Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0058

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0058

 

Улаанбаатар хот

 

 

 

 

          Р.Янжинлхамын нэхэмжлэлтэй

                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ананд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Р.Янжинлхамын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг тус тус баримтлан Р.Янжинлхамын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлах, 5 давхрын 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад, шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капиталбанк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг өөрчлөн томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж заасны дагуу банкийг албадан татан буулгах ажиллагаа хийгдэж байна.

“Шинэ дэлхий” ХХК нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №17 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10.8 тэрбум төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Банкны эрх хүлээн авагчаас шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийгдэж байгаа болно.

Банкны барьцаа хөрөнгө болох 58 тоот орон сууцны 27 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцыг “Шинэ дэлхий” ХХК иргэн Р.Янжинлхамд худалдсан байдаг. Банкинд барьцаалагдсан хөрөнгийн өмчлөх эрхийг иргэний хэргийн шүүхээс өмчлөгчөөр тогтоолгож, захиргааны хэргийн шүүхээс гэрчилгээ гаргуулахыг даалгаж шийдвэрлэж байгаа нь барьцаалагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөөр байгааг авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Р.Янжинлхам нь дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, өөрт авснаар банкны зээлийн гэрээний үүрэг барьцаагаар хангагдахгүй болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирч, энэ явдал даамжирвал банк барьцаа хөрөнгөө бүхэлд нь алдахад хүрэхээр байна.

Капитал банкны зээл барьцаа хөрөнгөгүй болсноор зээлдэгч зээлээ төлөх хүсэлт эрмэлзэлгүй болж зээл эрсдэлд орох ба нөгөөтэйгүүр “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас төр түүнийг төлөөлсөн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажилд сөргөөр нөлөөлөх болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “...өмчлөгчөөр Р.Янжинлхамыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 “Шинэ дэлхий ХХК нь Капитал банк ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай 3875,05 мкв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалжээ.

Үүний дараагаар “Шинэ дэлхий ХХК  болон нэхэмжлэгч Р.Янжинлхам нар нь 2015 ны 05 дугаар сарын 13-ны өдөр “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа 89 айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, төлбөрийг DAEWOO маркийн авто машин, зуурмаг, хайрга, элс зэргээр барагдуулсан байх бөгөөд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлах, 5 давхрын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна.

Хэргийн оролцогчид “Шинэ дэлхий ХХК нь Капитал банк ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний барьцааны зүйлд Р.Янжинлхамыг өмчлөгчөөр тогтоосон 27 тоот орон сууц багтсан эсэхтэй холбогдуулж маргаагүй, харин нэхэмжлэгчээс тухайн орон сууцны барьцааг хөндөхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах” гэж, хариуцагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт хийхийг хориглосон, мөн барьцааны эрх дуусгавар болоогүй тул бүртгэл хийх боломжгүй гэж маргажээ.

Гуравдагч этгээдээс “...Р.Янжинлхам нь дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, өөрт авснаар банкны зээлийн гэрээний үүрэг барьцаагаар хангагдахгүй болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирч, энэ явдал даамжирвал банк барьцаа хөрөнгөө бүхэлд нь алдахад хүрнэ” гээд, шүүхийн шийдвэрийг “...өмчлөгчөөр Р.Янжинлхамыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохыг хариуцагчид даалгуулах” байдлаар өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлах, 5 давхрын 27 тоот, 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Янжинлхамыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, иргэн Р.Янжинлхамыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

Тодруулбал, маргааны үйл баримтад холбогдох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлах, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3875,05 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг анх 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026105 дугаарт бүртгэсэн байх бөгөөд уг 58 тоот хаягт байрлах, 5 давхрын 27 тоот, 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Янжинлхамыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд уг бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Шинэ дэлхий” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4867 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Капиталбанк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг ... хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга ... үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3427 дугаар захирамжаар дээрх 4867 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/22970, 2019 оны 4/14523, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 3/3612, 2019 оны 3/13310 дугаар албан бичгээр тус тус Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай тусгай тэмдэглэл хийгдсэн байна.

Хариуцагчаас “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, 20.1.14-д тус тус заасныг зөрчиж Р.Янжинлхамыг бүртгэх боломжгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 30 дугаар зүйлийн 30.5-д тус тус зааснаар нэр бүхий байгууллагуудаас шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрч, хэсэгчлэн хүчингүй болгох тухай шийдвэр ирүүлбэл тусгай тэмдэглэлийг хэсэгчлэн хүчингүй болгож, захиран зарцуулах эрх сэргээсэн тохиолдолд орон сууцны нэрийн жагсаалтад хавсаргаснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж, Р.Янжинлхамд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжтой” гэж тайлбарласанд хууль зүйн тодорхой дүгнэлт өгөх шаардлагатай.

Товчхондоо, шүүх одоогийн нөхцөл байдалд 27 тоот орон сууцыг Р.Янжинлхамын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийлгүй, маргаж буй уг орон сууцны анхны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн “Шинэ дэлхий” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж, түүнээс тайлбар, мэдүүлэг авалгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах нь сөрөг үр дагаврыг бий болгохоор байна.

Тухайлбал, “Шинэ дэлхий” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр “Капитал банк ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон энэ тохиолдолд 27 тоот орон сууцыг Р.Янжинлхамын нэр дээр бүртгэж, түүнд гэрчилгээг олгосноор дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн, хэзээ, хэрхэн хангуулах нь ойлгомжгүй бөгөөд ийнхүү өмчлөгчийг өөрчилж бүртгэсний улмаас тухайн орон сууцны бүртгэлийн маргаан цаашид дахин үргэлжлэх эрсдэлтэй байна.

Гуравдагч этгээдээс “...Капитал банкны зээл барьцаа хөрөнгөгүй болсноор зээлдэгч зээлээ төлөх хүсэл эрмэлзэлгүй болж зээл эрсдэлд орох ... эрх хүлээн авагчаас төр түүнийг төлөөлсөн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажилд сөргөөр нөлөөлөх болно” гэж тайлбарласан атлаа “... шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “...өмчлөгчөөр Р.Янжинлхамыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөх” гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан нь ойлгомжгүй байна.

Учир нь, гуравдагч этгээдээс ямар нэгэн бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд уг орон сууцны өмчлөгчөөр Р.Янжинлхамыг бүртгэж, харин түүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Капиталбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох байдлаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.

Иймд маргаж буй 27 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэлтэй “Шинэ дэлхий” ХХК-ийг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах нь хэргийг нэр мөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим болоод шүүхийн шийдвэр бодит байдалд заавал хэрэгжих захиргааны процессийн эрх зүйн нийтлэг зарчимд нийцэх болно. 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

 

                              ШҮҮГЧ                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                              ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН