Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0969/З |
Дугаар | 221/МА2021/0047 |
Огноо | 2021-01-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2021/0047
Р.Б, Ш.О нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, түүний өмгөөлөгч Э.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 639 дүгээр шийдвэртэй, Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Р.Б, Ш.О нарын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд З.Х-г хамтран өмчлөгчөөс хасаж, Р.Б, Ш.О нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Г.Ш-ийн газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байдаг. Ийнхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөх боломжтой гэж үзэн, Ш.Т, З.Х нарыг гуравдагч этгээдээр оролцуулсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргасан.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тодруулан шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд хариуцагч нарт танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан.
3. Гуравдагч этгээдүүдийн хэргийн материал, нэхэмжлэлтэй танилцах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэлгүйгээр шүүгч өөрөө шийдвэрлэн, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж, хэргийн оролцогчдын нотлох болон үгүйсгэх тайлбарыг гаргах боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0639 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нараас “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, газар өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэгч нарыг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал нь хууль бус болохыг тогтоолгох, Г.Ш-ийн газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээж, З.Х-ийн газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлээс хасалт хийлгэх, Р.Б, Ш.О нарын хамтран дундаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн бүртгэлийг хийж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тус тус хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.
Анхан шүүхийн шийдвэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын “Р.Б, Ш.О нарын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхээс татгалзсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 04, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-2205003323 дугаартай бүртгэлд З.Х-г хамтран өмчлөгчөөс хасаж, Р.Б, Ш.О нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” гэсэн хэсгийг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагын “Г.Ш-ийн газар өмчлөлийн эрхийн бүртгэлийг сэргээх” хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-аас нь давж заалдах гомдолдоо дээр дурсан анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй, анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр маргажээ.
1. Гуравдагч этгээд З.Х-ээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.С, Б.Т нарт олгосон итгэмжлэлүүд[2], мөн гуравдагч этгээд Ш.Т-аас Ц.Ц олгосон итгэмжлэл[3]-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж гомдолд дурдсанаар үзэх үндэслэлгүй байна.
Учир нь эдгээр итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан олгож, гуравдагч этгээд З.Х, Ш.Т нар нь өөрийгөө төлөөлүүлэн шүүх хуралд оролцох, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх, төлөөлөн гарын үсэг зурах, нэхэмжлэгчийн хуульд заасан бүх эрхийг эдлэн, бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэх алба, улсын бүртгэлийн байгууллагад бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэгдэгч нартаа 3 жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн, итгэмжлэгч, итгэмжлэгдэгч талууд гарын үсэг зурсан, мөн нотариатаар баталгаажуулсан тамга, тэмдэгтэй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, олгосон он, сар, өдрийг заах, нотариатаар гэрчлүүлсэн байх, ямар маргаанд оролцохыг болон итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг шаардлагыг хангасан гэж үзэх нь үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[4], шүүхээс хэргийн оролцогч нарт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалыг танилцуулж, ийнхүү танилцуулсан баримт[5] үйлджээ.
Харин гуравдагч этгээд З.Хоролсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн өмгөөлөгч Э.О-ээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцах хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны үеэр судлагдах боломжтой, өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, тодруулсан шаардлагын хувьд гарын үсгийг зөвтгөж ирүүлснээр тухайн нэхэмжлэлийн агуулга өөрчлөгдөөгүй байх тул дахин гардуулах, тайлбар авах ажиллагаа хийх шаардлагагүй гэж шүүхээс үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн[6] нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан гуравдагч этгээдийн эрх, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад өмнө нь гардан авч, агуулга нь бүрэн судлагдсан нэхэмжлэлийн шаардлагыг танилцан, тайлбараа шүүх хуралдааны явцад гаргах боломжтой байсан, гуравдагч этгээд нь хэргийн материалтай урьдчилан танилцах үүрэгтэй байхад анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцуулаагүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Эдгээрээс дүгнэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гуравдагч этгээд талын нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцах, тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах эрхтэй талаар сануулж, татгалзал байгаа эсэхийг шүүх хуралдаанд оролцогч талуудаас асуусан, шүүх хуралдаанд оролцогчид татгалзал байхгүй гэж хариулжээ[7].
Харин гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс түүний нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаж, хариу тайлбар гаргах хүсэлтийг шүүх хуралдааны явцад шүүхээс шийдвэрлэсний дараа “давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулаагүй, танилцах шаардлагатай гэж үзэж шүүгчээс татгалзаж байна” гэсэн хүсэлтийг гаргажээ[8].
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад анхнаасаа шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй атлаа хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах хүсэлтийг шүүх хуралдааны явцад шүүгчээс шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан, тодруулбал, татгалзан гаргах хүсэлтийг шүүгчийн шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн өмгөөлөгч Э.О-ээс гаргасан үзэх үндэслэлтэй байна.
Иймээс шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг шүүгчийн шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан гаргахыг хуулиар хориглосон тул “шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлэлгүйгээр өөрөө шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн шүүгчийн шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, уг хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг орхин гарсан[9] нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийн оролцогчийн нотлох болон үгүйсгэх тайлбарыг гаргах боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.СА
[1] Хэргийн 2-р хавтас 136 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 225-226 дахь тал
[3] Хэргийн 2-р хавтас 105-106 дахь тал
[4] Хэргийн 2-р хавтас 135-136 дахь тал
[5] Хэргийн 2-р хавтас 138 дахь тал
[6] Хэргийн 2-р хавтас 141-142 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 140 дэх тал
[8] Хэргийн 2-р хавтас 142 дахь тал
[9] Хэргийн 2-р хавтас 143 дахь тал