Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00830

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 464 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.А

          Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын лаборатори .. дугаар сургуульд холбогдох

    Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010-12-04-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар сургуулийн Физикийн багшаар ажилд орсон. Жирэмсний амралттай байж байгаад 2015-12-20-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажилд авахгүй байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2017-04- 19-ний өдрийн шийдвэрээр ажилдаа орсон. Гэтэл 2017-06-19-ний өдрийн б/35 дугаар захирлын тушаалаар ажлаас халлаа. Би мар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд  б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.А нь физикч, технологич, физикийн багш мэргэжилтэй хэдий ч Сүхбаатар дүүргийн .. дугаар сургуулийн зүгээс нэхэмжлэгчийг мэдээлэл зүйн багшаар авч ажиллуулсан. А.Аийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р 2015/10 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.4, 4.8 дахь хэсэг, дотоод журмын 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8-р хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. А.А хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй. А.А нь ажилд орсон 2017 оны 05 дугаар сард 22 хоног ажиллах ёстойгоос 19 хоног ажиллаж 3 удаа буюу 24 цаг ажил тасалсан. Мөн физикийн багшийн орон тоо байхгүй түр хүлээж бай гэх хугацаанд Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад гомдол гаргахдаа сургуулийн 20 гаруй багш нараар гарын үсэг зуруулж авсан нь сургуулийн удирдлагын талаар худал, ташаа агуулгатай мэдээлэл байсныг олж мэдсэн. Энэ нь багш, удирдлагуудын хооронд ойлгомжгүй, зөрчилтэй байдал үүсгэсэн. Хамт олны уур амьсгалыг өөрчлөн хов хөөцөлдөж, хутган үймүүлж байгаа нь тогтоогдсон. Иймд А.Аийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А.Аийг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын .. дугаар сургуулиас олговор 3,880,485 төгрөгийг гаргуулж А.Ат олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон бичилт хийхийг хариуцагчид  даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 77,037 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 464 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч тал хяналтын гомдолдоо: Шүүх “...ажилтны гаргасан зөрчил тогтоогдоогүй байна...” гэх дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй ба мөн хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.” Түүнчлэн, ажил олгогч нь  40.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах, 131-р сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй билээ. Хариуцагч 2017 оны  Б/36 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтаар ажил олгогчид олгогдсон эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2. дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэх хуулийн хугацааны дотор гарсан, ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон болно. Тодруулбал, нэхэмжлэгч “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.2.1.2, 8.2.2.4.3, 8.2.2.8.4, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1.5, 4.4.6, 4.8.7, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.Энэ нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийн талаар товч дурдвал, нэхэмжлэгч хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар 24 цаг, 3 удаа ажил тасалсан. Хариуцагчийн 2017 оны  Б/30 дугаар тушаалаар 2017-05-02-ны өдрөөс эхлэн Мэдээлэл зүйн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн ба тэрбээр 2017 оны 5 дугаар сард ажиллавал зохих 22 өдрөөс 19 өдөр ажиллаж, 2 өдөр буюу 24 цаг тасалсан нь гэрчүүдийн мэдүүлэг, 5 дугаар сарын цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл /Хөдөлмөрийн дотоод журмын 12.15.1., 12.15.3., 12.15.5., 12.16.1.. 12.16.2., 12.16.3.-т зааснаар жижүүр багш сургууль дээр явагдаж буй бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, багш ажилчдын хичээл таслалт, хоцролтын, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтөлдөг./ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогддог. Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1., Хөдөлмөрийн гэрээний 1.7,-д зааснаар “Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.” ажлын цагийн энэхүү зохицуулалтыг нэхэмжлэгч Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1.4.9, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу мөрдөж ажиллах үүрэгтэй атал дээр дурдсанчлан энэ үүргээ биелүүлэлгүй, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаан, захиргааны чөлөөгүйгээр тасалж байсан болно. Гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх бус шалтгаанаар удаа дараа /2-с дээш/ биелүүлээгүй зөрчлийн тухайд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2017-05- 13, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бүх нийтээр мод тарих арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч оролцоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тус сургуулийн захирлын тушаалууд, өөрийнх нь тайлбар, Захирлын дэргэдэх зөвлөлийн протоколоор тогтоогддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.” Уг зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн захирлын тушаалууд гарсан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн албан хаагч, сурган хүмүүжүүлэгч, багшийн хувьд тухайн арга хэмжээнд идэвх санаачлагатай хандаж, оролцох үүрэгтэй байсан боловч оролцоогүй болно. Гэрч нарын мэдүүлгээр Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн багш нар Боловсролын салбарын мэдээллийн системд дүн шивж оруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг энэ үүргийг нэхэмжлэгч хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогддог. Гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар багш аливаа хичээлийг заахдаа урьдчилж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж, сургалтын менежерээр хянуулж, баталгаажуулан хичээл заадаг байхад тэрбээр хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлуулалгүйгээр сурагчдад хичээл заасан нь мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нэг үндэслэл болох юм. Хамт олны уур амьсгалыг өөрчлөн хов хөөцөлдөж, хутган үймүүлсэн гэх зөрчлийн тухайд: Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1.1,-д “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх;", Боловсролын тухай хуулийн 44.2.1,-д “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;”, мөн хуулийн 44.4 дэх хэсэгт “Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.”, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтуудаар хүлээсэн үүргээ зөрчиж, хамт олны уур амьсгалыг өөрчлөн хов хөөцөлдөж, хутган үймүүлсэн зөрчил гаргасан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэр бүхий багш нарын тайлбараар тогтоогддог. Шүүх: “...ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь түүний ээлжийн амралтын хугацаа маргаан бүхий тушаал гаргах үед дуусаж байсан ба багш нарын хувьд 6, 7, 8 дугаар саруудад ээлжийн амралт олгох тушаал гарсан эсэхээс үл хамаарч амралтын мөнгөө бодуулж авдаг, тухайн саруудад бүтэн амардаг онцлогтой тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй болно. Дээр өгүүлснийг нэгтгэн дүгнэвэл, Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4,-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргаж, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хангалттай тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          А.А 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчоос даалгахыг шаарджээ. 

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Сүхбаатар дүүргийн .. дугаар дунд сургуулийн захирал 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б/36 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.4, 4.8-г үндэслэн А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг мэдээлэл зүйн багшийн ажлаас чөлөөлжээ. 

         Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаалгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ажил олгогч нь А.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар 2017 оны Б/36 дугаар тушаалд заагаагүй байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн тайлбараар хяналтын гомдлыг хангах боломжгүй байна. 

        А.А байгууллагын дотоод журмын 8.2.2.1, 8.2.2.4, 8.2.2.8 болон талуудын  хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1-н “...гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх бус шалтгаанаар удаа дараа /2-с дээш/ биелүүлээгүй...”, 4.4-н “...хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар 24 цаг, 3 удаа ажил тасалсан...”, 4.8-н “...хамт олны уур амьсгалыг өөрчлөн хов жив хөөцөлдөж, хутган үймүүлсэн...” нь тогтоогдсон гэх боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг давтан гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.   

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02966 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Б.УНДРАХ