| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/5788/И |
| Дугаар | 181/ШШ2016/01195 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2016/01195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянголын 46 гудамж, 02 тоотод оршин суух Гүн овогт Жигмэдийн Ж.Ц /РД:ЗЮ 44050171/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох
Нөхөн олговорт 12.911.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ж.Ж.Ц миний бие 2003 оноос эхлэн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд орж хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан юм. 1944 онд төрсөн одоо 72 настай жил бүр группээ сунгуулдаг. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу ажиллаж байсан албан байгууллага дампуурсан буюуу татан буугдсан тохиолдолд мэргэшлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар хариуцахаар заасан байдаг. Би 1968 онд Хөдөө Аж ахуйн дээд сургуулийн Зоотехникчийн ангийг төгсөөд Дундговь улмаар Дундговь аймаг дах Хөдөө Аж ахуйн нэгдэлд зоотехникч улмаар Дундговь аймаг дах Хөдөө аж ахуйн техникумд мэргэжилтэн багшаар ажилласан. Миний ажиллаж байсан албан байгууллагууд бүгд татан буугдсан. Намайг хариуцах албан байгууллага байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-т заахдаа хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байдаг. Би нөхөн төлбөрөө авах талаар Хүн, ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яаманд удаа дараа хандсан боловч мөнгө байхгүй, төсөвт суугаагүй гэсэн шалтгаанаар өдийг хүрлээ. Өөрийнхөө энэ асуудлаар Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороонд хандахар ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор нарт асуудлыг шийдүүлэхээр албан бичиг хүргүүлсэн байдаг. Монгол Улсын Хүний эрхийн комисс шүүхэд ханд гэсэн. Иймд Засгийн газраас 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 12.911.580 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн чадваараа 80 хувь алдсан гэдэгт маргах зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар Засгийн газар шууд хариуцна гэсэн үг биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасан хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст нөхөн төлбөр олгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу нөхөн төлбөр олгох талаар төсөвт тусгахаар саналаа хүргүүлсэн. Үүнийг Сангийн яам хянаад тухайн жилдээ олгосон байдаг. 2017 оны төсөвт суулгахыг ярилцаж байгаа, гэхдээ суусан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Тийм учраас энэ талаар тодорхой болгож байж энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Урьд нь тэтгэлэг авсан эсэх талаарх баримт хавтаст хэргээс олж хараагүй. Үүнийг судлая гэхээр энэ талаарх баримт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байгаа учраас би хэлж мэдэхгүй байна. Надад энэ талаарх баримт авах эрх байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Ж.Ц нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нөхөн олговорт 12.911.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ж.Ц нь хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү шаардаагүй бөгөөд 71 хувиас дээш хөдөлмөрийн чадвар алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг анх удаа шаардаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.Ж.Ц нь 1968 оноос1995 онд Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд зоотехникч, Дундговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд сум хариуцсан зохион байгуулагч, Гурван сайхан суманд зоотехникч, ерөнхий зоотехникч, Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд багш, Дэлгэрцогт суманд ерөнхий мал зүйч, Мандалговь хотын 2 дугаар цэцэрлэгт малчнаар ажилласан, анх 2003 оноос мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 хувиар, 2005 онд 70 хувиар, 2006 оноос 80 хувиар тогтоогдсон болох нь 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 оны даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нөхөн олговорт 12.911.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ж.Ж.Цын дундаж цалин 717.310 төгрөг болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4745 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “өмнө нь нөхөн олговор авч байгаагүй” гэх тайлбарыг, хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Иймд 717.310 төгрөгийг 18 сараар тооцож, нийт 12.911.580 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Цад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөрт 12.911.580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Цад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмждэгч Ж.Ж.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.535 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 221.535 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Цад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР