Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-т холбогдох эрүүгийн 1938006830451 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.П.

Шүүгдэгч Г.П- нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган нуурын ар” гэх хэсгээс иргэн Т.Б-ийн 2 тооны адууг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.П- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган нуурын ар” гэх газраас иргэн Т.Б-ийн хээр, халтар зүсмийн хоёр тооны адууг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 сарын 07-ны үед хөдөө бэлчээрээс буюу Ренчинлхүмбэ сумын “Тарган нуурын ар” гэх газраас адуугаа олж авчиртал адуун дотроос 2 тооны морь алга болсон байсан. ...Хатгал тосгоны малын эмч Б-оос 2019 оны 09 сарын 10-ны өдөр хүн 2 тооны адуунд гарал үүслийн гэрчилгээ авсан байна. Тухайн хоёр моринд гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөхдөө зургыг нь дарж авч үлдсэн байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь ....зургийг нь очиж үзтэл миний морины зураг зүсээрээ, дүрээрээ мөн байхаар нь хулгайд алдагдсан нь баараггүй боллоо гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. ...Морио хайж явсны зардал гэвэл 1.000.000 төгрөг зарцуулсан баримт гэвэл 500.000 төгрөг шатахуун тосны баримт байгаа, үлдсэн 500.000 төгрөг нь хүний морь унаж явсан, тайгаар явсан, Тэнгис, Шишгэд голыг гаталж явсан зэрэгт зардал гарсан. Надад 2 морины 1.800.000 төгрөг, морь хайсны зардал 1.000.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгийн хохиролтой” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сард Г.П-ээ гэж хүнд Ниссан пулсар нэртэй цагаан өнгийн машин зарсан. Тухайн машиныг Г.П-ээ гэж хүн 6 тооны адуугаар худалдаж авъя гэж хэлэхээр нь Цагааннуур сум орж машины наймаа хийсэн. ...Г.П-ээ ах 2019 оны 09 сарын 07-ны өдөр адуугаа аваад ирье гэж хэлээд адуу тууж ирсэн.Тухайн адуун дотроос хээр зүстэй морь, халтар зүстэй морь барьж өгсөн. ...Тухайн хоёр адууны зураг зүсийг малын эмч Б- дарж зурагжуулж авч үлдсэн. ...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хатгалаас хөдөлж 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багт Г.П-ийн гэрт очсон. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үед үдээс хойш Г.П- 2 тооны хээр, халтар зүсмийн морьдыг мотоциклиор тууж ирээд надад өрөндөө барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 18 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 09 сарын 10-ны өдөр Хатгал тосгоноос манай дүү Н.Н- 2 тооны морь зарах гэсэн юм гэж хэлэхээр нь би Портер маркийн 87-76 хөв дугаартай машинаар явж очиж хоёр тооны морийг нь гарал үүслийн бичиг авч Мөрөн сум руу ачиж орж ирээд 3-4 хоног Мөрөн суманд харж малласан. Тэгээд Улаанбаатар хот руу ачиж авч явж Эмээлтэд махны үйлдвэрт зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н-ын ээж утсаар надад хэлэхпээ Мөрөн суманд амьд мал ачиж явна гэж хэлсэн. Тухайн гарал үүслийн бичиг хийж өгсөн мал нь 2 тооны морь байсан нэг нь хар халтар буюу халтар зүстэй, нэг нь шар хээр буюу хээр зүстэй морь байсан. Тухайн 2 морины зүс зураг нь миний утсан дээр байгаа. ...Би Н.Н-ын А дансыг харахад 2 тооны адуу А дансанд бүртгэлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү Н.Н- нь 2018 оны хавар Рэнчинлхүмбэ сумын харьяат Г.П- гэдэг хүнд өөрийн эзэмшлийн Ниссан Пулсар маркын машинаа зараад 3 адуу аваад үлдсэн 2 адууг нь 2019 оны 09 дүгээр сард Рэнчинлхүмбэ сум орж Г.П-ийн гэрт очиж хонож өнжөөд авсан. Тэгээд миний хүү Н.Н- хээр, халтар зүсмийн 2 адууг Хатгал тосгонд авч ирээд Г.П- ахаас өрөндөө авлаа гэсэн. Би тэр адуунуудыг авахаас өмнө нь Г.П-тэй утсаар ярьж “хүү маань таниас машины өлтөгөө авах гээд мөнгөний хэрэг гараад байна гэж ярихад хүүгээ явуулчих” гэж хэлсэн. Би хүүгийнхээ авч ирсэн 2 морийг малын эмч Б-оор зургыг нь авахуулаад гарал үүслийн бичгийг нь аваад Мөрөн суманд маханд өгсөн. Тэр үед миний хүү Н.Н- Г.П- ахаас машиныхаа өлтгөндөө авсан, өөр өглөг авлагагүй боллоо өр цэгцэрлээ гэж хэлсэн. Би тэр үед хүүгээ шахсаар байгаад Г.П- гэж хөгшин настай хүн байгаа юм биш үү хэрэв нас барвал чи юм олж авч чадахгүй гэж хэлээд явуулсан. Тэгтэл өнөөдөр Г.П- гуай миний хүүг чи авсан юм чинь би нутгын ойроор нь төлөөд өгье гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Н-, яллагдагч Г.П- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд яллагдагч Г.П-: “Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны үед хээр, халтар зүсмийн хоёр морийг Н.Н-ад өгсөн. Би адуунд явж байгаад М.Т.Б-ийн адуунаас хээр морь, халтар морь хоёрыг хулгайлж тууж авч ирээд өгсөн. ...Т.Б-ийн 2 тооны хээр халтар зүсмийн адуунуудыг хулгайлж өрөндөө өгсөн талаар гэрч Н.Н- мэдээгүй. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойгож байна. Би хохирлоо Т.Б-өд нөхөн төлнө гэдгээ хэлмээр

байна” гэх тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

  • Хохирогч Т.Б-ийн хулгайд алдсан гэх нас нийлсэн хээр, халтар зүсмийн хоёр тооны морийг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Наранбаатарын Н.Н- нэрээр бичигдсэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “адуу 2, 10, 14 настай, халтар, хээр хүнсний захад” гэсэн бичиглэлтэй 67046161 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээ, халтар, хээр зүсмийн адууны гэрэл зураг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Н.Н- манай гэрт ирээд 1 хоносон. Тэгээд надад зарсан машиныхаа өрийг авья гэсэн юм. Надад өрөндөө өгөх юм байхгүй байсан юм. Тэгээд Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Тарган нуурын ар талын ууланд хээр морь, халтар морь хоёр адуунаас тусдаа явж байсан юм. Тэгэхээр нь би барьж аваад Н.Н-ад өрөндөө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.П-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Г.П-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө, ашиг хонжоо олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Г.П- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.П- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган нуурын ар” гэх газраас иргэн Т.Б-ийн хээр, халтар зүсмийн хоёр тооны адууг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/, гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10, 18 дугаар хуудас/, гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.Н-, яллагдагч Г.П- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/, Наранбаатарын Н.Н- нэрээр бичигдсэн 67046161 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээ, халтар, хээр зүсмийн адууны гэрэл зураг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.П-ийн мэдүүлж байгаа “...Надад өрөндөө өгөх юм байхгүй байсан юм. Тэгээд Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Тарган нуурын ар талын ууланд хээр морь, халтар морь хоёр адуунаас тусдаа явж байсан юм. Тэгэхээр нь би барьж аваад Н.Н-ад өрөндөө өгсөн” /хх-ийн 57-58/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Г.П- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган нуурын ар” гэх газраас иргэн Т.Б-ийн хээр, халтар зүсмийн хоёр тооны адууг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Г.П-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 1.000.000 төгрөгний зардал гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Т.Б-ийн хулгайд алдсан гэх нас нийлсэн 2 тооны морийг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21/, болон хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.П- нь хохирогч Т.Б-тэй 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж “хохирол төлбөрт 800.000 төгрөг, морь 1, хонь 6, ямаа 4-г авсан” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Г.П-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.П-ийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Г.П-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.П-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “10 сарын хорих ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.П- нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.П-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.П-т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.П-т тэнссэн хугацаанд түүнд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П- нь бусдад төлөх төлбөргүй, 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ