Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00831

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02739 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00261 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б

          Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 онд суурилуулалтын инженерээр ажилд орж, 2015 оны 1 дүгээр сараас ахлах ажилтан болсон. Хариуцагч 2017-01- 03-ны өдөр мэдэгдэх хуудас өгөхдөө маргаашаас ажлаа хийхгүй байж болно гэхээр нь тойрох хуудсаа зуруулж, 2017-01-09-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Мэдэгдэлд орон тоо цөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Манай Суурилуулалт үйлчилгээний хэлтэст орон нутагт ажиллаж буй хүмүүстэй нийлээд 24 хүн ажиллаж байсан бөгөөд үүнээс хэдийг нь яагаад цөөрүүлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч миний бие мэдэгдэлд заасан хугацаанд ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа учир ажил хүлээж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017-01-03-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар шийдэл суурилуулалтын хэлтэст 14 орон тоо гаргаж, 11 хүнийг шинээр ажилд авсан байна. Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний хэлтэст 15 орон тоо батлаад Э.Мөнхцэцэг, Д.Энхбат нарын 15 хүнийг хуучин ажилд нь үлдээсэн байна. Энэ бүхнээс үзэхэд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажилд томилох бүрэн боломжтой байсан. Ажлаас халсан тушаалыг 2017-02- 09-ний өдөр хүлээн авч 2017-03-09-ний өдөр шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд  хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзэж байна.  Суурилуулалтын ажлыг 2 хүн хийж байсныг 11 орон тоотой болгож өөрчилсөн, нийт 5 ахлах мэргэжилтэн байсныг 4 болгож өөрчилсөн байна. Иймд Б.Быг Техник дуудлагын хэсгийн, ахлах мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016-12-02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Борлуулалт, үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоог хасахаар шийдвэрлэсэн. Энэ талаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2017-01-03-ны өдөр Б.Бод мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэхүү мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж, хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно, мөн энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу Б.Бод 2017-01-  сард 1 274 818 төгрөг, 2 дугаар сард 260 043 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 948 000 төгрөгийг тус тус олгож зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017-02- 02-ны өдрийн Б-98 дугаар тушаал гарч  Б.Бтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017-01-03-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2017-02- 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Мөн тушаалаар түүний гүйцэтгэж байсан ажлыг 2017-02- 03-ны өдөр зохион байгуулахыг холбогдох албанд даалгасан. Б-98 тушаалыг нэхэмжлэгч 2017-02-09-ний өдөр хүлээн авч ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудаст гарын үсэг зурсан. Б.Б анх 2017-03- 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017-03-16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь 2017-06- 22-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасньг зөрчиж, гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэж байна. ТУЗ-ын 2016 оны 22-р тогтоолоор Скаймедиа корпораци ХХК-ийн  бүтэц зохион байгуулалтын  өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд борлуулалт үйлчилгээний газрын өрхийн бизнесийн албаны техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний 2 орон тоо хасагдсан. Энэ орон тоон дээр ажиллаж байсан Б.Б, Д.Энхбат хоёрын ажлын үзүүлэлтийг харьцуулан үзэж Д.Энхбатыг Техник тусламжийн хэсгийн ахлах инженерийн ажилд шилжүүлэн ажиллуулсан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.7-ийн 6.7.1.6-аас 6.7.1.24-д заасны дагуу бүх алхмуудыг хийж хамгийн сүүлд Ө.Жамбалсүрэн миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг, энэ журмын дагуу ажил явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02739 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн 1165105733 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00261 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02739 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Улсын Дээд шүүхийн Иргэний танхимаас  зөвлөмж гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-н 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна” гэж буруу дүгнэсэн байна. Цаашлаад уг хянавал хэсэгт “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017-02-02-ны өдрийн Б-98 дугаартай тушаалаар Б.Быг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэжээ. Ажил олгогч 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм.” гэж дүгнэсэн нь зөв мэт боловч анхан болон давж заалдах шатны шүүх 2017-01-03-нд Б.Бод өгсөн мэдэгдэх хуудаст орон тоо хасагдсан тул гэж бичсэн. 2017-02-02-ны өдрийн тушаалд Өрхийн бизнесийн алба татан буугдсан тул гэж хоёр өөр шалтгаан бичсэн байгааг огт анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байж, нотлох баримтыг   буруу дүгнэсэн.Мөн шүүх хуралдаанд Б.Бод 2017-01-03-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн, 2017-02-02-ны өдөр ажлаас халах тушаал гарсныг авсан гэж маргадаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2016-12-02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоог хасахаар шийдвэрлэсэн” гэх боловч Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоог хасах тухай ямар нэг шийдвэр тушаал үзүүлдэггүй, энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байдаг. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлахдаа “Энэ талаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р нэг  сарын өмнө 2017-01-03-ны өдөр Б.Бод мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэх боловч ажлаас халах тушаалыг 2017-02-02-ны өдөр гаргасан нь ажлаас халах тухай ажлаас халах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэнийг нотлох бөгөөд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх Улсын Дээд шүүхийн 2012-06-15-ны өдөр “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” нэртэй зөвлөмжид  40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халахдаа 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байна. Дээрх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүйгээр ажил олгогч Б.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Б.Б ажлаас буруу халсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсний дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг С ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Б 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Борлуулалт үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн, ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       С ХХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б-98 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолыг үндэслэн “...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Борлуулалт үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн, ахлах мэргэжилтэн ажлын байрны орон тоо хасагдсан...” гэж Б.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

      С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар тушаал гарч, уг тушаалаар нэхэмжлэгчийн ажил албан тушаалын ажлын байрны орон тоо хасагдсан нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байна.    

       Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгжид орон тоо хасагдсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. 

       Ажил олгогч нь Б.Быг “..орон тоо хасагдсан...” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

       Хоёр шатны шүүх Б.Бын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул  нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр ,магадлалыг хүчингүй  болгох үндэслэлгүй  байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02739 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00261 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ