Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Н.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох эрүүгийн 2038000340025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Х.

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” дэлгүүрийн ойролцоо хохирогч А.Д-гийн Iроnе-S7 маркийн гар утсыг куртикны халааснаас нь нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгний хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” дэлгүүрийн ойролцоо хохирогч А.Д-гийн Iроnе-S7 маркын гар утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хохирогч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн ажлын эгч Э, Т нартай Мөрөн сумын “Тэвхэн” худалдааны төвийн гадаа өдрийн 15 цагийн үед явж байсан чинь хоёр залуу явж байгаад намхан залуу нь “цаг хэд болж байна вэ” гэхээр нь гар утсаа куртикныхаа баруун халааснаас гаргаж ирээд цаг хэлж өгөөд цаашаа явж байсан чинь араас нэг танихгүй эгч дуудаад “утсыг чинь нэг залуу аваад явчихлаа” гээд нөгөө цаг асуусан залууг заахаар нь би араас нь гүйж очоод хөөе утсаа авья гэсэн май энэ чиний утас юмуу гэхлээр нь аваад ир гээд би утсаа буцааж авсан. Тэр залуу цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Хулгайд алдсан гэх Iроnе-S7 маркын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай төрлийн ах Т- намайг уулзъя гэртээ ганцаараа байна гэхээр нь би очсон. Тэгээд Т- ах бид хоёр нэг шил 0.5-тай “Хараа” гээд архи хувааж уусан. Тэгээд Т- ах дахиад нэг шил архи ууя гээд гадагшаа бид хоёр гарсан. Тэгээд “Ану” дэлгүүр рүү явж байсан чинь Тэвхэний урд талд гурван охин явж байхаар нь би “цаг хэд болж байна вэ” гэсэн чинь нэг охин нь утсаа гаргаж ирээд цаг хэлж өгөөд утсаа куртикныхээ баруун талын карманд хийхээр нь араас нь очоод би утсыг нь мэдэгдэлгүй суйлсан юм. Тэгэхэд Т- ах “Ану” руу яваад өгсөн байсан. Намайг утас суйлсан гэдгийг мэдээгүй. ...араас нөгөө охин гүйж ирээд утсаа авья гэхээр нь би утсыг нь өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.Х- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” дэлгүүрийн ойролцоо хохирогч А.Д-гийн Iроnе-S7 маркын гар утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 9 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” дэлгүүрийн ойролцоо шунахайн сэдэлтээр иргэн А.Д-гийн гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Н.Х-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Д-гийн: “Би гар утсаа буцаан авсан тул ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 14/ мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч Н.Х- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хөвсгөл аймгийн “Хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д хог ачилтын ажил хийлгүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн “Хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д хог ачилтын ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                                                            

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ