Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, ахлах прокурор Л.Отгончимэг,

Хохирогч А.Д-,

Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-од холбогдох эрүүгийн 1938008850012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б.

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” бааран дотор иргэн А.Д-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас “Эрдэнэс” бааран дотор иргэн А.Д-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Ү-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
  • Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр найз Г-, Б- нарынхаа хамтаар орой 21 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эрдэнэс нэртэй бааранд орсон. ...захиалга авчирч өгсөн эмэгтэй тооцоогоо хийчих гэж хэлэхээр нь танай тэкэн дээр манай нэг найз байгаа тооцоогоо тэндээ хийчихнэ гэж хэлсэн. Тэр эмэгтэй архиныхаа мөнгийг өгч чадахгүй гуйлгачингууд гэж хэлснээ авчирсан архи, ундаагаа аваад явчихсан. ...баарны хамгаалагч залуу ирээд чи эмэгтэй хүнтэй маргалдлаа гэж хэлээд миний хамар луу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд би өөрийнхөө барьж явсан гар утсаа алдаж унагаасан. Би тухайн үед унагаасан гар утсаа авах гээд доошоогоо тонгойход хамгаалагч залуу миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Тэгэхэд хамарнаас маань цус гараад тогтохоо больсон. ...Миний зүүн талын нармай байнгын битүү байгаа. Мөн зүүн талын маань шүднүүд наашаагаа ханаралттай байгаа. Үүнээс болоод байнгын эм хэрэглэж байгаа. ...Одоогийн байдлаар эмчилгээндээ 600.000 төгрөг зарцуулчихаад байгаа. ...би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Эрдэнэс бааранд зөөгчийн ажил хийдэг байсан юм. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой 23 цагийн үед манай бааранд гурван эрэгтэй хүн орж ирсэн. ...би тооцоогоо эхлээд хийчих үү гэсэн чинь бие засах өрөөнөөс хүн гарч ирээд хийчихнэ гэсэн. ...араас нэг тарган өндөр залуу хүрч ирээд чи муу янхан намайг төлбөрийн чадваргүй гэж бодоо юу гээд доромжлоод байхаар нь уур хүрээд хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь тэр залуу миний цохих гэхэд нь манай хамгаалагч С.Б- дундуур орж, тэр залууг цохисон. Тэгтэл нөгөө залуучуудыг манай хамгаалагч аваад цаашаа болоод бөөгнөрөөд байсан чинь нөгөө хэрүүл хийгээд байсан залуугийн хамарнаас цус гоожиж байсан. Асуусан чинь манай хамгаалагч би цохьчихсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай: “1. А.Д-ын биед гэмтэл учирсан байна. 2. А.Д-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 4. А.Д-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг сонсгож байгаа байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...Би тухайн үед хохирогч А.Д-ыг манай зөөгч С-тай маргалдаад байхаар нь түүний нүүр лүү нь гараараа цохисон нь үнэн. Тэгж цохисны дараа түүний хамарнаас цус гараад унасан. ...Би хохирогч А.Д-ын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Миний хувьд А.Д-ын эмчилгээнд гарсан бодит зардлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч С.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас “Эрдэнэс” бааран дотор иргэн А.Д-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Д- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.300.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас “400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хөвсгөл аймгийн “Хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-д уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн “Хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-д хийлгэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хохирогч А.Д-ын 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шүүгдэгч С.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ