Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0079

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0079

Улаанбаатар хот

 

 

                                               Нэхэмжлэгч бөгөөд С.Ө-ийн

                             хууль ёсны төлөөлөгч Ш.О-ы нэхэмжлэлтэй

                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, гуравдагч этгээд Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгч бөгөөд С.Ө-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-ы нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын  тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын А/570 дугаар захирамжийн иргэн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.О болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөн, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Захиргааны байгууллагын гаргасан акт нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тухайд.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “”Захиргаа нь үйл ажиллагаандаа дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж, Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг орон сууц барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар олгоно” гэж тус тус заасан байх бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргаас иргэн Д.О-д газар эзэмших эрхийг олгохдоо “..Дугуй засвар ажиллуулах...” гэсэн хүсэлтэд үндэслэн 80  м.кв бодит нөхцөл байдал дээр гэр бүлийн хэрэгцээнд гэр орон сууцны хашаа барих зориулалтаар эзэмших боломжгүй газрыг олгосон нь хариуцагч байгууллагын зүгээс захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй, гэр орон сууц бариад амьдрах боломжгүй газарт газар эзэмшүүлэх гаргасан нь уг шийдвэр нь зорилгодоо нийцээгүйн дээр уг газар нь зөвхөн Д.О гэдэг хүний өмч мэтээр 2017 оноос хойш зөвшөөрөлгүй дугуй засвар ажиллуулсныг үл харгалзан, зэргэлдээ оршин байгаа иргэдийн газар эзэмших эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэх эсэхийг судлалгүйгээр түүнд газар эзэмших эрх олгосон гэж үзэж байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга 2019 оны А/570 дугаар захирамжаар иргэн Д.О-д газар эзэмших эрх олгосноор бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөж байгаа эсэхийг бодит нөхцөл байдалд судлаагүйн дээр Монгол Улсын стандарт MNS:5025-ын 5.1-д “Дугуй засварын ажил, дугуйн баланс тохируулах ажил” гэж авто үйлчилгээний байгууллагын төрлийг зааж, 6.1-д “Нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлсэн байх”-аар заасныг үл харгалзан хариуцагч байгууллагаас хэрэгт гаргаж өгсөн баримтад” ... иргэн О уг газарт 2017 оноос эхлэн дугуй засвар ажиллуулж байсан тул хаягжилт буюу 67Г гэсэн тоот хаяг олгож” байгаа нь өөрөө Газрын тухай хууль болон уг стандартыг зөрчин захиргааны акт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын гаргасан 2019 оны А/570 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг нь газар эзэмшүүлэх зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй захиргааны акт юм.

Хоёр: Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.О, С.Ө нарын эзэмшлийн газар гуравдагч этгээд Д.О-ын эзэмшил газартай давхцалгүй, орц, гарцыг хаасан асуудал байхгүй ч анхан шатны шүүхээс “...маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэх эрхтэй шалтгаант холбоогүй...” гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, хариуцагч байгууллагаас гаргасан захиргааны акт нь бодит нөхцөл байдалд зорилгодоо нийцэж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж хүн амьдрах боломжгүй газарт далд санаа нь Д.О гэдэг хүний дугуй засвар ажиллуулах зорилгыг агуулсан байхад хууль зөрчөөгүй захиргааны акт гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар...”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар” газрыг эзэмшүүлэхээр хуульчилсан.

Гэтэл захиргааны байгууллагаас гэр бүлийн хэрэгцээний хувийн орон сууцны зориулалтаар ч тэр, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар ч тэр эзэмших боломжгүй 80 м.кв, 4 замын уулзвар дээр байрладаг газарт айлын хашааг таглан, шинээр хууль бус хаягжилт /Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд 4-67Г гэх хаяг байхгүй тухай хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсаар байтал/ үүсгэн газар эзэмшүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй болно.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.5-д “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан. Гэтэл гуравдагч этгээд Д.О нь газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших боломжгүй гэдгээ нотолж, дугуй засвар ажиллуулсан хэмээн хүсэлт гаргаж хууль зөрчсөн газрыг эзэмших эрх авсан, захиргааны байгууллагаас хууль зөрчсөн акт гаргасан байхад шүүхээс уг акт нь хууль ёсны захиргааны акт гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/570 дугаар захирамжаар Д.О-д орон сууцны зориулалтаар олгосон газар нь хүн амьдрах боломжгүй, 4 замын уулзвар дээр, өмнө нь уг газарт хууль бусаар дугуй засвар ажиллуулж байсныг үл харгалзан гаргасан акт юм.

Нэхэмжлэгч Ш.О нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 4-67 тоотод 1975 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг хашааны урд байрлах энэхүү 80 м.кв газарт ямар ч байдлаар иргэнд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх боломжгүй, уг газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар иргэн Д.О дураар дугуй засварын үйлчилгээ эрхэлж, газрыг зориулалтын бусаар эзэмшиж, хөрш иргэн бид дугуйн засвар тос тосолгооны бүтээгдэхүүнд хордож, байнгын дуу чимээтэй, угаартай орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаад байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч, маргаан бүхий захиргааны акт нь анхнаасаа гарах ёсгүй, биелэгдэх боломжгүй захиргааны акт гэдгийг анхаарч үзнэ үү.

Гурав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай түүнийгээ нотолсон баримт шүүхэд ирүүлсэн байхад байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, энэ тухай шүүхийн шийдвэрт бичээгүй.

Нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзээд маргаан бүхий захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар холбогдох төрийн байгууллагад хандсаны дараа захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх ашгаа хамгаалуулахаар хандсан.

Шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлахад хэрэгт хариуцагч Баянгол дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө авагдаагүй анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй байсан тул нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдаан хойшилсон.

Шүүх хуралдаан 14 хоногоор хойшлох хугацаанд нэхэмжлэгч Ш.О миний бие иргэн Д.О-д Газрын тухай хуульд зааснаар түүний газар эзэмших эрх хүчингүй болох нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Газрыг хүн амны эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол хүчингүй болгоно” гэснийг шалгуулахаар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст, 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг шалгуулахаар Дүүргийн Засаг даргад тус тус өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариу гараагүй шүүх хуралдаан болоход ирээгүй байсан.

Нэхэмжлэгч Ш.О миний бие “М” ХХК-д эм найруулагчаар ажилладаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн ажилтай таарч улс орон даяар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эм ханган нийлүүлэлтийн ажил ихтэй өндөржүүлсэн бэлэн байдалд байсан, ээлжийн ажлыг өөрчлөх боломжгүй тухайгаа илэрхийлэн хүсэлт ирүүлж хүсэлтдээ ажлын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар албан бичгийг эх хувиар тамга тэмдэгтэй хүргүүлсэн боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасан эрхийг зөрчин намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Миний бие шүүхэд өөрийн охин С.Ө-ийн гээд 2 хүний эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааныг авч хэлэлцэхгүйгээр, мөн хэрэгт нотолгооны ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар төрийн захиргааны байгууллагад хандсан байгааг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн шүүхийн шийдвэрт яагаад нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хянан шийдвэрлэснийг нотолж бичээгүй байгааг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Хэдийгээр миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон хэдий ч нэхэмжлэгч над шиг маргаан бүхий газрын бодит нөхцөл байдал, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, Газрын тухай хуульд заасан эрх яаж зөрчигдөөд, иргэн Д.О хэрхэн дураар авирлаж байгааг төдийлөн илэрхийлэх боломжгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгчээс “... Д.О-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч бодит байдал дээр Д.О нь 80 м.кв газарт контейнер дотор автомашины дугуй засварын үйлчилгээ эрхлэн явуулж байгаа, хариуцагч Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаад хяналт тавихгүй, уг шийдвэрийг гаргаснаас болж бид хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна” гэж,

Хариуцагчаас “... нэхэмжлэгч нь өөрт эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлсэн тул зөрчил арилгуулах тухай мэдэгдэх хуудас өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан, Д.О, Ш.О нарын газар бодит байдалд давхцалгүй тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэж,

Гуравдагч этгээдээс “... А/570 дугаар захирамжаар олгосон газар нь бусдын эзэмшлийн газрын орц, гарцыг хаагаагүй, бусдын эзэмшил ашиглалт, өмчлөлд олгогдсон газартай давхцаагүй, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд олгогдсон буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн, нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, цаашид уг газарт дугуй засварын үйл ажиллагаа явуулахгүй байх боломжтой” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Ш.О, С.Ө нар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамж, 67 тоот хаягт байршилтай 556 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн, гуравдагч этгээд Д.О нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4-67 г хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байх бөгөөд эдгээр газрууд нь бодит байдалд давхцалгүй, гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаагаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3210 дугаар албан бичиг, түүний хавсралтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

Нэгэнт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй дээрх газрууд нь давхцалгүй, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаагаагүй гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа атлаа хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас бус, Д.О нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчиж, тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглалгүй дугуй засвар ажиллуулж байгаа гэх үндэслэлээр А/570 дугаар захирамжийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхээс эрх зүйн хамгаалалт хүсэх боломжтой бөгөөд уг маргааны хувьд хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/570 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21.5 дугаар зүйлд “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “Энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Д.О-д хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших эрхэд халдаж, уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “...миний бие шүүхэд өөрийн болон охин С.Ө гэх 2 хүний эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг авч хэлэлцээгүй, мөн хэрэгт нотолгооны ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар төрийн захиргааны байгууллагад хандсан байгааг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэдийгээр миний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон ч над шиг маргаан бүхий газрын бодит нөхцөл байдал, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Газрын тухай хуульд заасан эрх хэрхэн зөрчигдөөд, иргэн Д.О яаж дураар авирлаж байгааг төдийлөн илэрхийлэх боломжгүй” гэх гомдлын тухайд,

Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ажлын шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авалгүй, түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Ш.О-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож дээрх гомдолтой холбоотой гаргасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй, шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохооргүй байна.

Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/570 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хариуцагчаас уг захирамж нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн тул тус захирамжийг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Мөн нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан маргаан бүхий А/570 дугаар захирамжтай холбоотойгоор бус Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 4-67, 4-67Г хаягуудад газрын хөрсний шинжилгээг хийж, хөрсний бохирдлыг тодорхойлуулахаар хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин гуравдагч этгээд Д.О нь А/570 дугаар захирамжаар эзэмшиж буй газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй бөгөөд эс тэгвээс нэхэмжлэгч нь холбогдох захиргааны байгууллага, харьяалах шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

 

                              ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН