Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Л.Солонго,

Иргэдийн төлөөлөгч Ц.Сарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Х.Г,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүнчин овгийн Х. Г холбогдох 1929000000112 дугаартай нэг хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 06-07 шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, “Ханан даваа гэх газар байрлах иргэн М.Б гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу гуйлгачин гэж доромжилсон асуудлаас маргалдаж улмаар хутгаар аюулхайгаас хэвлийн баруун талаар умдаг хүртэл зүсэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би тэр өдөр гэртээ ганцаараа байж байгаад гэрт байсан шимийн архинаас 2 аяга архи уусан байсан. Тэгээд Х.Гыг ирсэний дараа 10.000 төгрөг өгөөд архинд явуулсан. Би яваагүй Ганбаатар ганцаараа яваад 0.75 л үйсэн бөглөөтэй саарал шилтэй архи авч ирсэн. Хаанаас авсанаа хэлээгүй аваад ирсэн архийг нь хуваагаад ууж байгаад би согтсон. Ямар ч байсан бүдэг санаанд бид 2 дуулаад сууж байсан. Тэгээд огт юу ч санахгүй байгаа юм нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...яг юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Намайг согтохоос өмнө дуулаад сууж байхад Х.Г би хүн алчихаад шоронд орж байна гэж 2 хоног зүүдэллээ. Хүн алмаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би битгий дэмий юм яриад бай, тэр санаагаа хая гэж хэлж байсан. Ер нь бол нуух юм алга, би архи уухаараа түрэмгий хэл амтай болдог нь үнэн. Тэрнээс болж муудалцсан байх гэж бодож байна. ” гэжээ. /хх-51-52/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би урьд шөнө гэртээ унтаж байхад манайхаас ойрхон 3 км-т байдаг Ц гэдэг эмээ хамтран амьдрагч Б. гэдэг хүнтэйгээ шөнийн 02 цагын үед манайд ирсэн. Тэгсэн чинь Б. намайг гэрээс дуудаж гаргаад манайд байдаг Х.Г гэдэг хүн би хүн алчихлаа гэж хэлээд зугтаагаад явчихлаа. Чи бид 2-той хамт Ханбогд сумын төв, орж цагдаа , эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Надад хэлэхдээ манайхаас хойш 5 орчим км-т байдаг М.Б гэдэг залууг алчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар Цагаан гуайн жижиг машинаар явсаар байгаад Ханбогд сум дээр ирж цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-53/,

Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манайд байдаг Ганбаатар сум руу явлаа гээд гэрээс гарсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад Ганбаатар ганцаараа мотоцикльтойгоо ирээд бензин өгөөдөх, явлаа би хүн алчихлаа гэхээр нь би айгаад өндийгөөд сууж байхад Ганбаатар 2-3 хоногийн өмнө авсан 15 литр бензиний үлдэгдэл 10 орчим литр бензинийг мотоцикльдоо хийж аваад гэр лүүгээ явлаа гээд Ханбогд хайрханы зүгт хошуу тойроод яваад өгсөн. Тэгээд манай малчин Б. бид хоёр босч ойрхон нутагладаг Б.Н руу машинаар очиж тэндээсээ Ханбогд сумын төв орж цагдаад мэдэгдсэн юм... Х.Г нь архи уусан үедээ ууртай догшин, давьтаргүй зантай хүн байгаа юм. Архи уугаагүй эрүүл саруул үедээ ажилд сайн тусархуу залуу байгаа юм...” гэжээ. /хх-54-56/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр би малд яваад орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манайд байдаг Х.Г би сум явна жаахан бензин өгчих гээд 2 литр бензин аваад ганцаараа өөрийн мотоциклиороо явсан. Тэгээд хөгшин бид 2 унтаж байхад шөнө 01 цаг өнгөрч байхад гэнэт хүрч ирээд гэрт ороод ирэхэд нь би гэрэл асаахад бензин өг би ээж аав дээрээ очиж үнсүүлчээд явна. Би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тогтож харахад Х.Г баруун гарын алга нь цус болсон харагдсан, Би цус харчихаад маш их сандарсан. Тэгээд Ганбаатар дээгүүрээ өмссөн байсан пудволк, оймсоо тайлж хаяад өөр улаан пудволк, шинэ цамц өмссөн. Би айгаад хараад л зогсоод байсан, хувцасаа тайлахдаа дотороо 4 хуруу хэрийн архитай 75 л Ерөөл архи гаргаж ирээд эргүүлээд өвөртөө хийгээд гарсан. Гэрээс гараад гэрийн баруун хаяанд байсан савтай бензин авч мотоцикльдоо хийгээд шууд урагшаа чиглэлтэй давхиад явчихсан. Х.Г бидэнд хэлэхдээ хүмүүс А гэж дууддаг М.Б ыг алчихлаа гэж хэлсэн. Манайхаас гараад урагшаа нэлээд явж байгаад мотоциклийх нь гэрэл унтарсан. Хэсэг байж байгаад цаашаа яваад далд орсон. Би далд ортол нь харж зогсож байгаад эргэж гэртээ орж ирээд хөгшиндөө хурдан хувцасаа өмс Намсрайд очиж хэлэе гээд хувцасаа өмсцгөөсөн. Тэгээд бид 2   очоод болсон зүйлийг хэлээд хамт сум явахыг гуйсан. Тэгээд хамт сум дээр шөнө 03 цагын үед ирж цагдаад дуудлаг өгсөн...” гэжээ. /хх-57-58/,

Гэрч Ц.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.10.06-нд хөдөө гэртээ нөхөр, ач хүүгийн хамт байж байгаад орой нар шингэсний дараа 16 цаг өнгөрч байхад сум дээр ирсэн. Манай нөхөр М.Б гэртээ ганцаараа үлдсэн. Би сум дээр ирээд 20 цаг 48 минутанд утсаар нөхөртэйгээ ярихад малаа хотлуулчихаад орж ирлээ гэж байсан. Тэгээд би унтаж амарсан. Тэгээд шөнө 05 цагийн үед байх цагдаагийн хүн над руу залгаад манай нөхрийг хутгалуулсан байна яаралтай эмнэлэг дээр оч гэж хэлсэн... Би тэр хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж бодогүй. Заримдаа зүгээр л байдаг. Заримдаа шорон орон яриад том том юм их ярина. Зүгээр байж байгаад хүн зодох юмсан. Зодчих хүн байна уу гэх зэрэг сонин сонин юм яриад байдаг хүн байгаа юм. Өмнө аваарт орж байсан гэж сонсож байсан. архи уухаараа их догшин болдог гэсэн...” гэжээ. /хх-59-61/,

Шүүгдэгч Х.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019.10.06-нд би Цагаан эгчийнд байж байгаад сум явах замаараа М.Б гэрээр ороход Б. гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг архи аваад ир гээд надад 10.000 төгрөг өгсөн. Би ганцаараа явж У гэдэг айлд очиж 1 шил 0.75 л архи авчирж Б. бид 2 хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж дуусгачихаад Б. бид 2 хамт миний мотоциклиор Дэмчогийн хийд орж тэндээс 0.75 л Ерөөл нэртэй архи аваад эргэж гэрт нь очиж уусан. Архи уугаад сууж байхад Б. намайг гуйлгачин гээд дээрэлхээд бид 2 муудалцсан. Муудалцаж байхад    түмпэнтэй махан дээр байсан хутга аваад чи намайг хутгалчих гэхээр нь би хутгыг нь аваад хажууд байсан сандал дээр дарж ишийг нь хугалсан. Тэгээд би иш нь хугархай хутгаар Б.ыг хутгалчихаад гэрээс нь гараад мотоциклио жолоодоод Цагаан эгчийнд очсон. Тэнд очоод Цагаан эгч, Б. нарт би Б.ыг хутгалчихлаа, яасан бол мэдэхгүй, та нар очоорой үхсэн ч байж магадгүй, би ямарч байсан ээж, аав дээрээ очиж үнсүүлчихээд ирье гэж хэлчихээд мотоцикльдоо бензин хийж аваад урагшаа явсан. Тэгээд Ханбогд хайрханы баруун талаар явж байгаад замдаа Б.тай хамт ууж байгаад дуусаагүй байсан архиа аваад гарсан байсныг Баяжихын агуйгаас урагшаа явж байгаад ганцаараа уусан. Тэгээд ууланд согтоод хэвтэж байгаад цагдаа нарт баригдсан...” гэжээ. /хх-105-106/,

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Б биед хэвлийн хана, сэмж, элэг, нарийн ба бүдүүн гэдэсний гялтанг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-69/,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5794 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 8,5 см шаргал эрээн хуванцар иштэй 17,3 см урттай хутга, улбар шар өнгийн дээлэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 8,5 см шаргал эрээн хуванцар иштэй 17,3 см урттай хутга, улбар шар өнгийн дээлэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Х.Гын баруун, зүүн гарын гэх 6 ширхэг арчдас, хар өнгийн бэлтгэлийн өмд, саравчтай улаан өнгийн малгай шар өнгийн хос гутал дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” гэжээ. /хх-70-71/,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4977 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...М.Б биед зүүн бугалганд жижиг сорви буюу зүсэгдсэн шарх гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэжээ. /хх-74-75/,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4977 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй болно...” гэжээ. /хх-74-75/,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэцийн дүгнэлтд: “Шинжлүүлэгч Х.Г нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч Х.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Х.Г нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-77-79/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1316 дугаартай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтэд: “Х.Г гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Х.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Г хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай. Х.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэжээ. /хх-82-84/

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Б биед зүүн бугалганд жижиг сорви буюу зүсэгдсэн шарх гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй ...” гэжээ. /хх-37/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-41/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-91/,

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-98/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-109/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-113/,

Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол /хх-115-124/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт /хх-128-130/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /132-157/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авсан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б өвчний түүх /хх-159-167/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Гын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. 

Шүүгдэгч Х.Гын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэж  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийн зүйлчлэлийн хувьд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Х.Гт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв.

Прокурор шүүгдэгчийг “онц харгис, хэрцгий аргаар” хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн ба хохирогчийн: “...ямар ч байсан бүдэг санаанд бид 2 дуулаад сууж байсан. Тэгээд огт юу ч санахгүй байгаа юм нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...яг юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...1 шил 0.75 литрийн архи авч ирж Б. бид 2 хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж дуусгачихаад Б. бид 2 хамт миний мотоциклиор Дэмчогийн хийд орж тэндээс 0.75 л Ерөөл нэртэй архи аваад эргэж гэрт нь очиж уусан. Архи уугаад сууж байхад Б. намайг гуйлгачин гээд дээрэлхээд бид 2 муудалцсан. Муудалцаж байхад Б. түмпэнтэй махан дээр байсан хутга аваад чи намайг хутгалчих гэхээр нь би хутгыг нь аваад хажууд байсан сандал дээр дарж ишийг нь хугалсан. Тэгээд би иш нь хугархай хутгаар Б.ыг хутгалчихаад гэрээс нь гараад мотоциклио жолоодоод Цагаан эгчийнд очсон...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд гэмтэл учруулсан, тухайн цаг хугацаанд хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас  шүүгдэгчийн үйлдлийн талаар  мэдээгүй байж болох  мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Хууль зүйн хувьд “Онц харгис хэрцгий арга” гэж хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд энэхүү шинж тогтоогдоогүй, хохирогчийн хувьд ч дээр тайлбарласан байдлаар зовж зүдэрч шаналсан талаар мэдүүлээгүй байдаг.

Түүнчлэн прокурор шүүгдэгч Х.Гыг хүнийг алахыг завдсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэхдээ: хохирогч М.Б, гэрч Б.Н, Ц.Ц, Н.Б нарын дараах мэдүүлгийг энэхүү гэмт хэрэгт нь холбогдуулан яллах талын нотлох баримт болгожээ. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б Одоо миний бие сайжирч байгаа. Нийт 29 оёдол тавиулсан, шарх эдгэж байгаа гомдолтой байгаа.. гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

Гэрч Б.Н:...Тэгсэн чинь Б. намайг гэрээс дуудаж гаргаад манайд байдаг Х.Г гэдэг хүн “би хүн алчихлаа” гэж хэлээд зугтаагаад явчихлаа. Чи бид 2-той хамт Ханбогд сумын төв орж цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-53/,

Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад Ганбаатар ганцаараа мотоцикльтойгоо ирээд бензин өгөөдөх, явлаа би хүн алчихлаа гэхээр нь би айгаад өндийгөөд сууж байхад Г 2-3 хоногийн өмнө авсан 15 литр бензиний үлдэгдэл 10 орчим литр бензинийг мотоцикльдоо хийж аваад гэр лүүгээ явлаа гээд Ханбогд хайрханы зүгт хошуу тойроод яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-54-56/,

Гэрч Н.Б “...Өчигдөр би малд яваад орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манайд байдаг Х.Г би сум явна жаахан бензин өгчих гээд 2 литр бензин аваад ганцаараа өөрийн мотоциклиороо явсан. Тэгээд хөгшин бид 2 унтаж байхад шөнө 01 цаг өнгөрч байхад гэнэт хүрч ирээд гэрт ороод ирэхэд нь би гэрэл асаахад бензин өг би ээж аав дээрээ очиж үнсүүлчээд явна. Би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тогтож харахад Х.Г баруун гарын алга нь цус болсон харагдсан. Би цус харчихаад маш их сандарсан... /хх-57-58/ гэх мэдүүлгүүдийг тус тус үндэслэсэн байх боловч эдгээр мэдүүлгүүд нь гэмт хэрэг төгссөнөөс хойшхи үйл явдал, үйл баримтыг гэрчлэн мэдүүлсэн,  шүүгдэгч Х.Г нь хохирогч М.Б эрүүл мэндэд хутга хэрэглэн хохирол, хор уршиг учруулсны дараа “Би хүн алчихлаа” гэж дээрх нэр бүхий гэрч нарт хэлсэн ба гэрч нар энэ талаар мэдүүлсэн байдаг.  

Иймд Прокурор гэмт хэрэг төгссөний дараах үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийж,  шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэв. 

Аливаа гэмт хэргийн зорилго нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн байхыг, гэмт хэргийн сэдэлт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч ашиг сонирхол эрэлт хэрэгцээ байхыг ойлгохоор тус тус эрүүгийн эрх зүйд тайлбарласан байдаг.

Шүүгдэгч Х.Г нь тухайн хэргийн нөхцөлд хохирогч М.Б ыг алах сэдэлт, санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй, архи согтууруулах ундааны зүйлийг хамтран хэрэглэж байх явцдаа хохирогч нь шүүгдэгчийг “гуйлгачин” гэж доромжилсноос улбаалан тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...хэвлийн хана, сэмж, элэг, нарийн ба бүдүүн гэдэсний гялтанг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсч, уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Харин “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор Эрүүгийн хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Х.Г хутга хэрэглэж хохирогч М.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-35/, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүгдэгч Х.Гын “...гэдэс чанасан түмпэн дээр байсан шар иштэй хутгыг аваад ишийг нь хуга дараад хохирогчийг хутгаар зүссэн...” гэсэн мэдүүлэг зэргээр  хүйтэн зэвсэг болох хутгыг  хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Гыг 2019 оны 10 дугаар сарын 06-07 шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, “Ханан даваа гэх газар байрлах иргэн М.Б гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу гуйлгачин гэж доромжилсон асуудлаас маргалдаж улмаар хутгаар аюулхайгаас хэвлийн баруун талаар умдаг хүртэл зүсэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх өөрчилж шүүгдэгч Х.Гын үйлдлийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсанд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүх төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 13 жил бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 12 жил хүртэл байхаар хуульчилжээ.

Шүүх завдсан гэмт хэргийг төгссөн гэмт хэрэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж байгаа боловч шүүгдэгчийн хувьд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэр гаргасан гэж дүгнэсэн болно.   

Шүүгдэгч Х.Г нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь  шүүх сэтгэцийн дүгнэлт /хх-77-79/, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1316 дугаартай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт /хх-82-84/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Г гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б“...Би тэр өдөр гэртээ ганцаараа байж байгаад гэрт байсан шимийн архинаас 2 аяга архи уусан байсан. Тэгээд Х.Гыг ирсэний дараа 10.000 төгрөг өгөөд архинд явуулсан. Би яваагүй Г ганцаараа яваад 0.75 л үйсэн бөглөөтэй саарал шилтэй архи авч ирсэн. Хаанаас авсанаа хэлээгүй аваад ирсэн архийг нь хуваагаад ууж байгаад би согтсон” гэх мэдүүлэг /хх-51-52/, шүүгдэгч Х.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2019.10.06-нд би Цагаан эгчийнд байж байгаад сум явах замаараа М.Б гэрээр ороход Б. гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг архи аваад ир гээд надад 10.000 төгрөг өгсөн. Би ганцаараа явж Улам-Ундрах гэдэг айлд очиж 1 шил 0.75 л-н архи авчирж Б. бид 2 хувааж уусан. Тэгээд тэр архиа у-уж дуусгачихаад Б. бид 2 хамт миний мотоциклиор Дэмчогийн хийд орж тэндээс 0.75 л Ерөөл нэртэй архи аваад эргэж гэрт нь очиж уусан...” гэх мэдүүлэг /хх-105-106/, шүүгдэгч Х.Гын 0.48 хувийн согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-200/ зэргээр тогтоогдож байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Х.Г нь 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт оршин суух, Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан зэрэг  болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт /хх-128-130/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-113/, Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-115-124/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-109/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч нь шүүгдэгчийг “гуйлгачин” гэж доромжилсны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бий болж байна гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч, иргэний нэхмжлэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээнд 1.097.460 төгрөгийн баримт /хх-190-191/-аар хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.Г нь хохирогч М.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Гыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Гыг шүүхээс зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Гын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4-т заасан хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэж үзэхээр байна. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, өндөр настай эхтэйгээ хамт байдаг, тархиндаа хүнд гэмтэл авч байсан, гүйцэт эдгэрээгүй зэрэг эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Х.Гыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Гын хохирол төлбөрөө төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хор уршгийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Гт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шудрага ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 92  хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иш нь хугарсан хутга, хутганы хугархай иш, шар өнгийн эрэгтэй хүний хагас түрийтэй гутал, улбар шар өнгийн дээл, хар өнгийн бэлтгэлийн эрэгтэй өмд, улаан өнгийн саравчтай малгай, гарын арчдас 2 ширхэг зэргийг  буцаан авах талаар оролцогч нар хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч М.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.        

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дүнчин овгийн  Х.Г үйлдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг өөрчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Дүнчин овгийн Х.Г  зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Гыг  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч Х.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

8. Хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Х.Г бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугарсан хутга, хутганы хугархай иш, улбар шар өнгийн дээл, хар өнгийн бэлтгэлийн эрэгтэй өмд, улаан өнгийн саравчтай малгай тус бүр нэг ширхэг, шар өнгийн эрэгтэй хүний хагас түрийтэй гутал 1 хос, гарын арчдас 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ДЭЛГЭРМАА

                ШҮҮГЧИД                                             П.ПАГМА     

                                                                                        Э.ОЮУН-ЭРДЭНЭ