Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар ахлах прокурор Л.Отгончимэг,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шилжүүлсэн Э.Г-т холбогдох эрүүгийн 2038000000017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Г.

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах гэрийнхээ хашаан дотор эхнэр Э.Д-ын биед дух, зүүн бугалгыг хутгаар хатгаж, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах гэрийнхээ хашаан дотор эхнэр Э.Д-ын дух, зүүн бугалгыг хутгаар хатгаж, биед нь дух, зүүн бугалганд шарх, цээжинд нь зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны 16 цагийн үед Алаг-Эрдэнэ сумын Залуучуудын шинэ жилийн арга хэмжээнд нөхөр Э.Г-ийн хамт очиж оролцсон. Тухайн арга хэмжээ нь оройн 21 цагийн үед дуусаад арга хэмжээнд нэг ширээнд цуг суусан найз болох Б болон 4 найзынхаа хамтаар манай гэрт очиж суухаар болоод ...манай нөхөр Э.Г- над руу болон тэнд байсан хүмүүсийг үг хэлээр өдөж байснаа миний нүүр рүү цохиод авахаар нь манараад жаахан сууж байсан чинь над руу үг хэлээр дайраад байхаар нь гадаа гараад ...Э.Г- урдаас бүгдийг ална гээд хашгираад гараад ирсэн. Тэгснээ намайг харчихаад хөөе ханиа гэж дуудаад намайг барьж аваад түлхэж унагаад дээр гараад суучихсан ...миний хүзүү рүү халуун оргисон. Тэгэхээр нь би Э.Г-т хандан болиоч гээд зүүн гараас нь бариад авсан чинь зүүн гартаа хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би хутгыг нь салгаж аваад өөрийнхөө доогуур хийж байгаад хажуу тийш нь түлхсэн чинь Э.Г- газар уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Э.Г- ах эхнэртэйгээ муудалцаж байх шиг байсан. Тэгснээ гэнэт Э.Г- ах эхнэрээ алгадаад авсан. Тэгтэл эхнэр нь уурлаад куртикээ өмсөөд гараад явсан чинь Э.Г- ах уурлаад та нар ч гэсэн зайл гээд хөөсөн. ...би шууд Э.Г- ахынд очих гээд мотоцикльтой явж байтал Э.Г- ахын ажиллуулдаг колонкын тэнд Э.Д- эгч сууж байсан. Тэгэхээр нь би араараа суулгаад эмнэлэг рүү аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны 23 цагийн үед миний том охин Э.Д- залгаад ээжээ би Э.Г-т хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Д-ын гэрт нь очиход Э.Д- байхгүй нөхөр Э.Г- нь газар өвдөглөөд ор руугаа бөгтрөөд унтчихсан байсан. ...сумын эмнэлэгийн сувилагч Туяа над руу залгаад Э.Д- эмнэлэгт ирчихсэн байна гэхээр нь эмнэлэг рүү очсон. Миний охин Э.Д- эмнэлэгийн шалан дээр нүүр, гар зэргээс нь цус гарчихсан царай нь цонхийчихсон байдалтай байсан. Эмч, сувилагч нар боолт хийж оёдол тавиад орон дээр хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Цай уугаад гар гэхээр нь тэгье гээд орсон чинь Э.Г- 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво бүгдээрээ хувааж ууцгаасан... Тэгснээ эхнэр Э.Д-тайгаа хальт маргалдаж байсан нүүр рүү нь алгадсан чинь эхнэр нь гүйгээд гараад явсан. Тэгсэн чинь та нар зайлцгаа гээд хөөсөн. ...Нөхөр бид хоёр юу болов гэсэн чинь Э.Д- хутгалуулсан байна гэсэн. Тэгээд бид гурав эмнэлэг рүү явж ороод сувилагчид хэлээд боолт хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай: “1. Э.Д-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Э.Д-ын биед дух, зүүн бугалганд шарх, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 4. Э.Д-ын биед учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд нэг сэрсэн чинь сумын цагдаа Б намайг машинтай аймгийн төв рүү авч явж байна гэхээр нь юу болсон талаар цагдаагаас асуусан чинь намайг эхнэрээ хутгалсан гэж хэлсэн юм. Би тухайн үед яг ямар ааш зан гаргасан талаараа санахгүй байна. ...би архи уухаараа хурдан согтчихдог юм. Би урьд өмнө архи уугаад ухаан санаагаа алдаж байгаагүй. Тэр өдөр яагаад ч юм бэ согтоод тийм асуудал гаргасан байсан. Би маш их харамсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Э.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Э.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г-, хохирогч Э.Д- нар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “хохирогчтой эвлэрсэн, эмчилгээний зардал төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 60-61/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн “zepte” гэсэн бичиглэлтэй, 20 сантиметрийн урттай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн “zepte” гэсэн бичиглэлтэй, 20 сантиметрийн урттай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.      

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч Э.Г-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ