| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0001/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 03
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Бгийн Тд холбогдох 1935004020249 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховдын тулга ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Бгийн Т /РД:............................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт нийтийн эзэмшлийн цахилгаан, холбооны тусгай зориулалтын хэрэгслийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Тыг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгсэлийг устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгслийг устгасан, гэмтээсэн байна.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгслийг устгасан гэмтээсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 01-02-ны шилжих шөнө Ховд аймгаас Увс аймаг руу явж байсан том оврын чирэгч тээврийн хэрэгсэл экскаватор тээвэрлэж яваад Өлгий сумын төвөөр манай компани тавьсан замаар явж байгаад суурин утасны дамжуулах кабель утсыг ачиж явсан экскаваторын дээд талд тээгэлдэн татагдахад замын хажуу талын зам дагуу цуваа гэрэлтүүлгийн 2 ширхэг төмөр шонг татаж унагаасан байсан. Унасан 2 ширхэг төөр гэрэлтүүлэг шон нь газарт боож тогтоосон сууриныхаа дээд талаараа хугарч унасан байсан. Тухайн гэрэлтүүлгийн шон нь дээд талд үзүүр хэсэгтээ нарны зайн хураагуур бүхий нарны цэнхэр өнгийн самбартай, түүний доод талд цагаан өнгийн цагийн хуваарьтай асдаг мэдрэгч бүхий гэрэлтэй байдаг юм. Нэг гэрэлтүүлгийн шонгийн нарны тэжээл хураах нарны самбар нь хагарч бутарч унасан байсан, мэдрэгчтэй гэрэл нь мөн адил сууриараа хугарч унасан байсан. Харин нөгөө гэрэлтүүлгийн төмөр шон нь газарт унасан байх боловч нарны самбар мэдрэгчтэй гэрэлтүүлэг зэрэг нь гаднаас харахад гэмтсэн зүйл байхгүй байсан ба дотроо яаж гэмтсэн талаар мэдэхгүй байна. Энэ замын гэрэлтүүлгийн шон нь хамгийн сүүлийн үеийн замын гэрэлтүүлэгт ашиглагдаж байгаа нарны зайн хураагууртай, цагийн хувиараар буюу шөнийн цагаар мэдэрч асдаг лед гэрэлтэй нийт урт нь 9 метрийн урттай, нарны зайн самбартай шон байгаа юм. Нэг ширхэг шон нь лед гэрэл, нарны самбар, зайн хураагуур зэрэг бүх зүйлтэйгээ нийлээд 1 сая төгрөгийн үнэтэй байдаг юм. Тухайн замын гэрэлтүүлгийн 2 ширхэг төмөр шонг унагааж, нарны зайн хураагуур бүхий самбар, гэрэл зургийг эвдсэн том автомашины жолооч Б.Т гэх залуу манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулсан. Тухайн гэрэлтүүлгийн шонгийн турбаг гагнаж будаж янзлаад, эвдэрсэн хагарсан зүйлсийг шинээр сольж тавьж өгч босгон суурилуулж янзалж өгсөн. Одоо надаас болон манай байгууллагын зүгээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 35-р талд/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Өлгий сум дахь салбарын эрхлэгч ажилтай. Өлгий сумын суурин утасны шугам сүлжээ болон, миком, мобиком, юнител, ХХК-ийн шугам сүлжээг хариуцан ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Өлгий сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаад танай суурин утасны холбооны шон унаж дамжуулах кабелийн утас тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд би уг хэрэг болсон газарт ирэхэд Өлгий сумын төвөөр шинээр тавигдсан цементэн зам дээр том оврын автомашин дээрээ гар өнгийн экскаватор аччихсан зогсож байсан ба зам дээр хар өнгийн суурин утасны хуучин дамжуулах кабелийн утас болон замын хажуу талд гэрэлтүүлгийн 2 ширхэг төмөр шон унасан байсан. Мөн суурин утасны дамжуулах кабелийн цементэн хөлтэй модон нийт 9 ширхэг шон унасан байсан. Тухайн 9 ширхэг модон шонгууд бол гэр хороолол дунд байдаг юм, айл өрхүүд рүү суурин утасны дамжуулах шугамынутасыг оруулах зориулалттай байсан. Тухайн цементэн хөлтэй модон унасан шонгуудын 2 ширхэг шонгийн цементэн хөл нь хугарсан байсан ба бусад нь газраас сугарч унасан байсан. Тухайн дамжуулах шугамын хар өнгийн кабель нь дотроо давхар нарийн төмөр троссон утастай байдаг юм. Холбооны байрнаас Өлгий сумын ар талын гэр хорооллын чиглэлд явдаг шугамын суурин утасны дамжуулах хар өнгийн кабель цементэн зам дээр тасарсан байсан. Манай холбооны байр болон тоног төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Орон нутгийн айл өрхүүд гэртээ суурин утастай байхад энэ дамжуулах кабелийг ашигладаг байсан юм. Одоо гар утас хөгжөөд бүх хүмүүс гар утас ашиглаад суурин утас ашиглахаа больсон. Тэр суурин утасны дамжуулах кабель болон суурин утсыг ашиглахаа больсон. Яг үнэндээ хэдэн төгрөгийн хохирол гарсныг мэдэхгүй байна. Ямарч байсан шонгийн 2 ширхэг цементэн хөл хугарсан, нэг ширхэг нь 30.000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Суурин утасны дамжуулах ATS загварын кабелийн утас тасарсан байсан. Тэр тасарсан кабелийн утасны хохирол гэх зүйл байхгүй. Би уг хэрэг болсон талаар байгууллагынхаа дарга болон инженертэй танилцуулахад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн шон унагааж кабель тасалсан хүн манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р талд/,
Гэрч К.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн шөнө их шуургатай байсан ба маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 02-ны өглөө суурин утасны дамжуулах кабелийн утас тасарч 8-9 ширхэг бетонцементэн хөлтэй модон шонгууд унасан байсан. Сумын төвд шинээр тавигдсан замын төгсгөлд Увс аймаг руу явдаг чиглэлд нэг том ачааны автомашин дээрээ шар өнгийн экскаватор аччихсан зогсож байсан. Тэр зогсож байсан ачааны авто машины ар талд зам дагуу замын хажуу талын гэрэлтүүлгийн 2 ширхэг шинээр хийгдсэн төмөр шон бас унасан байсан. Тухайн суурин утасны дамжуулах кабель болон шон нь манай Эрчим хүчний байгууллагад хамааралгүй учраас би оролцоогүй, зүгээр очиж хараад л явсан. Манай суманд байдаг гэр хороолол болон байгууллага хооронд явдаг модон шон хар өнгийн кабель нь Увс аймгийн “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн өмч юм. Манай “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өмч болохоор модон шон байхгүй, цахилгаан дамжуулах утас нь сиб кабель утас дамжуулах шонгууд нь бүгд бетонцементэн шонгууд байдаг юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,
Гэрч Ц.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “Ховд аймгийн “Тулга” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр амар гэрээ хийж Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв рүү экскаватор ачуулсан вм. Би “Тулга” ХХК-ийн жолооч хэн гэдэг хүн байсныг сайн санахгүй байна. би өөрөө тухайн тээврийг хэрэгслийг дагаад явж байсан юм. Би тээвэрлүүлсэн техник хэрэгслийн бүрэн бүтэн хүлээн авсан. Миний ачуулсан тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,
Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тээврийн хэрэгслийг Б.Т нь жолоодоод 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв рүү Экскаватор ачаад явсан юм. Тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Т нь Мянгад суманд төрж, өссөн. Зан байдлын хувьд даруу, төлөв, олон нийттэй нийлэг харилцаатай. Элдэв муу зуршил гаргаад байдаггүй залуу байгаа. Б.Тын эхнэр Золзаяа нь бас манай Мянгад сумын гаралтай хүн байгаа юм. Б.Т нь Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургууль төгссөн хамт олон, найз нөхдийн дотроо нэр хүндтэй байдаг. ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
Гэрч У.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Т нь 2007 онд арван жилийн сургуулиа төгссөн, 2007-2008 онд Улаанбаатар хотын 013 дугаар цэргийн ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан гэж надад хэлсэн, хувь хүний хувьд ямар нэгэн илүү дутуу зан байхгүй төлөв даруухан энгийн залуу байгаа юм. Бид хоёр хамтарч тээврийн хэрэгсэл жолоодоод тээвэрт явж байсан бөгөөд ажилсаг, хүнд их тусархуу, цайлган зантай, ямар нэгэн муу зуршилгүй хүн байгаа юм аа. ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,
Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 10 дугаар 01-ний өдөр Ховд аймагт Тулга ХХК-ийн ажлын байран дээрээ байж байтал манай захирал над руу утсаар яриад чи өөрийнхөө жолооддог “Потон” загварын 97-48 ХОА улсын дугаартай техник ачиж тээвэрлэдэг автомашинаа жолоодоод Б гэдэг хүн нэг экскаватор ачуулж Увс аймагт оруулах юм байна тэрнийг нь ачиж хүргэж өгчхөөд ир гэсэн. Тэгээд байж байтал нэг хүн утсаар яриад би Б гэдэг хүн байна танай захиралд хэлсэн нэг экскаватор ачуулна гээд над дээр ирсэн. Би тэгээд машинаа асаагаад Ховд аймгийн Жаргалант сум Бичигт багийн нутаг Сот гэх газар нэг айлын хашаа дотроос шар өнгийн экскаватор машин дээрээ ачсан. Тухайн айлд очих замыг уг Б гэдэг хүн жижиг машинтай миний урд талд яваад би араас дагаад очсон юм. Тэгээд 16 цагийн үед Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд явсан. Тэгээд 22 цагийн үед байхаа Увс аймгийн Өлгий сумын төврүү ороод бетонцементэн зам дээгүүр явж байсан ба тухайн зам дуусах гэж байтал замын талын гэрэлтүүлгийн шон машины толинд харахад газарт унаж харагдахаар нь би юу болчихвоо гэж бодоод машинаа зогсоогоод буугаад харахад ачиж явсан экскаваторын дээд кабин /бүхээгний/оройд хар өнгийн кабелийн утас татагдаад замын хажуу талын 2 ширхэг гэрэлтүүлгийн төмөр шонг татаж унагаагаад, тухайн хар өнгийн кабель дамжуулж байсан 9 ширхэг модон шон бас унасан байсан. Тухайн үед харанхуй их хүйтэн шуургатай шөнө байсан болохоор би холбооны кабелийн хар утас миний тээвэрлэж явсан экскаваторын бүхээгэнд тээгэлдэн татагдсаныг мэдээгүй ээ. Жолоодож явсан автомашинаа зогсоогоод бууж ирээд л мэдсэн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай компаний захирал Ц.Мийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг Ц.М захиралтай Тулга ХХК-д ажилладаг юм. Тухайн автомашин дотор би ганцаараа жолоодож явсан, дотор хүн сууж байгаагүй. Миний жолоодож явсан автомашин болон тээвэрлэж явсан экскаватор ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй.Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ойролцоогоор 20 орчим км цагийн хурдтай явж байсан. Би Өлгий сумын холбооны модон шон унагаасан, суурин утасны дамжуулах кабелийн утас тасалсан замын хажуу талын хоёр ширхэг гэрэлтүүлэг унагааж гэмтээсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн хохирогч Л.Н надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй гэж хэлсэн. Мөн гэрэлтүүлгийн 2 ширхэг төмөр шонг гагнаж будаж янзлаад хагарсан нарны самбар болон гэрэлтүүлэг, цагийн мэдрэгчийг нь БНХАУ-ын Эрээн хотоос хүнээр авахуулж сольж тавьж суурилуулж өгсөн. Одоо тухайн замын гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байгаа. Би хохирлыг бүрэн барагдуулсан. Ямар нэгэн санал гомдол хүсэлт байхгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Өлгий сумын төвд байрлах суурин утасны шугамын кабелийн эзэмшигч нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК байна. Иймээс уг шугамын кабелийг төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг агаарын шугамын шилэн кабелийг нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэж үзнэ.
Увс аймгийн Өлгий сумын төвийн суурин утасны кабелийн хариуцдаг “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийг хохирогчоор тогтоож, уг компаниас томилогдсон Л.Ныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Өлгий сумын төвийн бетонцементэн зам нь Ховд аймгийн төвийг Увс аймгийн төвтэй холбосон замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.
Авто замын гэрэлтүүлэг нь тухайн авто замын бүрдэл хэсэг тул Увс аймгийн Өлгий сумын төвийн бетонцементэн замын гэрэлтүүлэг нь тухайн улсын чанартай замын бүрэлдэхүүн хэсэг болно.
Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн нийтийн зам, түүний гэрэлтүүлгийг “Түмдэлгэрэх” ХХК хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөөгүй байжээ. Иймээс уг нийтийн эзэмшлийн замын 2 ширхэг гэрэлтүүлгийн төмөр шонг “Түмдэлгэрэх” ХХК –ий өмч гэж үзэж уг компанийг хохирогчоор тогтоож, “Түмдэлгэрэх” ХХК-иас томилсон Х.Үыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэхдээ тухайн зам нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу нийтийн эзэмшлийн зам харилцааны хэрэгсэл гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Т нь авто машин жолоодож явахдаа нийтийн эзэмшлийн холбооны кабель тасалж, модон шон болон замын гэрэлтүүлгийн төмөр шонг тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр агаарын шугамыг тасалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.
2019 оны 10 дугаар сарын байдлаар замын гэрэлтүүлгийн 12 вольтоор ажилладаг нарны самбар бүхий 2 ширхэг төмөр шон 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нарны самбар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, суурин утас дамжуулах шонгийн цементэн хөл 2 ширхэг 60.000 /жаран мянга/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 48, 52-р тал/-ээр нийт 1.460.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Тыг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгсэл устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгсэл устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Нын “Тус компаний суурин утасны дамжуулах кабель шонд үүссэн эвдрэл гэмтлийг Б.Т нь засварлан хохиролгүй болгосон болно.” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Тын хувийн байдлын талаар гэрч Б.Бийн: “...Б.Т нь Мянгад суманд төрж, өссөн. Зан байдлын хувьд даруу, төлөв, олон нийттэй нийлэг харилцаатай. Элдэв муу зуршил гаргаад байдаггүй залуу байгаа. Б.Тын эхнэр Золзаяа нь бас манай Мянгад сумын гаралтай хүн байгаа юм. Б.Т нь Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургууль төгссөн хамт олон, найз нөхдийн дотроо нэр хүндтэй байдаг. ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/, гэрч У.Гын: “...Б.Т нь 2007 онд арван жилийн сургуулиа төгссөн, 2007-2008 онд Улаанбаатар хотын 013 дугаар цэргийн ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан гэж надад хэлсэн, хувь хүний хувьд ямар нэгэн илүү дутуу зан байхгүй төлөв даруухан энгийн залуу байгаа юм. Бид хоёр хамтарч тээврийн хэрэгсэл жолоодоод тээвэрт явж байсан бөгөөд ажилсаг, хүнд их тусархуу, цайлган зантай, ямар нэгэн муу зуршилгүй хүн байгаа юм аа. ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/ лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгсэл устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ