Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 205

 

Е.Төлеугийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр магадлалтай, Е.Төлеугийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Е.Төлеу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1994 оноос эхлээд цагдаагийн байгууллагад ажиллахдаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажил үүргээ зохих хууль журмын дагуу гүйцэтгэж, үр бүтээлтэй тогтвор суурьшилтай, дэвшин томилогдож Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт ахлах хэрэг бүртгэгчээр томилогдон ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон тул холбогдох материалаа бүрдүүлж зохих журмын дагуу Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2б/4622 тоот албан бичгээр “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хугацааг хангахгүй байна” гэсэн хариу ирүүлсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Миний бие улсад ажилласан жил тогтоолгохоор Сум дундын 2 дугаар шүүхэд хандаж, 2014 оны 8 дугаар сард хүсэлт гаргаж байсан ба тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 498 тоот шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт /хуучин нэрээр/ 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын тасагт хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж улсад 17 жил, 4 сар, 16 хоног ажиллаж байсныг тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох учиртайг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд цагдаагийн байгууллагад тэтгэвэрт гаргах өргөдөл, гаргах хүртэл нарийвчлан тооцсоноор нийт 26 жил 6 сар ажиллаж байгаа тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажиллаж байсныг тогтоосон, тус байгууллагад нийт ажилласан 26 жил 6 сарын хугацаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авилгатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заасанд тооцогдож байгаа.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 8.1.1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 18 дугаар зүйлийн 18.1-д “цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасныг Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэж зааснаар тооцоход шаардлагыг хангасан.

Миний ажилласан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэж заасны дагуу олгох үүрэгтэй байхад өөрийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, надад хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж, олон жилийн турш хүч хөдөлмөр, амьдралынхаа цаг хугацааг зориулан ажилласан үр дүнг маань үгүйсгэж, өмнө нь хамт ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдын яг энэ үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэврийг хүсэлтээр нь тогтоож байсан атлаа миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй ялгамжтай хандаж цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна.

Дээрх хариуг ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан боловч надад 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “шүүхийн 498 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу таны ажиллаж байсан байдлыг тогтоосон боловч ажиллаж байсан хугацааг аль нэг байгууллагад даалгаагүй байх тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хугацааг хангахгүй, таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгохгүй байгаа “эс үйлдэхүйг” хууль бус болох нь нотлогдож байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг үндэслэн Цагдаагийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн дэд хурандаа Е.Төлеу нь Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрийн дагуу 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Цагдаагийн дээд сургуулийн цагдаагийн хуулийн дунд мэргэжлийн өдрийн ангид сонсогчоор , 1996 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс тус газарт жижүүрийн офицероор, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн хэлтэст хэв журмын ахлах байцаагчаар, 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн хэлтэст хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэв журмын тасгийн дарга, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хүний нөөц, сургалт хариуцсан дэд даргаар 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс мөн газарт ахлах хэрэг бүртгэгчээр, 2015 оны дугаар сарын 02-ны өдрөөс мөн газарт ахлах хэрэг бүртгэгчээр тус тус томилогдон ажилласнаас улсад буюу цагдаагийн байгууллагад 21 жил 4 сар 15 хоног, үүнээс нийтийн хэв журам хамгаалах албанд 17 жил 3 сар 23 хоног ажиллажээ.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Е.Төлеу нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын тасаг эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж улсад 17 жил, 4 сар, 16 хоног ажиллаж байсныг тогтоосугай” гэжээ.

Төрийн жинхэнэ алба хаагч буюу цагдаагийн алба хаагчийн ажил, албан тушаалын чиг үүргийн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт боловсруулах заавар”-ын дагуу тогтоодог. Мөн зааврын нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 14.1.1-д заасан ёсоор “Төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах” нийтлэг эрхийг төрийн жинхэнэ албан хаагч эдлэх бөгөөд...” гэж заасан нь ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээ хийх эрх зүйн орчныг тодорхойлж байгаа юм. Хоёрдугаар зүйлийн “Б.Чиг үүргийг тодорхойлох арга зүй” хэсэгт ажлын байрны зорилгыг тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны нэг гол зорилт /бүтээгдэхүүний анги/-ын агуулгатай уялдуулан томьёолно гэж тус тус заасан.

Цагдаагийн байгууллагын жижүүрийн офицерын ажлын байр нь тухайн байгууллагынхаа 24 цагийн томилгоот хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авах, байгууллага, алба хаагчдын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх, алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын дотоод дэг журмыг сахиулах, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл гэсэн орон тоо, ажлын байр нь нутаг дэвсгэр хариуцсан буюу аймгийн цагдаагийн байгууллагад байхгүй болно.

Аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт, архивын лавлагаа, томилолтын карт, Е.Төлеугийн 1996 оноос хийсэн ажлын тайлангаас үзэхэд тэрээр 2000-2013 он хүртэлх хугацаанд Цагдаагийн албаны тухай хуулийн 38.6 дахь хэсэгт заасан эргүүл, харуул, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үндсэн ажлын байранд ажиллаж байгаагүй бөгөөд энэ нь түүний алба хаасан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэмэгдүүлэн тооцож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй юм.

Цагдаагийн байгууллагын тухай хууль нь 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль /хүчингүй тооцсон/-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход түр саатуулах байранд харуул, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар тооцно", Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэж тус тус хуульчилсан.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалттай холбогдуулан түүнийг хэзээнээс дагаж мөрдөх хугацааг тус хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шиг “Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно” гэж тодорхой заагаагүй.

Энэ нь нэхэмжлэгч Е.Төлеугийн гаргасан нэхэмжлэлийн дагуу 1996-2013 оны хооронд нийтийн хэв журам хамгаалах албанд ажилласан хугацааг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан цагдаагийн байгууллагын зарим ажлын байрны онцлогийн дагуу нэг жилийг нэг жил гурван сараар тооцох нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийг зөрчихөөр байгаа ба Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 498 дугаар шийдвэр нь хуульд нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгч Е.Төлеу нь гаргасан нэхэмжлэлдээ “би эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлтээ 2015 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргад хандаж хүсэлт гаргасныг хүлээн авч холбогдох материалын хамт Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэсэн хариуг үндэслэн гэж үзнэ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгож, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэтгэмж авахаар зохих хууль, журамд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн хандсан тохиолдолд уг эрх нээлттэй гэж үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан ахлах офицерын алба хаах насны дээд хязгаар болох 50 насанд хүрсэн тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоолгох зохицуулалттай.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар Е.Төлеугийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дугаар зүйл 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Төлеугийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Е.Төлеугийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад ажилласан 17 жил, 4 сар, 16 хоногийн хугацааны 1 жилийг нь 1 жил 3 сараар тооцож цэргийн тэтгэвэрт гарах хүсэлтийг шийдвэрлэж, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 244 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Төлеугийн “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоон, тэтгэмж олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалын “Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил 3 сараар тооцно” гэж заасан нь дээрх албан тушаалд ажилласан хугацааг нэмж тооцох зохицуулалт бөгөөд Е.Төлеугийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл жижүүрийн офицероор ажилласан 4 жил 5 сарын хугацааг нэмэгдүүлж тооцох учиртай” гэх үндэслэлийн тухайд:

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр “шийдвэрийн үндэслэх хэсэгт, хүсэлт гаргагч Е.Төлеу нь дээрх албан тушаалуудад ажиллаж байх хугацаанд буюу 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын тасагт хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг 24 цагаар гүйцэтгэж, ажиллаж байсан нь доорх үйл баримтуудаар батлагдаж байна, ...эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэж байсныг тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох учиртайг дурдаж” гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл бол дээрх шүүхийн шийдвэрээр тогтоолгосон эргүүл, жижүүрээр ажилласан жилийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дахин гаргаагүй, яг аль хугацаанд нь би ажилласан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага биш ба уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийн дагуу тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгохгүй байгаа хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, зохих шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг хянан хэлэлцэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, зөв үнэлсэн, хуулийг зөв хэрэглэж, хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох оролцоог хангасан, хууль ёсны бүрэлдэхүүнээр, зохих журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг үндэслэл болгон гаргасан байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэж үзэж байна.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Миний бие Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын тасагт хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг 24 цагаар гүйцэтгэж, ажиллаж байсан. Тухайн үед томилогдсон тушаалууд байгаа боловч шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан жилүүдийг тогтоолгох шаардлагатай байгаа тул миний цагдаагийн байгууллагад эргүүл, жижүүр, ёс журмын эргүүл, харуулаар дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож, мөн Цагдаагийн албан тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийн хугацааг нэг жил 3 сараар тооцох учиртайг дурдаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг тус шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл иргэн Е.Төлеу гэдэг хүний Цагдаагийн байгууллагад нийт хэдэн жил ажилласныг тогтоогоогүй, харин яг эргүүл, жижүүр, харуулын албан тушаалд хэдэн жил ажилласан Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хамаарах эргүүл, харуул, жижүүрээр ажиллаж байсныг тогтоосон болохоос бус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэж байгаа шиг 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэв журмын ахлах байцаагч, хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан хугацааг 1 жил 3 сараар нэмэгдүүлэн тооцох боломжгүй гэдгийг тогтоогоогүй байхад өөр шүүхийн гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг нөгөө шүүх болон хэн боловч тухайн асуудлаар дахин маргах эрхгүй, тус шийдвэрээр нотлогдсон зүйлийг дахин нотлох үндэслэлгүй болохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус зааж зохицуулсан байхад хариуцагчаас дээрх заалтыг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон “эргүүл, жижүүр, харуулын ажлыг 24 цагаар хийж гүйцэтгэж байсан” үйл баримтын талаар маргасныг хүлээн авсан нь дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 2. “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн утгыг буруу тайлбарласан ба дурдаж шийдвэрлэсэн заалт нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй байхын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, гүйцэтгүүлэх арга, журмыг шийдвэрт заах зохицуулалт байхгүй” гэх үндэслэлийн тухайд:

Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр “Шүүхийн шийдвэрийн тухай”, “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байлгах, ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлэх, боловсруулалтыг сайжруулах, тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх явдлыг хангах зорилго” бүхий тогтоолыг баталсан байдаг ба тус тогтоолын 3.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагварыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохино” гэж зааснаас үзэхэд шүүхийн шийдвэр бол маш чухал эрх зүйн актын хувьд тогтоох хэсэг нь маш чухал, заавал биелэгдэх шинжтэй болохыг тодорхойлон зааж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, хууль зөрчсөн этгээдийн үйлдлийг зохих журмын дагуу шалгаж эцэслэн шийдвэрлэж, тухайн этгээдүүдэд зориулагдан заавал биелэгдэх шинжийг агуулан гарч буй эрх зүйн акт болохын хувьд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломж, биелүүлэх арга журмыг уг хэсэгт нарийн тусгах ёстой болохыг тогтоосон байна. Хуулийн үзэл баримтлал, зохицуулсан зүйл ч тийм агуулгатай байгаа болно.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх бүх үндэслэлийг зөрчиж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрээс болж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн дагнасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан эрх бүхий шүүх байж Иргэний журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хянах байдалтайгаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д ”тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана” гэсэн тусгайлсан зохицуулалтыг иргэний шүүх хэрэглэж шийдвэрээ гаргасан байхад хуульд ийм заалт байхгүй гэх байдлаар шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

А.Төлеу “...шүүхийн шийдвэрээр намайг эргүүл, жижүүрийн ажлыг гүйцэтгэж улсад  17 жил 4 сар 16 хоног ажиллаж байсныг тогтоож, ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох учиртайг дурдаж шийдвэрлэсэн байхад хугацаа хангаагүй гэж цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч А.Төлеу нь 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Цагдаагийн дээд сургуулийн цагдаагийн хуулийн дунд мэргэжлийн өдрийн ангид сонсогчоор элсэн суралцаж төгссөн, 1996 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст /хуучнаар/ жижүүрийн офицер, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хэв журмын ахлах байцаагч, 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэв журмын тасгийн дарга, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус аймаг дахь Цагдаагийн газарт хүний нөөц, сургалт хариуцсан дэд дарга, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс ахлах хэрэг бүртгэгч /орлогч/, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ахлах хэрэг бүртгэгчээр тус тус томилогдож ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тэрээр дээр дурдсан зарим албан тушаалуудыг эрхэлж байхдаа “эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг 24 цагаар гүйцэтгэж байсан” гэж, 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эргүүл, жижүүр, харуулаар ажилласан гэдгээ тогтоолгох, эргүүл, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох учиртайг шийдвэрт тусгуулах тухай шүүхэд хүсэлт гаргасныг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр “1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн офицер, жижүүрийн офицер, хэв журмын тасагт хэв журмын эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж улсад 17 жил, 4 сар 16 хоног ажиллаж байсныг тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох учиртайг дурдаж шийдвэрлэжээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 5-д заасны дагуу цагдаагийн офицер нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд 8 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй албан хаагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм.

Улсын Их Хурал 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” хэмээн зааж, эдгээр албан тушаалын цагдаагийн алба хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан байна.

Дээр дурдсан, нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр А.Төлеуг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эрхэлж байсан албан тушаалуудад ажиллахдаа “эргүүлийн офицер, жижүүрийн офицер, эргүүл, жижүүр хариуцсан офицер, ёс журмын эргүүл” зэрэг ажлуудыг гүйцэтгэж улсад 17 жил 4 сар 16 хоног ажиллаж байсныг тогтоосон байх бөгөөд харин уг хугацаанд ажилласан жилийг бүхэлдээ “эргүүл, жижүүр”-ээр буюу ийм албан тушаал, ажлын байранд ажилласан гэж тогтоогоогүй, уг үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр тушаалаар А.Төлеуг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст /хуучнаар/ жижүүрийн офицероор томилж, тэрээр уг албан тушаалд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан байдал нь “жижүүр”-ээр ажилласанд тооцогдох бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

Иймээс дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болох боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 498 дугаар шийдвэрээр А.Төлеугийн ажиллаж байсан байдлыг “эргүүл, жижүүр”-ээр 17 жил 4 сар 16 хоног ажилласан гэж тогтоогоогүй, нөгөө талаар “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон” уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй энэ хэргийн хариуцагчийн хувьд “тухайн үйл баримтын талаар” маргах эрх нээлттэй учир давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Төлеу нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн цагдаагийн хуулийн дунд мэргэжлийн ангид сонсогч, 1996 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 396 дугаар тушаалаар хэв журмын ахлах байцагч, 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 480 дугаар тушаалаар Хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаар тушаалаар Хэв журмын тасгийн дарга, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаар тушаалаар хүний нөөц, сургалт хариуцсан дэд дарга, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар ахлах хэрэг бүртгэгч /орлогч/, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ахлах хэрэг бүртгэгчээр томилогдон ажилласан байна.

Үүнээс үзвэл А.Төлеугийн цагдаагийн алба хаасан хугацаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан 25 жилээс доошгүй байх шаардлага хангаагүй учир цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох үндэслэлгүй гэж үзэж, түүний “тэтгэвэр”-т гарах хүсэлтийг уламжилсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2б/4622 дугаартай албан бичгээр “хариу” мэдэгдсэнийг буруутгах боломжгүй, “тэтгэвэр”-т гарах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх мөн газрын даргын хууль бус “эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна.

Дээрх байдалд үндэслэн А.Төлеугийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ        

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ