Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0011

 

 

 

 

 

 

  2019          12         24                                        2020/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Б.Бямбадагва /томилолтоор/,

Шүүгдэгч: С.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-өд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905046541386 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, 1982 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторьч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Б-нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “МД” караоке дотор М.О-толгойн тус газар вискиний шилээр цохиж зүүн хацар, чамархайд шарх, хүзүү, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-шүүх хуралдаанд: “...Би том машин барьдаг, найзууд машин дээр ирээд бид виски уусан. Тэгээд гадаа ууж байхаар тухтай газар орж ууя гээд Модны хоёрт караоке орсон. Би их согтуу байсан тул хохирогчтой яг юунаас болж маргалдаж, яаж цохисноо сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

            Хохирогч М.О-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Модны хоёрт байдаг МД караоке орсон. Тэнд орохдоо найз Хали гээд эмэгтэйтэй хамт байсан. ...нөгөө ахтай хамт явж байсан махлаг тарган залуу Валентайнсийн шил барьчихсан ирээд ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь цохилоо юу гээд асуухад нөгөө залуу намайг гартаа барьж байсан вискиний шилээр толгой орчим нэг удаа цохисон. Миний зүүн шанаа хажуугаараа урагдаж 26 оёдол тавиулсан. Нэг өндөр ах нь намайг алгадаад байсан боловч гэмтлийг нөгөө шилээр цохисон ах л учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөгөө хүнээсээ хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-38/,

            Гэрч А.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- болон хохирогч залуу нар маргалдаад эхэлсэн. Тэр хоёр хоорондоо зууралдаад авсан. Маргаан манай ширээний хажууд болоод хоорондоо цохилцож авсан. Тэгсэн чинь манай найз Б- бидний ширээн дээр байсан вискиний шилийг аваад ширээн дээр цохиж хагалаад толгой орчим нь цохиж байгаа харагдсан шил нь хагараад хүзүү хэсэг нь үлдсэн тэрүүгээр нь нөгөө залуугийн толгой орчим цохих шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

            Гэрч Ш.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө залуутай би муудалцаад байж байхад хажууд байсан нэг хүн нь намайг холдуулаад түлхсэн. Гэтэл надтай хамт явсан найз болох Б- намайг өмөөрөөд ширээн дээрээс шил аваад ширээ цохиж хагалаад нөгөө залууг хагархай хэсгээр нь цохиод авах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

            Шинжээчийн 14004 тоот дүгнэлтэд: “...М.О-биед зүүн хацар, чамархайд шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

            Яллагдагчаар С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш.А-, О-, Экүл бид хэд модны хоёрт байдаг МД гээд караоке орсон. Тэнд виски ууж байгаад хүмүүстэй маргаан болоод зодоон хийсэн юм байна лээ. Тухайн үед нилээн муудсан байсан бөгөөд манай найзтай маргаан хийгээд байсан нэг залууг гартаа байсан ууж байсан нэг вискиний шилээр толгой орчим нь цохиод авсан байсан. Нөгөө хохирогч гэх залуугаас уучлалт гуйгаад хохирол гомдлыг нь барагдуулсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хариуг нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг миний бие учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 47-49/,   

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-95/, хохирогчийн хүсэлт /хх-н 96/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч С.Б-нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “МД” караоке дотор М.О-толгойн тус газар вискиний шилээр цохиж зүүн хацар, чамархайд шарх, хүзүү, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Очир-Эрдэний: “...нөгөө ахтай хамт явж байсан махлаг тарган залуу Валентенисийн шил барьчихсан ирээд ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь цохилоо юу гээд асуухад нөгөө залуу намайг гартаа барьж байсан вискиний шилээр толгой орчим нэг удаа цохьсон. Миний зүүн шанаа хажуугаараа урагдаж 26 оёдол тавиулсан. Нэг өндөр ах нь намайг алгадаад байсан боловч гэмтлийг нөгөө шилээр цохьсон ах л учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-38/, гэрч А.О-ын: “...Б- болон хохирогч залуу нар маргалдаад эхэлсэн. Тэр хоёр хоорондоо зууралдаад авсан. Маргаан манай ширээний хажууд болоод хоорондоо цохилцож авсан. Тэгсэн чинь манай найз Б- бидний ширээн дээр байсан вискиний шилийг аваад ширээн дээр цохиж хагалаад толгой орчим нь цохиж байгаа харагдсан шил нь хагараад хүзүү хэсэг нь үлдсэн тэрүүгээр нь нөгөө залуугийн толгой орчим цохих шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/, гэрч Ш.А-ийн: “...нөгөө залуутай би муудалцаад байж байхад хажууд байсан нэг хүн нь намайг холдуулаад түлхсэн. Гэтэл надтай хамт явсан найз болох Б- намайг өмөөрөөд ширээн дээрээс шил аваад ширээ цохиж хагалаад нөгөө залууг хагархай хэсгээр нь цохиод авах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн 14004 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б-нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж түүний нүүр рүү вискиний шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 96/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР