| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0011/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 15
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ягийн Оад холбогдох 1935003800228 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 09-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио телевизийн засварчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг Хусны халх гэх газарт оршин суух, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 518 дугаартай тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял гэж өөрчилж тус хорих ялаа эдэлж байсан Ч овогт Ягийн О /РД:................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Я.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц гэх нэртэй газарт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Дгийн эзэмшлийн Мустанг-5 маркийн 72-37 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 .а, 3.4.в, 3.7.а-д заасныг тус тус зөрчисний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, түүний улмаас иргэн Б.Д нь эмчлүүлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Я.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.О нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц гэх нэртэй газарт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Дгийн эзэмшлийн Мустанг-5 маркийн 72-37 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчисний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Дгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-20-р тал/,
- Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28-р тал/,
- Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэболдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай “...жолооч Ч О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэх зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-р тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг 14-45 тоот хашаанд 7 хүүхдийн хамтаар оршин суудаг бөгөөд том хүү Д 27 настай байсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хувиараа хар бор ажил хийгээд явж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай урд хашааны залуу болох Ягийн О манай хүү Дгийн гэр рүү орж харагдсан. Тэгээд удалгүй гэрээс нь гараад явсан. Харин хүү Д нь манай гэрт орж ирээд надад би Отай хамт хөдөө явж өвс ачаад ирье гэж хэлээд өөрийнхөө хүрэн өнгийн Мустанг мотоциклийг унаад гараад явсан юм. Дг гэрээс гараад явсны дараа нь би Түргэн сум руу айлаас очиж мал авахаар өөрийн ах Лгийн хамт явсан юм. Тэгээд би тухайн айлд оччихоод байж байтал над руу манай эгчийн охин Дгийн нагац эгч болох Н залгаад Д зам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн юм. Энэ явдалаас хойш манай хүү Д нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тархины хагалгаанд орсон бөгөөд 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад гарч өөрийн гэрт хэвтэн эмчлүүлж эм тариа хийлгэж байсан юм. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой гэртээ зүв зүгээр хэвтэж байгаад 19 цаг 45 минутын орчимд царай нь гэнэт хувис хийгээд сонин болчихсон бөгөөд тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн эмч Дг үздээд нас барсан байна гэж хэлсэн юм. Уг гэмт хэргийн улмаас манай хүү Б овогтой Д нь тархиндаа гэмтэл авч улмаар эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. Манай ар гэрийн зүгээс уг гэмт хэргийн улмаас талийгаач Б.Дгийн эм тариа, эмчилгээ, оршуулга болон бусад зардалд нийт 8.330.000 төгрөгний хохирол учирсан. Надад учирсан хохиролоос Я.О нь нийт 1.200.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, харин үлдсэн 700.000 төгрөгөнд ламын зардалд 1 тооны хонь, хоолны шөл гэж 2 хонь нийт 3 хонь үлдсэн мөнгөнд сүү, арц гэх мэт бусад зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн юм. Би 6.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнийг О шүүхийн шатанд төлж өгсөн. Нийтдээ 7.800.000 төгрөгийн хохирол төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. О надад бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн тул одоо надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 55-56,57,58-р тал/,
Гэрч Л.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 18-нд Тугалаа авах гээд явж байхад О ахынхаас улаан өнгийн мотоцикльтой 2 хүн манай гэрийг чиглээд өндөр хаазтай явж байсан. Тэгхээр нь би согтуу хүмүүс байна гэж бодчихоод тугалаа авах гээд явж байтал О ахынхаас манайх руу явсан тэгш шороон зам дээр нөгөө мотоцикльтой хоёр хүн онхолдчихоор нь яваад очиход тэр хоёр хүний нэг нь ухаангүй нүүр, толгой нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Харин нөгөө залуу нь манай нутгаар байнга явж байдаг Ягийн О гэдэг залуу байсан юм. Юу болсон талаар Оаас асуухад О нь “Би мотоцикль жолоодож явж байгаад онхолдчихлоо” гэж өөрөө хэлсэн юм. Тэгэхэд би “болгоомжтой явахад яадаг юм бэ?” гэхэд О “зүгээр л явж байтал гэнэт ийм юм больчихлоо” гэж хэлсэн. О ахынхаас манай гэр хүртэл 500 орчим метр зайтай бөгөөд О ахын гэрээс мотоциклийг О унаад ар талдаа хамт явсан залуугаа суулгаад тэдний гэрээс хөдлөхдөө хүчтэй хаазлаад хөдөлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/
Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “”2019 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө нөхөр бид хоёр хүүгээ хадам аавын гэрт үлдээчихээд хадланд явсан. 16 цагийн орчимд хадлангаа хадаж байгаад хүүдээ мөөм хөхүүлэх гээд ганцаараа мориор гэртээ иртэл хадам аавын гэрийн гадна улаан өнгийн мотоцикль зогсож байсан. Аавын гэрт ороход хоёр залуу сууж байсан. Миний танихаас Ягийн О гэх залуу, өндөр шаравтар царайтай залуутай хамт байсан. Тэгээд тэр хоёр мотоцикльтойгоо яваад өгсөн бөгөөд тэр үед мотоциклийг О унаад ар талаар нь нөгөө залуу суугаад яваад өгсөн юм. Тэгээд би хүүхэддээ мөөмөө хөхүүлж байтал аав, ээж хоёр нөгөө хоёр хүн мотоцикльтойгоо уначихлаа гэж хэлээд аав араас нь явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р тал/,
Гэрч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед Ягийн залуу улаан хүрэн мотоцикль жолоодчихсон ардаа нэг залуу суулгачихсан нэлээд ширүүн хурдтай манай хүү Эийн гадаа очсон. Тухайн үед хүүгийнд хүн байхгүй байсан тул тэр хоёр манайд орж ирсэн. Би цай хийж өгөхөд тэр хоёр залуу хойд гол гарах гэж явна гэж хэлээд цайгаа амсчихаад хүйтэн юм байвал амсуулаач гэж архи асуухаар нь би архи байхгүй гэж хэлсэн бөгөөд тэр үед тэр хоёр залуу архи уучихсан согтуу байсан юм. Тэгээд 10-15 минут болж байтал манай бэр Т хадлангаас хүүдээ мөөмөө хөхүүлэхээр морьтой ганцаараа ирээд манай гэрт орж ирсэн юм. Тэгээд манай бэр гэрт орж ирээд хүүдээ мөөмөө өгчихөөд байж байтал тэр хоёр залуугийн Ягийн залуу нь манай бэрд танайд орьё, танайд ороод гаръяа гээд хүчлээд байж бэрийг дагуулаад тэр хоёр залуу хүү Эийн гэр лүү орсон юм. Тэгээд тэр хоёр хүн Эийн гэрт ороод 10-15 минут болоод гараад явах шиг болсон бөгөөд мотоциклио асаагаад нэлээд хүчтэй хаазлаад хөдлөөд явах шиг болсон юм. Тухайн үед нөхөр бид хоёр гэртээ байж байсан. Тэгээд мөн удалгүй гэрийн ар талаар мотоцикль хүчтэй ээрч хаазлах чимээ сонсогдохоор нь би гэрэс гараад харахад тэр хоёр залуу манай гэрээс 400-500 орчим метр зайнд мотоцикльтойгоо онхолдсон байсан. Тэр хоёр хүн манайд ирэхэд мотоциклийг Ягийн залуу жолоодож ирсэн бөгөөд түлхүүр нь Ягийн залууд байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67, 68-69 тал/
Гэрч П.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ байж байтал манайд хүрэн улаан өнгийн мотоцикльтэй хоёр залуу согтуу мотоциклийг Ягийн залуу болох бүлтгэр хар нүдтэй хар царайтай залуу барьчихсан, ар талд нь өндөр бор царайтай залуу суучихсан ирсэн. Тэгээд тэр хоёр залуу манай гэрт орж ирээд 15 орчим минут болсон бөгөөд цай амсаад сууж байгаад тэр хоёр залуу хүйтэн юм уумаар байна гэж архи асуухаар нь манай эхнэр тэр хоёр залууд архи байхгүй гэж хэлээд архи өгөөгүй. Тэгтэл манай бэр Т хадлангаас ганцаараа морьтой хүрч ирээд манай гэрт орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр залуу манай бэр Таас танайд орьё, бид танайд ороод гаръя гэж хэлээд тэр хоёр залуу манай бэрийг дагуулаад тэдний гэр лүү орсон юм. Тэр хоёр залуу манай хүү Эийн гэрт 5-10 орчим минут болоод мотоциклио асаагаад хүчтэй хаазлаад хөдлөх чимээ сонсогдсон бөгөөд тэр үед эхнэр бид хоёр гэр дотроо байсан юм. Хөдлөөд удалгүй гэнэт мотоцикльтой хүчтэй ээрэх чимээ гарахаар нь манай эхнэр Ц гэрээс гарч харчихаад нөгөө хоёр залуу хойно мотоцикльтойгоо уначихсан байна гэж хэлсэн. Тэр хоёр залуу манайд анх ирэхэд мотоциклийг Ягийн залуу унаж ирсэн бөгөөд гэмтэл авсан залуу ард нь сууж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70-75, 76-77-р тал/,
Гэрч Ц.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Эхнэр бид хоёр усаар гарч байтал тэр хоёр залуу эхнэр бид хоёрын араас хүрч ирээд зогс гэж хэлээд байсан бөгөөд тэр хоёр залуу согтуу байсан учраас би зогсохгүй цааш гэрлүүгээ харьсан юм. Тухайн үед мустанг маркийн мотоциклийг бүлтгэр нүдтэй хар царайтай оокоргон /онгироо/ яриатай залуу барьж явсан бөгөөд ар талд нь бор царайтай даруухан байрын залуу сууж явсан юм. Тэр хоёр залуу урагшаагаа айлыг чиглээд хүчтэй хаазлаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,
Гэрч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “нөхөр бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 18-нд аймгийн төв орчихоод 15:30 цагийн үед буцаад гэр рүүгээ харьж яваад замдаа нутгийн Ш гэх хүнтэй таарсан. Тэр хүнд сүүний мөнгө өгөх ёстой байсан түүнийгээ өгчихөөд цааш нь явж байтал хүрэн мотоцикльтой хоёр залуу явж байсан. Бүлтгэр нүдтэй хар царайтай залуу мотоцикль жолоодож явсан бөгөөд нэлээд хаазтай явсан. Мотоциклийг жолоодож явсан залуу нэлээд омголон, онгироо байрын залуу байсан бөгөөд “Ций голд та нар зөв байгаарай, гамбир чамд би нэрээ хэлэх албагүй, амьтан бүгд мэдэж байгаа” гэж хэлчихээд нөхөр бид хоёрыг ална шүү гэж хэлээд агсан тавьсан. Тэгээд нөхөр бид хоёрыг харих гээд усан дээр явж байтал бид хоёрыг хөөгөөд зогс гэж хэлэхээр нь бид хоёр зогсохгүй гол гатлаад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,
Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б овогтой Д нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй, өвдөлтөнд хариу урвалгүй, хүүхэн хараа баруун талдаа нарийссан, зүүн талдаа өргөссөн, зүүн талд хүүхэн хараа гэрлийн урвалгүй, баруун талд үл ялиг гэрлийн урвалтай байсан. Дг ирэх үед компьютерын томограф хийхэд тархины эд доторх цусан хураа, баруун чамархай зулайн хатуу хальсан доорх цусан хураа оношлогдож эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт хэвтүүлэн үрэвслийн эсрэг, тархины хаван хөөх, цус тогтоох, гормон, тархины цусан хангамж сайжруулах, цусан хурааг шимэгдүүлэх, өвчин намдаах, таталтын эсрэг витамин, шингэн сэлбэх эмчилгээнүүд хийгдсэн бөгөөд ухаан санаа нь ороогүй, биеийн байдал маш хүнд хэвээр эмчилгээ хийгдэж эхэлсэн. Тэгээд би тухайн шөнө Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд дуудлага өгсөн боловч нислэг байхгүйн улмаас эмийн эмчилгээг үргэлжлүүлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа Дгийн биеийн байдал хүндэрсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яаралтай тархины мэс засал хийхээр болж өвчтөний биеийн байдлыг түүний ар гэрийхэнд танилцуулж ар гэрийхнээс нь мэс заслын зөвшөөрлийг авч хагалгаа хийсэн бөгөөд уг мэс заслыг би өөрөө гардаж хийсэн бөгөөд мэс заслыг мэс заслын эмч Б, Г нарын хамт хийсэн. Дгийн тархины баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсыг нээж үзэхэд тархи хавантай. лугшилтгүй, цусан хураатай байсан. Тэгээд уг цусан хурааг эвийн аргаар авч тархинд цус тогтоолт хийж буцааж хаасан юм. Үргэлжлүүлэн зүүн чамархай зулай хэсгийг нээж шалгахад тархи улбагар, лугшилтгүй, хавантай байсан тэгээд тархины эд рүү кушинг зүүгээр хатгалт хийн цусан хураанд хүрч шифризээр татан соруулахад цусан бүлэн сорогдсон тул тархины эдийг нээж цусан хурааг авч цус тогтоох тор ашиглан цус тогтоолд хийж тархийг буцааж хаасан юм. Хагалгааны дараа Дгийн биеийн байдал тогтворжсон тул эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгаас гэмтлийн тасаг руу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжиж эмчилгээ үргэлжлүүлэн хийгдсэн юм. Д нь манай тасагт ирэхэд биеийн байдал тогтворжсон, орчиндоо харьцаатай, боловч хүний асуусан асуултанд хариулахгүй, гар хөлөө хөдөлгөнө, хүний ярьсан яриа, асуусан зүйлийг ойлгохгүй байсан. Д нь мэс засалд орсноос хойш ходоодонд зоондоор /гуурсаар/ хооллодог, бүхэл хоол идэхгүй, гуурсаар шингэн хоол иддэг байсан юм. Д нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлснээс хойш үрэвслийн эсрэг, тархины хаван хөөх, цусан хангамж сайжруулах, эрдэс нөхөх, ходоод хамгаалах, дархлаа дэмжих эмчилгээнүүд хийлгэж байсан бөгөөд түүний биеийн байдал нь тогтвортой, амаар шингэн зүйлийг гуурсгүйгээр бага багаар залгилж байсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Батсүх эмч бид хоёр үзлэгээр явж Дд үзлэг хийхэд биеийн байдал нь дунд, орчиндоо харьцаатай, шингэн хоолыг залгих боломжтой болж ар гэрийхэнд нь зөвөлгөө өгч эмнэлэгээс гаргасан юм. Дг Нэгдсэн эмнэлгээс гарснаас хойш ар гэрийхэн нь түүнийг нэг удаа эмнэлэг дээр 103 дээр авч ирж надад үзүүлж толгойны үлдсэн оёдлуудыг авахуулсан бөгөөд хэдэн сарын хэдний өдөр ирж үзүүлсэнийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Дгийн биеийн байдлыг үзэхэд мах марианы хувьд нэлээд турж эцсэн байдалтай, нүд нээсэн, асуултанд хариулахгүй, орчиндоо харьцаатай байсан юм. Тэрнээс хойш Д нь эмнэлэгт дахин үзүүлээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал/,
Гэрч Г.Гийн мөрдөн байцаах мөрдөн байцаах шатанд өгсөн: “Б овогтой Д нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тархины хүнд гэмтэл, тархины дотор хүнд гэмтэл, тархины хатуу хальсан доорх цус хуралт тархины хаван комын байдал гэх оноштой ухаангүй байдалтай эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд Д нь ухаан орохгүй байсан бөгөөд тархины хагалгаа хийх шаардлагатай болсон тул Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч ирэх онгоцны нислэггүй байсан тул яаралтай түүний тархинд мэс засал хийх шаарлагатай байсан тул 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ар гэрийн зөвшөөрлөөр амь насны заалтаар тархины мэс засалд орсон юм. Дгийн тархины мэс заслыг гэмтлийн тасгийн их эмч Э удирдаж туслах эмчээр нь Г, Б нар орсон, мэдээгүйжүүлгийн эмчээр О эмч нарын бүрэлдэхүүнтэй мэс засалд орсон юм. Дгийн тархинд мэс засал хийж тархины хоёр талд байсан цусан хурааг авсан юм. Тархины мэс засал хийгдэсний дараа 1 хоног зохиомол амьсгалын аппараттай байж байгаад аппаратнаас гарсан бөгөөд Д нь ухаан санаа байхгүй, орчиндоо харьцаагүй, тэгэхдээ хагалгааны дараа нүдээ нээж эхэлсэн мөн өвдөлт болон цочролд ороход гар хөлөө татдаг болж эхэлсэн юм. Тэгээд Б.Дгийн биед үргэлжлүүлэн манай эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд түүний биед халдварын эсрэг хавсарсан антебиотек эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ, тархины хаван буулгах эмчилгээ, өвчин намдаах эмчилгээ, шингэн эрдэс нөхөх эмчилгээ, ходоод хамгаалах, мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэсэн юм. Тэгээд хагалгааны дараа Дгийн биеийн байдал тогтвортой болж ерөнхийдөө эмийн эмчилгээ хийлгэхээр болсон тул түүнийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гэмтэлийн тасагт шилжүүлэн гэмтлийн эмч Э цааш эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн юм. Б.Д нь анх эмнэлэгт ирэхдээ биеийн байдал маш хүнд байсан бөгөөд тархины мэс заслын дараа биеийн байдал нь тогтвортой болсон байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/,
Гэрч Р.Бгийн мөрдөн байцаах мөрдөн байцаах шатанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Дгийн биед гэмтлийн эмчийн хамтарсан үзлэгээр амь насны заалтаар ар гэрийн зөвшөөрлөөр мэс засал хийхээр болж эмчлэн эмч Э, Г бид нар унтуулгын эмч О, сувилагч Д, О нарын бүрэлдэхүүнээр гавал тархины мэс засал хийсэн. Б.Д нь мэс засал ороход гавал тархины хүнд гэмтэл гэх оноштой байсан. Б.Дгийн гавал тархинд эхэлж баруун талын чамархайн хэсгийн гавал ясыг нээж шалгахад цус хуралт бүхий байсныг эвийн аргаар соруулж авсан. Тухайн хэсэгт тогтоолт хийж гуурс байрлуулж шархыг хаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р тал/,
Шинжээч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийн үхлийн шалтгаан нь тархиндаа гэмтэл авсаны улмаас гавал тархины мэс заслын дараах байдлын хүндрэл, тэжээлийн дутагдал, хүн зэргийн тураал олон эрхтний дутагдлуудад орж нас барсан бөгөөд дээрх байдлууд нь бүгдээрээ нийлж талийгаачийн үхлийн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл талийгаач нь тархиндаа гэмтэл авсаны улмаас дээрх байдлууд илэрч үхлийн шалтгаан болж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р тал/
Шүүгдэгч Я.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 10:00 цагийн үед цагийг нь сайн санахгүй байна. Би өөрийн ар талын хашаанд байх талийгаач Дгийн гэр рүү ороод өвс ачилцаад өгөөч гэж хэлчихээд буцаад гараад явсан юм. ...Д нь ирэхдээ куртикиндаа 0.5л нэг лаазтай пиво өвөрлөчихсөн ирсэн бөгөөд бид хоёр тэрийг уучихаад тээврийн хорооны заан гэх нэртэй дэлгүүрээс 2.5л савтай нэг пиво аваад Улиасны хэвын жолооны дромын хашаанд орж хувааж уусан. Тэгчихээд Д бид хоёр Дгийн мотоцикльтой Улаангом сумын 8 дугаар баг Ц гэх газарт байдаг манай бөл болох Шгийнд очсон. Бид хоёр тэднийд архи уугаагүй. Тэднийхээс гараад би Дгийн мотоциклийг бариад Дг ардаа суулгаад явсан. Бид Оын гэрт очоод ороод гарсан. Д нэлээд согтсон байсан тул би жолоодоод ардаа Дг суулгаад тэднийхээс хөдлөөд 400-500 метр орчим газар яваад гэнэт мотоцикль онхолдсон. Би босоод ирэхэд Д 4-5 алхамын зайнд арын зайнд хэвтэж байсан. Тэгээд Дг очоод харахад нүүр нь нэлэхийдээ цус болсон ухаангүй, өөрөө амьсгалж байсан. Тухайн үед миний гар хөл чинэрч, толгой өвдсөн байдалтай, би хагас шоконд орсон байдалтай байсан. Би өөрийн аав руу утсаар залгаад “ би Цд мотоцикльтой явж байгаад онхолдчихлоо та яаралтай эмч дуудаж иртэн” гэж хэлсэн. ...аав Я, ах Шагдарсүрэн нар эмнэлгийн машинд зам зааж хамт ирсэн. Тэгээд Дгийн мотоциклийг Оийн гэрийн гадаа ориод би аав ахын хамт эмнэлгийн машины араас явсаар эмнэлэгт ирсэн. ...би цагдаагийн газарт ирээд согтуурлаа шалгуулахад 1.27% согтолттой байсан. ... ар гэрийхнээс нь уучлал гуйгаад эмчилгээ, эм тарианы зардал, ламд үзүүлж даатгуулах 1 хонь, эмнэлэгт хэвтэж байхад нь 1 хонь, эмнэлгээс гарсаны дараа 1 хонь, мэс засалд орж байхад нь 150.000 төгрөг, хагалгааны дараа 140.000 төгрөг, маргааш нь 500.000 төгрөг, 60.000 төгрөг, саяхан талийгаачийн ар гэрийхэнд 5 настай эм үхэр тус тус өгсөн. Сүүлд сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг өгч, нийт 7.800.000 төгрөгийн хохирол төлсөн. Би Дгийн ар гэрийнхэнд цаашид тусалж дэмжих болно. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Үзүүлэгч Б.Дгийн биед гэмтэл учирсан байна. Тархины хүнд зэргийн няцрал, их тархины зүүн чамархайн эдэд цусан хураа, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, амны зүүн буланд шарх, баруун зулайн хуйх, дух, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд уруул, эрүү, хүзүү, баруун, зүүн сарвууны ард зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх 649 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-р тал/,
Хохирогчийн нас барсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32-р тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-42-р тал/,
Шинжээч эмчийн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "...649 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь талийгаачийн үхэлд шууд бусаар нөлөөлсөн байна. Талийгаач Б.Д нь уушгины сүрьеэ өвчтэй байсан байна. Энэ нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь гэмтлийн гаралтай гавал тархины мэс заслын дараах байдлын хүндрэл, тэжээлийн дутагдал, хүнд зэргийн тураал, олон эрхтэний дутагдлаар нас барсан байна..." гэх 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-124-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөр байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Я.О нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мустанг-5 загварын 72-37 УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож явахдаа мотоцикль жолоодох эрхийн А ангилалын үнэмлэхгүй байсан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д “Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх”, мөн хамгаалах малгай өмсөөгүй, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн, өөрөө согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон нь 3.4.в-д “Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7.а-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэргээс ялгагдана.
Иймд шүүгдэгч Я.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Я.Оаас эм, тариа, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 7.800.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Я.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Я.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.О нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.О урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 201-209-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 518 дугаартай тогтоол /хх-ийн 210-214-р тал/-оор 5 жил 1 сарын хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял гэж өөрчилж тус хорих ялаа эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудасаар /хх-ийн 199-р тал/ нотлогдож байна.
Шүүгдэгч Я.Оын хувийн зан байдлын талаар: гэрч Ц.Ягийн өгсөн: “О нь 1991 онд Увс аймгийн Тэс суманд манай бага хүү болж төрсөн бөгөөд эхээс зургуулаа манай хамгийн бага хүүхэд юм. О нь 2009 онд Улаангом политехник коллежийг радио телевизор засварын ангийг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. Оын ээж болох Ч нь 2015 онд өвчний улмаас нас барсан бөгөөд нас барсанаас нь хойш О бид хоёр хоёулахнаа амьдарч байгаа юм.О нь хүнтэй суугаагүй, гэр бүл зохиож байгаагүй бөгөөд одоогоор Улаангом сумын 1 дүгээр баг Хусны халх гэх газарт бид хоёр мал маллаж амьдардаг юм. О нь зан араншингийн хувьд сайн, гэр орондоо хоол унд хийдэг, морь уяах сонирхолтой, сумын алдарт уяач цолтой, баяр наадмуудад байнга морь уяж уралдуудлаг юм. О нь урьд өмнө нь нэг удаа дээрмийн хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Тэрнээсээ хойш ахиж гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй юм. О нь эд хөрөнгийн хувьд тусдаа нэр дээр мал байхгүй бөгөөд бид хоёр хөдөө 150 орчим бог мал, 80 гаруй тооны адуутай, 20 гаруй тооны үхэртэй юм, бие эрүүл мэндийн хувьд Од ямар нэгэн архаг хууч өвчингүй, эрүүл чийрэг биетэй, мөн О нь хар бор ажилдаа сайн, хөдөлмөрч зантай хүүхэд юм. О нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, элдэв хорт муу зуршилгүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/, гэрч Я.Шийн өгсөн: “О нь 1991 онд Увс аймгийн Тэс суманд айлын бага хүүхэд болж төрсөн бөгөөд эхээс зургуулаа юм. О нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багт Хусны халх гэх газарт аав Ягийн хамт мал маллаж амьдардаг юм. О нь зан аашийн хувьд даруухан, морь уяад хүмүүстэй харилцаад байдаг, элдэв муу зуршилгүй хүн юм. О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм шиг байнлээ. О нь урьд өмнө нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж нэг удаа ял шийтгэгдэж байсан юм. О нь морь малд сонирхолтой бөгөөд сумын алдарт уяач цолтой, сум орон нутгийн баяр наадамд морь уралдуулдаг юм. О нь урьд өмнө гэр бүл зохиож байгаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/ -үүд авагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Я.Оын биед “Дух хамрын нуруу, баруун гуянд зулгарал ” зэрэг гэмтлүүд учирсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 668 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-р тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хугацааны хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжилсэн амь хохирогчийн 72-37 УВЗ улсын дугаартай мустанг-5 загварын мотоцикль битүүмжилсэн проурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мотоциклийн тольны хагархай 2 ширхэг, гарны зөөлөвч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд буцаан олгож, шүүгдэгч Я.Оын 1038193 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Оад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Ягийн Оыг авто тээврийн хэрэгслийн хөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Оад оногдуулсан 1 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Я.О нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Я.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жил 5 сар хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар амь хохирогчийн 72-37 УВЗ улсын дугаартай мустанг-5 загварын мотоцикль битүүмжилсэн проурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мотоциклийн тольны хагархай 2 ширхэг, гарны зөөлөвч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бд буцаан олгож, шүүгдэгч Я.Оын 1038193 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Удвалд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-д өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ