Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 202

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бы Аэд холбогдох 1935004090216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 08-нд  Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 11-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Ц овогт Бы А /РД: ............................./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Б-ы “Мустанг-5” загварын мотоциклыг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөргүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн 921 тоотод байрлах хохирогч Д.Бы хашаанаас “Мустанг-5” загварын мотоциклыг зөвшөөргүйгээр авч явсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17-р тал/, Мотоцикльд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22-р тал/,

Хохирогч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баруунтуруун сум руу найранд явахдаа “Мустанг-5” загварын цэнхэр өнөгийн мотоциклийг гэрийнхаа хаяанд тавиад, түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан. Эхнэр, хүүхдийн хамт Баруутуруун явахад манай гэрт хүн байгаагүй. Манай охин өдөр хичээлээ тараад ирэхэд мотоцикль байсан гэсэн. Шөнө 00.00 цагийн үед гэртээ ирэхдээ мотоциклио анзаарч хараагүй бөгөөд хоноод өглөө босоод харахад мотоцикдь байгаагүй юм.  10 дугаар сарын 10-нд төрөл садангийн хүмүүс унаж явсан байх гэж хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдчихээд ажил дээрээ очоод мотоциклио алдсан талаараа хэлэхэд хамт ажиллаж байсан О гэдэг эмэгтэй “Манай нөхөр А таны мотоциклийг авч унаж байгаад А гэдэг айлын хашаанд үлдээсэн байна” гэж надад хэлсэн. Б.А миний мотоциклийг хааяа гуйж авч унадаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7-р тал/,

Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15.00 цагийн үед Аси буюу А ах цэнхэр өнгийн, мустанг-5 загварын мотоцикль уначихсан, согтуу ирээд хадам ээж Аийн гэрт ороод унтчихсан.  Удалгүй Батжаргал гэдэг жолооч Улаангом явна гээд Аийг аваад явсан. Мотоцикль нь манай хашаанд үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,  

Гэрч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14.00 цагийн үед ажил дээрээ байж байтал А ах цэнхэр өнгийн мустанг-5 мотоцикль уначихсан согтуу ирээд “Би танайд очиж жаахан унтмаар байна. Эхнэртээ хэлээд өгөөч” гэхээр “Та очоод унтаж амар” гэж хэлээд гэр лүүгээ явуулсан. Би орой гэртээ ирэхэд А ах унаж явсан мотоциклио манай гэрийн гална үлдээгээд Улаангом явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Зүүнговь сумын Соёлын төвийн барилга дээр ажиллаж байгаад  2019 оны 10 дугаар сарын 08-ны шөнө хүмүүстэй архи ууж хоносон юм. Өглөө эхнэр бага хүүхэд халаарч хонолоо гэж хэлэхээр нь би Улаангом явахаар унаа хайгаад олдохгүй болохоор Д.Б ахаас мотоциклийг нь гуйж авч унаа хайхаар гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй болохоор гар утас нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд гэрийнхэн гадна байсан мотоциклийн кондукторын утсын нь холбож асаагаад унаж Зүүнговь сумын төвөөр явж Улаангом явах машин хайж яваад “Ундрага” ШТС дээр очиход С.Г ээлжтэй байсантай уулзаад “Ах нь танайд очиж жаахан унтаж байгаад Улаангом явмаар байна” гэхэд “Та очоод унтаж амар” гэхээр гараад тэндээс хөдлөөд гудамжаар машин хараад явж байтал Улаан өнгийн машин Улаангом явна гээд зогсож байхаар нь жолоочтой нь  уулзаад “Намайг А эгчийн гэрээс ирээд аваад яваарай” гэж хэлчихээд А эгчийн гэрт очиж унтсан. Тэндээ унтаж байтал улаан машинтай Батжаргал гэдэг жолооч намайг ирж аваад Улаангом явсан. Д.Б ахын мотоциклийг унаж аваад А эгчийн гэртээ үлдээсэн гэдгээ хэлж амжаагүй юм. Хэдийгээр урьд нь авч унөдөг байсан ч гэсэн тэр өдөр зөвшөөрөлгүйгээр авч унаж явсан нь миний буруу. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Бы Автотээврийн хэрэгсэл болох “мустанг-5” загварын мотоциклийг Улаангом явах унаа хайх зорилгоор өөрөөр хэлбэл завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь нотлогдож байна.

            Шүүгдэгч Б.Аийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хохирогч Д.Бы “мустанг-5” загварын мотоцикль  нь 623.00 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ий 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/199 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр тогтоогджээ.    

            Шүүгдэгч Б.А нь бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нь нотлогдож байгаа тул түүнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугүийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үаасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд хохирлыг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.    

Шүүгдэгч Б.А урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгч Б.Аийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Бийн өгсөн: “Миний дүү Б.А төлөв даруу сайхан зантай, бүрэг ичимхий. Хүнд тусархаг хүн юм. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/, Гэрч Б.Бийн өгсөн: “Б.А даруу төлөв зантай. Архи хааяа хэрэглэдэг. Хүн бүхэнтэй хамаагүй юм яриад байдаггүй даруухан залуу” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Аэд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.     

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц овогт Бы Аийг Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан  хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ