Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 571

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00536/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Харчид овогт Нарантуяагийн Баттөрд (СР 85120112) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Боржигон овогт Хорчид овогт Дарьсүрэнгийн Гэрэлмаагийн (СР 847121144)  нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Баттөртэй танилцан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн 015 дугаартай баталгаагаар гэрлэлтээ батлуулж байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Б.Алтанчулуун нь 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн юм. Миний хүү одоо 7 настай бөгөөд эмээ дээрээ өсч торниж байна. Н.Баттөр нь тусдаа амьдралтай болсон бөгөөд надаас салаад удаж байгаа юм.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Д.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлмаа би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэдэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Миний бие Би Н.Баттөртэй 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Алтанчулууныг төрүүлсэн юм. Бид 2012 оноос эхэлж зан харилцааны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд Н.Баттөр нь одоо тусдаа амьдралтай болсон. Иймд Н.Баттөрөөс гэрлэлтээ цуцлуулж, хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.  (хх-ийн 22-23 тал)

Хариуцагч Н.Баттөр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Баттөр би, нэхэмжлэгч Д.Гэрэлмаагийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг минь цуцлаж өгнө үү. Хүүхэддээ тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Маргаантай зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 20-21 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Гэрэлмаа нь хариуцагч Н.Баттөрөөс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Алтанчулуунд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж , 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Алтанчулууныг төрүүлсэн болох нь № 0059926 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 8 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 8 тал) № 0259626 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 6-7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал)
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  
Зохигчид нь 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 20-22 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтанчулууныг эх Д.Гэрэлмаагийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Н.Баттөр нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 20  тал)

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтанчулууныг нарыг эх Д.Гэрэлмаагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.    
    
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 21, 24 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хорчид овогт Дарьсүрэнгийн Гэрэлмаа, хариуцагч Харчид овогт Нарантуяагийн Баттөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
                                                
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтанчулууныг эх Д.Гэрэлмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Алтанчулууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Баттөрийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Б.Алтанчулуунд олгосугай.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Гэрэлмаад даалгасугай.
    
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.    
            
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Баттөрөөс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гэрэлмаад олгосугай.
               
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ