Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0045

 

  

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар “Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийг маргаан бүхий газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулснаар Дархан цаазат газарт яг ямар нөлөөллөөр сөрөг нөлөө үзүүлсэн, эсхүл үзүүлж болзошгүй, мөн эргэн тойрны зэргэлдээх барилгажсан суурьшлын бүс бүхий газарт нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх төсөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан гэдгийг бүрэн тогтоогоогүй байж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтад заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан газарт суурьшлын бүс бий болсон эсэх байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн зэргийг тогтоохоор шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн бөгөөд тухайн үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын эргэн тойрон дахь зэргэлдээ газруудад суурьшлын бүс үүсч барилгажсныг тогтоосон.

Нэхэмжлэгч нь тухайн суурьшлын бүс бүхий газрын дунд орших өөрийн ашиглах зөвшөөрөл бүхий газар дээр “Зочид буудал аялал жуулчлал”-ын төсөл хэрэгжүүлэхээр байгаль орчинд болон нийтийн эрх ашигт ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй гэж дүгнэсэн Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан” Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг батлуулсан байхад тэдгээрийг үл харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

          Маргаан бүхий А/355 дугаар тушаалаар[1] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгожээ.

          Энэхүү маргаан бүхий тушаалаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар[2] өмнө нь нэхэмжлэгч “Э” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон газар ашиглуулах эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан баримтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/82 тоот гэрчилгээ[3] олгож, газар ашиглах 2015/077 дугаар гуравласан гэрээг[4] 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, мөн газрын төлбөрийг[5] 2018 оны 2 дугаар улирлын гэрээгээр төлсөн, нэхэмжлэгчээс зочид буудал-аялал жуулчлалын цогцолборын төсөл[6] хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий[7] үнэлгээг хийлгэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан[8], 2016-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн этгээдээр батлуулсан, маргаан бүхий газарт аливаа үйл ажиллагаа явуулаагүй[9] зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд эдгээр үйл баримттай талууд маргаагүй байна.   

          Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

          1. Хариуцагч талаас маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэлийг “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн, хууль зөрчин газар ашиглах эрх олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон...” гэж тайлбарлажээ[10].

          Маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг  хүчингүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д “хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагааг явуулж болногэсэн хуулийн зохицуулалтыг зөрчин дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

          Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулсан.

          Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-дахь заалтаар хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр аялагч эсвэл зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар  зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн.

          Энэ нь хуулиар хариуцагч байгууллагад “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд” газар ашиглах эрхийг бусад этгээдэд олгох хүрээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд хуулийн энэ зохицуулалтаар зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглахаар хүсэлт гаргасан этгээдэд уг газрыг ашиглуулах эрхийг олгох боломжтой гэсэн агуулгатай байна.

          Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг дархан цаазат газарт хоригложээ.

          Өөрөөр хэлбэл, хуулийн эдгээр заалтын агуулга нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй нөхцөлд, мөн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилга байгууламжийг хуульчлан тогтоож, уг хуулиар зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилга байгууламж барихаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулж болно, хуулиар зөвшөөрөгдөөгүй барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

          Нэхэмжлэгч компанийн хувьд “Зочид буудал-Аялал жуулчлалын цогцолбор”-ын зориулалтаар маргаан бүхий газрыг ашиглахаар гэрээ байгуулсан[11], мөн уг цогцолборыг хэрэгжүүлэх төслийг[12] гаргажээ. 

          Энэхүү гэрээ болон төсөлд зааснаар “Зочид буудал-Аялал жуулчлалын цогцолбор” нь 60-80 зочин хүлээн авах зочид буудал болон рестораны барилга, бильярд, саун, ариун цэврийн өрөө, автомашины зогсоол, бизнес мэдээллийн төв, хурлын танхим, агуулахын зориулалттай байр зэргээс бүрдэх бөгөөд цахилгаан, дулаан хангамж, цэвэр бохир ус, төвлөрсөн сүлжээнд холбогдохоор, жуулчны баазын зочны байруудын халаалтыг тусгай уурын зуухаар хангаж, хэрэглээний өөрийн гүний худаг, усан сан шахуургатай байхаар, бохир зайлуулах систем, худгийг зохих технологийн дагуу барьж, байгуулахаар төлөвлөжээ.

          Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх” зориулалтаар бус байнгын үйл ажиллагаа эрхлэх, зочид буудлын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах барилга байгууламж барих зорилгоор төсөл төлөвлөсөн байдлаас үзэхэд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаал нь дээр дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3-д заасантай тус тус нийцэхгүй, тодруулбал нэхэмжлэгчийн төслөөр барих зочид буудлын цогцолборын барилга байгууламж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хуулиар тогтоосон зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилга байгууламж гэж үзэх  үндэслэлгүй байх бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий актын үндэслэлийг тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

          2. Хариуцагч талаас маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэлийг “...хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болсноор нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гарган хэрэгжүүлсэн нь хуульд нийцэхгүй тул хүчингүй болгосон” гэж тайлбарлажээ[13]

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулсан.

          Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр аялагч эсвэл зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар  зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн.

          Өөрөөр хэлбэл, хуулийн эдгээр заалтын агуулга нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй нөхцөлд, мөн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилга байгууламжийг хуульчлан тогтоосон.

          Нэхэмжлэгч компанийн “Зочид буудал-аялал жуулчлалын цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр “...барилга байгууламжийг барих үед  орчны байгалийн унаган төрх алдагдах, хөрс эвдрэх, хөрс гэмтэх, эвдрэл үүсэхээс гадна шатах тослох материал, хог хаягдал, бохирын шингэн алдагдсанаас хөрсөнд бохирдол үүсч болзошгүй, хөрсний ус бохирдох, ургамал нөмрөг алдралд орох[14], хөрс, ургамал, мод бут дахин ургах чадваргүй болох, хөрсний ус түүгээр дамжин гүний ус бохирдох[15]...” зэргээр  орчны байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дурдсанаас үзэхэд хариуцагч талаас маргаан бүхий актын үндэслэлийг тайлбарлаж байгаа “байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулна” гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн төслийг хэрэгжүүлснээр бий болж болзошгүй, харин нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан ““Зочид буудал-аялал жуулчлал”-ын төсөл хэрэгжүүлэхээр байгаль орчинд болон нийтийн эрх ашигт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэгдсэн” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

          Иймээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоосон  байх тул хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус гэж үзэх бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дээр дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж гаргасан  өмнөх шийдвэрээ нийтийн ашиг сонирхолд хамаарах байгаль орчныг хамгаалах, уг эрхийг сэргээх зорилгоор хүчингүй болгосон маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

          3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвшөөрөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцагч захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн “дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” үүргээ  зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт “барилга байгууламж бариулах”-аар гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүс нь уг хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүйгээс шалтгаалж суурьшлын бүс үүсч, барилгажсан нөхцөл байдал  бий болсон нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон байгаль орчинд сөрөг нөлөөгүй нөхцөлд, мөн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилга байгууламжийг барих журмыг цаашид мөрдөхгүй байх, хууль бус шийдвэрийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

          Түүнчлэн хуулийг зөрчсөн үйлдлээ захиргааны байгууллагаас өөрөө зөвтгөж байгаа нь захиргааны үйл ажиллагаа “хууль ёсны байх” хууль дээдлэх зарчимд нийцнэ, мөн хууль  зөрчсөн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болох боломжтой.

          Иймээс нэхэмжлэгчээс “маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын эргэн тойрон дахь зэргэлдээ газруудад суурьшлын бүс нэгэнт үүсч, барилгажсныг тогтоосон байхад хариуцагчаас газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэх агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм. 

          4.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгохоор зааж,  мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т захиргааны байгууллагаас өмнө гаргасан иргэн, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус тохиолдолд хүчингүй болгох, мөн зүйлийн 48.3-т захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.2-т заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгохоор тус тус зохицуулсан.

          Маргаан бүхий акт нь хариуцагч захиргааны байгууллагаас өмнө нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон, нэхэмжлэгч компанид эерэг нөлөөлөл бүхий шийдвэрийн хууль ёсны байдлыг эргэн харж, өмнөх шийдвэрээ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зочид буудал-аялал жуулчлалын зориулалтаар барилга барьснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвшөөрсөн барилга байгууламжид хамаарахгүй, уг хуулиар хориглосон заалтыг зөрчсөн, мөн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхолд хамаарах байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулсан нөхцөл байдал үүссэн гэж үзэн өмнө нь хууль зөрчин гаргасан шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.

          Мөн нэхэмжлэгч компанид газар ашиглуулах эрх олгосон өмнөх А/222 дугаар тушаал нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд  маргаан бүхий А/355 дугаар тушаал нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох зохицуулалтад хамаарна.

          Үүний учир нэхэмжлэгчээс маргаж буй “маргаан бүхий газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулснаар яг ямар нөлөөллөөр сөрөг нөлөө үзүүлсэн, эсхүл үзүүлж болзошгүй, мөн эргэн тойрны зэргэлдээх барилгажсан суурьшлын бүс бүхий газарт нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх төсөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэг байдлаар хохирол учруулсан гэдгийг бүрэн тогтоогоогүй байж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүх хууль буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийн шийдэл нь үндэслэлтэй, харин хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3, 33 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 242-245 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 201 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 26 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 32-35 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 167-179 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 227, 237-240 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 39-166 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтас 77-80 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 199 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 32-35 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 167-179 дэх тал

[13] Хэргийн 1-р хавтас 199 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 112, 115 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 119 дэх тал