Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/01250

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.аСӨХ

 

Хариуцагч: Ц.А

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс 293.220 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оны 05 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Манай СӨХ-г ажиллуулсан атлаа дараа нь ажлаа хийсэнгүй гээд төлбөрөө өгөхгүй татгалзаад байгаа юм. Эднийх бол 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 8 дугаар сарыг дуустал СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж байгаа. Хууль бус зүйл явсаар байгаад Залуучууд 13 СӨХ нь 2015 оны 10 дугаар сараас тусгаарлаж өгөөч гээд түүний дагуу эрх шилжүүлсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эрх шилжүүлсэн. Гэтэл оршин суугчид бид нараас төлбөр давхардуулан авсан гэсэн. Бид үүнийг ойлгоод 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл айлуудаас тооцоогоо дуусгаж авах ёстой юм гээд ихэнх айлууд төлбөрөө төлсөн” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид СӨХ-ны дотоод асуудлыг мэдэхгүй. Бид СӨХ-ны мөнгийг тогтмол хугацаанд нь төлөөд явдаг. Байрны мөнгөө төлөх гэхээр СӨХ нь байхгүй болсон гэдэг. Нэг өдөр манай байранд хуралтай гээд очиход манайх шинэ СӨХ байгуулна гэсэн. Бид заасан хугацаанд нь төлбөрөө төлсөн. 2013 оны 6 дугаар сараас төлбөрөө төлсөн. Бид учираа олоогүй. Тэгэхээр СӨХ солигдсон, СӨХ хоорондын асуудлыг би мэдэхгүй. Эвлэрүүлэн зуучлахаас дуудсан мэдэгдэл манайд ирээгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.аСӨХ нь хариуцагч Ц.Ц.Ат холбогдох Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс 293.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.аСӨХ нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 17 дугаар байрыг хариуцан ажилладаг болох нь 88 дугаартай Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Ц.Аыг 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 293.220 төгрөг шаардаж байна.

 

Хариуцагч Ц.Ц.А нь манайх тогтмол СӨХ-ийн төлбөрийг төлж байсан, нэг хэсэг мөнгө авах СӨХ-гүй болсон тул хаана, хэнд төлөхийг оршин суугчид мэдэхгүй болсон ба Залуучууд 13 СӨХ-д төлбөрөө төлдөг, мөн Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…2012 оны 10 дугаар сараас эхлэн А.аСӨХ-ны данс устсан, биднийг үйл ажиллагаа явуулж байхад Залуучууд-13 СӨХ манайхыг булааж авсан” гэж тайлбарлаж байх ба 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлсийг хариуцагч төлж чадаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь 2013 оны 06 дугаар сараас эхлэн Залуучууд 13 СӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлсийг төлж байсан болох нь Төрийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлсийг нэг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх бөгөөд Залуучууд-13 СӨХ-д төлсөн төлбөрийг дахин А.аСӨХ-д төлөх үндэслэлгүй тул 2013 оны 6, 7, 8 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс 79.968 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзэх бөгөөд 2012 оны 10, 11, 12 дугаар сар, 2013 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс шаардах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Ц.Ц.Ат холбогдох Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс 293.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.аСӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц.Ат холбогдох Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хөлс 293.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.аСӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.447 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР