Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 682

 

Г.Дэчмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Бадамцэцэг,

шүүгдэгч Г.Дэчмаагийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 626 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Бадамцэцэгийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Г.Дэчмаад холбогдох 2017 0100 0054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сахалт овгийн Ганбаатарын Дэчмаа, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Суперпроб” ХХК-ийн харьяа “Мөнгөн гүүр” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт унтуулгын сувилагчийн ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжны 55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПГ87061801/,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Г.Дэчмаа нь “Суперпроб” ХХК-ийн харьяа “Мөнгөн гүүр” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн унтуулгын сувилагчаар ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эмийг 585 ампул, “морфин” гэх мансууруулах эмийг 110 ампул,

2017 оны 1 дүгээр сард Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “диазепам” гэх сэтгэцэд нөлөөт эмийг 4 ампул,

2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хьюндай” эмнэлгийн эм зүйч Ш.Отгонбороос Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эмийг 50 ампул хэмжээгээр тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмүүдийг албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Дэчмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Дэчмаад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Г.Дэчмаад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхдээ прокуророос Г.Дэчмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах гэсэн ялын санал гаргасан байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Дэчмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх ялуудыг нэмж нэгтгэн Г.Дэчмаад 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах талаар саналыг шүүхэд гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Дэчмаад холбогдох хэрэгт хамааралгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна: 1.1. торгох, 1.2. нийтэд тустай ажил хийлгэх, 1.3. зорчих эрхийг хязгаарлах ял, 1.4. хорих ял, 1.5. эрх хасах ял, мөн зүйлийн 2 дахь хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ гэж хуульчилсан байх ба улсын яллагчаас шүүгдэгч Г.Дэчмаагийн үйлдсэн гэмт хэрэг бүрт нь 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах, тэнсэн ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар тэнсэх гэх ялын санал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

Г.Дэчмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогдсон, түүнд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох ба прокуророос ямар төрлийн ял санал болгосон нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд шүүгдэгч Г.Дэчмаад холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Бадамцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зохицуулжээ. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан хуульчилснаас гадна уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтээ прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан байна. Дээрх хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Дэчмаа нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу прокуророос хянаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах” нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн гэмт хэрэг нь 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэмт хэрэгт хамаарахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн Г.Дэчмаад түүний яллагдах гэмт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналыг /хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/ танилцуулсныг тэрээр зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Ийнхүү прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шүүх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж даруй буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ял оногдуулах шүүх хуралдааныг товлон зарласан.

Анхан шатны шүүх дээрх товын дагуу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г.Дэчмаад ял оногдуулах хурлыг хийсэн боловч хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг прокурорт буцаажээ.

Учир нь дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэж зааснаас гадна хуулийн 34, 35 дугаар бүлэгг зааснаар шүүгдэгчид ял оногдуулах шүүх хуралдааны үр дүнд шүүхээс хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шийтгэх, цагаатгах” хэлбэрийн шийдвэр гаргахаар хуульчлагдсан байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэгэнт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн ял оногдуулах хурлыг товлон зарлаж, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж байгаа тохиолдолд хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалт хуульд тусгагдаагүй байна. Энэ нь шүүх хэргийг прокурорт буцаасан 626 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах” заалтыг баримтлан гаргаснаар давхар батлагдаж байна.

Хэрэв шүүх “шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл дээрх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах боломжтой байсан. Гэтэл уг үндэслэл байхгүй гэж үзэн Г.Дэчмаад ял оногдуулах шүүх хуралдааныг товлон зарласан гэж үзэхээр байна.

Г.Дэчмаагийн үйлдсэн гэмт хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх түүнийг үгүйсгээгүй болох нь 626 дугаар захирамжид “... Г.Дэчмаа нь мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмүүдийг албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдож байх боловч” гэсэн дүгнэлт хийснээр давхар батлагдаж байна.

Мөн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн ял оногдуулах хурлыг товлон зарлаж, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж байгаа бол мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хуулийн уг заалт бүрэн хангагдсан байна гэж үзвэл 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байхад “прокурор тэнсэх ялын санал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болно” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шүүх дээрх шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял оногдуулна гэж хуульчилсан байхад улсын яллагчаас Г.Дэчмаад үйлдсэн гэмт хэрэгт нь тэнсэх ял оногдуулах, санал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

Мөн шүүх Г.Дэчмаад ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох ба прокуророос ямар төрлийн ял санал болгосон нь тодорхойгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэх нь тодорхойгүй байна” гэсэн нь хуулийн зүйл, хэсэг заалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль бус шийдвэр болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, албадлагын арга хэмжээний төрөл гэх 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно, Үүнд 1. Үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, 2. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ, 3. Хөрөнгө,  орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж тус тус хуульчилсан байхад шүүх эрүүгийн хариуцлага гэдэг нь зөвхөн “ял”-аас бүрдэх бөгөөд заавал ял ногдуулж байж түүнийг шүүх тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж хуулийн дээрх заалтыг тайлбарлан хэрэглэж байгаа нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг илтэд буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн 17.2 дугаар зүйлд “прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Г.Дэчмаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” туйлын тодорхой эрүүгийн хариуцлагын саналыг Г.Дэчмаад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч, түүний хууль зүйн үр дагаварыг ойлгож, энэ талаараа баталгаажуулан гарын үсгээ зурсныг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүхэд танилцуулсан. Г.Дэчмаа түүнийг баталгаажуулан шүүхэд мэдүүлсээр байхад шүүх 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах бүрэн боломжтой байхад хуулийг өөрийнхөөрөө буруу тайлбарлан “прокурорын санал үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Шүүгдэгч Г.Дэчмаагийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Дэчмаатай ярьж тохиролцоод хэргээ хурдан шийдвэрлүүлэхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгсөн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүх нөхцөлийг хангасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлүүлье гэсэн. Миний ойлгосноор гагцхүү тэнсэнэ гэсэн байгаа. Түүнээс биш ял авах байсан бол ердийн журмаар шийдвэрлүүлж болох байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгээр орж ирэхээр ял авахаар болж байна. Ял авахын тулд хялбаршуулсан журмаар өгсөн юм шиг харагдаад байна. Прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас Г.Дэчмаад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах талаарх прокурорын санал бичиж Г.Дэчмаад танилцуулсан байх бөгөөд Г.Дэчмаа  прокурорын саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тэнсэх ялуудыг нэмж нэгтгэн Г.Дэчмаад 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах санал гаргаж хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүх залруулж хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой байжээ.

Иймд анхан шатны шүүх нь Г.Дэчмаад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэв.

            Г.Дэчмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 626 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Дэчмаад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Дэчмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ