| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/5653/И |
| Дугаар | 181/ШШ2016/01248 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2016/01248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Эко” ХХК /РД: 2711532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Амно” ХХК
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 320.289.494 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Эко” ХХК нь хариуцагч “Амно” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх 01/20120920 тоот гэрээг байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч “Амно” ХХК нь нэхэмжлэгч “Эко” ХХК-ийн барьсан “Маршал” хотхоны хаус 1, хаус 3, хаус 4, хаус 6 дээрх 4 хаусны 1, 2, 3 давхар болон гараж, техникийн давхарын дотоод заслын ажлыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндер түвшинд иж бүрнээр нэг хаусын ажлыг 2 сарын дотор хийж гүйцэтгэн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор нэхэмжлэгч “Эко” ХХК-д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “Эко” ХХК нь тус гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч “Амно” ХХК-д нийт 160.000.000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээж хоёр талын эрх бүхий хүмүүс хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан.
Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Эко” ХХК нь гэрээт ажлын төлбөрт нийт 160.000.000 төгрөгийг /20.000.000 төгрөгийг бэлнээр, 140.000.000 төгрөгийн үнэ бүхий Toyota Lexus LX570 маркийн автомашин/ бүрэн төлсөн. Мөн нэхэмжлэгч “Эко” ХХК, “Амно” ХХК-ийн эрх бүхий хүмүүс МУ-ын Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т заасны дагуу хаус тус бүр дээр төсөв баталгаажуулж, баталсан төсвийн дагуу нэхэмжлэгч “Эко” ХХК нь хаус 1-ийн ажлын нийт 96.916.934 төгрөгийн батлагдсан тасвөөс 26.988.326 төгрөгийн материалыг, хаус-3 барилгын 110.511.346 төгрөгийн батлагдсан төсвөөс 6.072.100 төгрөгийн материалыг, хаус-4 барилгад 130.541.664 төгрөгийн батлагдсан төсвөөс 62.459.268 төгрөгийн материал нийт 95.519.694 төгрөгийн материалыг хариуцагч “Амно” ХХК-д хүлээлгэн өгсөн боловч хариуцагч “Амно” ХХК нь нэхэмжлэгч “Эко” ХХК-иас хүлээн авсан материалыг үр ашиггүй зарцуулж, барилгын норм дүрмийг зөрчиж, чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүй 2013 оны 6 дугаар сард барилгын ажлыг хаяж явж 01/20120920 тоот гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6/ дэх заалтыг ноцтой зөрчсөн.
Нэхэмжлэгч “Эко” ХХК нь хариуцагч “Амно” ХХК-тай байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1-д заасны дагуу ажлын төлбөрт бэлнээр 20.000.000 төгрөг, 140.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хаус 1, 3, 4-р барилгад дотоод засалд зориулж нийт 95.519.694 төгрөгийг нийт 255.519.694 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч “Амно” ХХК нь хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасан хаус 1, 3, 4 барилгын дотор заслын ажлыг барилгын норм, дүрмийг зөрчиж чанар, стандартын шаардлага хангахгүй ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүйгээр ажлыг хаяж яван “Эко" ХХК-иас хүлээн авсан 95.519.694 төгрөгийн материалыг үр ашиггүй зарцуулж нэхэмжлэгч “Эко” ХХК-ийг хохироож байна.
“Эко” ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч “Амно” ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч “Эко” ХХК-ийг хохироож байна.
Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээний 1.2-т заасан ажлыг хариуцагч “Амно” ХХК нь барилгын норм дүрмийг зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажил хийсэн, нэхэмжлэгч “Эко” ХХК-иас хүлээн авсан эхний ээлжийн материалыг үргүй зарцуулсан тул нэхэмжлэгч “Эко” ХХК-ийн зүгээс биеэр болон албан тоотоор хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 3.4, 3.5, 3.8, 4.2, 4.3, 4.8-д заасны дагуу чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажил болон хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг чанар, стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч “Амно” ХХК-ийн зүгээс мэдэгдэл тухай бүрт ажлын чанарыг сайжруулах амлалт өгдөг боловч шаардлагатай арга хэмжээг авалгүй хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, барилгын заслын ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгалгүй барилгын ажлыг 2013 оны 6 дугаар сард хаяж явсан тул арга буюу нэхэмжлэгч “Эко” ХХК нь хариуцагч “Амно” ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгаж, барилгын заслын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулсан.
Хариуцагч “Амно” ХХК-ийн хаус 1 дүгээр барилгын чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгахад 6.000.000 төгрөгийн зардал, хаус 4 дүгээр барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг нураахад 8.000.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд хариуцагч “Амно” ХХК барилгын засварын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй улмаас Хаус 1, Хаус 2 дугаар барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК- иар нураалгахад нийт 14.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэгч “Эко” ХХК-д учирсан. Хариуцагч “Амно” ХХК нь Хаус 1, Хаус 4 дүгээр барилгын заслын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч “Эко” ХХК-д 14.000.000 төгрөгийн хохирол учрахгүй байсан.
Нэхэмжлэгч “Эко” ХХК нь хариуцагч “Амно” ХХК-д барилын материал авахад нь зориулж бэлнээр өгсөн 50.769.800 төгрөг, хариуцагч “Амно” ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн Хаус 1, Хаус 2 дугаар барилгын заслын ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгахад 14.000.000 төгрөг нийт 64.769.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
“Эко” ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч “Амно” ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч “Эко” ХХК-ийг хохироож байна.
Иймд МУ-ын иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу хоёр талын байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч “Эко” ХХК татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160.000.000 төгрөг болон барилгын материалын төлбөр 95.519.694 төгрөг, барилгын материал авахад зориулж бэлнээр өгсөн 50.769.800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14.000.000 төгрөг нийт 320.289.494 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Амно” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2012 оны 9 дүгээр сард хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагууд "Эко" ХХК-ийн "Маршал" хотхоны 1,3,4,6 дугаар барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр бартерийн гэрээ байгуулан барилгын заслын ажлыг эхлүүлсэн. \уг гэрээний 1,2-т зааснаар хийх ажлуудыг тодорхой заасан болно./ Эдгээр барилгуудан хагас дутуу чанаргүй хийсэн гүйцэтгэлтэй байсан болно. Тус компани ажил эхэлсэн өдрөөс тус гэрээний 3.1 заалтыг зөрчиж ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөхгүй бас шаврын ажлууд дутуу, тэгш бус мөн сангийн ажлууд дутуу цахилгааны ажлууд огт хийгдээгүй байсан. Засал хийхтэй холбоотой бараа материал бэлэн биш байсан. Мөн ажлын зураг байхгүй.
Бид энэ байдлыг тус компаний Ерөнхий захирал болон талбайн инженер Ганчимэг нарт олон удаа хэлсэний эцэст өөрсдийн машинаар материалыг татахаар болж үндсэн материал болох хаалга, паркет, гипсэн хавтан, гипсэний төмөрүүд плитаг шатны маршны мод хашлаганы төмөрийг тус компанийн агуулахаас манай компани зардал гаргаж тээвэрлэн авсан гэвч эдгээр материалууд нь складанд олон жил болж чанараа алдсан хэмжээнүүд нь зөрөөтэй паркет нь сэнсэрсэн зэрэг шатны марш нь тарахгүй, хаалга хэмжээ зэрэг олон асуудал гарсан. Гэсэн хэдий боловч бид асуудлыг тухай бүрт мэдэгдэж ажлыг хүлээсэн үүргийн дагуу бүх бололцоотой байдлаар хийж байсан. Туслах материалыг өөрийн няравыг гарган зуун айлаас өөрсдийн унаагаар авчирч тооцоог баримтаар хааж байсан болно.
Мөн ажил гүйцэтгэл хийж байх явцад удаа дараалан ус алдах сан цахилгааны ажлаа дахин дахин хийсэн ажлуудыг эвдэн хийх зэрэг төвөгтэй байдлаас ажил хийх ямарч нөхцөлгүй болсоныг тус компани ерөнхий захирал С.Нямдаваад мэдэгдэж үлдсэн хөлсөнд гипсэний ажил хийхээр харилцан тохиролцож ажлыг 2013 оны 6 дугаар capд зогсоосон. Ажил зоссоны дараа бид удаа дараа санхүүтэй нь тооцоо нийлэх гэж явсан боловч хариуцах эзэн байхгүй бидний ажлыг сунжруулж байсан.
Гэвч бид хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер санхүүгийн ажилтнуудаар акт баримт үйлдүүлж авсан. Холбогдох баримтуудыг хавсаргасан болно. Иймд тус компани нэхэмжилж байгаа эдгээр материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй учир дахин энэ асуудалд нухацтай хандаж харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх байх гэдэгт найдаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Эко” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2012/0920 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийг “Амно” ХХК зөрчсөн гэж хариуцагчийг буруутган Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг үндэслэн гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээг цуцалж, гэрээний төлбөр болон гэрээний дагуу нийлүүлсэн материалын төлбөр, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохиролд нийт 320.289.494 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заажээ.
Тодруулбал, гэрээний аль нэг үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд ч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах зохицуулалттай байна.
“Эко” ХХК болон “Амно” ХХК-иудын байгуулсан 01/2012/0920 тоот гэрээний дагуу “Амно” ХХК нь “Маршал таун” хотхоны Хаус - 1,3,4,6 дугаар барилгуудад гэрээний 1.2-т заасан дотоод заслын ажлыг гэрээ байгуулагдсанаас хойш нийт 8 сарын хугацаанд буюу нэг хаусын ажилд 2 сарын хугацаа зарцуулан, “Эко” ХХК-аас нийлүүлсэн барилгын материалын дагуу гүйцэтгэх үүргийг хүлээсэн.
Харин “Эко” ХХК нь гэрээний 3.1-т зааснаар ажлын талбайд ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл, материалаар хангах үүргийг хүлээсэн атлаа ажил эхэлсэн өдрөөс л дээрх үүргээ биелүүлэхгүйгээр ажил гүйцэтгэх талбайг бэлдэж цэвэрлээгүй, дотоод заслын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай шаврын ажил дутуу, шаардлага хангаагүй, тэгш бус гадаргуутай, сантехникийн болон цахилгааны ажлууд огт хийгдээгүй, барилгын материалыг нийлүүлэхгүй хугацаа алдах, нийлүүлсэн хаалга, паркет гэх зэрэг материалаар нь заслын ажлыг гүйцэтгэхэд шаардлага хангахгүй байсан зэргээс шалтгаалан “Амно” ХХК-ийн гүйцэтгэх ажил хугацаа алдаж зогсох, удаашрах зэрэг нөхцөл байдал үүсч байсан.
Тухайлбал, гүйцэтгэгч нь тодорхой ажлыг гүйцэтгэж дууссаны дараа захиалагч нь сантехникийн шугамаа татахаа мартсан зэргээр хийсэн ажлыг буцаан нураалгаж, дахин хийлгэх, захиалагч байгууллагын хариуцах ажил болох сантехникийн шугамаас дахин дахин ус алдаж гүйцэтгэгчийн хийсэн ажлыг үр дүнгүй болгож байсан зэргээс гүйцэтгэгч нь нэг ажлыг дахин дахин хийж байсан бөгөөд энэ нь тухайн үед уг ажлыг хариуцан ажиллаж байсан бригадын ахлагч Д.Амгаланбаатар, мужаан Б.Мандахбаатар болон бусад ажилтнуудын тайлбар, тодорхойлолтоор тогтоогдоно. Дээр дурдсан захиалагчаас шалтгаалсан хүндрэлтэй нөхцөл байдлуудын улмаас үүрэг гүйцэтгэгч нь Хаус 1-ийн ажлын гүйцэтгэл 98%, Хаус 4-ийн ажлын гүйцэтгэл 50%, Хаус 3 нь 100%-ийн гүйцэтгэлтэй байхад захиалагчид хүлээлгэн өгөөд улмаар “Эко” ХХК-ийг төлөөлөн дээрх гэрээг байгуулсан тус компанийн ерөнхий захирал С.Нямдаваатай харилцан тохиролцож, энэхүү гэрээгээр гүйцэтгэх үүргийг тухайн үед нь зогсоож, Хаус 6 болон Хаус 4-ийн үлдсэн 50%-ийн ажлын хөлс буюу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 60.000.000 төгрөгийн үнийн дүнд нийцүүлэн гипсний ажил гүйцэтгэхээр амаар тохиролцсон.
Ийнхүү нэхэмжлэгч “Эко” ХХК-ийн Ерөнхий захирал С.Нямдаваа болон “Амно” ХХК-ийн захирал М.Гантулга нарын харилцан тохиролцсон нь тэдний харилцаж байсан мессежээр тогтоогдох бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтад заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт заасны дагуу өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна.
Түүнчлэн “Амно” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд барилгын материалыг худалдан авч, Маршал хотхоны Хаус-1, Хаус-4 байрны дотоод засалд хэрэглэж, уг барилгын материалтай холбоотой авлага, өглөгийн тооцоо хаасан нь “Эко” ХХК-ийн Санхүүгийн албаны Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, инженер Ж.Ганчимэгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогддог.
Энэхүү гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг нэхэмжлэгч “Эко” ХХК-ийн тухайн ажлыг хариуцаж байсан талбайн инженер Ж.Ганчимэг хүлээн авч, “Заслын ажлын хүлээлцэх хуудас”-аар нийт гүйцэтгэлийн чанарын хувь, үнэлгээг “+” буюу “сайн” гэж дүгнэж баталгаажуулсан нь нотлогдож байхад нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр Барилгын норм, дүрмийг зөрчиж, чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж, нэхэмжлэлд дурдсан нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үндэслэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ "... чанар стандартын шаардага хангахгүй байгаа заслын ажил болон дутуу орхисон ажлыг чанар стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байсан..., шаардлагатай арга хэмжээг авалгүй, барилгын ажлыг хаяж явсан” гэж байгаа боловч ажил гүйцэтгэж байх хугацаанд гүйцэтгэгчийн ажил шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж байгаагүй, харин ч захиалагчийн барилгын ажлын зураг байхгүй, засал хийхэд шаардлагатай шаврын болон сантехник, цахилгааны ажлууд нь дутуу байсан зэргийг тухай бүрт нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажлаа гүйцэтгэж байсан.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч “Эко” ХХК нь гэрээний 3.1-т “Захиалагч ажлын талбайд ажил гүйцэтгэхэд шаардагатай бүхий л нөхцөл, материалаар хангах үүрэгтэй”, 3.2-т “Захиалагч ажил гүйцэтгэх явцад өөрийн зүгээс гарсан санал хүсэлт, зураг төсөлтэй холбоотой өөрчлөлт зэргийг тухай бүрт тавьж шийдвэрлэх ба тухайн ажлын бүрэн гүйцэтгэлээс 24 цагийн дотор энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй” гэснийг болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3, 351.1.4-т заасан захиалагчийн үүргийг зөрчиж байсан атлаа “Амно” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч “Амно” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй, Хаус -1, 3 болон Хаус-4 ийн ажлыг харилцан тохиролцож, өмнөх үүргийг солих хүртэл зохих ёсоор чанарын шаардлагад нийцүүлэн барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзэж байна.
Ийнхүү талууд тухайн ажлыг зогсоож, гэрээний үнийн дүнгийн үлдэх хэсэгт “Амно” ХХК гипсний ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсоноос хойш “Эко” ХХК-ийн зүгээс “Амно” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй талаар бидэнд огт хандаж байгаагүй бөгөөд харин ч “Амно” ХХК-ийн зүгээс дээрх гэрээнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд өөр ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон тул энэ талаар тооцоо нийлэхээр үлдсэн төлбөрт хамаарах гипсний ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан. Мөн түүнчлэн үлдсэн үнийн дүнд нийцэхүйц гүйцэтгэх ажлын тооцоог нийлэхээр “Эко” ХХК-д хандаж байсан ч хариу өгөлгүй бидний ажлыг саатуулсаар өнөөдрийг хүрсэн.
Гэтэл “Эко” ХХК “Амно” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэж шүүхэд хандаж биднээс гэрээний үнийн дүн, барилгын материалын зардлыг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь заалтад “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй талаар хуульчилсан. Эко ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай учир ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Харин ажил гүйцэтгэх явцдаа “Амно” ХХК нь гэрээгээр үүрэг хүлээгээгүй боловч барилгын материалыг өөрсдөө худалдан авч, тээвэрлэн авчирч байсан шатахууны зардал, Маршал таун Хаус 3-т гэрээнд заагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэсэн зардал зэргийг “Эко” ХХК-аас нэхэмжлэхээр байна. Энэ талаар бид тусдаа нэхэмжлэл гаргана. Шинжээчийн дүгнэлтэд Амно ХХК нь ажлыг гүйцэтгэсэн талаар дурдсан байна.
Иймд нэхэмжпэгч “Эко” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Эко ХХК нь хариуцагч Амно ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, болон хохиролд 320.289.494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 01/20120920 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1.2-д “Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхон, Хаус 1,3,4,6 дугаар барилгад дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
ажлуудыг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэг хаусны ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Амно ХХК-ийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 160.000.000 төгрөг, барилгын материалын төлбөрт 95.519.694 төгрөг, барилгын материал авахад зориулж бэлнээр өгсөн 50.769.800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14.000.000 төгрөг, нийт 320.289.494 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээний дагуу бид хийсэн ажлуудаа үнэлүүлж, зохих инженер, санхүүгийн ажилтнаар акт үйлдүүлж авсан, материалын зардал, ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т “Талууд гэрээт ажлын нийт төлбөр 160.000.000 төгрөг байх бөгөөд .... бэлнээр 20.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөрт Тоёота Лексус LX 570 маркийн суудлын автомашиныг ... 140.000.000 төгрөгөөр тооцож, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцов” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь бэлнээр 20.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөрт Тоёота Лексус LX 570 маркийн суудлын автомашиныг хариуцагч Амно консракшн ХХК-д бүрэн хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, кассын орлогын ордер, бэлэн мөнгө хүссэн баримт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /нэгдүгээр ХХ-ийн 200-203 дугаар тал/
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хаус 1-д 26.988.326 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, хаус 3-д 6.072.100 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, хаус 4-д 62.459.268 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, нийт 95.519.694 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хариуцагч Амно ХХК нь хүлээн авсан болох нь Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2012 оны 10 дугаар сар /нэгдүгээр хх-ийн 82 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2012 оны 11 дүгээр сар /нэгдүгээр хх-ийн 83 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2012 оны 12 дугаар сар /нэгдүгээр хх-ийн 84 дэх тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2013 оны 1 дүгээр сар /нэгдүгээр хх-ийн 85 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2013 оны 2 дугаар сар /нэгдүгээр хх-ийн 86 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2013 оны 3 дугаар сар /нэгдүгээр хх-ийн 87 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2013 оны 4 дүгээр сар /нэгдүгээр хх-ийн 88 дахь тал/, Амно ХХК-ийн хүлээн авсан материалын жагсаалт 2013 оны 5 дугаар сар /нэгдүгээр хх-ийн 89 дэх тал/, Эко ХХК-ийн зарлагын баримт /нэгдүгээр хх-ийн 141-195 дах тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь 95.519.694 төгрөгийн үнэ бүхий барилыг материал авсан эсэх үйл баримт дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн барилгын материал худалдан авахад зориулж 50.769.800 төгрөг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын баримт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2, 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, гэрээний 1.2-д заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд захиалагчийн тавьж буй шаардлагын дагуу ажлыг чанар стандарт, барилгын норм, дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, мөн ажлын гүйцэтгэлийн үе шат бүрээр захиалагч талаар дүгнүүлэн, фото зургаар баримтжуулсан ил далд ажлын актыг гүйцэтгэлийн зургийн хамт захиалагч талын хяналтын комисст хүлээлгэн өгөх үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзлээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд ажлын үр дүнг гүйцэтгэгч тал захиалагчид хүлээлгэн өгснөөр ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд талууд барилгын засварын ажлыг гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэл, үр дүнг хэсэгчлэн хүлээлгэн өгөх талаар тохиролцоогүй, харин хариуцагч нь 1,3,4,6 дугаар барилгын заслын ажлыг чанар стандарт, барилгын норм, дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр хариуцагч Амно ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тодорхойлох зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32067 дугаар захирамжаар шинжээчээр “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийг томилжээ.
Шинжээч “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд “...Амно ХХК нь гэрээт ажлыг тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн байна., ...Газар дээр нь очиж үзэхэд “Амно” ХХК-ийн алдаатай, чанарын шаардлага хангаагүй ажлуудыг буулган өөрчилж, засварласан байна., ...Амьдардаг айлууд нь үзүүлэхийг зөвшөөрөхгүй байна...”, мөн “2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 01/20120920 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Амно” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын ажлын хувь хэмжээг тодорхойлох боломжтой эсэх гэсэн асуултуудад нэхэмжлэгч хариуцагч нар хийсэн ажлынхаа талаархи маргаанаас үнэн бодитой тайлбар авах боломжгүй эргэлзээтэй, газар дээр айлуудын өрөө тасалгаа бүрээр, ажил бүрээр хэмжилт хийх боломжгүй байсан тул шүүгчийн асуултад бүрэн хариулах, хийсэн ажлыг тоо хэмжээгээр нарийвчлан гаргаж хариулах боломжгүй байна” гэсэн дүгнэлтээс үзвэл хариуцагч Амно ХХК нь ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч нь өөрийн гүйцэтгэсэн ажлыг фото зургаар баримтжуулан, тодорхой гүйцэтгэл бүрийг захиалагчаар хянуулж үйлдсэн акт зэрэг баримтаар өөрийн ажлын гүйцэтгэлийг нотлох боломжтой байхад хариуцагч нь хаус 6-д ажил гүйцэтгээгүй, харин хаус 1,3,4 дүгээр барилгуудад ажлын гүйцэтгэлийн үе шат бүрээр захиалагч талаар дүгнүүлэн, фото зургаар баримтжуулсан ил далд ажлын акт, гүйцэтгэлийн фото зургийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн баримтыг үйлдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Энэхүү үйл баримтад талууд маргаагүй болно/.
Түүнчлэн барилгын ажлыг талбайн инженер Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсөн гэх боловч, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Ганчимэг нь “барилгын ажлыг би дангаараа хүлээн авах эрх хэмжээ байхгүй, мөн комисс хүлээн авдаг” гэх мэдүүлэг, Заслын ажил хүлээлцэх үнэлгээний хуудсанд гүйцэтгэгч, хяналтын инженер, ахлах инженер гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул заслын ажлыг хүлээлгэн өгсөн үнэлгээний хүчинтэй хуудас гэж үзэхгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн барилгын материал доголдолтой, дотоод заслын барилгын ажлыг гүйцэтгэх орчин нөхцөлөөр хангаагүй гэж маргах боловч албан бичгээр нэхэмжлэгчид хандаагүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагч Амно ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоосон байхад үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Эко ХХК нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн Тоёота Лексус LX 570 маркийн суудлын автомашиныг зарсан гэсэн” гэх тайлбар, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг автомашиныг бие байдлаар авах боломжгүй тул мөнгөөр шаардаж байна” гэх тайлбараас үзвэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д зааснаар бусдын өмчлөлд шилжүүлсэн үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Амно ХХК нь нэхэмжлэгч Эко ХХК-д Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхон, Хаус 1,3,4,6 дугаар барилгын дотоод заслын ажлыг хүлээлгэн өгөөгүй байх тул 306.289.494 төгрөгийг төлөх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж тус тус гэж заажээ.
Хариуцагч Амно ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой талаар нэхэмжлэгч нь удаа дараа мэдэгдэж байсан болох нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05/2012332 тоот мэдэгдэл, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/2013001 тоот мэдэгдэл, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04/2013-005 тоот мэдэгдэл, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04/2013-061 тоот мэдэгдэл, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/2013-113 тоот мэдэгдэл, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/2014-002 тоот мэдэгдлээр тогтоогдож байна. /нэгдүгээр хх-ийн 23-28 дахь тал/.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нэхэмжлэгчээс боломжит хугацаа олгосон боловч уг хугацаанд үр дүн гараагүй тул захиалагч уг доголдлыг арилгаж, бусдаар ажил гүйцэтгүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Олгонуудын ихэр охид” ХХК-тай байгуулсан хаус 1-д ажил гүйцэтгэх гэрээний 3.3.2-д “Амно” ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг засварлах зардал 6.000.000 төгрөг /хуучин ханын обой хуулах, гадаргууг цэвэрлэх, таазны обой хуулах, уналттай таазыг засах, буулгах/, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хаус 4-д ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэх гэрээний 3.7.2-д “Амно” ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг засварлах зардал 8.000.000 төгрөг /хуучин ханын обой хуулах, гадаргууг цэвэрлэх, таазны обой хуулах, уналттай таазыг засах, буулгах/ гэж заасан ба Амно ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг дахин засварлаж, барилгын дотор заслын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.
“Олгонуудын ихэр охид” ХХК-д нэхэмжлэгч нь 14.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Амно” ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгахад гарсан зардал нь нэхэмжлэгчид хариуцагч үүргээ биелүүлээгүйгээр учирсан хохирол гэж үзэх тул чанаргүй хийсэн ажлыг буулгахад гарсан зардал 14.000.000 төгрөгийн хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Амно ХХК-иас 320.289.494 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эко ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Амно ХХК-иас 320.289.494 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эко ХХК-д олгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20542 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.917.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Амно ХХК-иас 1.917.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эко ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР