Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/01242

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Гаалийн 12 айлын орон сууц, 12 тоотод оршин суух Зээгийнхэн овогт Таяын Даваажав /РД: ПЭ 66110118/-ын хүсэлттэй, 

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ Т.Даваажав нь Назу констракшн ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 5.968.441 төгрөг, зээлийн эргэн төлөлтийн зөрүүд 3.928.607 төгрөг нийт 9.897.048 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Назу констракшн ХХК нь шүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байсан тул тус шүүхийн шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр ажиллагаа хийгдсэн. Цагдаагийн байгууллагаас Назу констракшн ХХК  нь тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй тул албадан ирүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Иймд Т.Даваажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима миний бие нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Иймд Назу констракшн ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                          

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Назу констракшн ХХК /РД:5090193/-ийн оршин байх хаяг нь тодорхойгүй байх тул  эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч  нь Назу констракшн ХХК-тай  2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээг байгуулсан болох нь 5540 тоот зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Т.Даваажав нь Назу констракшн ХХК-д холбогдуулан 9.897.048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй байх тул нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн болохыг дурдав.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Назу констракшн ХХК /РД:5090193/-ийн оршин байрлах хаяг нь тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар  хорооны засаг даргын тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар  тогтоогдож байна.

 

Иймд Т.Даваажавын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Назу констракшн ХХК /РД:5090193/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Назу констракшн ХХК /РД:5090193/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Назу констракшн ХХК /РД:5090193/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах, түүний үйл ажиллагаа явуулж буй хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима /холбоо барих утас: 9986-2978/-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Даваажавын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.310 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн илүү төлсөн 103.110 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн Орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Т.Даваажавд олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                              С.ЭНХБАЯР