Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

      2020       01         24                                     2020/ШЦТ/36

                         

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Г Б-д холбогдох эрүүгийн 1934000000539 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Г Б , 1964 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2 дугаар баг Цээл гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 64060372 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.Б-гийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Төмстэйн энгэр гэх газар малаа хариулаад, хутгаараа чөдрийн чагт зороод байж байтал Батцэнгэл мотоциклтой ирчхээд хонь хөөгөөд байсан. Тэгээд би гүйгээд очсон чинь гэрийн гадуур хонио хариуллаа гээд бид хоёр заамдалцаж авсан. Би тэр үед чөдрийн чагт зорж байсан жижиг тонгорогоо гартаа бариад очсон байсан бөгөөд гар луу нь хатгасан. Батцэнгэл бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Батцэнгэл бид хоёрын хувьд урьд нь өр авлага өс хонзонгийн асуудал байгаагүй. Гэхдээ малын бэлчээрээс болж муудалцаж байсан. Заамдалцаж байгаад зүүн гар байсан байхаа сайн санахгүй байна хатгасан. Би өдөр хонио хариулж байхдаа зүгээр байхаар чөдөр сур зүсдэг, тонгорог бол ер нь дурангийн гэрэнд зүүлттэй явдаг байсан. Намайг Батцэнгэл цохиж зодоогүй. Тэгээд би яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Н.Батцэнгэлийн өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хойд энгэрт Б гэх хүн манай чөдрийн морь болон тугалын өвс хамгаалах газарт хоньтойгоо орж ирээд идүүлээд байж байсан. Тэгэхээр нь би явж очоод заамдаж аваад хонио цааш нь ав пизда минь гээд хэлсэн. Тэгсэн гүйгээд ирэхээр нь би заамдаад авсан чинь гарны доороос цохиод байх шиг байсан. Тэгсэн миний гарнаас цус гарсан. Тэгээд чи намайг хутгалчлаа гэсэн чинь хохино гээд яваад өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр очиж 1 оёо тавиулсан. Б  бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Б  миний зүүн гарын шуун дороос хутгаар нэг удаа хатгасан. Бид хоёрыг муудалцахад өөр хүн байгаагүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б-г харин анзаараагүй. Бид хоёрт урьд өмнө өр авлага байхгүй харин өвөлжөө, хаваржаа малын бэлчээрээс болж муудалцаж байсан гэх мэдүүлэг /хх 8-13/,

 

Гэрч Б.Хандсүрэнгийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Батцэнгэл ханцуй дүүрэн цустай гэртээ ирсэн. Яасан гэж асуухад Батаа хутгаар дүрсэн л гэсэн. Тэгээд эмнэлэгт очиж оёоо тавиулсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед Батцэнгэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх 15/,   

 

Шинжээч эмч Б.Батчимэгийн өгсөн: Хохирогч Н.Батцэнгэлийн биед үүссэн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №829 дугаартай шинжээчийн дүгнэлт:” 1.2.Н.Батцэнгэлийн биед зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 17/,

 

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27/, яаралтай тусламжийн хуудас /хх 18/, хар өнгийн олон үйлдэлтэй хутгыг эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 37/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.  

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Б  нь хууль зүйн хувьд хохирогчийн чөдрийн морь болон тугалны өвс хамгаалах газарт хонио идүүллээ гэх шаардлагыг эсэргүүцэж “танхайн” сэдэлтээр, хохирогч Н.Батцэнгэлийн эрх чөлөөнд халдан хутгаар зүүн шууны орчим хатгаж эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б  нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг Их хөлийн ар гэх газар иргэн Н.Батцэнгэлийг малын бэлчээрээс болж маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "зүүн шууны шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 шүүгдэгч Г.Б -ийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Төмстэйн энгэр гэх газар малаа хариулаад, хутгаараа чөдрийн чагт зороод байж байтал Бат-Цэнгэл мотоциклтой ирчхээд хонь хөөгөөд байсан. Тэгээд би гүйгээд очсон чинь гэрийн гадуур хонио хариуллаа гээд бид хоёр заамдалцаж авсан. Би тэр үед чөдрийн чагт зорж байсан жижиг тонгоргоо гартаа бариад очсон байсан бөгөөд гар луу нь хатгасан гэх мэдүүлэг,

хохирогч Н.Батцэнгэлийн өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хойд энгэрт Б  гэх хүн манай чөдрийн морь болон тугалын өвс хамгаалах газарт хоньтойгоо орж ирээд идүүлээд байж байсан. Тэгэхээр нь би явж очоод заамдаж аваад хонио цааш нь ав пизда минь гээд хэлсэн. Тэгсэн гүйгээд ирэхээр нь би заамдаад авсан чинь гарны доороос цохиод байх шиг байсан. Тэгсэн миний гарнаас цус гарсан. Тэгээд чи намайг хутгалчлаа гэсэн чинь хохино гээд яваад өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр очиж 1 оёо тавиулсан. Б миний зүүн гарын шуун дороос хутгаар нэг удаа хатгасан. Бид хоёр өвөлжөө, хаваржаа малын бэлчээрээс болж муудалцаж байсан гэх мэдүүлэг /хх 8-13/,

гэрч Б.Хандсүрэнгийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Батцэнгэл ханцуй дүүрэн цустай гэртээ ирсэн. Яасан гэж асуухад Батаа хутгаар дүрсэн л гэсэн. Тэгээд эмнэлэгт очиж оёоо тавиулсан гэх мэдүүлэг /хх 15/,   

шинжээч эмч Б.Батчимэгийн өгсөн: Хохирогч Н.Батцэнгэлийн биед үүссэн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх 19-20/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №829 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Н.Батцэнгэлийн биед зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэжээ /хх 17/,

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, яаралтай тусламжийн хуудас /хх 18/, хар өнгийн олон үйлдэлтэй хутгыг эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 37/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч Н.Батцэнгэл нь эмчилгээний болон унааны зардалд нийт 319 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнтэй холбоотой баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг дэмжиж дүгнэлт гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934000000539 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олон үйлдэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Г Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олон үйлдэлт эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б-д буцаан олгосугай.

 

6.Хохирогч Н.Батцэнгэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн 1934000000539 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ