Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 47

 

                                         

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Ж

         Нэхэмжлэгч: Ц нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У, Д нарт холбогдох,

        “Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18 тоот, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19 тоот, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” 34/03/20 тоот, “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22  тоот актуудыг /нийт 27121432 төгрөгийн/ тус тус  хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж, Ц түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж, Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс ЦТС ХХК-д байсан үлдэх өртөггүй болсон 3 нэр төрлийн автомашинууд нь: ТӨХ-ны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 468-р тогтоолоор 16-06 УВА улсын дугаартай УАЗ-469 автомашиныг акталж дуудлага худалдааны доод үнэ 500,000 \таван зуун мянган\ төгрөг, ТӨХ-ны 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 794-р тогтоолоор 40-15 УВА улсын дугаартай Ланд круизер-105 автомашиныг акталж дуудлага худалдааны доод үнэ 3,500,000 \гурван сая таван зуун мянган/ төгрөг, 29-23 УВА улсын дугаартай Киа Рино краныг акталж дуудлага худалдааны доод үнэ 850,000 \найман зуун тавин мянган\ төгрөгөөр дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр ирсэн. Уг автомашинуудыг журмын дагуу дуудлага худалдааг компанийн өмч хамгаалах Комисс зохион байгуулж борлуулсан. Иймд компанид учирсан хохирол байхгүй гэж үзэж байна. 

       34/03/19 тоот актын гайлбар:ТӨХ-ны шийдвэрээр 2014 онд актлагдсан үлдэх өртөггүй болсон 3 ширхэг складыг компанийн өмч хамгаалах Комисс 2014 оны 07 сарын 18-ны өдөр хуралдаж ашигласан хугацаа, чанар байдлыг үзэн дүгнэлт гаргаж 50,000 төгрөгөөр үнэлэн орлогыг компанийн 5800193799 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Миний бие 2016-08-05 - 2016-08-30-ны хооронд ээлжийн амралттай байсан. 2016 оны 08 сарын 30-ны өдөр ажилдаа ирэхэд складууд байхгүй байсан ба нярав Н.Амгалангаас тодруулахад Г,Бадам төлбөрийг нь төлөөд аваад явсан гэсэн тайлбар өгсөн. Компанийн 5800193799 тоот дансыг шүүж үзэхэд 50,000 төгрөг Бадам гэдэг хүнээс тушаасан байсан. Иймд компанийн өмч хамгаалах Комисс дүгнэлт гаргасан, худалдан авагч төлбөрөө төлсөн учраас компани хохироогүй гэж үзэж байна. Компанид бүх баримт материал нь байгаа.

        34/03/20 тоот актын тайлбар: Увс ЦТС ХХК нь 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө шинэ Фургон автомашин авахаар тусгаж ТУЗ-д хүсэлт гаргасан боловч ТӨХ-ны 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 789-р тогтоолоор Увс аймаг дахь Гаалийн газарт байгаа үлдэх өртөггүй болсон 09-60 УВА улсын дугаартай УАЗ фургон автомашиныг балансаас балансад шилжүүлж ав гэсэн албан бичиг ирсэн. Уг машин нь 2006 онд үйлдвэрлэсэн гаалийн гражид сүүлийн 3 жил ашиглаагүй, асахгүй байсан машиныг чирч авчирсан ба задалж үзээд шаардлага хангах эд анги байхгүй эвдэрсэн, тоногдсон ганц авах юм нь кабин байна гэж байсан. Компанийн өмч хамгаалах Комисс хуралдаад гаалиас ирсэн фургон машинд их засвар хийх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Шинэ сэлбэг авч тавихад зардал өндөртэй, зарим сэлбэг нь аймагт байхгүй захиалж авахаар, кабинаас бусдыг авахаар байсан. Гадуур хүнд барьцаанд тавьсан 22000 км явсан эд анги нь сайн, эд ангийг нь огт задлаагүй унасан фургон байна гэсний дагуу компанийн өмч хамгаалах комиссын дарга Г.Заяабаяр, жолооч Я.Ганболд нартай хамт уг машиныг очиж үзээд 11 сая төгрөгөөр /10% суутгал ороогүй дүнгээр/ сэлбэгийн журмаар задалж авахаар тохиролцсон. Кабинаас бусад нь сайн зүгээр асаад явж байгаа машины эд ангийг нэг бүрчилж задалж аваад буцааж угсрах нь цаг хугацаа орох, жолоочийн чадвар муу учраас буруу зөрүү угсрах, гаднаас засварчин хөлсөөр авах, мөн бүх тохиргоог тохируулж угсарч чадах эсэх нь эргэлзээтэй гэх мэт шалтгааны улмаас задлахгүй хөлөөр нь явуулж авч ирсэн. Кабиныг нь авч Гаалиас чирч ирсэн фургоны кабин авч манай ажилчид өөрсдөө тавьсан. Тухайн машины бусад эд анги болох рам, 4 нум, нумны 8 толгой, яндан, тоормозны ком аппарат, доторлогоо, кабины угольникон бэхэлгээ, шал, 5 хаалга болон түгжээнүүд зэргийг падаанд үнэлж бичээгүй падаан ирсэн. Бүгдийг үнэлбэл 16 сая төгрөг орчим болж байна бүхэл эд ангиар нь сэлбэгийн падаан бичихээр зарж байгаа үнэтэйгээ таарч байна гэсний дагуу сэлбэгээр машин авсан. Энэ машины эзэн М.Пүрвээ нь Балжинням гэдэг хүнд өртэй байсан ба Балжинням авлагаа заавал өөрийн дансаар шилжүүлж авч байж машинаа ав гэсэн шаардлага тавьсан тул 3,500,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. М.Пүрвээ нь 4,500,000 төгрөг өөрийн дансаар авсан. Дээрх 2 шилжүүлэгээс ХХОАТ 10% татаж авсан. Мөн 10% суутгал хийлгэхгүй гэж өөрийн таних Бадаан-Өгөөж ХХК-ний падаанаар дансаар нь 2,100,000 төгрөг шилжүүлгэсэн. Дээр дурдсан хувь хүн болон компаниар падаанаа бүрдүүлж өгсөн. Үлдэгдэл 900,000 төгрөгөнд Увс Гаалиас ирсэн фургоны эд анги авсан. 2 фургоны бүх баримт материал компанид байгаа. Хуулбар надад байгаа, Тухайн машиныг зарах үнээр нь сэлбэг журмаар орлогод авч тэг үлдэгдэлтэй машинаа капиталжуулсан тул компани хохироогүй харин ч 900,000 төгрөг хэмнэсэн.  Иймд компанид учирсан хохирол байхгүй гэж үзэж байна.

        34/03/22 тоот актын тайлбар: Увс ЦТС ХХК нь 2016 оны хавар ТУЗ-ийн шийдвэрээр шинээр кран машин худалдаж авсан. Уг кран нь урьд нь байсан кранаас том учир компаний гражын хаалгаар өндөрөөрөө багтаж орохгүй байсан. Хаалгаа өндөрсгөж оруулсан ч гэсэн кран нь хаалга голлож зогсохоор болсон. Кран өвөл байнга ажилд гардаггүй тул хаалганы 2 талын зогсоолд тавьсан бусад машинууд өдөр тутмын ажилд орж, гарахад кранаа заавал гаргаж байж бусад машинаа оруулж гаргаж байхаар нөхцөл байдал үүссэн. Мөн компаний 5 машин зогсоолдоо багтахгүй болсон.

       Иймд зогсоолуудын зүүн гар талд зэрэгцээ байрлах ашиглахгүй байгаа ёмкостийг гаргаж хуучин дизелийн суурь нүхийг дүүргэж уг зайнд кранд зогсоол бэлдэх зорилгоор ёмкостийн байршлын харалдаа тоосгоор тагласан хуучин цонхыг томсгон бусад машинд хамаарахгүйгээр зөвхөн кран орох хаалга гаргасан.

        Гаргасан актлагдсан үлдэх өртөггүй ёмкостийг компаний өмч хамгаалах комисс 2016 оны 10 сарын 14-ний өдөр хуралдаж ашигласан хугацаа, чанар байдлыг үзэн дүгнэлт гаргаж 300,000 төгрөгөөр үнэлгээ тогтоон компанийн 5800193799 тоот дансанд орлогыг нь төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ёмкостийг М-Ойл ХХК худалдаж авна гээд авсан ба төлбөрөө төлөөгүй байгаа гэсэн. Иймд тухайн ёмкост нь М-Ойл ХХК-д хэвээрээ байгаа тул үнийг авах эсвэл буцааж авч болох юм. Иймд компанид учирсан хохирол байхгүй гэж үзэж байна.

      Дээрх акт тавигдсан хөрөнгүүдийн холбогдох бүх баримт эх материал нь Увс ЦТСүлжээ ХХК-д байгаа болно. Увс ЦТС ХХК-д шалгалт хийсэн Улсын байцаагч У, Д нар нь 2014 онд Увс аймгийн Аудитын Газрын Дүгнэлтээр Увс ЦТСүлжээ ХХКомпанид бараа материал нийлүүлж, ХХОАТ төлөөгүй гэсэн акт тавигдаж байсан байна. Энэ нь Аудиторын хувьд ашиг сонирхолын зөрчилтэй, Ц.Эрдэнэбаатартай үгсэн хуйвалдаж, захиалгаар нягтлан бодох бүртгэлийн баримтыг санаатайгаар дутуу дулимаг үзэн Аудиторын ёс зүйгүй үйлдэл гаргаж үндэслэлгүй, компанид хохирол учруулаагүй байхад албан тушаалаа ашиглан акт тогтоосон байна. Тухайн Аудиторын дүгнэлтийг яагаад үндэслэлгүй гэж үзэж байна бэ? Гэхээр миний бие тухайн акттай танилцаад холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримтууд болон дээд шатны байгууллагуудын зөвшөөрлүүд, компаний өмч хамгаалах комиссын дүгнэлт нь бүгд бүрэн байгаа, компанид учируулсан хохирол байхгүй энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Увс ЦТС ХХКомпаний захирал Ц.Эрдэнэбаатар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн ба тэрээр шүүхэд миний бие нэхэмжлэл гаргахад эсэргүүцэж өөрт ашигтай байдлаар хөрөнгө завшсан мэтээр аудитын акт хууль бусаар гаргуулсан. Надаас Аудитор ямарч тайлбар аваагүй, мөн энэ Аудиторын дүгнэлтэнд санаатайгаар холбогдох баримтуудаа нуун дарагдуулж дутуу дулимаг шийдвэр гаргуулсан гэж үзэж байна. Аудит шалгалт хийхдээ Өмч хамгаалах комиссын дарга болон гишүүдээс тодруулга тайлбар аваагүй. Аудитын акт нь Өмч хамгаалах комиссын дарга болон бусад гишүүнд хамааруулаагүй зөвхөн нэг талыг баримталж гаргуулсан акт гэж үзэж байна. Иймд иргэн миний нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудыг үндэслэн Увс аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Cанхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У миний бие Санхүүгийн хяналт, аудитын албанд Цахилгаан түгээх ХХК-иас ирүүлсэн 2017 оны 1-р сарын 10, 21 тоот хүсэлтийн дагуу албаны даргын баталсан удирдамжаар 8 төрлийн хүсэлтийн дагуу Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ компаний тухайн хүсэлтэнд хамрагдсан санхүүгийн баримтуудыг үзэж төрлийн актаар нийт төгрөгийн актыг тавьсан болно.

        2017.01.26 өдрийн 34/03/16 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компаний эзэмшилд байсан Тоуоtа land - 105 маркийн 40-15 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Н.Гүррагчаад худалдахдаа 2014 онд 790200 төгрөг, 2015 онд 8027489 төгрөг бүгд 8817689 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьсныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагадсан мөн 2015 оны 03-р сарын 05 өдрийн 095 тоот өмч хамгаалах комиссийн хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтангуудын гарын үсэг байхгүй ба дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл байхгүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж зарлагадсан зөрчил илэрсэн.

         2017.01.26 өдрийн 34/03/17 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компаний эзэмшилд байсан УАЗ - 469 автомашиныг Төрийн өмчийн хорооны 2015.07.02-ны өдрийн 468 тоот тогтоолоор худалдахыг зөвшөөрсний дагуу 2015.10.23 - ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулж Ё.Насанбуянд өгсөн боловч Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэр байхгүй мөн 2014 онд 152055 төгрөг, 2015 онд 65000 төгрөг бүгд 217055 төгрөгийн сэлбэгийг шинээр авч тавьсаныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагадсан мөн 2015 оны 03-р сарын 05 өдрийн 095 тоот өмч хамгаалах комиссийн хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтангуудын гарын үсэг байхгүй хуурамчаар анхан шатны баримт бүрдүүлсэн, худалдсан авто машины хувийн хэрэгт бичилт хийж зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж зарлагдсан зөрчил илэрсэн.

       2017.01.26 өдрийн 34/03/18 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компаний эзэмшилд байсан 5 тн автокраныг Төрийн өмчийн хорооны 2015.12.24-ны өдрийн 794 тоот тогтоолоор худалдахыг зөвшөөрсөн боловч тухайн байгууллага дээр Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ямарч баримт байхгүй байна. 2014 онд 391000 төгрөг, 2015 онд 1133000 төгрөг бүгд 1524000 төгрөгийн сэлбэгийг няраваар дамжуулж авахгүйгээр хөндий оруулж, ерөнхий нягтлан бодогч няравыг орлого авч шаардах хуудас бичиж зарлагад гэсний дагуу шаардахаар зарлага гаргасан, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж зарлагадсан зөрчил илэрсэн.

       Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 3.1-д худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.4-д " хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх ", 12.4-д " Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ" Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д " Анхан шатны баримтын бүртгэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул тухайн тээврийн хэрэгсэлийн үнэ биш тавьсан сэлбэгний үнэ төлөөлөх акт тогтоосон.

     Төрийн албан хаагчийн хариуцлагатай холбогдуулан Засгийн газрын 483-р тогтоолын 7.5-д " Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ", мөн " Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20.5-д " Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон гэрээнд заасан эд хөрөнгө ашиглах, захиран ззрцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна" гэж заасны дагуу акт тогтоосон болно.

       2017.01.26 өдрийн 34/03/19 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшилд байсан анхны өртөг нь 2998800 төгрөгийн үнэ бүхий аж ахуйн 2 складыг 2014 оны жил эцсийн тооллогын баримтуудыг 2015 оны жил эцсийн тооллогын баримттай тулгаж үзэхэд 2014 оны жил эцсийн тооллогоор тооллогдсон боловч 2015 оны эцэст тоолоогүй элэгдлээрээ үнэ нөхсөн гэж данснаас хассан сайна. Гэтэл тухайн үед нярав хийж байсан Бадам нь 50000 төгрөгөөр авсан боловч захирал хийж байсан Ц-ийн хашаанд байгаа юм байна. 2 складыг данснаас хасахдаа өмч хамгаалах комиссийн хурлын дүгнэлт байхгүй, дуудлага худалдаа явуулаагүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлгүй баримтаар данснаас хассан зөрчил илэрсэн.

     Энэ нь : Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1-д "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 3.1-д худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.4-д " Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ" Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д " Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул анхны өртгөөр нөхөн төлүүлэх акт тогтоосон.

     2017.01.26 өдрийн 34/03/20 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компанид гаалийн газраас баланснаас балансад шилжиж ирсэн УАЗ-452 фургон машиныг засварлахад техникийн комиссын дүгнэлт шийдвэргүйгээр унасан машин худалдан авсан боловч сэлбэг худалдаж авснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэн 11063888 төгрөгийн сэлбэг худалдаж авсан, мөн Гаалийн газраас ирсэн фургоны эд ангийг сэлбэгийн дэлгүүрт хүргэсэн боловч одоог хүртэл Цахилгаан түгээх сүлжээ компанид зарагдсан сэлбэгний үнэ төлөгдөөгүй зөрчил илэрсэн.

Энэ нь: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 3.1-д худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.4-д " хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх ", 12.4-д" Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ" Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д " Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж байгаа тул акт бичсэн. Тухайн компаниас санхүүгийн ямарч баримт үзээгүй бусад нотлох баримтуудыг Цахилгаан түгээх компаний захирал Ц.Эрдэнэбаатар нотолно.

        2017.01.26 өдрийн 34/03/22 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компаний эзэмшилд байсан 25 тн багтаамжийн түлшний савыг элэгдлээрээ өртгөө нөхсөн гэх нэрээр балансын үнэгүй хөрөнгө гэж ерөнхий нягтлан бодогч, ерөнхий инженер хоёр байгууллагын үндсэн хөрөнгө болох түлшний складын ханыг нураагаар, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлгүйгээр өөрсдийн албан тушаалаа урвуулан ашиглаж дур мэдэн Эм- Мойль ХХК-д худалдсан гэх боловч одоо болтол мөнгө нь төлөгдөөгүй зөрчил илэрсэн.

      Энэ нь : Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 3.1-д худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.4-д " хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх ", 12.4-д " Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ" Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д "анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж байгаа учир Зах зээлийн үнээр акт тогтоосон. Цахилгаан түгээх компанид хийсэн шалгалт тавигдсан актын талаарх тодруулага, нотлох баримтууд захирал Ц.Эрдэнэбаатарт байгаа” гэжээ.

       Нэхэмжлэгч Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энэхүү акт нь намайг ажлаас халагдаад 1 сарын дараа гаргасан акт юм. Энэхүү акт нь ашиг сонирхлын зөрчилтэй акт гэж ойлгож байгаа. 34/03/16, 34/03/17, 34/03/18 дугаартай актууд нь дуудлага худалдаагаар зарагдсан 3 машинд холбогдуулж тавьсан байгаа. Энэхүү машинууд нь бичиг баримт нь бүрдээд зарагдсан. 34/0319 дугаартай актын хувьд тус компанид 2014 онд актлагдсан склад байсныг Бадам гэх хүн мөнгийг нь тушааж худалдан авсан байгаа.  34/03/20 дугаартай акт нь манай байгууллага  хөдөө явах машин байхгүй байсан тул Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр Увс аймгийн Гаалийн газраас фургон машин балансаас балансад шилжүүлэн авч унасан фургон машин худалдан авч засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой. 34/03/22 акт нь манай байгууллагад ашиглагдахгүй байгаа ёмкостийг 300000 төгрөгөөр зарсан асуудалтай холбоотой. Уг актыг намайг ажлаас халагдсаны дараагаар  анхан шатны баримт бичгийг шалгахгүйгээр акт тавьсан нь хууль бус гэж үзэж байгаа тул эдгээр актуудыг хүчингүй болгож өгнө үү. Нярав хүлээж аваагүй гэдэг утгаар актыг тавина гэдэг утгагүй зүйл. Ажлаа хийж чаддаггүй няравын төлөө би хариуцлага хүлээж байгаад харамсаж байна. Тогтохбаяр, Амгалан нарыг ажлаас нь хална гэж дарамталж байж мэдүүлэг авсан гэсэн. Хурлын тэмдэглэлийг компани нь нууж явдаг. Улаанбаатар хотоос олон удаа аудитын шалгалт хийж байхад алдаа дутагдал гарч байгаагүй байхад мэргэжлийн бус хүн ингэж акт гаргаж байгаад харамсаж байгаа. Миний компьютр дээр байсан ноорогыг хэвлэж авчаад гарын үсэггүй баримт байна гэж хэлээд байгаа. Ганц чадамжгүй няраваас болж акт тавьж байгаа бол буруу гэж үзэж байна. Иймд тус актуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “34/03/16, 34/03/17, 34/03/18, 34/03/19, 34/03/20, 34/03/22 дугаартай актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 34/03/16, 34/03/17, 34/0318, дугаартай актуудыг манай байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 3 машиныг  актлах зөвшөөрөл ирж бидний зүгээс хуулийн дагуу акталж борлуулсанд хууль бус  тавьсан. Мөн 34/03/19 дугаартай актыг манай байгууллагын актлагдсан 3 складад  тавьсан байгаа. Энэхүү 3 складыг өмч хамгаалах комиссын шийдвэрийн дагуу нэгийг нь 50000 төгрөгөөр Бадам гэх хүнд худалдсан. 34/03/20 дугаартай акт нь манай байгууллага хөдөө явах олон хүний багтаамжтай машин байхгүй байсан тул Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Увс аймгийн Гаалийн газраас хуучин фургон маркийн машин балансаас балансад шилжүүлэн авсан. Уг машинд засвар үйлчилгээ  хийх шаардлагатай байсан тул осолд орж унасан байсан фургон машиныг сэлбэг хэрэгслийн журмаар худалдан авч гаалиас шилжиж ирсэн машинд засвар үйлчилгээ хийсэн. 34/03/22 дугаартай акт нь манай байгууллагад ашиглагдахгүй 10 жил болсон ёмкостийг өмч хамгаалах комиссын шийдвэрээр зарж тухайн байсан газар нь машины граж барьсан. Энэхүү машин тоног төхөөрөмжүүд нь бүгд элэгдлээрээ өртгөө нөхсөн. Мөн манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй. Тухайн актуудыг бичихдээ анхан шатны баримт бичгийг шалгахгүйгээр гаргасан актууд юм. Анхан шатны баримтад тулгуурлаж акт тавих ёстой гэж үзэж байна. Энэхүү актууд нь анхан шатны баримтыг үндэслэхгүйгээр акт тавьсанд харамсаж байна. Намайг 2 удаа дуудахад эхний удаад хувийн ажилтай байгаад амжаагүй. Дараагийн удаа ярихад нь би ажлаас гарсан надад гаргаж өгөх баримт байхгүй гэдгээ хэлсэн. Би 26 жил 8 сарын хугацаанд эрчим хүчний байгууллагад ажиллаж байгаад өнөөдөр ажилгүй болсон байна. Улаанбаатар хотоос мэргэжлийн аудит ирж шалгадаг. Тэр бүх мэргэжлийн аудитын шалгалтанд зөрчил дутагдал гарч байгаагүй байхад мэргэжлийн бус хүн акт бичсэний улмаас миний бие ажилгүй болсон. Би ажиллаж байх хугацаандаа хуулийн хүрээнд алдаа дутагдалгүй ажиллаж байсан. Манай байгууллагын нярав нь ачаалал ихтэй байдаг тул тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь өөрийн биеэр хүлээж авч чададгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд  нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагчийн гаргасан актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Ц нь Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал, Ж нь тус байгууллагын ерөнхий нягтлангаар ажиллаж байсан. Энэхүү актууд нь нийт 27.121.432 төгрөгний акт юм. Тухайн актуудыг тавихдаа анхан шатны баримтыг шалгаагүй, шалгасан сэлбэг хэрэгслийн үнийн жагсаалт байхгүй, зарим сэлбэгийн үнийг давхцуулсан, өөр машины сэлбэгийг оруулж акт тавьсан, холбогдох хүмүүсээс нь тодруулага аваагүй тул хууль зүйн үндэслэлгүй акт гэж үзэж байна. Мөн энэхүү актууд нь захиалгаар тавьсан акт гэж үзэж байна. Ж нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү актуудыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан. Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит байгууллагад жилд 2 удаа хяналт шалгалт хийдэг. У нь тухайн актыг хувийн ашиг сонирхлоор гаргасан гэж үзэж байна.  Миний үйлчлүүлэгчид энэхүү актын талаар сүүлд мэдсэн ба акт тавихдаа сонсгох ажиллагаа хийгдээгүй. төрийн албан үүргийг чин үнэнээр хийгээгүй. Нэхэмжлэгч нар нь энэхүү актыг огт мэдээгүй байхад иргэний нэхэмжлэл ирснээр мэдсэн юм. Энэхүү актыг бичгээр өгөөгүй ба ажил үүргээ хуулийн дагуу хийхгүй байна гэж бодож байна. Мөн хуулбарлаж авсан материалыг гаргаж  өгөхгүй байгаа. У нь анхан шатны дүгнэлтийг шалгаагүй, актыг танилцуулаагүй  алдаа зөрчил гаргасан. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шалгалт хийх эрх байгаа боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариу тайлбар гаргаагүй хэрэв гаргасан бол маргаан үүсэхгүй байсан. Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит байгууллага нь нэхэмжлэгч нарын үйлдлээр хохирсон зүйл байхгүй. 3 склад нь 1 нь бүр мөсөн нурсныг авч өөр зүйлд ашигласан. Нэгийг нь өмч хамгаалах хорооны зөвшөөрлөөр 50000 төгрөгөөр зарсан. Нөгөөх нь одоог хүртэл байгаа. Ёмкостийг 300000 төгрөгөөр зарсан ч буцааж өгөх талаар ярьсан боловч Эрдэнэбаатар нь аваагүй. Фургон машин нь балансаас балансад шилжиж ирсэн. Шинэ машин авах боломжгүй тул хуучин машин авч засварлаж авсан. Унасан машиныг 12.000.000 төгрөгөөр авсан боловч түүнийг сэлбэгийн зорилгоор авсан тул сэлбэг гэж бичсэн. Тоёота Ланд крузер 105 маркийн машиныг актлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч актлаагүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд тавьсан сэлбэгийн үнийг нь нэмснээр 3.500.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаанд сэлбэгийн үнийг оруулна гэсэн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Авсан сэлбэгэнд акт тавьсан нь буруу төрийн албан хаагч ийм хариуцлагагүй байж болохгүй. Нэхэмжлэгч нарыг ажлаас халагдсаны дараагаар акт тавьсан энэхүү актуудыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Энэхүү актууд нь ямар баримтуудыг үндэслэж акт тавьсан нь тодорхойгүй ба Тогтохбаяр, Амгалан нарын үгнээс хамаарч акт тавьсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон гэж бодож байна. Акт тавихад сонсгох ажиллагаа хийх ёстой байтал нэхэмжлэгч талуудад огт мэдэгдээгүй байж акт тавьсан байдаг. Ямар нэгэн акт тавихад нотлох баримт байх ёстой. Мөн талуудаас тайлбар санал авах ёстойг хуульчилсан байдаг. Иймд хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй тул хууль зүйн үндэслэлгүй акт гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн Одонхүү нь мэдүүлэгтээ хэлэхдээ Ж нь надад ажил хүлээлгэж өгөхдөө ямарч баримт бичиг өгөөгүй гэж байгаа нь нотлох баримт шинжлэн судлах үеэр худлаа гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед хохирол гарсан бол ажиллаж байх хугацаанд нь арга хэмжээ авагдах ёстой байсан. Тэгтэл ажлаас халагдсаны дараагаар ийнхүү акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй. У, Ц хоёрын хоорондох асуудал нь жил дамжиж ирсэн асуудал юм. Өмнө нь байсан замбараагүй байсан бүхнийг Ц, Ж нар нь эмх цэгцэнд нь оруулсныг би өөрөө сайн мэдэж байна. Энэхүү хүмүүс нь эдгээр зүйлсийг хувьдаа авсан бол буцааж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Тэгтэл огт хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Ланд 105 амаржин дээр 132000 төгрөгийн үнэтэй жижиг машины амаржин тавьсан. Ингээд бүгдийг нь нэг бүрчлэн харахад бүгд худал хуурамч зүйл байгаа. Тавьж байгаа актанд хангамжийн материал байх ёстой. Энэхүү акт нь хууль зүйн үндэстэй байх ёстой” гэжээ.

       Хариуцагч Санхүүгийн хяналт Аудитын албаны улсын байцаагч У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие тангараг өргөсөн төрийн албан хаагч. Энэхүү актыг хувийн ашиг сонирхлыг үндэслэн тавиагүй. Байгууллагын даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсний үндсэн дээр акт тавьсан. 34/03/16 дугаартай акт нь Тоёота ланд крузер 105 маркын машиныг иргэнд худалдахдаа 2014 онд 790200 төгрөг, 2015 онд 8027489 төгрөг бүгд 8817689 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьсаныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагдсан мөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот өмч хамгаалах комиссын хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтангуудын гарын үсэг байхгүй, дуудлага худалдаа хийсэн тэмдэглэл байхгүй, сэлбэгийн гэрэл зураг байхгүй, мөн өмч хамгаалах комиссын хурлын тэмдэглэл байхгүй байсан тул акт бичсэн. 34/03/17 дугаартай акт нь УАЗ 469 маркын машиныг төрийн өмчийн хорооны зөвшөөрлийн дагуу худалдаалахыг зөвшөөрсний дагуу дуудлага худалдаагаар худалдсан боловч өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэргүй мөн 2014 онд 152055 төгрөг, 2015 онд 65000 төгрөг бүгд 217055 төгрөгийн сэлбэгийг шинээр авч тавьсаныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагдсан мөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот өмч хамгаалах комиссын хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтангуудын гарын үсэг байхгүй, дуудлага худалдаа хийсэн тэмдэглэл байхгүй, сэлбэгийн гэрэл зураг байхгүй, мөн өмч хамгаалах комиссын хурлын тэмдэглэл байхгүй тул акт бичсэн. 34/03/18 дугаартай акт нь 5 тонны краныг төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр худалдахыг зөвшөөрсөн боловч тухайн байгууллага дээр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ямарч баримт байхгүй. 2014 онд 391000 төгрөг, 2015 онд 1133000 төгрөг бүгд 1524000 төгрөгийн сэлбэгийг няраваар дамжуулж авахгүй хөндий оруулж ерөнхий нягтлан бодогч няравыг орлого авч шаардах хуудас бичиж зарлагад гэсний дагуу шаардахаар зарлага гаргасан, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж зарлагдсан зөрчил гарсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31, 20, 12 зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн тул акт бичсэн. 34/03/19 дугаартай акт нь тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд байсан анхны өртөг нь 2998800 төгрөгийн үнэтэй аж ахуйн 2 складыг 2014 оны жил эцсийн тооллогоор тоологдсон боловч 2015 оны жил эцсийн тооллогоор элэгдлээрээ үнээ нөхсөн гэж тооллогоос хасагдсан байна. Гэтэл тухайн үед нярав хийж байсан Бадам нь 50000 төгрөгөөр авсан боловч захирал хийж байсан Ц-ийн хашаанд байгаа юм. 2 складыг данснаас хасахдаа өмч хамгаалах комиссын хурлын дүгнэлт байхгүй, дуудлага худалдаа явуулаагүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлээгүй  данснаас хассан зөрчил илэрсэн. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31, 20, 12 зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн тул акт бичсэн. 34/03/20 дугаартай акт нь Увс аймгийн балансаас балансад шилжиж ирсэн фургон машиныг засварлахад техникийн комиссын дүгнэлт шийдвэргүйгээр унасан машин худалдан авсан боловч сэлбэг худалдаж авснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэн 11063888 төгрөгийн сэлбэг худалдан авсан. Мөн Гаалийн газраас ирсэн фургоны эд ангийг сэлбэгийн дэлгүүрт хүргэсэн боловч одоог хүртэл Цахилгаан түгээх сүлжээ компанид зарагдсан сэлбэгний үнэ төлөгдөөгүй зөрчил илэрсэн тул акт бичсэн. 34/03/22 дугаартай акт нь тухайн байгууллагын эзэмшилд байсан 25 тонн түлшний савыг элэгдлээрээ өртгөө нөхсөн гэх нэрээр балансын үнэгүй хөрөнгө гэж ерөнхий нягтлан бодогч, ерөнхий инженер хоёр байгууллагын үндсэн хөрөнгө болох түлшний складын ханыг нураасан. Нягтлан бодогчийн анхан шатны баримт бүрдүүлэлгүй өөрсдийн албан тушаалаа урвуулан ашиглаж дур мэдэн М-Ойль ХХК-д худалдсан гэх боловч одоог болтол мөнгө нь төлөгдөөгүй зөрчил илэрсэн тул акт тавьсан. Энэхүү актууд нь бүгд хуулийн хүрээнд тавигдсан. Мөн төрийн өмчит эд хөрөнгийг худалдаалахдаа заавал дуудлага худалдаагаар худалдах ёстой байдаг. Машинуудад тавигдсан актууд нь зөвхөн сэлбэгийн үнийг төлүүлэх акт юм. Ямар нэгэн зүйлд заавал нягтлан бодогчийн анхан шатны баримт бүрдүүлэх ёстой байдаг боловч тухайн байгууллагын нярав энэхүү зүйлсүүдэд гар бие оролцоогүй байдаг. Мөн шүүхээс хэргийн газрын үзлэг хийхэд ямарч анхан шатны баримт гарч ирээгүй. Иймд миний тавьсан актууд нь хууль зүйн үндэсэлтэй. Няраваар дамжаагүй бараа материалыг авч тавьсан нь нягтлан бодохын хууль журмыг зөрчиж байгаа. Энэхүү хяналт шалгалт нь удирдамжийн дагуу шалгалт байсан. Намайг хүний үгээр акт тавьсан гэж байгаа нь худал. Би акт тус бүрд хэрэгжээгүй хууль бүрийг дурдсан байгаа. Төрийн албан хаагч нь хэзээ ч хүний үгээр ажил үүргээ хийдэггүй. Мөн акт бүр дээр задаргаа хийсэн байгаа. Цэцэгмаа захирлыг 2 удаа дуудахад ирээгүй. Ж утсаа авахгүй байсан учраас Ц захирлаас Ж-ыг дагуулаад ирэхийг хүссэн. Мөн 6 акт бичсэний төлөө төрийн байгууллагын нэр хүнд унахгүй мөн намаас хамааралгүй. Хувьдаа авч идэж ашигласан зүйл байхгүй  гэсэн мөртлөө хувьдаа ашигласан талаар нотлох баримт байгаа. Нягтлан бодогчийн тухай хуулийн дагуу няраваар дамжаагүй бараа материал ашигласан нь хууль зөрчсөн. Ц-г 26 жил ажилласан гэдгийг би үгүйсгээгүй ба би удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Үнэхээр ажлаа хийж чадахгүй няравтай байсан бол өөр ажлаа хийж чадах хүнийг ажилд авах бүрэн эрх нь та нарт байсан” гэжээ.

      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “У, Д нар нь даргын баталсан удирдамжийн дагуу Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д шалгалт хийсэн. Өөрийн хүслээр шалгалт хийсэн зүйл байхгүй. Энэхүү актууд нь хууль зүйн үндэслэлгүй акт гэж маргаж байгаа. Талууд нь хувийн ашиг сонирхлын талаар гэж ярьсан нь батлагдахгүй зүйл юм. Тухайн 34/03/16 тоот акт нь 8817689 төгрөгийн сэлбэгийн анхан шатны баримт байхгүй байсан. Нярав нь өөрөө тус сэлбэгийг авахад би оролцоогүй надаар дамжаагүй, хөндий шаардах хуудас бичиж авч ирсэн гэж хэлсэн байдаг. Өмч хамгаалах комиссын дүгнэлт нь гарын үсэггүй тул шаардлага хангахгүй баримт гэж үзэж байна. Мөн дуудлага худалдаа хийх тэмдэглэл хийгдээгүй ба худалдан авсан хүний хувийн баримт бүрдүүлээгүй. Цахилгаан түгээх ХХК-ийн бүх тоног төхөөрөмжид үзлэг хийсэн. Шүүхээс хэргийн газрын үзлэг хийсэн боловч ямар нэгэн баримт гарч ирээгүй. Ж-ы гаргаж өгсөн материал нь эх хувиараа байдаггүй гэдгийг хэргийн газрын үзлэгэээр тогтоогдсон. Ц-ийн гаргаж өгсөн нотариатаар батлуулсан материалын эх хувийг нь шалгах шаардлагатай байна. У, Д нар нь үзлэг хийхэд анхан шатны баримт байхүй байсан тул акт тавигдсан байгаа. Өмч хамгаалах комиссын дүгнэлтэд гарын үсэг байхгүй байсан. Өмч хамгаалах комисс нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй. Гарч ирээгүй баримтууд нь сүүлд шүүхэд өгсөн байгаа. Мөн дугаар тоотгүй баримт гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхээс хэргийн газрын үзлэг хийсний дараагаар эх баримт гаргаж өгсөн байсан. Хариуцагч талаас хариу тайлбарыг хангалттай гаргаж өгсөн гэж үзэж байна. Энэхүү актууд нь хууль зүйн үндэслэлтэй. Өмч хамгаалах хорооны дүгнэлтэд хавсаргах ёстой баримт байх ёстой боловч огт тийм зүйл байгаагүй. Дүгнэлтэд хөрөнгийн жагсаалт гэрэл зураг тэмдэглэл зэрэг зүйлс байх ёстой. Санхүүгийн баримт нь хадгалагдан үлдэх ёстой байсан боловч анхан шатны баримт байхгүй байсан тул тус актуудыг тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нар нь удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж алдаа дутагдал гарсан тул акт тавигдсан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7 гэсэн заалтууд зөрчигдсөн учраас энэхүү актууд нь тавигдсан.  Хүний үгээр ажил ажил хийдэг төрийн албан хаагч байхгүй байх гэж үзэж байна. Складууд нь хугацаа нь дууссан гэж данснаас хассан байсан. Төрийн өмчийн хорооны тогтоолоос харахад захирал тушаал гаргах ёстой байсан боловч тушаал гаргахгүй шууд данснаас хассан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд зөрчигдсөн тул тухайн актууд тавигдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл зөрчигдсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч Ц-ийн нотиаратаар батлуулсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хавтаст хэргээс хасаж өгнө үү гэж хүсэж байна. Иймд тухайн актууд нь хууль зүйн үндэслэлтэйг Эрдэнэбаатар, Одонхүү, Амгалан нарын мэдүүлэг тайлбар нь нотолж байгаа тул тухайн актуудыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж, Ц нар нь тус шүүхэд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18 тоот, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19 тоот, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” 34/03/20 тоот, “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актуудыг өөрөөр хэлбэл нийт 27121432 төгрөгийн  төлбөр нөхөн төлүүлэх тухай актуудыг тус тус  хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

     Тус захиргааны актуудыг “холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримтууд болон дээд шатны байгууллагуудын зөвшөөрлүүд, компанийн өмч хамгаалах Комиссын дүгнэлт нь бүгд бүрэн байгаа, компанид учруулсан хохирол байхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь ”улсын байцаагч акт тавихдаа сонсгох ажиллагааг хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсжээ.

     Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 21 тоот албан бичиг хүргүүүлж, “Увс “ЦТС” ХХК-ийн эзэмшилд байсан Ланд-105, УАЗ-469, 5 тн автокран зэрэг машин механизмуудыг акталсан нэрээр дуудлага худалдаанд оруулахгүйгээр тухайн үеийн удирдлагууд өөрсдөө авсан. 1980–иад онд баригдсан 3 ширхэг модон агуулах, 25 тн багтаамжтай түлшний савыг балансын үнэгүй болсон нэрээр удирдлагууд нь хувьдаа завшсан. Компанийн хашаанд байсан хөлтэй модон шонгууд, аймгийн ЗДТГ-аас орж ирсэн 30.0 төгрөгийн зарцуулалтын асуудлыг шалгаж өгөх”-ийг хүсжээ.

      Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга уг хүсэлтийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэн эрхийн хүрээнд төрийн өмчит Увс “ЦТС” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхээр шийдвэрлэж, хяналт шалгалтын удирдамжийг боловсруулан баталсан байна.

         Энэхүү төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч У, Д нар хийж, төрийн өмчийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 105 маркийн /40-15 УВА дугаартай автомашин/ болон УАЗ-469 маркийн автомашин, Рино автокран /29-23 УВА дугаартай/ зэрэг гурван тээврийн хэрэгсэлд 2014, 2015 онд шинээр авч тавьсан сэлбэгийн үнэ 10558744 төгрөг, 2 ширхэг модон складны үнэ 2998800 төгрөг, фургон машины сэлбэгний үнэ 11063888 төгрөг, 25 тн түлшний савны үнэ 2500000 төгрөг нийт 27121432 төгрөгийг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц, Ж нараар хувь тэнцүүлэн төлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор багтаан компанийн Хаан банк дахь 5800193799 тоот дансанд оруулахыг тус компанийн захирал Ц.Эрдэнэбаатар, нягтлан бодогч Г.Одонхүү нарт хариуцуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18 тоот, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19 тоот, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” 34/03/20 тоот, “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актуудыг тус тус тавьжээ. 

        Улсын байцаагч У нь санхүүгийн хяналт шалгалт хийх явцад Ц-тай утсаар ярьж Ж-ыг дагуулж ирэхийг хүсэхэд очоогүй ба 2 дахь удаагаа ярихад нь “гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй” гэж хэлснээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр санхүүгийн улсын байцаагч нь Ц, Ж нарт актанд дурдагдсан ач холбогдол бүхий үйл баримтын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон ба сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д заасан “утсаар санал авах” хэлбэрээр явуулсан гэж үзэхээр байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана” гэж заасан. Маргаан бүхий захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүдэд нь мэдэгдэх ажиллагааг Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны зүгээс хэрхэн явуулсан  нь тогтоогдоoгүй ба дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байх тул шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй мөн нэхэмжлэгч нар дээд шатны албан тушаалтанд хандан гомдлоо шийдвэрлүүлсэн учраас урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзсэн болно.             

     Нэг: 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18 тоот актуудын тухайд:

        Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн улсын байцаагч У, Д нар нь “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18 тоот актуудад:   “Тоёота ланд круйзер 105 маркийн  /40-15 УВА дугаартай/ автомашинд 2014 онд 790200 төгрөг, 2015 онд 8027489 төгрөг бүгд 8817689 төгрөгийн, УАЗ-469 маркийн /УАЗ-31512 16-06 УВА дугаартай/ автомашинд 2014 онд 152055, 2015 онд 65000 төгрөг бүгд 217055 төгрөг, Рино автокран /29-23 УВА дугаартай /-д 2014 онд 391000 төгрөг, 2015 онд 1133000 төгрөг бүгд 1524000 төгрөг, эдгээр 3 тээврийн хэрэгсэлд нийт 10558744 төгрөг сэлбэг шинээр авч тавьсныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагадсан мөн өмч хамгаалах комиссын хурлын дүгнэлт дээр тухайн албан тушаалтнуудын гарын үсэг байхгүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж, зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж зарлагадсан зөрчил илэрсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэжээ.

        1. Төрийн өмчийн хорооны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 468 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 29, 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн “а,в,г”, 6 дугаар бүлгийн 6.3.2 дахь заалтыг үндэслэн “Баруун бүсийн эрчим хүчний систем”  төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 14.800.000 төгрөгийн балансын үнэтэй, үлдэгдэл өртөггүй Увс “ Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн /УАЗ- 469, 16-06 УВА дугаартай/ автомашины дуудлага худалдааны доод үнийг 500000 төгрөгөөр тогтоож, худалдах зөвшөөрлийг өгчээ. 

        Улмаар Төрийн өмчийн хороо 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 794 дүгээр тогтоолоор тус компанийн 30.000.000 төгрөгийн балансын үнэтэй, үлдэгдэл өртөггүй Ланд круйзер маркийн автомашин, 23.877.314 төгрөгийн балансын үнэтэй, Рино кран хоёрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч дуудлага худалдааны доод үнийг 3500000 төгрөг / Ланд-105/, 850000 /кран/ төгрөг гэж тус тус тогтоож өгсөн байна.

         Төрийн өмчийн хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал захиалгыг батлах эрхтэй. Мөн хуулийн  29, 31 дүгээр зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах болон төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа илүү, ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах харилцааг зохицуулж өгсөн байгаа бөгөөд 2012 оны Төрийн өмчийн хорооны тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-аар уг  харилцаануудыг улам нарийвчлан зохицуулж өгчээ.

       Хууль болон журамд зааснаас үзэхэд Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит хуулийн этгээдэд үндсэн хөрөнгийг худалдах зөвшөөрөл олгохдоо тухайн  хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн “эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах” тухай дүгнэлт, хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын акт дүгнэлтээс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад техникийн баримт бичгийн хуулбар, техникийн үзүүлэлт, 3 талаас нь авсан өнгөт фото зураг, ашиглалтын явцад хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, балансын үнэ /анхны болон үлдэгдэл үнэ, ашиглалтын явцад байгуулсан элэгдлийн дүн/, ашиглагдах үеийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардал зэрэг мэдээллүүдийг үндэслэн тухайн эд хөрөнгийн гарал үүсэл зориулалт, ашигласан хугацаа, хөрөнгийн ерөнхий болон биет байдал, балансын болон үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл, ашиглах үеийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардал, зах зээлийн судалгаа, эрэлт хэрэгцээ зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор зохицуулж өгсөн байна.

        2. “ББЭХС” ТӨХК- ийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 тоот албан бичгээс үзэхэд Увс аймгийн Цахилгаан түгэээх сүлжээ “2014 онд элэгдэл дуусч үлдэгдэл өртөггүй болсон буюу цаашид ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийг жагсаалтаар гаргаж холбогдох зураг, техникийн комиссын акт, тооллогын акт, албан тоотын хамт” яаралтай ирүүлэхийг Увс аймгийн “Цахилгаан түгэээх сүлжээ” компаниас шаардсан байгаа бөгөөд үүний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Актлах хөрөнгийн жагсаалт”-ыг холбогдох баримтуудын хамт толгой компанидаа хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Учир нь: Шүүхээс “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2015 оны явуулсан бичгийн дугаарын бүртгэлийн дэвтэр, явуулсан баримтуудад үзлэг хийхэд 2015 оны 03 дугаар сарын13-ны өдөр “Актлах хөрөнгийн жагсаалт” гэсэн 34 хуудас баримтыг “ББЭХС” ТӨХК руу явуулсан нь тэмдэглэгдэн үлдсэн байсан. Харин тухайн явуулсан баримтуудын нэг хувийг авч үлдээгүй байв.

       “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот, 2014 оны 06 сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаалууд, нэхэмжлэгч нарын тайлбараас үзэхэд компанийн өмч хамгаалах Комисс /Байнгын зөвлөл/ нь 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан /даргаар нь Ерөнхий инженер Г.Заяабаяр, гишүүдэд нь ерөнхий нябо Ж, хүний нөөцийн ажилтан Б.Тогтохбаяр нар/ байна. Тус Комисс нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хуралдан дүгнэлт гаргаж, “9 нэр төрлийн эд хөрөнгө тухайлбал УАЗ-31512, Ланд круйзер 105 маркийн автомашинуудыг Төрийн өмчийн хороонд уламжлан шийдвэр гаргуулж, акталж устгах нь зүйтэй” гэж үзжээ. 

        “ББЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдан тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлах боломжгүй болсон 98.688.786.52 төгрөгийн балансын үнэ бүхий үндсэн хөрөнгийг актлах саналыг дэмжин холбогдох материалыг бүрдүүлэн Төрийн өмчийн хороонд шийдвэрлүүлэхээр хүргүүлэхийг гүйцэтгэх захирал Ч.Наранчангад үүрэг болгосон ба энэхүү 98.688.786.52 төгрөгийн актлах хөрөнгийн жагсаалтанд Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн санал болгосон 46924301 төгрөгийн 9 нэр төрлийн үндсэн хөрөнгө актлагдахаар тусгагдаж үүнд Ланд круйзер 105 болон УАЗ-31512 маркийн хоёр автомашин багтсан байна.

       Үүнээс үзэхэд Ланд круйзер 105 болон УАЗ-31512 маркийн хоёр автомашиныг худалдах, актлах тухай “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн санал толгой компанийн ТУЗ-өөр дэмжигдэн Төрийн өмчийн хороонд уламжлагдан хүргэгдэж 468 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолоор    зөвхөн УАЗ-31512 маркийн автомашинд дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгожээ. 

       Дараа нь 2015 оны 12 дугаар сард “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй нийт 48 нэр төрлийн 67.656.247.29 төгрөгийн ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлах боломжгүй болсон эд хөрөнгийг актлах тухай санал дахин уламжлагдан хүргэгдсэнээр Төрийн өмчийн хорооны 794 тогтоол гарч Ланд круйзер 105 маркийн автомашин болон Рино кран хоёрыг дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрлийг олгосон байна.

       Харин “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас явуулж байсан үндсэн хөрөнгө актлуулах тухай санал, хавсаргасан баримтуудын нэг хувь Үндэсний төв архивт байхгүй, байгууллага нь явуулсан бичиг баримтынхаа нэг хувийг авч үлдээгүйгээс Рино краныг актлах тухай өмч хамгаалах Комиссын дүгнэлт хэзээ гарсныг тогтоох боломжгүй байгаа боловч “ББЭХС” ТӨХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ТУЗ-ийн 14 дүгээр тогтоолоор Рино краныг актлах саналыг дэмжсэн  нь тогтоогдож байна.         

        3. Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өмч хамгаалах Комисс Төрийн өмчийн хорооны 468, 794 дүгээр тогтоолуудыг үндэслэн Тоёота Ланд круйзер 105 маркийн болон УАЗ-31512 маркийн /УАЗ-469/ автомашин, Рино краны дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, дуудлага худалдааны зар, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгч Ц, Ж нарын тайлбар, гэрч Г.Заяабаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

        Уг дуудлага худалдаагаар зарагдсан Тоёота Ланд круйзер 105 маркийн автомашинд 2012 онд 1211800 төгрөгийн, 2013 онд 3723900 төгрөгийн, 2014 онд 790200 төгрөгийн, 2015 онд 8027489 төгрөгийн сэлбэг, УАЗ-469 маркийн автомашинд 2012 онд 838000 төгрөгийн, 2013 онд 1004600 төгрөгийн, 2014 онд 217055 төгрөгийн сэлбэг, Рино кранд 2013 онд 1285000 төгрөгийн, 2014 онд 391000 төгрөгийн, 2015 онд 1133000 төгрөгийн сэлбэг тус тус шинээр авч тавьсан нь “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн бараа материалын орлогын падаан, зарлагын баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Гэтэл Төрийн өмчийн хорооны 468, 794 дүгээр тогтоолуудад автомашинуудын сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардлыг тухайлбал: Тоёота Ланд круйзер 105 маркийн автомашинд 880000 төгрөг, Рино кранд 536000 төгрөг, УАЗ-31512 маркийн автомашинд 498000 төгрөг тус тус зарцуулснаар тусгаж өгчээ. Нэхэмжлэгч Ж тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардлын мэдээллийг Төрийн өмчийн хороо руу уламжлан хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа  боловч холбогдох баримтууд хадгалагдан үлдээгүйгээс тухайн зардлыг хэрхэн тодорхойлж явуулсныг тогтоох боломжгүй байна.

        Увс “ЦТС” ХХК-ийн өмч хамгаалах Байнгын зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Тоёота Ланд круйзер 105 болон УАЗ-31512 маркийн автомашиныг актлах тухай дүгнэлт гарч уг дүгнэлтийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ББЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “хуучирсан элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлаад ч ашиглах боломжгүй эд хөрөнгө” гэх үндэслэлээр дэмжиж, баталсан шийдвэр  гаргасан. Өөрөөр хэлбэл цаашид сэргээн засварлаад ч ашиглах боломжгүй гэсэн компанийн эрх бүхий дээд байгууллагын шийдвэр гарсны дараа  Тоёота Ланд круйзер 105 автомашинд 7774489 /8027489-253000/ төгрөгийн сэлбэг шинээр авч тавьж илүү зардал гарган компанид хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна. Түүнчлэн компанийн удирдлага нь тухайн автомашинд 2015 онд авч тавьсан 7774489  төгрөгийн сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээг капиталжуулж, актлах тухай саналыг дахин явуулахгүйгээр гаргасан алдаа зөрчлийг засаж залруулах эсхүл зарагдах үнийн дүнд оруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Нягтлан бодох бүтгэлийн тухай хуулиар хүлээлгэсэн компанийн дээд удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг хэрэгжүүлээгүй байна.

         Нэхэмжлэгч Ц, Ж нар нь “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Тоёота Ланд круйзер 105 автомашинд  2015 онд 7774489 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьсныг худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж, зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичиж, зарлагадсан зөрчил гаргасан  нь дээр дурдагдсан холбогдох үйл баримтуудаар тогтоогдож байх тул зөрчлийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-д зааснаар хамтран хариуцах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

      Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх“ тухай 34/03/16 тоот актын төлбөрийн хэмжээг багасган, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      Харин “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн “УАЗ-31512 маркийн автомашиныг актлах” тухай дүгнэлт болон эрх бүхий дээд байгууллагын шийдвэр гарснаас хойш тус автомашинд шинээр сэлбэг авч тавиагүй байх тул “Сэлбэгийн үнэ нөхөн төлүүлэх тухай 34/03/17 тоот актыг хүчингүй болгож, мөн Рино краныг актлах тухай толгой компанийн ТУЗ-ийн шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр буюу жилийн эцсээр гарсан ба өөрөөр хэлбэл тус автомашиныг актлах тухай компанийн эрх бүхий дээд удирдах байгууллагын шийдвэр гарсны дараа сэлбэг авч тавиагүй өмнө нь тавьсан байх тул санхүүгийн хяналтын улсын байцаагчийн “Сэлбэгийн үнэ нөхөн төлүүлэх“ 34/03/18 тоот актыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ. 

      Хоёр: 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн “Складын үнэ төлүүлэх” тухай 34/03/19 актын тухайд:

       Тус актад санхүүгийн улсын байцаагч нь ““Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшилд байсан анхны өртөг нь 2998800 төгрөгийн үнэ бүхий аж ахуйн 2 складыг 2014 оны жилийн эцсийн тооллогын баримтуудыг 2015 оны жилийн эцсийн тооллогын баримттай тулгаж үзэхэд 2014 оны жилийн эцсийн тооллогоор тоологдсон боловч 2015 оны эцэст тоолоогүй элэгдлээрээ үнэ нөхсөн гэж данснаас хассан байна. Гэтэл тухайн үед нярав хийж байсан Бадам нь 50000 төгрөгөөр авсан боловч захирал хийж байсан Ц-ийн хашаанд байгаа юм байна. 2 складыг данснаас хасахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэлгүй данснаас хассан зөрчил илэрсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг зөрчсөн” гэж үзжээ. 

       2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Төрийн өмчийн хорооны “Үндсэн хөрөнгө актлах, худалдах зөвшөөрөл олгох” тухай 316 дугаар тогтоолоор “ББЭХС” төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Увс аймгийн “ЦТС” ХХК-ийн эзэмшлийн 3 складыг актлахыг зөвшөөрч акталж данснаас хасах ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу байгууллагынхаа өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтан дор зохион байгуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болгосон байна.

        Төрийн өмчийн хороо нь дээрх шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 29, 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 5.2.4, 5.5-д заасныг баримтлан складуудыг ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгө гэж үзэн акталж данснаас хасах шийдвэрийг гаргажээ.

      Энэхүү шийдвэрийн дагуу складуудыг данснаас хасч 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Цахилган түгээх сүлжээ” компанийн өмч хамгаалах Байнгын зөвлөл хуралдан модон складыг түлшний модны үнээр /50000 төгрөгөөр/ худалдахаар шийдвэрлэжээ. Актлагдсан эд хөрөнгийг хэн худалдан авах нь дурын асуудал бөгөөд энэ нь хэрэгт ач холбогдолгүй юм.

      Иймээс нэхэмжлэгч нарыг складыг баримтгүйгээр данснаас хассан, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэсэн гэж буруутгах үндэслэл байхгүй тул санхүүгийн хяналтын улсын байцаагчийн “Сэлбэгийн үнэ нөхөн төлүүлэх“ 34/03/19 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.         

      Гурав: 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” тухай 34/03/20 тоот актын тухайд:

        Тус захиргааны актад Ц, Ж нарыг “Цахилгаан түгээх сүлжээ компанид Гаалийн газраас балансаас балансад шилжиж ирсэн УАЗ-452 фургон машиныг засварлахад техникийн комиссын дүгнэлт шийдвэргүйгээр унасан машин худалдан авсан боловч сэлбэг худалдаж авснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэн 11063888 төгрөгийн сэлбэг худалдан авсан зөрчил гаргасан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 20.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг зөрчсөн”  гэж дүгнэжээ. 

        Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 789 дүгээр тогтоолоор Увс аймаг дахь Гаалийн газарт үлдэх өртөггүй болсон 0960 УВА улсын дугаартай УАЗ-22069-033 маркийн фургон автомашиныг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” компанид балансаас балансад шилжүүлж шийдвэрлэжээ. Үүний дагуу Увс аймаг дахь Гаалийн газрын даргын тушаалаар томилогдсон комисс тус автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.

         Уг автомашиныг актлуулах тухай хүсэлтийг 2012 оноос хойш удаа дараа Төрийн өмчийн хороонд явуулж байсан, сүүлийн 3 жил тухайн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаагүй, чанар байдлын хувьд муу байсан талаар Гаалийн газарт нягтлан бодогч ажилтай гэрч Ч.Мөнхтогтох мэдүүлсэн ба эд ангиудыг нь задлан үзэхэд мотор цохисон, кроп эвдэрхий, 4 дугуй язарч хагарсан хийгүй, урд хойд тэнхлэгийн араа тоногдсон, радиотар хагархай хөлдсөн, рам гажигтай, кабин доод тал нь цөмөрсөн, нум хугарсан байсан нь “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан гэрч Г.Заяабаярын мэдүүлэг,  жолооч ажилтай гэрч Я.Ганболдын мэдүүлэг, нэхэмжлэгч нарын тайлбар, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

       Үүнээс үзэхэд “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн Өмч хамгаалах комисс /Байнгын зөвлөл/ нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гаалийн байгууллагаас шилжиж ирсэн  фургон автомашины эвдрэл гэмтлийн талаар бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

        “Цахилгаан түгээх сүлжээ” компани нь иргэн М.Пүрвээгээс унасан фургон автомашиныг сэлбэгээр тооцон 11000000 төгрөгөөр /ХХОАТ 10 хувь ороогүй дүнгээр/ худалдан авахаар  харилцан тохиролцож, сэлбэгний үнэ 4500000 төгрөгийг М.Пүрвээгийн данс руу үлдэгдэл төлбөр болох 3500000 төгрөгийг иргэн Ю.Балжиннямын данс руу, 21000000 төгрөгийг “Бадам-өгөөж” ХХК-ийн данс руу худалдагчийн хүсэлтийг үндэслэн тус тус шилжүүлсэн, үлдэгдэл 900000 төгрөгний төлбөрт Гаалийн байгууллагаас ирсэн фургон машины сэлбэгийг өгсөн нь мөн фургон автомашинд засвар үйлчилгээ хийсэн нь / унасан фургон машинд гаалийн байгууллагаас ирсэн машины кабиныг авч тавьсан нь/ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд болох бараа материалын орлогын падаан, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, бараа материалын зарлагын падаан, үндсэн хөрөнгө капиталжуулалтын падаан, ерөнхий журналын тайлан  нэхэмжлэгч нарын тайлбар, гэрч М.Пүрвээ, Я.Ганболд, Г.Заяабаяр, С.Чулуунням, Г.Одонхүү нарын мэдүүлэг, М.Пүрвээгийн 2575 дугаартай фургон автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн 0960 УВА дугаартай автомашины 01095863 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

     “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн 0960 УВА дугаартай автомашины 01095863 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тус компанид нягтлан бодогч ажилтай гэрч Г.Одонхүүгийн мэдүүлэг зэргээс үзэхэд Гаалийн байгууллагаас балансаас балансад шилжиж ирсэн үндсэн хөрөнгө болох фургон автомашинд засвар үйлчилгээ хийж, сэлбэг хэрэгсэл авч тавиад 10.988.888 төгрөгөөр капиталжуулсан, засварлагдсан фургон машин нь 2016, 2017 оны техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байгаа ба компани нь ажил үйлчилгээ явуулахдаа хэрэглэж байгаа учир компанид хохирол учирсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. 

      Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар “Төрийн байгууллагаас бусад төрийн өмчит хуулийн этгээд батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай хөрөнгийг өөрөө худалдан авах эрхтэй” байна. Мөн Увс “ЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц-ийн “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Наранчангатай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хөлсөөр ажиллах”  гэрээний 5.2-д ““ББЭХС” ТӨХК-ийн хурлаар шийдвэрлэхээс бусад асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулна. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа техник технологт осол аваар гарч онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг худалдан авах асуудлыг холбогдох эрх байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэх”-ээр зохицуулжээ.

       Гэрээний зохицуулалтын агуулгаас үзэхэд Фургон автомашинд сэлбэг авч тавьсан нь уг гэрээнд заасан “онцгой нөхцөл байдал”-д хамаарахгүй байгаа учраас “ЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц-г өөрт олгогдсон эрхийн хүрээнд сэлбэг худалдан авах тухай гэрээ, хэлцлийг хийсэн гэж үзэхээр байна.  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр зааснаас үзэхэд худалдах худалдан авах гэрээг аль ч /амаар болон бичгээр/ хэлбэрээр байгуулж болохоор байна.

      Гэрээний нөгөө тал нь хүсэл зоригоо илэрхийлж унасан машинаа сэлбэгээр тооцож өгөхийг зөвшөөрч иргэн компани хоёрын хооронд сэлбэг худалдан авах тухай хэлцэл байгуулагдсан. Энэ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан ба эрх мэдлээ хэтрүүлсэн буюу урвуулан ашиглаж хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул унасан машиныг сэлбэгээр худалдан авсан мөн сэлбэг худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй, техникийн комиссын дүгнэлт гаргуулаагүй гэж нэхэмжлэгч нарыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Автомашинд сэлбэг хэрэгсэл худалдан авахад заавал техникийн комиссын дүгнэлт гаргуулах тухай нарийвчилсан журамласан зохицуулалт байхгүй байна.

       Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” тухай 34/03/20 тоот актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.                  

      Дөрөв: 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн “Төлбөр хариуцуулах” тухай 34/03/22 тоот актын тухайд:

        Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь “Төлбөр хариуцуулах” тухай  34/03/22 тоот актад: ““Цахилгаан түгээх сүлжээ” компанийн эзэмшилд байсан 25 тн багтаамжийн түлшний савыг элэгдлээрээ өртгөө нөхсөн гэх нэрээр балансын үнэгүй хөрөнгө гэж ерөнхий нягтлан бодогч ерөнхий инженер хоёр байгууллагын үндсэн хөрөнгө болох түлшний складын ханыг нураагаад, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэлгүйгээр өөрсдийн албан тушаалаа урвуулан ашиглаж дур мэдэн Эм-Мойл ХХК-д худалдсан боловч одоо болтол мөнгө нь төлөгдөөгүй зөрчил илэрсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэжээ.

      Тус актанд дурдагдсан “25 тн багтаамжтай түлшний сав” нь Цахилгаан түгээх түгээх сүлжээ компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тус компанид захирал ажилтай гэрч Эрдэнэбаатарын “Би 2016 оны 11 дүгээр сарын 01-нд ажлаа хүлээж аваад ажилтайгаа танилцсан. Тэгэхэд... дизель станц намайг ажиллаж байхад актлагдсан хэдий ч ажиллаж байсан, түүний хөргөлтийн системийн 25 тн ёмкостыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, ерөнхий инженерээр ажиллаж байсан гэрч Г.Заяабаярын “...Миний мэдэхийн 14 жил устай байсан сав байсан. Угаасаа дансанд бүртгэлгүй сав байсан. Дизель актлагдсанаар уг савыг ашиглах боломжгүй болсон. Дизелийн нэг дагалдах хэрэгсэл болж явдаг байсан” гэх мэдүүлгээс үзэхэд “25 тн багтаамжтай түлшний сав” нь актлагдсан дизель станцын дагалдах хэрэгсэл бөгөөд өөрөөр хэлбэл компанийн  данснаас /үндсэн хөрөнгийн бүртгэлээс/ хасагдсан, олон жил ашиглагдсан элэгдэлээрээ өртгөө нөхсөн эд хөрөнгө гэж ойлгогдохоор байна.   

         “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өмч хамгаалах Комисс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд бүртгэлгүй болсон 25 тн багтаамжтай ёмкостийн тухай авч хэлэлцээд “уг ёмкость нь 10 жил байнгын устай байсны улмаас зэвэрсэн учир хаягдал төмрийн үнээр зарж борлуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үүнээс үзэхэд компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй эд хөрөнгийг /ёмкостийг/ худалдан борлуулах асуудлыг компанийн захирал биш өмч хамгаалах Комисс шийдвэрлэсэн байна.

        Хэрвээ өмч хамгаалах Комиссыг 25 тн багтаамжтай ёмкостийн зах зээлийн үнийг буруу тогтоосон, худалдах шийдвэрийг гаргах ёсгүй гэж үзэж байгаа бол тус компанийн өмч хамгаалах Комиссын шинэ бүрэлдэхүүн өмнөх шийдвэрээ цуцлан эд хөрөнгөө буцаан авах, дахин зах зээлийн үнээр үнэлэн борлуулах эсхүл үнийг нь нэхэмжлэн авах боломжтой юм.

        Учир нь “М-Ойл” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын эрхлэгч  ажилтай гэрч Б.Мөнгөнхүү нь “уг савны мөнгийг шилжүүлээгүй, компанийн үйл ажиллагаанд ашиглаагүй учраас буцаан авах боломжтой” тухай мэдүүлсэн байдаг.            

         Улсын байцаагчийн актанд дурдагдсан “компанийн үндсэн хөрөнгийг албан тушаалаа ашиглан дур мэдэн худалдсан” гэх зөрчил тогтоогдохгүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн “Төлбөр хариуцуулах”  тухай 34/03/22 тоот актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрлэв. 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 29, 31 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгүүд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.9, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгүүд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч Ц, Ж нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У, Д нарын тавьсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/17, 34/03/18 тоот, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19 тоот, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” 34/03/20 тоот “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актуудыг тус тус хүчингүй болгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16 тоот актын төлбөрийн хэмжээг “7774489” /долоон сая долоон зуун далан дөрөв дөрвөн зуун наян ес/ төгрөг гэж багасган хэвээр үлдээсүгэй.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргуулж нэхэмжлэгч Ц, Ж нарт хувь тэнцүүлэн олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ