| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2017/0029/з |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 35
lТөв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Элсэн цагаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох,
“Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК-ний захирал Ш.Рэнцэндорж, өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Р.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, гуравдагч этгээд “Уушгийн баян” ХХК-ний захирал Д.Даяандэмэд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК, захирал Ш.Рэнцэндорж, өмгөөлөгч С.Сувдмаа нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 1997 оноос эхлэн Төв аймгийн Угтаалцайдам суманд газар тариалангийн үйл ажиллагаа тасралтгүй эрхэлж, сүүлийн жилүүдэд өөрийн хөрөнгөөр техникээ шинэчилснээр жил бүр 2000-с дээш га-д тариалалт явуулж тогтвортой ургац авч байгаа. Гэтэл сумын Засаг дарга Н.Гантулга нь 2013 оноос хойш янз бүрийн шалтаг гаргаж манай тариалангийн газрыг хураах, эзэмших эрхийг цуцлах гэж удаа дараа оролдсон. Мөн манай компанийн эдлэншүүлж эзэмшиж байгаа тариалангийн 23/7га, 16/61 га, 7/500 га-ын бүгд 568 га талбайг эзэмших хугацаа дуусгавар болсон гэдэг шалтгаанаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 41 дүгээр зүйл 41.1 дэх заалтыг тариалангийн газарт хамааруулж, хугацааг сунгаж өгөлгүйгээр урьд нь өөрийн хариуцаж байсан “Уушгийн баян” ХХК-д ашиг сонирхлын зөрчил гарган дуудлага худалдаа явуулсан нэрийн дор хууль бусаар шилжүүлэх захирамж гаргаж жинхэнэ эзэмшигч миний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Сумын Засаг дарга Ш.Бямбажав 2000 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 22 тоот захирамж гарган энэ захирамжийн 3-р хавсралтаар “Элсэнцагаан” ХХК-д 16/61 га, 7/500га, 23/10 га газар эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх 22 тоот захирамжинд эдгээр газруудыг яг хэдэн жилийн хугацаатай эзэмших талаар тодорхой заагаагүй. Энэ захирамжийг үндэслэн тус компани нь 2007 оны 01 сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинээр бичүүлж авсан. Харин энэ гэрчилгээн дээр манай компанийн 7/500га, 16/61 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр зааж егсөн. Энэ гэрчилгээг дахин 8-н жилийн дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ шинээр өөрчлөгдсөн учир хуучин гэрчилгээг солиулж 7/500га, 16/61 га, 23/7га-д шинэ гэрчилгээ бичүүлж авсан. Шинэчлэгдсэн гэрчилгээгээр дээрх газруудын эзэмшлийн хугацааг 15 жил гэж бичиж өгсөн. Энэ хугацаа нь 2030 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр дуусна. Гэтэл Угтаалцайдам сумаас бидэнд олгосон 2000 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 22 тоот захирамжинд газар олгосон хугацааг нарийн заагаагүй байж энэ үеэс буюу 2000 оноос хойш газар эзэмших нийт хугацааг 15 жил гэж тооцоолж “Элсэнцагаан” ХХК-ийн дээрх 3-н газрын 15-н жилийн хугацааг шинэчлэгдсэн гэрчилгээ олгосон хугацаанаасаа 3-н сарын дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр дууссан, энэ үеэс эхлэн сунгуулах тухай хүсэлт гаргаагүй гэж “Элсэнцагаан” ХХК-нийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сумын Засаг дарга Н.Гантулга нь сумын Засаг дарга Ш.Бямбажавын “Элсэнцагаан” ХХК-нд олгосон 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот захирамжийг хүчингүй болгож, цуцлалгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр газар эзэмшүүлэх тухай А/39 тоот захирамж гаргаж энэ захирамжийн 1-р хэсэгт: “Элсэнцагаан” ХХК-ний эзэмшлийн Хар чулуут 3-р багт байрлах 7/500 га газрыг дуудлага худалдаагаар ялагч болон авсан “Уушгийн баян” ХХК-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ захирамж нь “Элсэнцагаан” ХХК-ний хууль ёсны эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших, ашиглах үйлдвэрлэл үйлчилгээ хэвийн тогтвортой явуулах эрхийг хязгаарласан гэж үзэж уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 71 тоот албан бичгээр “Элсэнцагаан” ХХК-ийг 2015, 2016 онд газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.8-т зааснаар газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биөлэлтийг талууд жил бүр дүгнэнэ. 2000 оны 04 дүгээр 10-ны өдрийн 22 тоот захирамжаар олгосон 7/500 га, 23/7га, 95/142 га (үүнийг 61 га-г андуурч бичсэн гэж хэлсэн) зэрэг газруудыг 15-н жил эзэмших хугацаа дууссан нь Газрын тухай хуулийн 39 дүгээр сарын 39.1.1 дэх газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй. Мөн газрын тухай хуулийн 41 дүгээр зүйл 41.1 Аж ахуй нэгжийн газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор газрыг чөлөөлж, аймаг,нийслэл, сум дүүргийн засаг даргад шилжүүлнэ гэсэн заалтаар 2017 онд дээрх гурван газрыг дахин хуваарилах болсныг мэдэгдсэн. “Элсэнцагаан” ХХК нь Угтаалцайдам сумын засаг дарга Н.Гантулгад албан ёсоор 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 04 тоотоор өөрийн компанийн эзэмшлийн 7/500 га, 23/7 га, 16/61 га талбайнуудын эзэмших эрхийг тариалангийн болон газрын тухай хуулийн дагуу сунгаж өгөхийг хүссэн. Гэтэл Төв аймгийн Уггаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоот албан бичигтээ танай ирүүлсэн 04 тоот бичигтэй танилцлаа. Танай компани газар эзэмших гэрээгээ 2015, 2016 онд дүгнүүлээгүй, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны анхны үнийг төвлөрүүлэх гэрээгээ биелүүлээгүй зэрэг Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байсан бөгөөд сунгах хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй тул 7/500 га, 23/7 га, 16/61 га газруудын 15 жилийн хугацаа дууссан, газар эзэмших хугацааг сунгах боломжгүй гэсэн. “Элсэнцагаан” ХХК нь сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоот албан бичгийг эс зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд “Элсэнцагаан” ХХК-ний хууль ёсны эзэмшлийн 23/7 га, 16/61 га, 7/500 га бүгд 568 га талбайг 15 жил ашиглах хугацаа дууссан гэдэг шалтгаанаар сунгаж өгөхгүй харин дээрх газруудыг хураан авч дахин хуваарилна гэж шийдвэрлэсэн нь Тариалангийн тухай хуулийн 15.5 дахь заалт зөрчсөн тул асуудлыг судалж зохих арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол гаргасан. Төв аймгийн Засаг дарга бидний хүсэлтийг холбогдох газар буюу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удирдамж явуулан хянуулсны дагуу дээрх хүсэлтийг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хянаж аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Уггаалцайдам суманд ажиллан “Элсэнцагаан” ХХК-ийн хувийн хэрэг болон тухайн компанид хүргүүлсэн албан бичиг, сумын засаг даргын шийдвэр зэрэгт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/292 тоот дүгнэлт гаргаж өгсөн. Энэ дүгнэлтээр “Элсэнцагаан” ХХК нь гэрээгээ тухай бүрд байгуулж, жил бүр дүгнүүлэн ажиллаагүй, 2015 онд Засаг даргад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаагүй гэж дүгнэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Элсэнцагаан” ХХК-нд 23/7 га, 16/61 га, 7/500 га-д үр тарианы зориулалттай газруудад газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр шинээр бичиж олгосон байна гэж дүгнэсэн нь “Элсэнцагаан” ХХК-ийн гэрчилгээний 15 жилийн хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс шинээр эхлэн тоологдохыг нотолсон байна гэж үзэхээр байна. Мөн сумын Засаг дарга, газрын даамлыг газар эзэмшүүлэгчийн эрх үүргийн хүрээнд “Элсэнцагаан” ХХК-тай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж жил бүр дүгнээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаныг тухайн үед газар эзэмшигчид мэдэгдээгүй. “Элсэнцагаан” ХХК-ийн 586 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2001 оны 05 дугаар сарын 25-нд 15 жилийн хугацаатайгаар анх авсныг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгалгүй. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 23/7 га, 16/61 га, 7/500 га үр тарианы зориулалттай газруудад газар эзэмших зрхийн гэрчилгээг 15 жилээр шинээр бичиж олгосон. “Элсэнцагаан” ХХК-ийн дээрх нэгж талбарууд бүхий 568 га газрын газар эзэмших сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот захирамжийг цуцлалгүйгээр 7/500 га газрыг дуудлага худалдаагаар “Уушгийн баян” ХХК-д олгосон зэрэг зөрчлүүд байна гэж гэрээний нэг тал болох газрын даамал, хууль ёсны эзэмшигчийн эрхийг хууль бусаар хязгаарласан Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг тусгасан дүгнэлт ирүүлсэн юм. Манай компанийн 2015, 2016 онд газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, гэрчилгээгээ сунгуулаагүй, газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж 2017 онд дахин хуваарилана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээгээр газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн байна. Уг гэрээний газар эзэмшүүлэгчийн эрх үүрэгт гэрээний 4.1 -т Газар эзэмшигч газрыг гэрээний дагуу эзэмшиж байгааг хянах, 4.2 дараах шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй гээд жил бүр дүгнүүлэх, 4.3 Газрын тухай хуулийн 40.1,40.1.6 заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох. 4.4 гэрээг жил бүр дүгнэнэ гэж заасан байна. Гэтэл гэрээний хоёр талын нэг болох газар эзэмшүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад, зөвхөн эзэмшигч талыг хэт илтээр буруутгаж, гэрээ, гэрчилгээг сунгаагүй гэсэн үндэслэл зааж манай компанийн дээрх 3-н газраас нэг газар буюу 7/500 га-г дуудлага худалдаагаар өөр компанид өгч газрын эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1-т Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж доод дээд хязгаарыг хуульчилж өгсөн байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35.3.5-д Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 40.1.1-40.1.6 заасан заалтуудыг манай компани зөрчөөгүй. Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйл 15.5-т Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд 40 жилээс доошгүй байна. 20 дугаар зүйлийн 20.4-т тариалангийн зориулалтаар газар эзэмшигч,ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил ашиглалтанд байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Сум дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж заасан байна. “Элсэнцагаан” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 27-ний өдөр дээрх 7/500 га, 16/61 га, 23/7 га-д газар эзэмших гэрээг Угтаалцайдам сумын газрын даамал Б.Мөнгөнтуяатай байгуулсан. Энэ гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 27 өдөр дуусна. Гэтэл энэ хугацаанд манай “Элсэнцагаан” компани нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу дээрх гэрээг байгуулсны дараа түүнийг дуусах хугацаа болоогүй байхад дээрх гурван газарт эзэмших эрхийн шинэ гэрчилгээг 15 жилийн хугацаатай бичүүлж авсан. “Элсэнцагаан” ХХК-нд дээрх 7/500га, 16/61 га, 3/7га газруудад хууль ёсны эзэмших захирамжтай, мөн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шинэ загварын газар эзэмших гэрчилгээг шинэчлэн 15-н жилийн хугацаагаар бичүүлж авсан. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дээрх гурван эзэмшлийн газруудад газрын байршлын кадастрын зураг хийлгэсэн, газар ашигласан төлбөрийн талаар ямар нэгэн өр байхгүй. 7/500 га, 16/61 га, 23/7 га-д 2015 онд уринш хийсэн. 2016 онд улаанбуудай тариалж талбайг гэрээнд заасан зориулалтаар хэвийн эзэмшин, ашиглаж тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байсан. Сумын Засаг дарга Н.Гантулгын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны А/39 захирамжийг хүчингүй болгуулахаар, мөн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 71, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоот актуудыг “Элсэнцагаан” ХХК-ний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 тоот захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр “Элсэнцагаан” ХХК-ий хууль ёсны эзэмшлийн 7/500 га газарт дуудлага худалдаа зарлаж, энэ дуудлага худалдаанд манай компаний 7/500 га-д “Уушгийн баян” ХХК нь ялагч болсон гэж үзэж манай хууль ёсны эзэмшлийн 7/500 га талбайн эзэмших эрхийг хууль зүйн дагуу хүчингүй болгож цуцлаагүй байж “Уушгийн баян” ХХК-д эзэмшүүлэх захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Засаг дарга Н.Гантулга нь гаргасан байна. Дээрх дуудлага худалдааны тов болон, дуудлага худалдаа явуулах тухай албан ёсны шийдвэр захирамжаа “Элсэнцагаан” ХХК-д өгөөгүй учраас энэ дуудлага худалдаа явуулсан шийдвэрийг манай компани нь чухам хэдэн сарын хэдний өдөр болох, ямар шийдвэр гарсан талаар мэдээгүй. Харин сумын Засаг даргын 71, 80 тоотуудад манай компани нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл 60.2-т заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж энэ гомдлын хариу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсаныг манай компани 2017 оны 05 сарын 31-нд хүлээн авсан. Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/292 тооттой танилцсанаар “Элсэнцагаан” ХХК-н өөрийн эрх ашгаа зөрчигдсөн гэдгийг мэдсэн. Тухайлбал энэ дүгнэлтийн 3 дугаар зүйлд “Элсэнцагаан” ХХК-н дээрх бүгд 568 га газрын газар эзэмших сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот захирамжийг цуцлалгүйгээр 7/500 га газрыг дуудлага худалдаагаар “Уушгийн баян” ХХК-д олгосон зэрэг зөрчлүүд байна гэж ирсэн дүгнэлтээс анх мэдсэн. Иймд “Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Элсэн цагаан ХХК-ны газар эзэмших эрхийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр 193 тоот шийдвэрээр дуусгавар болгож, 2017 оны 01 сарын 18 ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. 2013 оноос хойш тус компани тогтмол Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн, 2013 онд газар эзэмших гэрээ , гэрчилгээнд заасан үр тариа улаан буудайг тариалах гэрээний үүргээ эс биелүүлэн 500 га газраа тосны ургамал тариалж байсан, 2013 оны газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2014 онд газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, 2015 онд хуулийн хугацаандаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, 2015, 2016 онд газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, газар эзэмших эрхийн хуулийн хугацаа дуусахад газар эзэмших эрхээ сунгах хүсэлтээ хуулийн хугацаандаа хүсэлт ирүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан учир сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны 71 тоот, 2017 оны 02 сарын 06 өдрийн 80 тоот албан бичгүүд хуулийн үндэслэлтэй болохыг Газрын тухай хуүлийн 37.2 дахь заалт харуулж байна. Иймд газар эзэмшигч Элсэнцагаан ХХК нь 2013 он, 2014 он, 2015 он, 2016 онуудад дээрхи зөрчлүүдийг гаргасан тул газар эзэмших эрхийг сунгах үндэслэлгүй. Элсэн цагаан ХХК газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэдгээ хүлээн зөвшөөрч 04 тоот албан бичгээ өгсөн. Уг газрыг олгохдоо Зууны мэдээ сонины 2017 оны 03 сарын 06-ны өдрийн №45 дугаараар олон нийтэд ил тод зарласан. Уг дуудлага худалдаанд Элсэн цагаан ХХК-г оролцож болох талаар мэдэгдсэн боловч мэдсээр байж оролцоогүй. Уг дуудлага худалдаанд гурван оролцогч оролцсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг анх олгохдоо 15 жилийн хугацаатай 2001 оны 05 сарын 25-ны өдөр олгосон, харин 2007 оны 01 сарын 5-ны өдөр, 2015 оны 01 сарын 09-ний өдөр 2000 оны 04 сарын 10 өдрийн 22 тоотыг захирамжийг үндэслэн газрын даамал гэрчилгээ шинээр сольсон нь сумын Засаг даргын газар эзэмших эрх сунгах захирамж гараагүй учир сунгах үндэслэл болохгүй. Газар эзэмших гэрчилгээг бичихдээ захирамжийг үндэслэн бичилт хийдэг. Энэ нь гэрчилгээний хугацаа сунгах хууль эрх зүйн орчин газрын даамалд байхгүй. Миний бие дуудлага худалдаанд ялагч болсон “Уушгийн Баян” ХХК-ныг өмнө нь хувь эзэмшиж удирдаж байгаагүй ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Батбаяр, өмгөөлөгч Б.Баярмагнай нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаагүй байж тус газрыг өөр компанид эзэмшүүлсэн гэж хэлээд байна. Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 тоот албан бичиг, ы 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай тоотуудыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байдаг. Захиргааны байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй харилцаж байсан албан тоотыг захиргааны акт гэж үзэх нь эргэлзээтэй. Засаг даргын А/39 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болох талаар зааж өгсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар заасан. Энэ хоёр зүйл заалт нь хоёр тусдаа ойлголттой. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргаагүй бол эрх нь дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл “Элсэн цагаан” ХХК нь 2000 онд тус газрыг эзэмшээд 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болох талаар зааж өгсөн. Энэ харьцангүй захиргааны шинжтэй зүйл заалт юм. Жишээ нь 2000 онд газар эзэмшээд явж байхад 2008 онд газар эзэмшүүлэх гэрчилгээг цуцлах юм бол энэ зүйл заалтыг үндэслэнэ. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж заасан. Нэхэмжлэгч талаас газар эзэмших хугацааг сунгах хүсэлтээ албан ёсоор гаргаагүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх ёстой гэж заасан байхад, нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК нь газрын төлбөрийг 2015, 2016 онуудад төлөөгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Уушийн баян” ХХК-ний захирал Д.Даяндэмэд шүүхэд гаргасан тайлбартаа: "Уушгийн баян" ХХК нь 2015 оноос газар тариалангийн чиглэлээр Угтаалцайдам суманд үйл ажиллагаа явуулж байна. "Уушгийн баян" ХХК нь Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулгатай ашиг сонирхолын зөрчилгүй аж ахуйн нэгж болохыг энд мэдэгдэж байна. "Уушгийн баян" ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн Зууны мэдээ сонины 45 дугаар хэвлэлд нийтлэгдсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас зарласан дуудлага худалдаанд Хар чулуут, Манзын ухаа газарт байршилтай, 7/500 кодтой, газар тариалангийн зориулалттай, 15 жилийн эзэмшүүлэх 500 га газрыг сонгон оролцсон. Дуудлага худалдаа 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэний танхимд болж өнгөрсөн бөгөөд манай компани өөрийн сонгосон газрыг үнэ хаялцан 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгөөр худалдаж авахаар болсон. Дуудлага худалдаа журмын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 03 өдөр төлбөрийг барагдуулж, 500 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Уг газарт 2017 оны 07 сарын 24-ны өдрөөс технологийн болон механик уринш хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад, шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2000 онд анх газраа эзэмшсэн. Тухайн үед газар эзэмшүүлэх хугацааг 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Газар эзэмшүүлэх гэрчилгээг 2004, 2007, 2015 онд газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчилсэн байдаг. Энэ нь газар эзэмшүүлэх эрхийг шинээр олгосон гэж үзэхгүй. Анх газар эзэмшүүлсэн захирамжийн дагуу 15 жилээр газрыг эзэмшсэн. Үүний дагуу газар эзэмших эрх нь 2015 оны 04 сард дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 39 дугээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болдог. Мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хүсэлтээ газар эзэмшүүлэх эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргах ёстой. Нэхэмжлэгч талаас газар эзэмшүүлэх хүсэлтээ Засаг даргад гаргаагүй. Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 тоот албан бичгээр газар эзэмшүүлэх эрхийн хугацаа дууссан гэдгийг мэдэгдсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал нь Засаг даргын шийдвэрийг мэдээд урьдчилан шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хандсан байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар гомдлоо 30 хоногийн дотор гаргах ёстой. Дээд шатны байгууллага, албан тушаалтан нь гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Шаардлагатай бол 30 хоногоор хугацааг сунгадаг. Аймгийн Засаг даргаас огт хариу өгөөгүй байдаг. 2017 оны 05 сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас албан тоотоор хариу өгсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргад 2017 оны гомдол гаргаад хариу өгөхгүй байхад, 2017 оны 03 сард шүүхэд хандах ёстой байтал, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ хугацаанд Угтаалцайдам сумын сумын Засаг даргаас зүгээс дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зарласны дагуу ялагч нь тодорсон. Нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК нь энэ хугацаанд огт нэхэмжлэл гаргахгүй явж байгаад, 2017 оны 08 сард А/39 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэх юм бол, Угтаалцайдам сумын Засаг даргын А/39 тоот захирамж гаргасанаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Газар эзэмшүүлэх эрх нь сумын Засаг даргаас заавал захирамж гарсанаар дуусгавар болохгүй. Хуульд заасны дагуу дуусгавар эрх юм. Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах захирамж гаргах ёсгүй. Газрын давхцалтай гэж хэлж байна. Нэгэнт 2015 онд газар эзэмшүүлэх эрх нь дуусгавар болсон байхад, газрын давхцалтай байх үндэслэл байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас 500 га газрыг эзэмших эрх дуусгавар болоогүй байхад газрыг дуудлага худалдаанд оруулж “Уушгийн баян” ХХК-д худалдсан нь хууль бус хэмээн маргаж, хариуцагч талаас газар эзэмших эрхийн гэрчилгээг анх 2001 оны 05 сарын 25-ны өдөр 15 жилийн хугацаатай олгосон, харин 2000 оны 04 сарын 10 өдрийн 22 тоот захирамжийг үндэслэн 2007 оны 01 сарын 5-ны өдөр, 2015 оны 01 сарын 09-ний өдөр газрын даамал гэрчилгээг шинэчлэн сольсон, сумын Засаг дарга газар эзэмших эрх сунгах захирамж гаргаагүй учир сунгах үндэслэл болохгүй гэж тайлбарлажээ.
Хэргийн үйл баримтуудын талаар авч үзвэл:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлд зааснаар баримтлан Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга 2000 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 22 дугаар захирамжаар тус сумын “Манзын Ухаа“ гэх нэртэй газрын урд талд байршилтай 7/500 кодтой 500 га, 16/61 кодтой 61 га, “Манзын Ухаа” гэх газрын зүүн үзүүрт байршилтай, 23 кодтой 23/10 га газар, нийт 571 га газрыг “Элсэнцагаан” ХХК-д тариалангийн зориулалтаар тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн тус сумын газрын даамал газар эзэмших эрхийн гэрчилгээг 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 жилийн хугацаагаар олгож[1], газар эзэмшүүлэх гэрээг 2003 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 20 жилийн хугацаагаар байгуулсан[2]. Газрын даамал 2007 оны 01 сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон[3] байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 жилийн хугацаагаар байгуулсан[4] байна. Мөн дахин 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаагаар олгосон[5] байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулж[6], газрын кадастрын мэдээллийн санд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ, 33.1.2-д “...газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус зааснаар “Элсэн цагаан” ХХК-ний маргаан бүхий 500 га газрыг эзэмших эрх нь Угтаалцайдам сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар захирамжаар үүссэн. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “газрыг ... 15-60 жил хүртэл хугацаагаатайгаар эзэмшүүлж болно, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 23 дугаар зүйлийн 23.4.2-д “газрын даамал Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх...гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн маргаан бүхий 500 га газрыг эзэмших эрх нь Угтаалцайдам сумын газрын даамлын 2001 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 жилийн хугацаатай олгосон 18220124 дугаартай эрхийн гэрчилгээгээр баталгаажсан. Улмаар сумын газрын даамал 2007 оны 01 сарын 05-ны өдөр 0108971 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмаар хадгалагдаж байсан байна.
Өөрөөр хэлбэл “Элсэн цагаан” ХХК нь маргаан бүхий 7/500 кодтой 500 га газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу хүчин төгөлдөр газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж ашиглах эрхтэй байна.
2. Нэхэмжлэгчийн 7/500 кодтой 500 га газрыг эзэмших ашиглах эрхтэй холбогдуулан хариуцагчаас дараахь хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байна. Үүнд:
1. Угтаалцайдам сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 тоот албан бичгээр “..танай компани 2015, 2016 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, 2000 оны захирамжаар олгосон ...7/500 кодтой 500 га газрын 15 жил эзэмших хугацаа дууссан учир Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар 2017 онд дахин хуваарилах болсныг мэдэгдэж байна[7] гэсэн мэдэгдлийг “Элсэн цагаан” ХХК-д хүргүүлсэн бөгөөд тус компани уг албан бичгийг хүлээж аваад тус сумын Засаг даргад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “газар эзэмших эрхийг сунгаж өгөх” тухай 04 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Тус хүсэлтийн хариуг сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоот албан бичгээр “... газар эзэмших хугацааг сунгах боломжгүй, ... газруудад удахгүй зарлагдах дуудлага худалдаанд танай компани оролцох эрхтэй” хэмээн хүргүүлж байсан. Улмаар сумын Засаг дарга 2017 оны оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 дугаар захирамжаар маргаан бүхий “Элсэн цагаан” ХХК-ний эзэмшлийн 7/500 кодтой 500 газрын дуудлага худалдааны тов зарласан. Сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/22 дугаар захирамжаар байгуулагдсан дуудлага худалдааны комисс 03 дугаар сарын 21-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулж, уг дуудлага худалдаагаар “Уушгийн баян” ХХК маргаан бүхий 7/500 кодтой 500 га газрыг 110.000.000 төгрөгөөр худалдаж авснаар тус сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг үндэслэн “Уушгийн баян” ХХК-д уг 500 га газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
2. Хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан маргаан бүхий “Элсэн цагаан” ХХК-ний эзэмшлийн 7/500 кодтой 500 газрын эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байна. Гэтэл газар эзэмшигч хуулийн энэ заалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх ба мөн хуулийн 40.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.
Мөн хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга дээрх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамж гарснаас хойш нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80 тоотоор “...газар эзэмших хугацаа дууссан тул...дахин хувиарлах болсныг мэдэгдэж байна”, “...сунгах хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй ...500 газрын эзэмших хугацаа дууссан тул газар эзэмших хугацааг сунгах боломжгүй байна....” гэх агуулга бүхий албан бичиг хүргүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа ямар учраас дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан нь ойлгомжгүй байна.
Үүнээс гадна Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/292 тоот албан бичигт “...3. “Элсэн цагаан” ХХК-ний дээрх нэгж талбарууд бүхий 568 га газрын газар эзэмших сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот захирамжийг цуцлалгүйгээр 500 га газрыг дуудлага худалдаагаар ... олгосон зөрчлүүд байна” гэснээс үзвэл сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийг маргаан бүхий 500 га газрыг дуудлага худалдаагаар худалдах, уг газрыг“Уушгийн баян” ХХК-д эзэмшүүлэх үед батлан гарсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 07/292 тоот албан бичигт “.... 3. Элсэнцагаан” ХХК-ны дээрх бүгд 568 га газрын газар эзэмших сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот захирамжийг цуцлалгүйгээр 7/500 га газрыг дуудлага худалдаагаар “Уушгийн баян” ХХК-д олгосон зэрэг зөрчлүүд байна” гэснээс үзвэл дээд шатны захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.1.1-д зааснаар Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн буюу тухайн захиргааны актыг батлагдан гараагүй байсныг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгчээс Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/193 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0264 дугаар захирамжаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс гадна “Элсэн цагаан” ХХК-иас 500 га газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 дугаар захирамжид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0151 дугаар захирамжаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзсан болохыг дурьдаж байна.
Угтаалцайдам сумын Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар “Элсэн цагаан” ХХК-ний эзэмшлийн 7/500 кодтой 500 га газрыг эзэмших эрх дуусгавар болоогүй байхад “Уушгийн баян” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5-д тус тус заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд тус тус нийцээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамж хууль бус бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК-ний 7/500 кодтой 500 газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий 500 га газартай холбогдуулан дээд шатны захиргааны байгууллагад гаргасан гомдлын хариугаа Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07/292 тоот албан бичгээр хүлээн авсны дараа 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.2-д “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны ...байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... аймгийн Засаг даргад гомдол гаргаад 30 хоногийн дотор шийдвэрлээгүй, шаардлагатай бол энэ хугацааг 30 хоногоор хугацааг сунгадаг, энэ хугацаанд шийдвэрлээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана, 2017 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байгааг дурьдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1, 60 дугаар зүйлийн 60.2.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хэргийн 132 дугаар хуудас,
[2] Хэргийн 133-134 дүгээр хуудас
[3] Хэргийн 22-р хуудас,
[4] Хэргийн 135-136 дугаар хуудас
[5] Хэргийн 28 дугаар хуудас,
[6] Хэргийн 30 дугаар хуудас,
[7] Хэргийн 74-р хуудас,