Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00812

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

         2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ2017/01205 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.А

          Хариуцагч: Д.Ад холбогдох

          Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Д.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Ш.Баярхишиг нь 2011-04-11-нд 5-24-79 тоот байрыг Д.Агаас Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авч, зээлээ цаг тухайд нь төлж яваад 2014-10-25-ны өдөр   зуурдаар нас барсан. Худалдаа хөгжлийн банкны үлдэгдэл зээлийг хүүг  үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн  барагдуулсан. Уг 5-24-79 тоот байр аав Ш.Баярхишигийн эзэмшлийн байр байсан ба өв залгамжлагчаар нь би өвлөх  болсон. Тухайн байр зарсан эзэд нь  байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцсон  юм билээ. Одоо уг 5-24-79 тоот байраа суллаж авах гэсэн боловч байрыг суллаж өгөхгүй байх  тул албадан гаргаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Д.А би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос явуулах гэж бизнесийн зээл авсан. Тухайн үед Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу  сард хүү 684.000 төгрөг төлж байсан. Удалгүй Анод банк татан буугдсан. 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул  төлөөгүй байж байгаад Анод банкны өрийг төлөх гэж явж байхад нэг танил найз маань “... таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй, шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог.. уулзаад үз...” гээд очиж уулзсан. Ш.Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12.500.000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэтэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах-худалдан авах гэрээ хийж машин өгөөд, Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг Ш.Баярхишиг нь 17.350.000 төгрөгийг сар бүр 228.953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18.650.000 төгрөгийг сар бүр 245.600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 сая төгрөг өгсөн байгаа. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөр нь 2.5 сая төгрөг төлдөг байсан юм. Үүний 1.5 сая төгрөгийг өөрсдөө төлж 1сая төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011-05-11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь Худалдаа хөгжлийн банкны Ш.Баярхишигийн  дансанд 2015-09-11 хүртэл яг хугацаандаа хийж байсан. 2015-06-17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь миний зээл үндсэн мөнгө 7.100.000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98.000 төгрөгөөр төлөх байсан боловч би төлөх юм чинь гээд 7, 8, 9 дүгээр сард нь 245.000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Ш.Баярхишиг ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг эгч манай гэрт 2 удаа ирэхээр нь 250.000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98.000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас гэр бүлийн хүн маань бөөрний архаг дутагдалд орсон. 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод  2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Б.А байнга ирж дарамт шахалт үзүүлээд байхаар нь  өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь төлнө хохироохгүй гэж хэлсэн боловч ойлгоогүй гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ2017/01205 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Д.Аг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот орон сууцнаас албадан гаргаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ2017/01205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний аав нь 2011.04.08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-79 тоот байрыг орон сууцны зээлд хамрагдаж худалдаж авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад /2.000.000 төгрөг орчим / нас барсан. Ингээд би уг зээлийг төлж барагдуулж /аавынхаа оронд Эрдэнэт Үйлдвэрт ажилд орж цалингийн зээл авч/ өв залгамжлалаар өөрийн өмчлөлдөө авсан. Энэ үед уг орон сууцанд хариуцагч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гараагүй тул  шүүхэд хандсан. Гэтэл зээлийн барьцаанд байраа миний аавд өгсөн гэж гүтгэж шүүхэд маргаан үүсгэх болсон. Үнэхээр зээлийн асуудал байсан бол аав маань нас барсны дараа гарах эсэх асуудлаар бидэнтэй уулзаж байхдаа хэлж ярих байсан. Гэтэл тийм юм огт байгаагүй. Орон сууцны зээлийн төлбөрөө би өөрөө төлж барагдуулсан. Энэ байдлыг хариуцагч шүүх хуралдаанд үгүйсгэж, би байраа барьцаалсан төлбөрөө төлж чадаагүй нь миний буруу гэхдээ би байраа худалдаагүй гэх маргааныг анхан шатны шүүх зөв дүгнэж, шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх зээлийн асуудал байсан эсэхээ нотлуулахаар гэрч оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ач холбогдолгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийн байдал “өөр” гэх хийсвэр дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь ИХШХШТХ-ийн 168.1-г зөрчсөн. Хэрэгт авагдаагүй баримтыг ач холбогдолтой баримт гэж давж заалдах шатны шүүх үзэж, ИХШХШТХ-н  168.1-г  зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа үндэслэлээ заагаагүй. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдаагүй баримтад үнэлэлт дүгнэлт өгч, ач холбогдолтой гэж үзэж байгаа нь ИХШХШТХ-н 40.1-г зөрчсөн. Хэрэгт авагдсан талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгөөгүй, ач холбогдолтой гэж үзэж буй үндэслэлээ мөн л заагаагүй. Өөрөөр хэлбэл, “маргааны үйл баримтыг тогтоох”-д хариуцагчийн гаргасан хүсэлтийн аль хэсэг нь ач холбогдолтой болохыг дурдаагүй. Тайлбарын үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэж хүсэлтийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үндэслэлийг буруутгаж байгаа атал хэрэгт авагдаагүй баримтыг баримт гэж үзэж  байгаа нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 40.2 дахь заалтыг зөрчиж байна . Шийдвэрлэсэн хүсэлтэд гомдол гаргах эрхгүй гэж анхан шатны шүүх заасан байхад уг асуудлаар гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлээд байгаа нь давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Хэзээ зээлсэн, хэдийд төлөх мөнгө болох, энэ олон жил төлөхөөр тохиролцсон зээл байсан гэж үү гэх асуудал яриад худал хэлээд байгаа хариуцагчийн үгийг бодит гэж хүлээж авч байгаа нь огт ойлгогдоогүй. Худалдах-худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил болсон байна. Энэ хугацаанд би ааваас чинь зээл авсан байсан гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй хариуцагчийн үгийг шүүх үнэн гэж хүлээж авч байгаа нь үндэслэлгүй. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.А 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24-79 тоот орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргахдаа “... Ш.Баярхишиг нь 2011 оны 4 дүгээр сарын 08-нд орон сууцыг Д.Агаас худалдан авсан нь нотлогдсон... Баярхишиг нас барсан... Б.А өвлөх эрхийн гэрчилгээний дагуу  өмчлөгч болсон байна... Б.А хариуцагчийг орон сууцнаас гаргуулахыг шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлт хийжээ. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 38.6-г зөрчсөнөөс гадна үндэслэлээ захирамжинд  заагаагүй нь буруу...” гэсэн дүгнэлт хийсэн байв.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

       Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох зорилгоор гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу байна.

       Шүүх хариуцагчийн заасан баримтыг бүрдүүлээгүй атлаа, эдгээр баримтыг үнэлж “хэрэгт ач холбогдолгүй...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. 

    Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

        ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ