| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00587/И |
| Дугаар | 579 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 579
ШИЙДВЭР
2016-11-17 № 579 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00587/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Олимп плаза 8-р давхар 801 тоотод байрлах “Монголиавон Энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар багт байрлах “Эн-Би-Жи” ХХК-д холбогдох
Шингэрүүлсэн шатдаг хийн үнэ 122 443 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ян Так шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Монголиавон Энержи” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шингэрүүлсэн шатдаг хий худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг хугацаанд нь ачуулаад холбогдох бичиг баримтаар “Эн-Би-Жи” ХХК-д хүлээлгэн өгч байсан.
“Эн-Би-Жи” ХХК барааг хүлээн авч борлуулсан боловч үнийг төлөлгүй саатуулж манай бизнесийн ажиллагаанд хохирол учруулсаар байна.
Иймд манай компаниас зээлээр авч борлуулсан барааны үнийг гэрээ зөрчсөнд ногдох анзын хамт нийт 122 443 500 төгрөгийг “Эн-Би-Жи” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ян Так, хариуцагч Эн Би Жи Газ ХХК-ийн захирал Ж. Энхбилэг нарын баталж, нэхэмжлэгч талыг төлөөлж “Монголиавон Энержи” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д. Болд, хариуцагч талыг төлөөлж Эн Би Жи Газ ХХК-ийн захирал Ж. Энхбилэг нарын хооронд 2016.09.26-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд:
Манай компаний зүгээс “Эн-Би-Жи” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнээс төлөгдөөгүй үлдэгдлийн талаар 122 443 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр тал харилцан тохиролцож манай компаний зүгээс “Эн-Би-Жи” ХХК-ийн захирал Ж.Энхбилэгтэй 2016.09.26-ны өдрөөс 2016.11.30-ны өдрийг дуустал Эвлэрлийн гэрээ байгуулж байна. Дурдсан хугацаанд багтаан үндсэн төлбөр болох 81 629 000 /наян нэгэн сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөгийг төлж барагдуулбал алданги тооцохгүй гэж тохиролцов. Эс амжвал төлөгдөөгүй дүнг алдангийн хамт шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.
Шүүх талуудын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК нь хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнэ 122 443 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Монголиавон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ян Так хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-ийн захирал Ж.Энхбилэг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн талаар 2016.09.26-ны өдрөөс 2016.11.30-ны өдрийг дуустал Эвлэрлийн гэрээ байгуулж, дурдсан хугацаанд багтаан хариуцагч тал нь үндсэн төлбөр болох 81 629 000 /наян нэгэн сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөгийг төлж барагдуулбал алданги тооцохгүй гэж тохиролцов. Эс амжвал нэхэмжлэгч тал нь төлөгдөөгүй дүнг алдангийн хамт шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ян Так, хариуцагч Эн Би Жи Газ ХХК-ийн захирал Ж. Энхбилэг нарын баталж, нэхэмжлэгч талыг төлөөлж “Монголиавон Энержи” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д. Болд, хариуцагч талыг төлөөлж Эн Би Жи Газ ХХК-ийн захирал Ж. Энхбилэг нарын хооронд 2016.09.26-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 547 218 төгрөгийн тал хувь болох 273 609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 273 609 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-д, хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-аас 273 609 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч тал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР