд тариалалт хийсэн, манай компани тариалалт хийгээгүй... гэх тайлбар зэргээр тогтоогдож байхаас гадна 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 05/271 дугаар Төв аймгийн Татварын хэлтсийн албан тоотын хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2015, 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан [6] -гаас авч үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрөө тухайн онуудад ямар нэгэн үйл ажиллагаа явуулж, орлого, зарлага хийгээгүй буюу үйл ажиллагаа явуулаагүй болох тогтоогдож байгаа зэргээр нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг ..., аж ахуй нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж зааснаар Мөнх Агит ХХК нь маргаан бүхий газарт сүүлийн 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, ...татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна, 18 дугаар зүйлийн 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.3-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж тус тус заасанд холбогдуулан үзэхэд газар эзэмшигч, татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд өөрөө эзэмшил газар дээрээ хуульд заасан үйл ажиллагаа явуулж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогдож байна.

Түүнчлэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засаг дарга газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ... газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж заасныг баримталж, 1 жил 2 сар 25 хоногийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь, Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор ... гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ... гэж тайлбарласанд нийцэхгүй, хугацаа болоогүй байхад гарсан хууль бус шийдвэр гэж өөрчлөн тайлбарлаж маргасанд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн маргаан бүхий газруудыг 2007 оноос хойш эзэмшиж байгаа боловч 2013 оноос хойш газар эзэмшигч аж ахуйн нэгжийн хувьд өөрөө газрыг зориулалтын дагуу газраа ямар нэгэн байдлаар ашиглаагүй буюу тус газрууд дээр газар эзэмшигч хуулийн этгээдийн хувьд өөрөө үйл ажиллагаа явуулаагүй болох нь дээрх гэрчийн 2015, 2016 онуудад Мөнх-Агит ХХК тариалалт явуулаагүй гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Ц.Цэдэндамбын ... манай компани 2015, 2016 онуудад тариалалт хийгээгүй, өөр хүмүүс төмс, ногоо, тосны ургамал тарьсан гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг газрын хэмжээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай гэрээг дахин газрын хэмжээнд өөрчлөлт оруулан хийсэн учир, энэ гэрээнээс хугацааг тоолох бус харин түүнээс өмнө эзэмших эрхтэй байсан, эзэмшил газраа аж ахуйн нэгж өөрөө 2 жилээс дээш хугацаагаар зориулалтын дагуу, зохих журмын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байгаагаар нь дүгнэх, энэ тохиолдолд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг эзэмшил газраа 2 жил дараалан зориулалтын дагуу өөрөө ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г хийснээс хойш 2 жил болоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нь газрын хэмжээнд өөрчлөлт орсон үндэслэлээр 2016 онд гэрээг дахин хийсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2007 оноос хойш маргаан бүхий 85 га, 76 га газраа газар эзэмшигчийн үүргийн хувиар газраа хамгаалах, зориулалтын дагуу өөрөө ашиглах, бусдад ашиглуулах тохиолдолд газар эзэмшүүлэгчээс зөвшөөрөл авах зэрэг хуулийн шаардлагыг хангасан байх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг ханган, газар эзэмших гэрээг дүгнэж сунгасан бус газрын хэмжээнд өөрчлөлт орсон үндэслэлээр гэрээнд өөрчлөлт оруулан хийснээс хойш 2 жил болоогүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшил газраа зохих ёсоор эзэмших үүргээ зөрчсөн үйлдлийг зөвтгөж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж тухайн газар эзэмших эрхийг нь сэргээх үндэслэлгүй болж байна.

Иймд Мөнх Агит ХХК нь 2015, 2016 онд Газрын тухай хуульд зааснаар үйл ажиллагааг явуулаагүй буюу үр тарианы зориулалттай газрыг хуульд зааснаар өөрийн эрх мэдлийн хүрээнд эзэмших эрхтэй газраа өөрөө ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаартай захирамжууд нь үндэслэлтэй буюу нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тухайн актуудын улмаас зөрчигдөөгүй болох нь тогтоогдсоноор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мөнх Агит ХХК-ний Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасна журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЗОРИГТБААТАР

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 7,8 дахь тал

[2] Хавтаст хэрэг 1-ийн 59-60, 69, 77-78 дахь тал

[3] Хавтаст хэрэг 1-ийн 11 дэх тал

[4] Хавтаст хэрэг 1-ийн 33 дахь тал

[5] Хавтаст хэрэг 1-ийн 55, 133 дахь тал

[6] Хавтаст хэрэг 1-ийн 59-60, 69, 77-78 дахь тал