| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/1194/И |
| Дугаар | 181/ШШ2016/01311 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/01311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Л
Хариуцагч: “Н”
1.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.И.Л нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №03/40 тоот Зуучлалын гэрээг Нью Войс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.И.Лтай байгуулж, зуучлагч тал болох Нью Войс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.И.Л нь гэрээнд заасны дагуу Австрали улсад хэлний бэлтгэлд зуучилж өгөхөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан бөгөөд миний бие уг гэрээг хүлээсэн үүргээ биелүүлж зуучлалын хөлс, сургалтын төлбөрийн урьдчилгаанд 1.200.000 төгрөгийг бэлнээр тушаасан болно. Гэрээний дагуу элчин сайдын яаманд бичиг баримтыг зуучлагч тал бүрдүүлж өгөх ёстой байсан бөгөөд зуучлагчийн буруугаас болж виз гараагүй. Энэ хугацаанаас хойш төлбөрөө буцааж авахыг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл нэг ч төлбөрийг төлөөгүй байна. Иймд Нью Войс ХХК-иас зуучлалын төлбөр болон сургалтын төлбөрийн урьдчилгаан төлсөн 1.200.000 төгрөг, өмгөөллийн хөлс 100.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээрээ Австрали улсын хэд хэдэн сургуульд хандсан. Тэр сургуулиас И.Лд апликейшны дагуу урилга ирсэн. Сургалтын төлбөрийг төлөх юм бол урилга явуулах болно гэсэн хариу өгсөн. Э.И.Л өөрөө сургалтын төлбөрөө өөрөө хариуцна гэсэн гэрээний заалтыг биелүүлсэн бол урилга ирэх байсан боловч тэр үүргээ биелүүлээгүй. Холбогдох баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй. Энэ бол өөрийнх нь шууд буруутай үйл ажиллагаанаас болсон. Бид өөрсдийн үйлчилгээгээ үзүүлсэн. Бид сургалтын төлбөр гэж авдаггүй, үйлчилгээний хураамж гэдэг авдаг. Э.И.Л үйлчилгээ авсан учраас төлбөрөө төлөх ёстой. Үүнтэй холбоотой өмгөөллийн хөлсийг хариуцахгүй. Нэхэмжлэгч сурах хүсэл эрмэлзэл байгаад төлбөрөө төлсөний дараа баталгаат урилга ирдэг. Түүний дараа элчингийн ажил байгаа. Гэрээний 4.5-д тодорхой заасан байгаа. Үйлчлүүлэгчийн буруутай болон эрх бүхий байгууллагаас болж урилга ирэхгүй байх шалтгаан байдаг. Тийм учраас бид өөр улсад үнэ төлбөргүй зуулчлах үйлчилгээ үзүүлдэг. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зуучлалын гэрээний зохицуулалт байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн ашиг сонирхолын дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний 4.3-т зааснаар суралцагч сургалттай холбоотой зардлаа өөраа хариуцана гэсэн үүргээ биелүүлээгүй. Зуулчлалын хөлс үзүүлсэн зардлыг нөхөн төлөх үүрэггүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байна. Тийм учраас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Зуулчлалын үлчилгээг явуулахад нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс болсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Э.И.Л нь хариуцагч Н ХХК-д холбогдуулж зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.200.000 төгрөг, өмгөөллийн зардалд 100.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 03/04 дугаартай Зуучлалын гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1-д зааснаар Австрали Улсын аль нэг сургуульд зуучлахаар харилцан тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн зуучлалын гэрээний хөлс 1.200.000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй тул гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон, бид дахин үнэ төлбөргүйгээр өөр сургуульд зуучлах боломжтой гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.6-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зуучлах даалгавар өгсөн өдөр гэж ойлгох ба нэхэмжлэгч нь уг өдрөөс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн мөнгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Зуучлалын үйлчилгээ гэж Суралцагчийн сонгосон /их сургууль, коллежи, курс, бага сургуульд/-д түүнийг суралцуулах талаар тухайн байгууллагатай харилцах, холбоо тогтоох тухайн их сургуулийн оршин байгаа элчин сайдын яаманд тус улсад зорчих эрх олгох мэдүүлэг, анкет бөглөх дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх, орчуулах, суралцагчид зөвөлгөө өгөх зэрэг зуучлагчаас явуулж буй үйл ажиллагаа гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь Зуучлалын гэрээний 4.1-т заасны дагуу 600 ам доллар буюу 1.200.000 төгрөгийг хариуцагчид бүрэн шийлжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Зуучлалын гэрээний 4.1-т зааснаар үйлчилгээний бүртгэлийн хураамж төлбөрт доорх үйлчилгээ орно. Үүнд: Тухайн оюутны талаар сугууль болон бусад хөтөлбөрийн талаарх судалгаа явуулах, Баталгаат урилга авах, Бичиг баримт бүрдүүдэх, Баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, Элчингийн анкет бөглөх, Гадаад гуйвуулга хийх, Байр, онгоцноос тосож авах үйлчилгээ захиалах, Гэр бүлийн болон хамаатан саднаа урьж, аялуулахад визний материал бүрдүүдэхэд мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгөх гэх зэрэг ажлыг хариуцагч нь бүрэн гүйцэтгэх үүрэгтэй байна.
Зуучлалын ажиллагаа нь зуучлалын төлбөрийг төлснөөр эхэлж, гадаадын суралцах сургуулийн суралцах баримт бичгийг бүрдүүлж өгснөөр дуусгавар болох ба хариуцагч нь нэхэмжлэгчийн баримт бичгийг баталгаат орчуулгаар орчуулснаас өөр ажил гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Австрали улсын Абилити их сургуульд суралцагчийн сургах талаар зуучилсан гэх боловч Абилити сургуулийн элсэлтийн хуудас, бэлэн болон татварын нэхэмжлэх хүлээн авагч, курст суралцах хүсэлтийг хүлээн авсан талаар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь, түүнчлэн нэхэмжлэгчийн элсэлтийн хуудсыг 2016 онд үйлдсэн, уг элсэлтийн хуудсанд Э.И.Л гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Австрали Улсын Абилити сургуульд суралцах талаар мэдээгүй, зөвшилцөөгүй” гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид олон сургууль судалж, санал болгосон, нэхэмжлэгчтэй зөвшилцөж Абилити сургуулийг сонгосон талаар баримт үйлдээгүй байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг эс зөвшөөрч байгаа татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагчийн зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Н ХХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр Н.Тэрбишийг авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Н.Тэрбишд 100.000 төгрөг төлсөн ба өмгөөлөгчид төлсөн мөнгийг хохирол гэж хариуцагчаас шаарджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба хуулиар олгосон боломжийг ашигласны төлөө бусдаас хохирол гэж өмгөөллийн хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалттай ба өмгөөлөгчид төлсөн зардал нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй.
Иймд хариуцагч Н ХХК-иас 1.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.И.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК-иас 1.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.И.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 33.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.И.Лд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР