Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн прокурорын дүгнэлттэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-д холбогдох,

       “Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 тоот прокурорын дүгнэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Прокурор П.У, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Прокурор Я.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Иргэн Д.Аюуш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст "...төрсний бүртгэл буруу бүртгэгдсэн" гэх өргөдөл гаргасныг хяналтын улсын байцаагч Д.П нь хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Зөрчил шалгасан материалыг хянахад иргэн Д.Аюуш нь хэний төрсөн бүртгэлийг буруу бүртгүүлсэн болох, уг зөрчлийг хэзээ гаргасныг шалгаж тогтоохгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулахгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар явуулж, зөрчил гаргасан этгээдэд эрх, үүргийн танилцуулсан, шийтгэврээр арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр прокурор байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлснийг хянахад энэхүү хууль бус зөрчлийг илрүүлсэн болно. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

      Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэнд иргэн Д.Аюуш нь уг зөрчлийг хэдийд гаргасныг шалгаж тогтоогоогүй, захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан байна гэжээ. Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Аюуш нь 2017 оны 06 дугаар сард аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төрсний бүртгэл буруу бүртгэгдсэн залруулж өгнө үү гэж хүсэлтийг ирүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2010-2012 онд иргэний шинэчилсэн бүртгэл явагдсан бөгөөд энэ хугацаанд иргэдийн бүртгэлийн зөрчлийг арилгасан билээ. Гэтэл иргэн Д.Аюуш нь уг зөрчлийг арилгуулах талаар санаа тавиагүй, иргэнийхээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөө хүлээн зөвшөөрснөөр уг асуудал Захиргааны хариуцлагын тухай хууль хэрэгжиж байсан хугацаанд үйлдэгдсэн учир тухай хуулийн 27-р зүйлийг үндэслэн 15000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Б.Батцэцэг нь уг асуудлыг 6 дугаар сард танилцуулж асуудлыг тайлбарлаж өгснөөр өөрийн буруугаа зөвшөөрч мөнгө тушаахаар яваад уг торгуулийн мөнгөө 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны 150000952 тоот дансанд тушааж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шийтгэврийн хуудас бичигдсэн тул Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш бичигдсэн гэж үзэж хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хуулийн заалтыг мөрдөж ажиллана” гэжээ.

       Прокурор П.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.П нь иргэн Д.Аюушийн гаргасан төрсний бүртгэл буруу бүртгэгдсэн гэх зөрчилд Захиргааны хариуцлагын тухай 27 дугаар зүйлд зааснаар шийтгэвэр ногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Д.Аюуш нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төрсний бүртгэл буруу бүртгэгдсэн гэх өргөдөл гаргасныг хяналтын улсын байцаагч Д.П нь хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 тоот шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгөөр шийтгэл ногдуулсан байна. Д.Аюуш нь хэний төрсний бүртгэлийг буруу бүртгүүлсэн болох, уг зөрчлийг хэзээ гаргасныг тогтоохгүйгээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар явуулж зөрчил гаргасан этгээдэд эрх, үүргийн танилцуулсан шийтгэврээр арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Д.П шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.Аюуш нь өөрийн төрсөн он сар өдрөө буруу бүртгүүлсэн байсан. Энэ талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраар шалгуулахад Д.Аюуш нь мөнгөө тушаачаад ирнэ гэж яваад алга болсон. Тухайн үед Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан үе тул Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэврийн хуудсыг бичсэн. Ер нь бол Зөрчлийн тухай хууль хэрэгжсэний дараа хуучин хуулиар  шийтгэл оногдуулсан нь буруу болсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д нь “Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар  прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Я.Д нь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн /Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны/  шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар  дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн ба прокурорын дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарч байгаа тул шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн болно.

       Шүүхээс прокурорын дүгнэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд прокурорын дүгнэлтийг баталж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 00000099 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

      Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Аюушийн  “...төрсний бүртгэлд буруу бүртгэгдснийг залруулж бүртгэж өгөх ”-ийг хүссэн өргөдлийг хүлээн авч хянаад  түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх” тухай журам зөрчиж “төрсний бүртгэлд буруу бүртгэгдсэн” гэх зөрчил гаргасан гэж  үзэн  захиргааны журам зөрчигчдөд арга хэмжээ авсан тухай зөрчлийн тэмдэглэл үйлдэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00000099 дугаартай шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Иргэн Д.Аюуш нь торгуулийн 15000 төгрөгийг тэр өдөр нь төрийн санд тушаасан байна.

     Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2- д зааснаар  иргэний бүртгэлийн ажилтан бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах, бүртгэлийг хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв хөтлөх үүрэгтэй.  Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар Хүүхдийн эцэг эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт, эцэг эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэхээр заажээ. Энэ хуулийн зохицуулалтааас үзэхэд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг иргэний бүртгэлийн ажилтан хөтөлдөг бөгөөд төрсний бүртгэл буруу болох нь тухайн бүртгэлийг хөтөлсөн ажилтны үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд “төрсний бүртгэлд буруу бүртгэгдсэн” гэх үндэслэлээр иргэнийг буруутгах  боломжгүй байна.

      Хариуцагч “... Монгол улсын хэмжээнд 2010-2012 онд иргэний шинэчилсэн бүртгэл явагдсан бөгөөд энэ хугацаанд иргэдийн бүртгэлийн зөрчлийг арилгасан. Гэтэл иргэн Д.Аюуш нь уг зөрчлийг арилгуулах талаар санаа тавиагүй...” гэсэн тайлбарыг гаргасан ба энэхүү тайлбарын утга агуулгаас үзэхэд иргэн Д.Аюуш нь иргэний шинэчилсэн бүртгэлд тогтоосон хугацаанд хамрагдаагүй юм байна гэж ойлгогдож байгаа бөгөөд харин уг  зөрчлийг хариуцагч хяналтын улсын байцаагч зөв  тодорхойлж тогтоогоогүй байна.

     2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ-аас Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсан ба энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт  энэ хууль хүчин төгөлдөр болох хугацааг “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэж тогтоожээ. 

      Хариуцагч хяналтын улсын байцаагч Д.П нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болон  шийтгэл оногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн  Зөрчлийн тухай  болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэхгүйгээр хүчингүй болсон  Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу болжээ. Энэ нь тухайн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

     Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан байх бөгөөд зөрчил гаргагч уг зөрчлийг хэзээ гаргасан, хууль тогтоомжийг хэрхэн яаж зөрчснийг болон шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож шийтгэл оногдуулах ёстойг цаашид анхаарч ажиллах шаардлагатай  байгааг тэмдэглэх нь нь зүйтэй гэж үзлээ. 

        Иймээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаар прокурорын дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1,2 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр прокурорын дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000000099 дугаартай хууль бус шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг  гаргуулан төрийн санд олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ