| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/8229/И |
| Дугаар | 181/ШШ2016/01106 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/01106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: МУт холбогдох
Нөхөн олговорт 5.047.596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Ц.Э, өмгөөлөгч О.Одхүү нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ц.Э хөдөлмөрийн эрүүл мэндийн чадвараа 65 хувиар алдсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд хөлдмөрийн чадвараа 51-75 хувиар алдсан тохиолдолд нөхөн олговор олгоно гэж заасан. Ц.Ц.Эы хөдөлмөрийн хөлсний дундаж нь 560.840 төгрөг байгаа. Хуульд 9 сарын цалин олгохоор заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар ажил олгогч татан буугдсан бол Засгийн газар энэ нөхөн олговрыг олгоно гэж заасан байгаа. Засгийн газрын тогтоолуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар нөхөн олговор олгож байсан байдаг. Ц.Ц.Эы хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг Нийгмийн даатгалын хэлтсээс тогтоосон баримт нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн Цагаан давааны уурхай, Эрдэнэцагаан уурхай гэх олон газарт ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурьдагдаж байгаа үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд Ц.Ц.Эд 9 сарын нөхөн төлбөрт 5.047.596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ц.Ц.Э нь улсад нийт 17 жил ажилласнаас 13 жил газрын дор хүнд хортой нөхцөлд ажилласан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар Засгийн Газар хариуцагч мөн биш гэдэг маргаан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар Засгийн газар тусгайлан шийдвэрлэж болно гэсэн ойлголт мөн биш гэсэн ауудал байгаа. Засгийн газрын 45 дугаар тогтоол хэрэгт баримтаар авагдаагүй байна гэх үндэслэлээр Дээд шүүхээс хэрэг буцсан байгаа. Өмнө нь Ц.Ц.Эд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор олгож байсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Нөхөн олговрыг ажил олгогч олгох ёстой болохоос Засгийн газар олгоно гэж заагаагүй. Дээд шүүхийн тогоол дээр нэг удаа нөхөн олговор олгож болно гэж гэхдээ ажил олгогчийн хувьд гэж заасан байгаа. Хавтас хэрэгт сүүлд авагдсан баримтаар Ц.Ц.Э нь нөхөн төлбөрт хамрагдаж байсан. Гагцхүү программаар гарт нь олгож байсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн хариу албан бичиг ирсэн байдаг. Ц.Ц.Эд нөхөн олговор олгож байсан гэдэг нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь хариуцагч МУт холбогдуулан нөхөн олговорт 5.047.596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь 1977 оноос 1990 онд Геологи уул уурхайн яамны уулын механикжсан анги, Геологийн удирдах газрын Эрдэнэцагааны далд уурхай, Чойрын хайлуур жоншны экспедици, Дарханы геологийн экспедици, Монгол Унгарын уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагад уулын далд уурхайн нэвтрэгч, малтагчаар ажилласан, анх 1994 оноос мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 60 хувиар тогтоогдсон ба 2002 оноос хөдөлмөрийн чадвар алдалт нь 65 хувь болж нэмэгдсэн болох нь 1994, 1996, 1997, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 оны даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 1994 онд мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 60 хувиар тогтоогдсон ба 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлд тухайлан хувь хэмжээ заагаагүй бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговор олгохтой холбоотой харилцааг 1999 оны хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлэн зохицуулсан байх тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хэрэглэх боломжтой гэж үзэв.
Хариуцагч МУ нь нөхөн төлбөр авч байсан бөгөөд дахин төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Уурхайчдад нөхөн төлбөр олгох тухай 45 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/1447 дугаар тушаалын хавсралт Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолын дагуу нөхөн төлбөр олгох зарим аймаг, дүүргийн иргэдийн нэрс “Сүхбаатар дүүрэг Цэдэнсодномын Ц.Э 280.800 төгрөг” олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх худалдаанд гаргасан тайлбартаа “...уг тогтоол гарсан эсэхийг мэдээгүй, мөн 280.800 төгрөгийг аваагүй” гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газраас 2012 онд тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан хэмжээг зөрчиж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 280.800 төгрөг олгосон нь үндэслэлгүй байна.
Хуульд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан нөхөн төлбөр олгох сарыг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч Монгол Улсын Загсийн газраас хууль зөрчиж, 2 сараар олгосныг нэг удаа нөхөн төлбөр олгосон гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 1994 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, 2002 оноос 65 хувь болсон нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 51-70 хувийн дотор байгаа тул 9 сараар олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц.Эы нэг сарын дундаж цалинг 560.844 төгрөг гэж тогтоосон болох нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 12 дахь тал/
Иймд 560.844 төгрөгийг 9 сараар тооцоход 5.047.596 төгрөг бөгөөд хариуцагч Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор төлсөн 280.800 төгрөгийг хасч, нийт 4.766.769 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц.Эд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 4.766.769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмждэгч Ц.Энихтайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.711 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 91.218 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР