| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0164/э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 197
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Иргэдийн төлөөлөгч: Г.Оюунгэрэл,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Х-д холбогдох 1935003050154 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 14-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух М овогт Бгийн Х /РД:................................/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багийн нутаг Булжим гэх газарт иргэн Н.Эын толгой хэсэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанаратай зүйл буюу хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багийн нутаг Булжим гэх газарт иргэн Н.Э-н толгой хэсэгт хүрзээр цохиж зодсон болох нь:
Эд мөрийн баримт /хүрз/ хураан авах зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/,
Хохирогч Н.Эын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай ангийн Э, Э, Б, П, Ч, Х бид нар Булжим гэх газар луу Эын гэрт 2019 оны 8 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед очсон. Тэр оройдоо бид хэд хөзөр тоглонгоо ганц, нэг шил архи уусан. Тэгээд нэг мэдэхэд өглөө үүр цайсан байхаар нь одоо ингээд явцгаая гээд бүгд гэрээс гараад явах гэхэд миний мотоциклийн түлхүүр байхгүй болохоор найзуудаасаа асуугаад явж байтал Х надад байхгүй гээд уурлаж орилоход би байхгүй бол гэрт унагаасан юм байлгүй гэж хэлээд явах гэж байтал Х газарт байсан хүрз аваад миний толгой руу цохиод авсан. Би тэр хооронд ухаан алдаад унаад өгсөн. Нэг харахад манай ангийнхан намайг гэрт оруулж миний толгойг боож өгч байсан. Тэгээд бид хэд сумын төв орсон. Тэр орой болон өглөө бид хэд хоорондоо маргалдаж зодолдоогүй, зүгээр хөзөр тоглоод жаахан архи уусан ба согтсон хүн байгаагүй. Х бид хоёр хөзөрнөөс болж ам мурийсан, өөр зодоон болоогүй, Х намайг яагаад хүрзээр цохисоныг мэдэхгүй байна. Миний толгой өвдөнө, хагалгаа хийлгэсэн. Миний бие сумын төвөөс аймаг явж нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасаг болон Жаргалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба манай аав Н намайг сахин эмчлүүлсэн. Эм тариа, ирж явсан бензин хоол ундны зардал бусад зардал -ээд бараг 4.422.320 төгрөгний зардал гарсан байгаа цаашид Улаанбаатар хот орж тархины яс нөхүүлэх шаардлагатай, хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна. Миний эмчилгээний зардалд Б.Хийн аав 3.000.000 /гурван сая/ төгрөг өгсөн байгаа. Би учирсан гэмтэл болон одоо гарсан төлбөрийн талаарх баримтуудаа гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19, 20-21 тал/,
гэрч Ц.Бын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай ангийн Эын гэрт ангийн Э, Э П, Э, Х, Д /Г.Ч/ бид нар нийлж суусан юм. Тэр өдөр Эын гэрт хоночихоод 8 дугаар сарын 02-ны өглөө босоод гэрийн гадаа мотоциклийн хажууд тамхи татаад зогсож байтал манай ангийн хүүхэд болох Э орилохоор нь гүйгээд очиход манай ангийн Б.Э газар уначихсан хэвтэж байсан ба тухайн үед толгойны дух хэсгээс цус гарч байсан. Э П нар “Х чинь хүрзээр цохиод унгачихлаа” гэж хэлж байсан. Тэгээд бид хэд Эын цусыг нь тогтоогоод сумын төв явахад Э өөрөө мотоциклио унаад явсан сумын төв дээр ирээд эмнэлэг орох уу гэхэд би зүгээрээ гээд гэр рүүгээ яваад бид хэд салаад би гэртээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
гэрч Б.Эын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай ангийн Эын шинэ гэр бүл болсон гээд ангийн хэсэг хүүхдээ урьж болохоор 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөө Баянгол багийн Булжим гэх газарт гэрт нь П, Б, Х, Д /Г.Ч/ бид хэд очсон юм. Тэр өдөр Эын гэрт хоночихоод 8 дугаар сарын 02-ны өглөө босоод бид хэд гадаа сууж байтал Э, Х хоёр жаахан үг зөрөлдөөд барьцалдаад авахад нь би салгах гээд очиж явахад Х шууд газарт байсан модон иштэй хүрз аваад Н.Эын толгой хэсэгт нь нэг удаа цохиход Н.Э газарт унасан. Тэгээд би чи яагаад зүгээр байсан хүүхэд хүрзээр цохиж байгаа юм гэхэд Х нь урд өмнө намайг муу хэлээд яваад байсан гэж хэлсэн. Бид хэд Н.Эын толгойноос цус алдаад байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудах гэсэн чинь Х тэгвэл би амиа хорлоно гэж айлгаад байхаар нь дуудаагүй. Тэгсэнээ би энэ хийсэн хэргээ өөрөө хүлээнэ гэж хэлж байснаа би Этай учраа олмоор байна гээд уулзсан. Тэгээд Э толгойгоо боолгочихоод мотоциклио унаад Б, П, Д, бид нартай хамт сумын төв ороод эмнэлэг орох уу гэхэд би өөрөө очоод үзүүлчихье гэхээр нь бид хэд гэр гэр рүүгээ явсан. Эынд хонохдоо нэлээд орой очсон тэр орой бид нар хөзөр тоглонгоо 3 шил Ерөөл нэртэй 0.5л архи уусан би уугаагүй эрүүл байсан. Бид хэд хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Н.Э нь зүгээр зогсож байгаад цохиулаад унаад өгсөн. Намайг 7 дугаар сард Улаангомд дадлага хийж байхад Н.Э надруу чат бичихдээ би Хтой маргасан, дахиж уулзахгүй гэж байсан. Юунаас болсон талаар асуухад за за зүгээр ялихгүй юм болсон гэхээр за за гээд хаясан юм. Тэр өглөө Х нэлээд уурлангуй Н.Э руу дайраад байсан Н.Э зогсож байхад Х хүрз шүүрч аваад нэг удаа толгой хэсэгт нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
гэрч Ч.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сумын төв ороод манай ангийн хүүхдүүдтэй уулзаад хөдөө Баянгол багийн Булжим гэх газарт манай гэртээ манай ангийн Э, П, Б, Э, Х, Д /Г.Ч/ нартай ирсэн юм. Шөнө 2 цагийн үед ирээд хөзөр тоглонгоо нэг, хоёр шил архи ууцгаасан юм. Өглөө үүр цайж байхад тэр хэд одоо ингээд явцгаах уу гээд бүгд гэрээс гарсан. Би удалгүй араас нь гарахад Н.Э Х хоёр маргалдаад зогсож байхаар бид хэд очиж салгахад тэр хоёр буцаад манай гэрийн урд очиж барьцалдахад Х нь манай гэрийн урд газарт байсан үхрийн баас цэвэрлэдэг хүрз аваад шууд Н.Эын толгой хэсэгт нэг удаа цохиход Н.Э нь газар унаад өгсөн. Тэгээд бид хэд Н.Эыг гэрт оруулаад цусыг цэвэрлэж боож өгсөн. Тэгээд би гэртээ сууж байгаад унтаад өгсөн байсан. Тэд нарыг явсаныг мэдээгүй юм. Тэр орой манайд хөзөр тоглож байхдаа Н.Э болон Х хоёр хоорондоо маргалдах гээд нэг нэгнийхээ үгийг сөрөөд байсан. Бид хэд хамт сууж байсан болохоор загнаад болиулсан. Тэр өглөө Х нь тэр хэд сумын төв явсаны дараа манайд ирэхэд би “чи яаж байгаа юм бэ? Н.Эыг хүрзээр биш гараараа цохиж болоогүй юм уу?” гэхэд Х яадаг юм аль эртнээс миний дургүйг хүргээд байсан юм гэж хэлсэн. Миний хураалгасан хүрз их хуучирч муудсан хүрз байгаа юм. Манайх бараг ашигладагүй гэрийн гадаа л байдаг хааяа нэг хог цэвэрлэхдээ ашигладаг юм. Одоо манайд хэрэг болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 26 тал/,
гэрч О.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Эын хамт гэртээ байж байхад Х гэрт ирээд манай нөхрийг “Адуу хараад ирье” гээд дагуулаад хамт явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед манай нөхөр ангийн хүүхдүүд болох Э, П, Б, Э, Х, Д /Г.Ч/ нартай ирсэн. Би цай чанаж, хоол хийж өгчихөөд жаахан сууж хөзөр тоглонгоо манай нөхөр нэг шил архи задлаад хөзөр тоглож байсан чинь Х нь Н.Э руу уурлаад хэрүүл өдөөд байх шиг байсан, анхнаасаа жаахан таарамж муутай байсан. Тэгээд жаахан сууж байснаа Э би явлаа гэхэд Х битгий маяглаад бай сууж бай гээд суулгасан. Тэгээд удалгүй бүгд явлаа гээд гарсан. Гэрийн гадна тэр хэд маргалдаад байх шиг болохоор би нөхөр Эын хамт гэрээс гарахад Х, Э хоёр маргалдаад зогсож байтал Х нь газарт байсан хүрзээр Эын толгойд нь цохиод унагаасан. Бид нар тэр хоёрыг салгаад гэрт оруулаад цусыг нь тогтоогоод жаахан байж байгаад тэд нар сумын төв явсан. Дараа нь Х манайд ирээд мотоциклийн түлхүүр байна уу гэхээр би гэрээс олж өгсөн. Манай нөхөр Э Хоос “чи яаж байгаа юм бэ? Гар хөлөөрөө цохиж болдогүй юм уу?” гэж асуухад Х “Н.Э угаасаа дургүй хүргээд байсан юм. Хүрзээр цохиход яадаг юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
гэрч С.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би эхнэр Д /Г.Ч/-ын хамт сумын төв орж ирээд ангийн хүүхдүүд болох Э, Б, Э, Х нарын хамт ангийн найз Эын гэр рүү хамт Булжим гэх газар руу явцгаасан. Тэнд очоод бид хэд цай хоол идчихээд жаахан хөзөр тоглонгоо жаахан архи ууж суусан. Тэгж байхад Н.Э Х хоёр хөзөрнөөс болж жаахан маргалдаж байгаад болчихсон юм. Өглөө үүр цайгаад гэгээ орохоор нь явцгаах уу гээд Эынхаас гараад зогсож байхад Э мотоциклийн түлхүүр гээд хайгаад явж байсан. Тэгээд нэг харахад Хтой барьцалдаад авах шиг болсон очоод салгах гэж байтал Х нь гэрийн гадаа байсан хүрз аваад Эын толгойн орой хэсэг газар нь нэг удаа цохиход Э газарт унаад толгойноос нь цус гараад байхаар бид хэд гэрт оруулж толгойг нь боож цусыг нь тогтоогоод сумын төв явсан. Сумын төв орж ирээд Эыг эмнэлэг орох уу гэхэд би зүгээрээ би одоо гэр лүүгээ явлаа гэхээр нь бид хэд бас гэр гэр лүүгээ явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
гэрч Г.Ч /Д/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Пын хамт сумын төв орж ирээд ангийн хүүхдүүд болох Э, Б, Э, Х, манай нөхөр П нарын хамт ангийн найз Эын гэр рүү хамт булжим гэх газар руу явцгаасан. Тэнд очоод бид хэд цай хоол идчихээд жаахан хөзөр тоглонгоо жаахан ууж суусан. Тэгж байхад Н.Э Х хоёр хөзөрнөөс болж жаахан маргалдаж байгаад болчихсон юм. Тэгээд бид хэд тоглонгоо хоёр шил архи уугаад дуустал өглөө үүр цайгаад гэгээ орохоор нь явцгаахуу гээд Эынхаас гараад зогсож байхад Э мотоциклийн түлхүүр гээд хайгаад явж байсан. Тэгээд нэг харахад Хтой барьцалдаад авах шиг болсон очоод салгах гэж байтал Х нь Эын толгой хэсэг газар нь гэрийн гадаа байсан хүрз аваад толгойн орой хэсэг газар нь нэг удаа цохисон тэгээд Э газар унаад өгсөн толгойноос цус гараад байхаар нь бид хэд гэрт оруулж толгойг нь боож цусыг нь тогтоож аваад сумын төв явсан. Тэгээд бид хэд сумын төв орж ирээд Эыг эмнэлэг орох уу гэхэд би зүгээрээ би одоо ингээд гэр рүүгээ явлаа гэхээр нь бид хэд бас гэр гэррүүгээ явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
шүүгдэгч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 8 дугаар сарын 01-ний орой манай ангийнхан уулзалдаад манай ангийн хүүхэд болох Эынд гэрт очсон юм. Эынд манай ангийн П, Э, Б, Э, Ч нарын хамт шөнийн 02 цагийн үед очсон. Тэнд хоол, цай идэж, уучихаад хөзөр тоглонгоо ганц нэг шил архи ууцгаасан юм. Тэгээд өглөө үүр цайхаар нь бүгдээрээ явьяа гээд гэрээс гараад явах гэж байхад Н.Э нь мотоциклийн түлхүүрээ хайгаад явж байгаад над дээр ирээд түлхүүр авсан уу гэж ауухад би аваагүй гэхэд чамаас өөр хэн авдаг юм бэ? өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би надад байхгүй гэрт орж хараач гэхэд чамд байгаа, чи ямар хүүхэн шиг юм бэ? гээд доромжлоод бид хоёр жааахан маргалдахад манай ангийнхан ирээд Эыг бариад холдуулахад би гэрийн гадаа миний хажууд газарт байсан хүрз аваад далайгаад Эыг цохиод авсан. Тэгэхэд Э нь газар унаад толгой хэсгээс нь цус гараад манай ангийнхан гэр рүү авч ороод толгойг нь боож өгсөн байсан. Тэгээд би гэрийн гадна сууж байхад Н.Э гэрээс гараад миний хажууд ирсэнээ чи андыгаа цохиод хаячихлаа яаж байгаа юм бэ гэхэд харин би чамайг хүрзээр цохиод унгачихаж гэхэд Э чи яаж байгаа юм бэ андыгаа хүрзээр цохиод байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи харин андыгаа охин шиг гээд доромжилоод байхаар уур хүрээд нэг мэдэхэд хүрз аваад цохисон байсан гэж хэлээд бид хэд гэр гэр рүүгээ явсан. Тухайн үед Э нь намайг хэтэрхий их доромжилоод байсан тэгээд миний уур их хүрсэн болохоор хүрзээр толгой хэсэгт нь цохисон өөр зодоон цохион болоогүй бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би хохирогч Н.Эт учирсан хохирол гомдолыг барагдуулж байгаа манай аав эмчилгээ хагалгаанд ороход нь 3.000.000 /гурван сая/ төгрөг өгсөн юм цаашид учирсан хохирол барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн “Н.Эын биед Тархины хүнд зэргийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн эд дотор цусан хураа, гавлын хөндийд хий хуралт, духны ясанд зүүн хэсэгт цөмөрсөн, сэлтэрсэн ил хугарал, хатуу хальсны урагдал, духанд язарсан шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/-ээр хохирогч Н.Эын биед учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Х нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, хохирогчийн толгойн тус газарт хүрзээр цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Эын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал; Үүнд гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс, ухархай, самалдагийн дээд хана)-ны хугарал, заадсын салалт хамаарна. 3.1.3-т Тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл; Үүнд тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрхи, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна.” нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар заасан ба хохирогч Н.Эын өвчний түүх /хх-ийн 41-50, 53-58 тал/ -ээр Тархины хүнд зэргийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн эд дотор цусан хураа, гавлын хөндийд хий хуралт, духны ясанд зүүн хэсэгт цөмөрсөн, сэлтэрсэн ил хугарал, хатуу хальсны урагдал, духанд язарсан шарх гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх тул Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Х нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ хүрз хэрэглэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бөгөөд хүрз нь ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл, хэрэгсэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол ... эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тодорхойлсон байх бөгөөд эд зүйл, хэрэгсэл гэдэгт хүрз хамаарна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар эмч нарын “Б.Х нь Сэтгэцийн хувьд эрүүл. Б.Х нь болсон үйл явдлыг үнэн зөв тусгаж, мэдүүлэг өгч чадна. Б.Х нь хэрэг хариуцах чадвартай. Дүгнэлтийн явцад зэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/-ээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х урьд ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт /хх-ийн 75-р тал/ нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эын биед хүнд гэмтэл учирч, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт болон жаргалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мөн тархиндаа мэс засал хийлгэсэн, яс нөхүүлэх мэс хийлгэсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Шүүгдэгчийн зүгээс одоогоор гарсан зардалд 3.000.000 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар хохирогч гэм хэрэгт өртөгдсөний улмаас эмчилгээ хийлгэх, замын зардал болон эм тарианд 2.019.907 төгрөгийн зардал гаргасан, шүүгдэгч Б.Х хохиролд 3.000.000 төгрөг төлсөн /хх-ийн 109-р тал/ болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х хохиролд 3.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Н.Э 3.000.000 төгрөгөөс давсан давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч Н.Э гэм хэрэгт өртөгдөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсаны улмаас 2.019.907 төгрөгийн хор уршиг учирсан, шүүгдэгч Б.Х хохиролд 3.000.000 төгрөг төлсөн, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч Б.Хоос шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Н-ын өгсөн “манай багийн иргэн Б гэж хүний хүүхэд саяхан цэргийн алба хаагаад ирсэн юм Б.Х нь даруухан архи дарс хэрэглээд танхайраад байдаггүй их дуу цөөтэй хүүхэд юм. Гэр бүлээрээ нийгмийн идэвхитэй хүнд тусархуу айл юм. Манай багийн иргэн Б.Х 2018 онд байхаа намар л болж байсан санагдаж байна морьтой явж байгаад унаж бэртээд хоёр хоног хайгаад хөдөөнөөс олсон гэж сонссон. Тэгээд аймаг хот гээд их л явж эмчилүүлсэн толгойндоо гэмтэл авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/, гэрч М.Н-н өгсөн “Миний хүүхэд Х төлөв их даруухан зантай хүнтэй муудалцаад байдагүй их зөв боловсон хүүхэд юм. Гэр ороноосоо гараад дэмий тэнээд байдагүй аав ээжтэйгээ малаа маллаад амьдардаг, тусдаа гараагүй хүүхэд юм. Зүүнхангай суманд 10 жилийн сургуульд сурч төгсөөд цэргийн алба хаагаад 2017 онд ирсэн ямар нэг муу зуршил байдагүй архи дарс болон тамхи татдаггүй юм. Миний хүү Х нь цэргээс ирээд дараа намар нь морь унаж яваад мориноос унаад толгой хэсэгтээ гэмтэл авч хотод очиж эмчилүүлж байсан. Одоо бараг 3-н жил болсон байна. Одоо биеийн байдал ерөнхийдөө харахад зүгээр мөртлөө хааяа толгой тархи өвддөг, толгой эргэдэг баруун шанаандаа цөмөрөлтэй гэж хотод эмчилүүлж байсан. Өөрөө бол ерөнхийдөө бие султай амархан ууралдаг бас мартамхай болсон уг нь хотод хагалгаа хийлгэх гэхэд гэмтэл аваад удсан тул хагалгаа хийх боломжгүй гээд хийгээгүй. Одоо баруун шанааны яс цөмрөлтэй ил харагддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Ц.Бгийн өгсөн “Миний хүүхэд Х төлөв даруу зантай хүнтэй их зөв боловсон харьцдаг Зүүнхангай суманд 10 жилийн сургуульд сурч төгсөөд цэргийн алба хаагаад 2017 онд ирсэн ямар нэг муу зуршил байдаггүй архи дарс болон тамхи татдагүй юм. 2017 онд цэргээс ирсэнийхээ дараахан намар мориноос унаж толгойдоо гэмтэл авч байсан өөр ямар нэг муу зүйл байхгүй. Одоо биеийн байдал ерөнхийдөө харахад зүгээр мөртлөө хааяа толгой тархи өвдөг, толгой эргэдэг баруун шанаандаа цөмрөлтэй гэж Улаанбаатар хотод эмчилүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Хид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас одоогийн байдлаар учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн байдлыг тус тус харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Тус гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүрз нь гэрч Ч.Эын эзэмшилийн бөгөөд Ч.Э нь мөрдөн байцаалтын шатанд “Миний хураалгасан хүрз хуучирч муудсан юм. Манайх хааяа хог цэвэрлэхдээ ашигладаг. Тэр хүрзийг буцааж авахгүй” гэж мэдүүлсэн байх тул эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бгийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч хохиролд 3.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч 3.000.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ
Б.ГАНТӨГС