Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 07

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2  дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бы Мд холбогдох 1935002490200 дугаартай  эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 06-нд Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, эдийн засагч, удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 12-5 тоотод оршин суух О овогт Бы М / РД:............................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.М нь “Х” ХХК-ий Увс аймаг дахь төлөөлөгчийн  газрын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, зорчигч бүртгэлийн ULOMR0001 программыг ашиглан 162 ширхэг зорчигчийн тийз бичиж нийт 66.604.100 төгрөг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Мыг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь “Х” ХХК-ий Увс аймаг дахь төлөөлөгчийн  газрын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, зорчигч бүртгэлийн ULOMR0001 программыг ашиглан 159 зорчигчийн тийз бичиж нийт 65.565.500 төгрөг завшсан болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Х ХХК нь зорчигчийн тийз бичих болон зорчигч бүртгэх үйл ажиллагаандаа Амадиус системийг ашигладаг юм. Увс аймаг дахь төлөөлөгчийн газар нь өөрийн нэр дээр хоёр нэвтрэх нэртэй. ULOMR0101 сиситем нь зорчигчийн тийз бичих зориулалттай нэвтрэх нэр, нууц үгтэй.  ULOMR0001 систем нь зөвхөн нисэх буудал дээр ашиглагдаг зорчигч бүртгэх зориулалттай юм. ULOMR0001 дээр тийз бичдэггүй юм. Манай “Х” ХХК-ий Увс аймаг дахь салбарын төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М нь 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл ULOMR0001 бүртгэлийн нэвтрэх нэрээр нисэх онгоцны буудал дээр зорчигч нарт тийз бичдэг компьютер дээрээс нийт 162 ширхэг зорчигчийн тийз бичиж нийт 66.604.100 /жаран зургаан сая зургаан зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг бэлнээр болон өөрийн хувийн дансандаа авч “Х” ХХК-нд тушаахгүйгээр завшсан  гэж үзэж байсан боловч манай агаарын хөлгөөр  Б.Мы дээрх бүртгэлийн системийг ашиглан тийз бичиж, мөнгийг нь компанид тушаагаагүй 127 зорчигчийг тээвэрлэсэн. Бын бичүүлсэн 32 зорчигчийн тийз буцаагдаж, тийзний үнэ 19.539.200 төгрөгийг Б.М төлсөн. Зорчигч  бүртгэлийн ULOMR0001 систем дээр 162 зорчигч бүртгэгдсэн боловч 3 зорчигчийг манай агаарын хөлгөөр тээвэрлээгүй, тухайн 3 зорчигч тийз аваагүй байгаа нь уг системд илүү бичигдсэн болохыг харуулж байна.  Иймээс илүү бичигдсэн 3 зоригчийн тийзний үнэ 1.038.600 төгрөгийг хохирлоос хасаж тооцох ёстой юм. 65.565.500 төгрөгийн бодит хохирол учирсанаас 32 зорчигчийн тийз буцаагдасны үнэ 19.539.200 төгрөг, компаний дансанд 2.000.000 төгрөг төлсөн. 44.026.300 төгрөгийн хохирлыг Б.Маас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн  I хавтасны 86-87, 88-89, 90-91, 92-93 тал/

Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би Х ХХК-ий санхүүгийн албанд ахлах нягтлан бодогчоор ажилладаг.  Иргэн Б.Б нь худалдан авсан тийзээ буцаахаар манайд хандахад тухайн тийзний орлогын баримт нь олдохгүй байсан тул манайх бүх нэвтрэх эрхүүдээ шалгаж үзэхэд тухайн тийз Увс аймаг дахь төлөөлөгчийн газрын зорчигч бүртгэлийн ULOMR0001 системд бичигдсэн,  тийзийн орлого нь компанид тушаагдаагүй байсан тул бид Symphony revenue system программыг шалгахад тийз бичдэггүй, зорчигч бүртгэлийн ULOMR0001 систем дээр нийт 162 ширхэг зорчигчийн 66.604.100 төгрөгний тийз бичигдсэн байсан нь программаас харагдсан юм. Тэгээд миний бие Х компаны тамгын газрын захиргааны мэргэжилтэн Б.Ц, борлуулалтаны албаны ажилтан Н.Г нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд томилолтоор ажиллаж салбар төлөөлөгчийн газрын дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж тайлан гаргасан байгаа. Шалгалтаар Б.М нь манай тийз бичих эрхгүй зөвхөн бүртгэл хийх эрхтэй ULOMR0001 дугаар бүхий оффис систем дээр 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 66.604.100 төгрөгийн тийз бичиж орлогын мөнгийг байгууллагад тушаалгүй мөнгийг нь бэлнээр болон бэлэн бусаар өөрийн дансаар дамжуулан авсан зөрчил дутагдал илэрсэн. Увс аймаг дахь төлөөлөгчийн газрын зорчигчийн тийз бичих болон зорчигч бүртгэх үйл ажиллагаанд Амадиус системийг ашигладаг, тус Амадиус системд бичигдсэн зорчигчдын бүртгэл мэдээллийг санхүүгийн Symphony revenue system программ руугаа давхар татаж бүртгэдэг юм. Амадиус программ нь дэлхий нийтийн сүлжээнд ашигладаг борлуулалт болон бүртгэл хийх эрх бүхий электрон систем болно. Гэтэл Б.М нь тийз бичих эрхгүй зөвхөн бүртгэл хийх эрхтэй ULOMR0001 дугаар бүхий оффис систем дээр тийз бичиж мөнгийг нь авсан байсан болохоор бид Б.Мы үйлдлийг тухайн үед нь мэдээгүй." гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 97-98 тал/

Гэрч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Манай “Х” ХХК нь дэлхийн хэмжээнд ашиглагддаг системийг 2012 оноос эхлэн ашиглаж байгаа бөгөөд Увс аймаг дахь төлөөлөгчийн газар нь нээгдсэнээсээ хойшхи хугацаанд дээрх системийг ашиглаж байгаа юм. Мөн олон улсад ашиглагддаг санхүүгийн Symphony revenue system программыг манайх гадаад улсад захиалгаар хийлгэсэн бөгөөд энэ нь Altea Amadeus DCS системийг хянаж байдаг, үүнээс гадна зорчигчийн тийз бичдэг, түүнийгээ бас давхар хянадаг. Амадиус резерватион дестоп программ ашиглагдаж байгаа юм. Эдгээр зорчигч бүртгэх, тийз бичих эрхтэй программ дээр Увс аймаг дахь төлөөлөгчийн газрын хувьд ULOMR0001, ULOMR0101 гэсэн 2 эрхээр ханддаг. Үүнээс ULOMR0001 нь зорчигч бүртгэх үйл ажиллагаанд зориулагдсан, харин ULOMR0001 нь зорчигчийн тийз бичих үйл ажиллагаанд зориулагдсан юм. Эдгээр системүүдийг манай компани анх Амадиус системийг ашиглаж эхлэх үед гадаадын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар тийз бичих болон зорчигч бүртгэхээр хандах эрхийг нь тохируулсан байдаг. Бүртгэлийн системийн тохиргоог IТ-аас хийж, тийз бичих эрхийг нь хаах боломжтой, харин ULOMR0001 дугаар бүхий оффис систем дээр тийз бичих эрх үүсгэн /код ашиглан/ борлуулалт хийх боломжгүй гэж бид бодож байсан, зорчигч бүртгэлийн систем нь тийз бичдэг системийнхээ функцыг дотроо агуулж байдаг ба системийг анх тохируулахдаа эдгээр хандах эрхүүдийг хааж тохируулсан байдаг гэж итгэсэн. Гэвч Б.М нь оролдож үзээд ULOMR0001дугаар бүхий оффис систем дээр тийз бичсэн тохиолдол гарсан. Зорчигч бүртгэлийн системд тийз бичих эрх нээлттэй байсан уу эсвэл Б.М өөрөө шинээр нээсэн үү гэдгийг шалгаж тогтоох боломжгүй ч зорчигч бүртгэлийн систем нь тийз бичдэг программын функцыг өөртөө агуулдаг, энэ функцыг ашиглаж Б.М тийз бичсэн болох нь тодорхой байна. Үүнийг манай ажлын хэсэг давхар шалгаж тогтоосон болно" гэх мэдүүлэг/хх-ийн I хавтасны 99-100 тал/,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...намайг шалгалтаар очих үед Б.М нь ээлжийн амралттай байсан бөгөөд тухайн үед бид Б.Мтай холбоотой зөрчил дутагдлын талаар шалгалт хийсэн. Сүүлийн өдөр шалгалтын дүнгийн талаар талаар хурал хийхэд М өөрөө байлцсан бөгөөд шалгалтаар М нь тус төлөөлөгчийн газрын бүртгэлийн системд ашигладаг тийз бичих эрхгүй, зөвхөн зорчигч бүртгэл хийх эрхтэй ULOMR0001 дугаар бүхий оффисс программ дээр тийз бичих эрх үүсгэн 2017 оны 10 сарааас 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд 66.604.400 төгрөгийн тийз бичиж мөнгийг нь авсан зөрчил дутагдал илэрсэн тул энэ хурлаар Мы ажлыг түр хугацаанд ажилтан Бэд шилжүүлэх тухай удирдлагын шийдвэрийн танилцуулсан гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 101 тал/,

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " ULOMR0001 нэвтрэх эрх дээр тийз бичиж болдог талаар би мэдээгүй бөгөөд Б.М нь уг бүртгэлийн систем дээрээс тийз бичиж болж байгаа талаар Э бид хоёрт ямар нэгэн зүйл хэлж байгаагүй “Х” ХХК-ий Дэглий цагаан нисэх буудал дахь зорчигч бүртгэлийн систем рүү манай компанийн ажилчид нэгдсэн нэг нэвтрэх эрх, нууц кодоор ордог бөгөөд уг нэвтрэх эрх нууц кодыг М, Э бид 3 гуравуулаа мэддэг байсан бөгөөд би нэвтэрч зөвхөн зорчигч бүртгэх хэсэгтээ зорчигч нараа бүртгэдэг байсан. Тийз бичсэн хэсэг нь надад харагддаггүй байсан” гэх мэдүүлэг/хх-ийн I хавтасны 102-103 тал/,

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би хувиараа Солонгос улсын иргэдэд орчуулагч хийдэг ажилтай бөгөөд би Увс аймагруу Солонгос иргэдэд орчуулагч хийж олон удаа ирж байгаад 2 жилийн өмнөөс Х ХХК-ны Увс аймаг даь салбарын төлөөлөгч Б.Мтэй танилцаж байсан юм. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод байх Х ХХК-ны төв офисс дээр ирээд 2019 оны 08 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотоос Улаангом сумруу яваад 08 дугаар сарын 22-ны өдөр Улаангомоос Улаанбаатар хотруу буцаж явахаар н ийт 32 хүний тийз байгаа эсэхийг тодруулахад суудал байхгүй гэсэн хариуг өгсөн юм. Тэгээд би Б.Мруу утасаар залгаад 2019 оны сарын 20-нд Улаанбаатар хотоос Улаангом сумруу яваад 08 дугаар сарын 22-ны өдөр Улаангомоос Улаанбаатар буцаж явахаар нийт 32 хүний 2 талын тийз хэрэгтэй байна, гаргаад өгөх боломж байна уу гэхэд Б.М нь надад би гаргаад өгье гэж хэлсэн тэгэхээр нь би тийзний мөнгийг яах вэ гэхэд Б.М нь энэ дансруу хийчих гэж хэлээд хаан банкны 5090792673 гэсэн дансаа явуулсан тэгээд би нийт 32 хүний 2 талын тийзний үнэ буюу 19.539.200 төгрөгийг Б.Мы явуулсан дансруу 3 удаа хувааж хийсэн юм. Би Б.Мы гар утасруу залгаж яриад тийзнүүдийг бичүүлсэн бөгөөд сүүд Х ХХК-ны төв салбараас очиж хэвлүүлж авсан юм. Би Б.Мруу тийзний үнэ явуулахдаа эхлээд 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хаан банкны 5057322641 данснаас 14.300.000 төгрөгийг интернэт банкаар явуулсан, дараа нь буюу хоёр дахь удаагаа 04 дүгээр сарын 30-ны өдөр мөн өөрийн данснаас 2.442.400 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь хамгийн сүүлд буюу 05 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл 2.442.200 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Би Б.М руу тийзний мөнгө хийсний дараа Б.М нь интернэт ашиглан миний мэйл хаягаар 32 хүний 2 талын тийзний зургийг явуулсан тэгээд би мэйл хаягнаасаа уг 32 тийзний зургыг харчихаад Х ХХК-ны төв салбараас очиж уг 32 тийзийг хэвлүүлж авсан юм. Тэгээд уг тийзнүүд надад байж байтал 2019 оны 07 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна, наадмын дараа байх/ Х ХХК-ны хуулийн зөвлөх Д.Т нь надруу утасаар залгаад надад таны бичүүлсэн 32 тийз цуцлагдсан, яагаад гэвэл мөнгө нь манай компаны дансруу орж ирээгүй байна, таны тийзний мөнгийг Б.М нь хувьдаа завшсан байна гэж хэлсэн юм.Би бичүүлсэн 32 хүний тийзийг буцаагаагүй бөгөөд Х ХХК-иас миний Б.Мруу утасаар яриад бичүүлсэн тийзнүүдийг цуцалсан багөөд энэ талаар хуулийн зөвлөх Т надтай утасаар ярьж мэдэгдсэн юм. Миний Б.Маар бичүүлж хэвлүүлж авсан 32 тийзнүүд одоо байхгүй бөгөөд Б.М нь надад учирсан хохиролын төлж барагдуулсан учраас би тэр тийзнүүдийг хаячихсан бөгөөд одоо надад уг тийзнүүд байхгүй. ...Б.М нь надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 106-107 тал/,

гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Мы “Х” ХХК-ий Увс аймаг дахь салбарын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа манай компанийн бүртгэлийн системээс тийз бичиж мөнгө завшсан үйлдлийн талаар мэдээгүй. Сүүлд компаниас санхүүгийн шалгалт ирэхэд Мы хийсэн үйлдлийн талаар мэдсэн. Зорчигч бүртгэлин ULOMR0001 систем дээр зөвхөн зорчигч л бүртгэдэг, тийз бичиж болдог гэдгийг мэдээгүй, “Х” ХХК-ий хүмүүс ч ийм ойлголттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 104-105 тал/,

шүүгдэгч Б.Мы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “Х” ХХК-ий Увс төлөөлөгчийн газарт төлөөлөгчөөр томилогдож ирсэн юм. Би 2017 оны 11 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Х ХХК-ий Увс аймгийн Дэглий цагаан нисэх онгоцны буудал дээр байж байтал Улаангомоос Улаанбаатар луу явах нэг хүн ирээд тийз бичүүлье гэхээр  нь би уг нисэх онгоцны буудал дахь өөрийн компаний зорчигч бүртгэлийн ULOMR0001 систем дээр нэг тийз бичиж  үзэхэд болж байхаар нь тухайн хүний тийзийг мөнгийг бэлнээр авсан юм. Би тухайн үед анх тийз бичиж өгсөн хүн болон тийзний үнэ хэдэн төгрөг авсаныгаа сайн санахгүй байна. Тэгээд би тухайн өдөр үдээс хойш оффисс дээрээ ирээд өөрийн компьютер дээрээс санхүүгийн тайлангаа харахад өглөө бичсэн тийзний орлого санхүүгийн тайлан дээр харагдаагүй юм. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа би мөн Дэглий цагаан нисэх онгоцны буудал дээр ажиллаж байхдаа нэг нярай хүүхдэд дахин зорчигч бүртгэлийн  систем дээр тийз бичиж өгчихөөд оффисс дээрээ ирээд өөрийн компьютер дээр байх санхүүгийн тайлангаасаа бичсэн тийзны орлогыг харахад мөн харагдаагүй юм. Тэрнээс хойш би зорчигч бүртгэлтийн систем дээр тийз бичээд мөнгийг нь өөрөө авч болох юм байна гэж мэдсэн юм. Би бичсэн 2 тийзний мөнгийг өөрөө авч зарцуулсан юм. Тэрнээс хойш би 7 хоногийн дараа мөнгөний хэрэг гарахаар нь дахин буюу гурав дахь удаагаа 374.000 төгрөгийн тийзийг мөн адил зорчигч бүртгэлийн систем дээр бичиж мөнгийг нь өөрөө авч зарцуулсан юм. Тэрнээс хойш би сард заримдаа нэг, заримдаа хоёр тийзийг бичээд мөнгийг нь Хөвсгөл аймагт байдаг өөрийн аав Бы эмчилгээний зардал, эм тарианд зарцуулдаг байсан юм. Би тухайн үед өөрийн аав Б руу мөнгө явуулахдаа манай ээж эмийн сангаас эм тариа авахад шууд тухайн эмийн сангуудын данс руу би өөрийн хаан банкны 5890792673 дугаарын данснаас мобайл банкаар явуулчихдаг байсан юм. Учир нь манай ээж Эрдэнэцэцэг нь 4-5 төрлийн зээлтэй байсан учраас өөр лүү нь мөнгө явуулахад зээл нь татаад авчихдаг байсан учраас би шууд худалдаа хийсэн хүний данс руу нь мөнгийг нь хийчихдэг байсан юм. Би “Х” ХХК-ий Увс аймгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд “Х” ХХК-ий Дэглий цагаан нисэх онгоцны буудал дээр байх зорчигч бүртгэлийн систем дээр тийз бичиж тийзний үнийг ихэнхийг нь хүмүүсээс өөрийн хаан банкны 5890792673 дансруу хийлгүүлж авдаг байсан юм. Би дээрх хугацаанд зорчигч бүртгэлийн систем дээр нийт хэдэн тийз бичсэнийгээ мэдээгүй бөгөөд манай компаниас миний үйлдлийг мэдсэний дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад би уг зорчигч бүртгэлийн систем дээр нийт 162 зорчигчийн тийз бичиж нийт 66.604.100 төгрөгийг хувьдаа завшсан байна гэсэн. Би энэ мөнгийг өөрийн хүүхдийнхээ нүдийг эмчлүүлэх болон аавынхаа эмчилгээ, эм тарианд зарцуулсан. Миний хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй, байнга эмчилгээ хийлгэдэг, аав харвалт өгсөн хэвтрийн өвчтэй хүн байдаг юм. 162 зорчигч бичигдсэн боловч 32 хүний тийз буцаагдаж, 127 зорчигч агаарын хөлгөөр зорчсон байна. 3 зорчигч илүү бичигдсэн байгаа нь албан ёсоор тийз бичих программд бичигдсэн хүн давхардаж бичигдсэн эсхүл нэр нь буруу бичигдээд дахин бичигдсэн тохиолдол гаргсан байна. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Компанид учирсан хохирлыг өөрийн боломж, бололцоогоо дайчлаад яаралтай төлж барагдуулна.” гэх мэдүүлгээдээр тогтоогдож байна.

“Х” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/17-93 тоот тушаал /Б.Мыг 2017 оны 03 сарын 14-ны өдрөөс Увс аймгийн Төлөөлөгчийн газарт түр шилжүүлэн томилсон тухай/, Хөдөлмөрийн гэрээ-170, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай баримтууд /хх-ийн I хавтасны 47-57 тал/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ-17/01 /хх-ийн I хавтасны 58-61 тал/, Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн I хавтасны 62-65 тал/, Х ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаарсарын 10-ны өдрийн А/19/257 тоот тушаал /Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай/ /хх-ийн I хавтасны 66 тал/-уудаар шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ “Х” ХХК-ий Увс аймаг дахь төлөөлөгчийн  газрын төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

            “Итгэмжлэн хариуцсан этгээд” гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М нь Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр зорчигчийн тийзний үнийг бэлэн болон бэлэн бус /данс/-аар авч уг мөнгөн хөрөнгийг “Х” ХХК-ий  дансанд шилжүүлэх үүрэг хүлээн тул түүнийг уг мөнгөн хөрөнгийг гэрээнийн үндсэн  дээр итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.

Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй  үйлдэл бөгөөд  шүүгдэгч Б.М нь өөрийн бичсэн тийзний үнийг өөрийн харилцах дансаараа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            Шүүгдэгч Б.М нь“Х” ХХК-ий Увс аймаг дахь төлөөлөгчийн  газрын төлөөлөгчөөр ажиллаж, зорчигч бүртгэлийн ULОМR0001 системийг ашигладаг албан тушаалын давуу байдлаа  159 зорчигчид тийз бичиж өгч 65.565.500 төгрөг авсан тул түүнийг тушаалын байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дугаартай “Х  ХХК-д Увс аймаг дахь салбарын төлөөлөгч Б.М нь зорчигч бүртгэлийн ULОМR0001 системийг ашиглан 162 зорчигчийн тийз бичиж, 66.604.100 төгрөгийн борлуулалтын орлогыг компанид орлогод тушаагаагүй байна. 19.539.200 төгрөгийг төлсөн. Одоо 47.064.900 төгрөгийн дутагдалыг хариуцахаар байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 162-169 тал/ нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан боловч “Х” ХХК-ий дотоод шалгалтаар 3 зорчигч агаарын хөлгөөр зорчоогүй, тийзний буцаалт хийлгээгүй нь тогтоогдсон тул уг 3 зорчигчийн тийзний үнэ болох 1.038.600 төгрөгийг хохирлоос хасаж тооцон, энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 65.565.500 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлсоноос үзэхэд 50.000.000,  түүнээс дээш төгрөг нь “их хэмжээний хохирол”-д хамаарна.

            Энэ гэмт хэргийн улмаас 65.565.500 төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байгаа тул прокуророос шүүгдэгч Б.Мыг Увс аймаг дахь төлөөлөгчийн  газрын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж бусдын хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зйүлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг бусдын  хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.М бусдын хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                 

Шүүгдэгч Б.Мы хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Б.Эгийн өгсөн: “М ажил төрөлдөө сайн бөгөөд анх ирэхдээ Увс аймагт ганцаараа ирж байсан ба эхнэрээсээ салчихсан ирээд байр түрээслэж амьдарч байсан. Ааш зангийн хувьд хүнд тусархуу, хүнтэй харилцахдаа хүний арга эвийг сайн олдог. Хүний хэцүү хар бор амьдралыг сайн мэддэг залуу юм. Мы аав нь өвчтэй тэргэнцэртэй хүн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 104-105 тал/, Гэрч Д.Гийн өгсөн: “шударга зантай, ямарч хүнтэй зөв боловсон харьцдаг. Харилцааны соёлтой, хүнтэй их найзалж нөхөрлөдөг, цовоо ааш зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ч даруу төлөв байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 108 тал/, гэрч Д.Пийн өгсөн: “Би 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Мтай гэр бүл болж хамт амьдарч байна. 2014 оны 10 дугаар сарын 06-нд хүү Мөрөөдөл төрсөн. Хүү маань 5 сартайгаасаа зүүн нүд нь хараагүй, тархиндаа усжилттай төрөлхийн гажиг гэж оношлогдоод  жилд 1-2 удаа Эх, нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэн, Солонго, Болор мэлмий, Гурван гал гэсэн эмнэлэгүүдээр эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээний бүх зардлыг М олдог. Мы аав Б 2012 онд цус харвасан, байнга хэвтэрт байж эмчилгээ хийлгэдэг хүн байдаг. М аавынхаа эмчилгээнд сүүлийн 7 жил байнга мөнгө явуулж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн III хавтасны 107-109-р тал/-үүд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.М урьд нь Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 250 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн III хавтасны 86-88-р тал/-оор ЭХТА-ийн 99.1, 153.1 дахь хэсгүүдэд зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудасаар /хх-ийн III хавтасны 84-р тал/ нотлогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Х” ХХК-д 65.565.500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.М  21.539.200 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн байна. / 32 зорчигчийн тийз буцаагдаж, тийзний үнэ 19.539.200 төгрөгийг Б.Бт,  компаний дансанд 2.000.000 төгрөг төлсөн/.

Үлдэх хохирол болох 44.026.300 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас гаргуулан хохирогч “Х” ХХК-д олгох хууль  зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Мы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хэсэгчлэн нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.М энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч О овогт Бы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд  10.000 /арван мянга/  нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

  4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Маас 44.026.300 төгрөг гаргуулан хохирогч “Х” ХХК-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мд  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ