Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 671

 

Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны  прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарт холбогдох 2016 2501 4226 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хатагин овгийн Даваагийн Лхагвадорж, 1972 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 656 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖЬ72010277/,

2. Төмөр овгийн Төрмөнхийн Отгонбаяр, 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 146 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВТ96102413/,

Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн каргоны хашаанаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн П.Сэмжааны 730.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой гуталнуудыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Төрийн банк, Кредит банк, Эрэл банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Голомт банк, Капитрон банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкуудад Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын эзэмшдэг данснуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаанууд байна. Үүнд:

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ ялтан нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна гэж заасан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ тусгайлан заагаагүй байна.

Ялтан нар нь гэмт хэргийг санаатайгаар бүлэглэн гардан үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг тул бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдлыг тусган зохицуулаагүй боловч тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тусгайлан зохицуулжээ.

Иймд ялтан нарын гэмт үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байсан байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд тус тус даалгасугай” гэсэн байна.

Тус заалтын агуулгаас үзэхэд шүүх ялтанд ял оногдуулахгүйгээр тэнссэн байна гэж ойлгогдохоор байгаа боловч бичлэг найруулгын хувьд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж, мөн ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж” гэж бичихээр байжээ гэж үзэж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.”, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавина” гэж заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтыг удирдлага болгон ялтан нарын засрал, хүмүүжлийн байдалд хяналт тавих чиг үүргийг харьяа оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлэхээр байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад ялтан нарын банкин дахь дансуудыг битүүмжлэлээс чөлөөлөхөөр заасан боловч чухам аль банкин дахь хэдэн тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлөх нь тодорхойгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Иймд Д.Лхагвадорж. Т.Отгонбаяр нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.

Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн каргоны хашаанаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн П.Сэмжааны 730.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой гуталнуудыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Сэмжааны мэдүүлсэн “... Би өөрийн танил Хятад улсын иргэн Алтайгаас 2016 оны 11 дүгээр сард эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал 20 ширхэгийг гар утсаараа буюу “We chat”-аар захиалсан. Миний захиалсан бараа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Замын-Үүдээс том ачааны машинаар ирсэн. Дугаарыг нь сайн санахгүй байна нэг эрэгтэй хүн гар утсаар яриад “таны бараа ирсэн байна, та бараагаа хүргүүлэх үү” гэсэн. Тэгэхээр нь би “хэн бэ” гэж асуухад тэрэгчин байна гэсэн. Би тухайн хүнээс “ачаа хүргэж өгөх хөлсөнд хэдэн төгрөг өгөх вэ” гэхэд “5000 төгрөг болно” гэхээр нь “хэрэггүй ээ, би эндээс хүн явуулаад авна” гэж хэлсэн. Тэгтэл миний ачааг авчирч өгөх ёстой байсан хүн маань гар утсаа авахгүй байсаар байгаад оройны 17 цаг болсон. Тэгтэл миний гар утас руу нэг эрэгтэй хүн залгаад “би ачаа тараасан хүн байна, та ачааны мөнгөө өгөөгүй авсан байна” гэж над руу утсаар ярьсан. Би “та юу яриад байгаа юм бэ, би ачаагаа авч амжаагүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл хэдэн минутын дараа миний гар утас руу ачаа тарааж байгаа хүн гээд гар утсаар яриад “таны барааг алдсан байна” гэж хэлсэн ...” /хх 20-22/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнхдалайгийн мэдүүлсэн “... Намайг ажилтай байхад буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ бараа тарааж байхад бор өнгийн цаасан хайрцагтай эд зүйл алдагдсан. Миний тарааж байсан бараанаас Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь надаас “Дүнжингарав” худалдааны төв рүү 4 ширхэг хайрцагтай эд зүйлийг хүргэж өгөхөөр авсан. Өөр хүн аваагүй. Миний тараасан бараа олдохгүй болохоор нь би “Дүнжингарав” худалдааны төвийн хяналтын камерийг шүүлгэн үзэхэд Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар миний алдсан бор өнгийн цаасан хайрцагтай эд зүйлийг авчихсан хяналтын камерийн доор цаасан хайрцагийг задлан үзээд Д.Лхагвадорж нь машинд хийгээд авч явж байгаа бичлэг байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг таньдаг байсан. Манай барааг эзэнд нь хүргэж өгдөг байсан ...” /хх 23-25/, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гантулгын мэдүүлсэн “... Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нар миний авчирсан ачаанаас тухайн өдөр олон ачааг хүмүүст нь хүргэж өгсөн. Хамгийн сүүлд нь надаас жижиг хар өнгийн гялгар уутаар ороосон бөөрөнхий хэлбэртэй ачааг аваад явсан. Тэгтэл явснаасаа хойш ойролцоогоор 2-3 цагийн дараа Т.Лхагвадорж над руу гар утсаар яриад “чиргүүлийн хажууд сүүлд авсан жижиг хар ачааг үлдээсэн байна уу, хараад өгөөч” гэсэн. Би хэлсэн газар нь ачаа байгаа эсэхийг үзэхэд байхгүй болохоор нь Т.Лхагвадоржид “энд ачаа байхгүй байна, чи өөрөө ирээд үз, авч явсан ачаагаа яагаад орхиод явсан юм бэ” гэхэд Т.Лхагвадорж гар утсаар ярьснаасаа хойш 40 минутын дараа ирээд ачаагаа хайгаад олоогүй. ... бүх ачаа эзэндээ хүрсэн. Харин Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нарын авсан нэг ачаа хүрээгүй. Харин маргааш нь нэг хайрцагтай гуталнууд алга болсон байсан. Тэгтэл тухайн алга болсон гуталнуудыг Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нар хулгайлаад баригдсан байсан ...” /хх 26-28/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Цолмонтуяагийн мэдүүлсэн “... Т.Отгонбаяр бор өнгийн хайрцагтай, гадна талаар нь битүү скочоор наасан хайрцагтай зүйл авчирсан. Хашааны дотор талд байдаг амбаарт хийгээд “энэ хайрцагтай зүйл энд байж байг” гэж хэлсэн. Хэнийх юм гэж асуухад “каргоны хашаанаас хүний захисан бараа алга болчихсон, Далай тэр барааг эргүүлээд өгөх юм бол энийг өгнө” гэж хэлсэн ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

Д.Лхагвадорж, Б.Отгонбаяр нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

            Эд зүйлийн үнэлгээ /хх 12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18/, эд мөрийн баримт /хх 19/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо дээрх хуулийн заалтыг журамлаагүй шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

            Түүнчлэн шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийг шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй юм.

            Мөн анхан шатны шүүх Т.Лхагвадорж, Б.Отгонбаяр нарыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болгон оруулав.

Хавтаст хэргийн 60 дугаар талд зөвхөн шүүгдэгч Д.Лхагвадоржийн эзэмшлийн “Хаан” банк дахь дансыг хязгаарласан байгааг чөлөөлж, зөвтгөж шийдвэрлэлээ.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Хатагин овогт Даваагийн Лхагвадорж, Төмөр овогт Төмөрмөнхийн Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Хатагин овгийн Даваагийн Лхагвадорж, Төмөр овгийн Төмөрмөнхийн Отгонбаяр нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.” гэж,

4 дэх заалтад “Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Төрийн банк, Кредит банк, Эрэл банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Голомт банк, Капитрон банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкуудад Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын эзэмшдэг данснуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.” гэснийг “Хэрэгт битүүмжлэгдсэн “Хаан” банкин дахь Д.Лхагвадоржийн /рд:ЖЬ72010277/ эзэмшлийн 5065300322 дансны битүүмжлэлийг чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                         Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ