| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/0578/И |
| Дугаар | 181/ШШ2016/01271 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2016/01271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.СХХК
Хариуцагч: З.Тяаманд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.904.815 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн яамны захиалгаар бид дараах ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлсийг зам тээврийн яамнаас өгөөгүй байна.
Улаанбаатар - Мандалговь чиглэлийн замын ажлын хувьд 2009 онд хэсэг 1 /50+000 - 60+573/-ийн 10.5 км, хэсэг 2 /0+000 - 21 +500/-ийн 21.5 км буюу нийт 32 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 22.373.222 төгрөг,
Бага улаан даваа - Манхан чиглэлийн замын ажлын хувьд 2008 онд 25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 19.943.005 төгрөг,
Тэмээн хүзүү - Бага улаан даваа чиглэлийн замын ажлын хувьд 110.8 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43.588.588 төгрөг, нийт 85.904.815 төгрөг шаардаж байгаа.
Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.6-д заасны дагуу замыг ашиглалтад өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна, мөн дүрмийн 1.1-т замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэйг тус тус заасан байдаг.
Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг.
Энэ дагуу захиалагч Зам, тээврийн яамны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот, яамны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгүүдээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн. Үүний дагуу зохиогчийн хяналтын ажлыг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК хийж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 326/15 тоот, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 331/15 тоот албан бичгүүдээр Захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 283/14 тоот албан бичгээр зохиогчийн хяналтын гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулж өгөхийг хүсэж, тооцооны хамт хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл гэрээ байгуулагдаж, санхүүжилт олгогдоогүй байна.
Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын хэсэг-1 10.5 км, хэсэг-2 21.5 км буюу нийт 32 км улсын чанартай авто зам 2014 онд, Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 25 км улсын чанартай авто зам 2014 онд, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км улсын чанартай авто зам 2014 онд тус тус албан ёсоор ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан юм.
Иймээс дахин санхүүжилт хүсч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичиг явуулсан. Мэдээллээр Зам, тээврийн яамны 2015 оны 10 дугаар сарын 04/4309 тоот албан бичгээр Сангийн яаманд зохиогчийн хяналтын зардлын эрх нээлгүүлэх тухай хүргэгдсэн байдаг. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот болон 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичгүүдээр санхүүжилтийн тухай Захиалагчид хүргүүлсэн боловч, ямар нэгэн шийдвэр гарсангүй. Иймд бид сүүлд гэрээний төслийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 143/16 тоот, санхүүжилтийн тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр тус тус захиалагчид дахин хүргүүлээд байна.
Санхүүжилтийн тооцоо, нэхэмжлэлийг 2015 оны 11-рсарын 16-ны өдрийн 289/15 тоот, 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр олгогдохгүй байгаа болно.
Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харамсалтай нь захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй чирэгдүүлсээр байгаа тул бид арга буюу танай шүүхэд хандаж байгаа юм. Иймд 85.904.815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Улаанбаатар - Мандалговь чиглэлийн замын ажлын хувьд 2009 онд хэсэг 1 /50+000 - 60+573/-ийн 10.5 км, хэсэг 2 /0+000 - 21 +500/-ийн 21.5 км буюу нийт 32 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 22.373.222 төгрөг, Бага улаан даваа - Манхан чиглэлийн замын ажлын хувьд 2008 онд 25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 19.943.005 төгрөг, Тэмээн хүзүү - Бага улаан даваа чиглэлийн замын ажлын хувьд 110.8 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43.588.588 төгрөг, нийт 85.904.815 төгрөгийг тус яамнаас гаргуулах нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг өгч байна. Үүнд:
1. “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь нэхэмжлэлд дурдахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д “Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг” гэжээ.
Гэтэл “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн 2.1-т Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина”, 2.2-т зураг төсөл зохиогч нь 3 төрлийн хяналт тавихаар заасан, 2.3-т “Энэ дүрмийн 2.2-т заасан хяналт тавих хэлбэрийг зураг төсөл зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгчтэй тохиролцож гэрээгээр зохицуулна...”, 3.2.1-т “захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих гэсэн заалтууд болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн 1.9-т “..Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэлд дурдсан Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичиг нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргалын гарын үсэгтэй явсан байна. Энэ нь “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө” гэж зааснаар яамыг төлөөлөх эрх бүхий этгээд явуулаагүй болох нь нотлогдож, зохиогчийн хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Иймд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК болон Зам, тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь “Иргэний хууль’’-ийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хулээн авснаар” гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэжээ.
Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна
3. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 85.904.815 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн байна.
Иймд “Иргэний хууль”-ийн холбогдох заалтууд, “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн холбогдох заалт болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул “Эм Си Пи Си Жи Ар" ХХК-ийн шаардаж буй 85.904.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
НэхэмжлэгчЭ.СХХК нь хариуцагч Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.904.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Зам, тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 дугаар албан бичгээрЭ.СХХК-ийн захирал Ж.Батсайханд “Монголын Хурдны зам” ХХК, “Жэй Кэй Си” ХХК, “Шинжиан Жэнгун Житуа” ХХК-иудын түншлэлтэйгээр баригдсан 104 к.м хатуу хучилттай авто замын 70 км-т зураг зохиогчийн хяналт хийж дүгнэлтийг тус газарт яаралтай ирүүлнэ үү” гэж дурдсаны дагуу нэхэмжлэгч нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто замын хэсэг-I (ПК50+000~ПК60+573) болон хэсэг II (ПК0+000-ПК21+500)-ийн замын ажилд зохиогчийн хяналт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр зам тээврийн хяналт бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.
2. Зам, тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 дугаар албан бичгээрЭ.СХХК-ийн захирал Ж.Батсайханд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй багц -1 Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км (Бага улаан даваа- Уртын гол чиглэлийн 25 км)...хатуу хучилттай авто замын инженер геологийн дүгнэлтийг танай компани гаргасан байна. Дээрхи 4 багц авто замын инженерийн зургийг гүйцэтгэсэн БНСУ-ын “Гыкдонг” компанийг Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4.2-д заасны дагуу Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км (Бага улаан даваа- Уртын гол чиглэлийн 25 км)...хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулахаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж байсан боловч хуралд оролцоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргаж өгөөгүй болно. Иймд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4.6-т заасны дагуу уг авто замууд дээр зураг зохиогчийн хяналтын дүгнэлт гарган тус газарт яаралтай ирүүлж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэж дурдсаны дагуу нэхэмжлэгч нь Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замын (ПК0+000~ПК25+000) ажилд зохиогчийн хяналт хийж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 326/15 тоот албан бичгээр, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто замын ажилд зохиогчийн хяналт хийж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 331/15 тоот албан бичгээр тус тус зам тээврийн хяналт бүртгэлийн газарт хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто зам, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замуудын барилгын ажлыг эхнээс нь хяналт тавиагүй ба улсын комисс хүлээн авахад зориулж, зөвхөн зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлтийг хийжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахад ажлын хөлс 22.373.222 төгрөг, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахад ажлын хөлс 43.588.588 төгрөг, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахад ажлын хөлс 19.943.005 төгрөг, нийт 85.904.815 төгрөгийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас шаардаж байна.
Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь Барилгын тухай хууль болон бусад журамд зааснаар зохиогчийн хяналтын гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн ба Зам тээврийн яамны захиалгаар Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто зам, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замуудын зураг төслийн байгууллагын дүгнэлтийн ажлыг гүйцэтгэсэн болох нь Зам, тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 дугаар албан бичиг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 дугаар албан бичиг, гэрч Б.Жаргал, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Зам тээврийн хөгжлийн яаманд “Зам барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж ажлын гэрээ” байгуулах талаар удаа дараа мэдэгдэж, гэрээний төслийг хүргүүлж байсан болох нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 283/14 тоот албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 143/16 тоот албан бичиг, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн” гэж заажээ.
Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрийг тухайлан хуульчлаагүй тул аман болон бичгийн хэлбэртэй байж болно.
Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яаманд гэрээ байгуулах саналыг тавихад хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэв.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэж тус тус заажээ.
Хариуцагч гэрээний үнийг харилцан тохиролцоогүй гэж маргах боловч гэрээний үнийг тохиролцох боломжтой байхад гэрээ байгуулах саналд хариу өгөөгүй, талууд ажил гүйцэтгэх гэрээний үнийг тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үнийг 85.904.815 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч гэрээний үнийн тооцоолол дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч Зам, тээврийн яам /хуучин нэрээр/-аас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/4309 тоот албан бичигт “Зам, тээврийн яамны 900028307 тоот дансанд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай авто замын барилга угсралтын ажлын захиалагчийн хяналтын зардлуудыг төвлөрүүлдэг. Үүнээс Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замуудын зохиогчийн хяналтын зардал 92.002.088 төгрөгийг зарцуулах эрх нээж өгнө үү” гэж Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/6856 тоот албан бичигт “Зам, тээврийн яамнаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/4309 дугаар албан бичгээр ...Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замуудын зохиогчийн хяналтын зардалд 92.002.088 төгрөгийг зарцуулах эрх нээлгэх хүсэлтийг холбогдох материалуудын хамт ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу зохиогчийн хяналтын зардалд 92.002.088 төгрөгийн зарцуулах эрхийг Зам тээврийн яамны 900028307 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон болохыг үүргээр уламжилж байна” гэх албан бичгээс үзэхэд хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замуудын зохиогчийн хяналтын зардлыг хүлээн зөвшөөрч Сангийн яамнаас хяналтын зардалд 92.002.088 төгрөгийн зарцуулах эрхийг нээлгэсэн байна.
Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто зам, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замуудын зураг төслийн байгууллагын дүгнэлтийн ажлын үр дүнг хүлээн авсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5602 дугаар захирамжийн дагуу хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн баримт, гэрч Б.Жаргал, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн хөгжлийн яаманд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн хөгжлийн яаманд хийсэн үзлэг хийхэд Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замуудтай холбоотой материал тус яамны архивд байхгүй байсан ба холбогдох байгууллага замын барилгын ажлын улсын комиссын акт, бусад баримтыг хүлээлгэн өгөөгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйл /захиалагчийн үүрэг/-ийн 351.1.1-т “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасан ба хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 к.м авто зам, Тэмээн хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа- Манхан чиглэлийн 25 к.м авто замуудын зураг төслийн байгууллагын дүгнэлт буюу ажлын үр дүнг хүлээн авсан байх тул ажлын хөлсийг төлөх нь үүргийг хүлээнэ.
Иймд хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.904.815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчЭ.СХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.904.815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчЭ.СХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885.374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 885.374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчЭ.СХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР