| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0834/И |
| Дугаар | 181/ШШ2016/01155 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/01155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: В.Г холбогдох
Б.Б.Быг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Намъяанжугийн гудамж, 170-120 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Б.Б.Быг тус байрны орон сууц хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Б.Б.Б нь 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хамтран амьдрах болсон бөгөөд 2007 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Намуун, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ганбаяр, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бага хүү Ган-Очир нар төрсөн. Өнөөдрийг хүртэл нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа болно. Хамтран амьдрах хугацаандаа 2012 оны Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъянжугийн гудамж, 170-120 тоот байрыг хамтран худалдан авсан бөгөөд В.В.Г өөрийн нэрээр тус байырг өмчилсөн бөгөөд цаашид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхээр Б.Б.Быг хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ гэсэн байдаг. Гэвч Б.Б.Быг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байсаар Б.Б.Бд мэдэгдэлгүйгээр тус байрыг Отгоннямын барьцаанд тавьсан байх ба улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус байрыг албадан дуудлага худалдаан оруулах гэж мэдсэн бөгөөд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх албанаас шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хаасан байх тул Б.Б.Быг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, намъянжугийн гудамж, 170-120 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, Б.Б.Быг тус байрны орон сууц хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч В.В.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “ В.В.Г миний бие Б.Б.Бын гаргасан хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад татгалзах зүйлгүй болно. Б.Б.Быг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр материал бүрдүүлж байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч В.В.Гт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолоо Намъяанжугийн гудамж 170-120 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Б. Б.Быг тус байрны өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолоо Намъяанжугийн гудамж 170-120 тоот орон сууцны 25 хувийн өмчлөгч байхыг хүлээн зөвшөөрсөн болно.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолоо Намъяанжугийн гудамж 170-120 тоот, 54,63 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Д.Өлзийбатаас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б.Б, хариуцагч В.В.Г нар нь 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2007 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Намуун, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ганбаяр, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ган-Очир төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2007 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Намуун, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ганбаяр, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ган-Очир нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/2328 дугаар тоотоор, 2014 оны 2/12361 тоотоор, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/4534 тоотоор тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4171 дүгээр захирамжаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолоо Намъяанжугийн гудамж 170-120 тоот орон сууцанд ажиллагаа явуулж байгаа эсэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг даалгасан боловч, захирамжид заасан хугацаанд хариу ирээгүй, мөн нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.”, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заажээ.
Гэрлэлтийн гэрчилгээнд заасан гэр бүл болсон огноо нь эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид гэр бүлийн харилцаа үүссэн цаг хугацаа буюу 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш үүссэн хөрөнгийг хамааруулж болно.
Нэхэмжлэгч Б.Б.Б, хариуцагч В.В.Г нар нь 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримтаас үзвэл 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс гэр бүлийн харилцаа үүссэн, түүнээс хойш үүссэн хөрөнгийг гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Б.Б.Быг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Намъяанжугийн гудамж 170-120 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Б. Б.Быг тус байрны өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зарлагдсан хуралдааны товыг хариуцагч В.В.Гт хурлын товыг мөн мэдэгдсэн ба хариуцагч нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул талуудын хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б.Быг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолоо Намъяанжугийн гудамж 170-120 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, Б.Б.Быг тус байрны хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 123.466 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч В.В.Гоос 404.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР