Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 574

 

2016 оны 11 сарын 05 өдөр     Дугаар 156/ШШ2016/00574
    Хэнтий аймаг


                       
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00572/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
          Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар баг, Д-40 дүгээр байр, 1-09 тоотод оршин суух Сайнуузын Мөнхсайханы нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, А52 дугаар байрны 5 давхрын 47 тоотод оршин суух Гандоржийн Нандинцэцэгт холбогдох  /РД:СВ87060102/
         Орон сууцны түрээсийн үлдэгдэл төлбөр 730 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч С.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
        Г.Нандинцэцэг нь 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Мөнхшувуут” компанитай орон сууц түрээслэх 1 жилийн гэрээ байгуулж 2016 оны 6 дугаар сарын 18-нд байранд орсон. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлөөгүй учир 2016 оны 8 дугаар сарын 22-нд байр чөлөөлөх мэдэгдэл өгч 2016 оны 8 дугаар сарын 28-нд байраа чөлөөлж авсан. Нийт түрээсийн төлбөр гэрээний 840 000 төгрөг төлөх ёстой байснаас 2016 оны 7 дугаар сарын 16-нд 110 000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлсэн. Үлдэгдэл 730 000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилсэн боловч төлөхгүй байна.
        Иймд Г.Нандинцэцэгээс 730 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Нандинцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
 Нэхэмжлэгч С.Мөнхсайханы шүүхэд гаргасан 730 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Харилцан тохиролцож 2016 оны 11 дугаар сарын 2-нд 300 000 төгрөгийг төлж, 2016 оны 12 дугаар сарын 7-нд 430 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.

 Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
      ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч С.Мөнхсайхан нь хариуцагч Г.Нандинцэцэгээс орон сууцны түрээсийн үлдэгдэл төлбөр 730 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 730 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
 
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Нэхэмжлэгч С.Мөнхсайханы  хариуцагч  Г.Нандинцэцэгээс орон сууцны түрээсийн үлдэгдэл төлбөр 730 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 730 000 төгрөгийг төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 070 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 11 035 төгрөгийг улсын орлогод үлдээж, 11 035 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Г.Нандинцэцэгээс 11 035 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.
             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                                    ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР