| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0012/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөө,
Шүүгдэгч: М.С, Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Мийн С, Бовогт Лн Н нарт холбогдох 1935004460245 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 05-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, Увс аймгийн Өлгий сумын Хулст багт оршин суух, урьд 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 4/86 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйл, 153.3 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж 1991 оны 02 дугаар сарын 28- ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Мөн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 6 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Бовогт Лн Н /........................./,
Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, радио телевизийн засварчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, урьд ял шийлгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй З овогт Мийн С /РД:......................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 25-ны хооронд тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Ц овогтой Бгийн 1 тооны адуу хулгайлж 850.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.С, Л.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Н.Пын 3 тооны адуу хулгайлж 2.300.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.С нь Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг Хавх гэх газраас 2018 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хохирогч Д.Чгийн 2 тооны, хохирогч Ч.Гийн 1 тооны адуу хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч М.С, Л.Н нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Шүүгдэгч М.С нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 25-ны хооронд тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Ц.Бгийн 1 тооны адуу хулгайлж 850.000 төгрөгний хохирол учруулсан болох нь
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн I хавтасны 5,7 тал /,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 6,8 тал/,
- Хохирогч Бгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мал тооллогын бүртгэл /хх-ийн I хавтасны 48-52 тал/,
Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр хүрэн зүсмийн буруу талын гуяндаа урагшаа тонгойлгож дарсан дэгрээ тамгатай морь алдсан. Миний морь уг нь Өлгий сумын төвд худаг дээр ирээд ус уугаад буцаад сумын төвийн ар талын түнгэ рүү ороод байж байдаг юм. Тэгээд гэнэт алга болсон юм. Би тэрнээс хойш хайж олон газраар явж хүмүүсээс их сурагласан боловч сураг чимээ огт гарахгүй байсан. ...2018 оны 12 дугаар сарын 23-нд сумын төвийн худаг дээр ирж ус уусан гэж манай ахын сургуульд байдаг хүүхэд надад хэлсэн. Хар зүсмийн гэдсээрээ цагаан оломын мөрөөр цагаан үетэй, буруу талын бүдүүн гуяндаа урагшаа тонгойлгож дарсан, зөв матаастай дэгрээ тамгатай буруу талын чихэндээ сэтэрхий имтэй морь байсан. Тухайн үед миний хүрэн морь хулгайлагдах үед 9 настай морь байсан. Миний хүрэн морь сумын төв ойролцоо л байдаг. Нуурын хөвөө хавиар голдуу бэлчээрлэдэг ганцаараа голдуу байдаг байсан. Би хүрэн морио Өлгий, Өмнөговь сумын нутгаар 7 хоног эрж хайж яваад олоогүй. Хүрэн морийг би 9-р сард 4-5 хоног унаад буцаагаад тавьчихсан байсан болохоор нэг их тарган ч биш бас туранхай ч биш дундын тарга тэвээргэтэй л морь байсан. Би хохирлоо төлүүлж авсан миний морины оронд 6 настай төөлтэй хар зүсмийн морь өгсөн. Тэр морийг С надад авч ирж өгсөн. С нь өөрөө 10 гаруй тооны адуутай гэж байсан өөрийнхөн тамгатай хар зүсмийн морийг надад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 10-11, 12 тал/,
Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр М.С 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бил үү 25-ны өдөр бил үү оройхон гэрт ирсэн юм. Хажуудаа нэг хүн дагуулж ирсэн ба тухайн хүнийг Д гэдэг мал мах худалдан авдаг ченж хүн байгаа юмаа гэж надад хэлсэн. Тэгээд цай унд уучихаад гэрээс гарсан ба гэрийн ар тал руу тэр хоёр явсан. Тэгээд байж байтал гэрийн ар талд дуу чимээ гарахаар нь би гэрээс гараад гэрийн ар талын жижиг гүвээ даваад харахад минай нөхөр уг дагуулж ирсэн хүнийхээ хамтаар нэг адууг ар талын жалга сай дотор нядалж байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон. Тэгээд манай нөхөр шөнө дунд гэрт орж ирж унтсан. Маргааш орой нь уг Д гэдэг хүн хөх цэнхэр өнгийн портер автомашинтай хажуудаа манай сумын Б буюу бид нарын дууддагаар Б гэдэг хүний хамтаар манайд ирсэн. Тэр хоёрыг ирэхэд манай нөхөр гэртээ байхгүй байсан бөгөөд цай уучихаад Д мах ачихаар ирлээ гэсэн ба Б буюу Б манай хажуу талын саахалт Ц гэдэг айл руу орсон. Тэгээд уг адууны махыг тухайн нядалсан газрын доод талд харганы ёроолд тавьсан байсан ба тэндээс ачсан. Мөн манай гэрийн хажууд бас нэг торомны мах байсан ба тэрнийг бас ачсан. Уг махыг ачиж байтал манай нөхөр М.С адуундаа явсан байсан бөгөөд тухайн үед ирээд Д тэр хоёр ачсан бөгөөд би гар чийдэнгийн гэрэл тусгаж өгсөн юм. Тэгээд Д Бийг машиндаа суулгаад өөрөө автомашиныхаа жолоог бариад хөдлөөд явсан. Манай нөхөр бид хоёр гэртээ орж, би нөхөрөөсөө энэ ямар учиртай адуу юм бэ гэхэд аан энэ ченж Д гэдэг хүн худалдаж авсан адууг нь би нядлалцаж өгч байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 13-14 тал/,
Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын иргэн О буюу М овогтой Соос хүрэн зүсмийн 1 тооны адуу худалдан авсан. Би Өлгий суманд адуу мал худалдан аваад Б гэдэг айл дээр байхад тухайн нутгийн хүн гэх О гэдэг хүн ирээд надтай танилцсан. Тэгээд надаас 800.000 төгрөг бэлнээр авсан байсан ба уг нь ямаа өгнө гэж надаас авсан юм. Тэгээд байж байгаад 3, 4 хоногийн дараа би Өлгий суманд ирээд О буюу Стой уулзаад за би малаа авая гэж хэлэхэд за би чамд адуунаасаа морь үзүүлнээ, ямаа өгч чадахгүй гэж хэлээд намайг мотоцикль дээрээ сундалаад явсан. Тэгээд Өлгий сумын ар талын нуурын хөвөөнд очоод 10 гаруй тооны адуу байсан ба уг адуун дотроос нэг бор зүсмийн морь үзүүлээд энэ морийг 1.500.000 төгрөгөөр худалдаж ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би наймаа хийж байгаа хүн ийм үнэтэй адуу авахгүй ээ, махны чиглэлийн адуу авна гэж хэлсэн. Тэгтэл энд нэг хүрэн морь байгаа чамд үзүүлье, сэтгэлд чинь таарвал аваарай гэж хэлсэн. Тухайн адуу байсан газраас хойш эргээд 1 километр орчим яваад уул талдаа нэг жижиг уулын гануу дээр уулын хүүшинд ганц тооны хүрэн морь байсан. Тэр морийг надад үзүүлсэн ба энэ морийг авах уу гэхэд би Соос мөнгөө салгаж авахын эрхэнд уг хүрэн морийг 500.000 төгрөгөнд бодож авсан. Уг хүрэн морь туранхай морь байсан. Үлдсэн 300.000 төгрөгийг нь би дараа өгье хүнээс адуу мал авах ёстой тэгээд тэр адуу малаа авахаараа чамд зарнаа тэгэхдээ энэ 300.000 төгрөгийг дотор нь шингээгээд хийе гэж хэлсэн. Уг хүрэн морийг С өөрөө очиж бариад бид хоёр мотоцикль дээр суугаад уг морийг хөтлөөд Сын гэрлүү явсан. Сын гэр дээр очоод уг хүрэн морийг бид хоёр гэрийн ар талын жижиг толгой гараад жолга дотор нядалсан. Тухайн нядалсан хүрэн морины махыг тэнд хучиж тавиад маргааш нь би орой очиж ачиж авсан. 2018 оны 12 сарын 23-ны өдөр юм уу 24-ний өдөр байсан байх цаг хугацааг нь сайн санахгүй байна 16 цагийн үед нар ороогүй байхад С/О/-ийн гэрийн жалганд нядалдсан. С буюу О надад уг хүрэн морийг өөрийн морь байгаа юм хониндоо унадаг номхон морь байгаа юм гэсэн уг морь хүрэн зүсмийн 8-9 орчим насны буруу талын чих нь сэтэрхий имтэй, буруу талын гуяндаа бүдэгхэн харагддаг урагшаа тонгойлгож дарсан дэгэрээ тамгатай морь байсан гэх.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 15-16 тал/,
Насанд хүрээгүй гэрч Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б ахын морийн танина. Учир нь би тэр хүрэн морийг зунднь унадаг байсан болохоор мэднэ. Би өдрийг нь сайн санахгүй байна, 2018 оны 12 сарын 23-ны өглөө би 09 цагт худгаас ус аваад явж байтал Б ахын хүрэн морь ганцаараа сумын төв орж ирээд худаг дээрээ ус ууж байсан, тэгээд би 2018 оны 12 сарын 24-нйи өдөр Б ахынд очиход Б ах надаас хүрэн морь харагдана уу гэж асуухад нь би өчигдөр худаг дээр ус уугаад гарч байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 17 тал/,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сард Д буюу Д гэдэг залуу манайхаар 3 удаа ирж мал мах худалдаж авсан. Тэр залуу авсан малын махаа Ховд аймаг руу ачиж оруулж зарж борлуулж байсан бөгөөд эхлээд ирэхдээ Ж гэдэг хүний цавьдар морины мах, Буянт гэдэг хүнээс нэг ямаа манайхаас 1 ямаа аваад явсан. Түүний дараа Сын гэр дээр очиж торомны мах авна гэсэн тэгэхэд нь би цуг явсан. 3 дахь удаагаа ирэхдээ Ховд аймгийн Мянгад сумын Г гэдэг хүнээс 4 тооны адууны мах ачиж явсан. Д нь Сын гэрийн гаднаас мах ачих үед нь би цуг явсан бөгөөд бид хоёр Сын гэрт очиход тэднийд эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд Д бид хоёр тэднийд байж байтал тэдний саахалт айлын Н гэдэг эмэгтэй ирж манай хүүхэд хатгаа авчихжээ уйлаад байна Б ах та адууны мах хатгаа авсан хүнд яаж тавьдаг болохыг мэддэг бол очиж зааж өгөөч гэхээр нь би Цийн гэрт очиж хатгаа авсан хүүхдэд адууны мах яаж тавьдаг болохыг зааж хоол цай идэж уучихаад буцаад Сын гэрт ирэхэд Д машиндаа сууж байхаар нь би түүний машинд орж суугаад бид хоёр манайх руу явж байх замд би Дгээс ямар мах ачив гэхэд гэрийн ар талаас нэг хэсэг мах, урд талаас түлээний хажуугаас нэг хэсэг мах ачлаа гэж надад хэлсэн. Тэгээд Д намайг харанхуй болсон байхад гэрийн гадна буулгачихаад би энэ шөнө Ховд аймаг явлаа гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 18-19 тал/,
Гэрч У.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 сарын 23 билүү 24-ний шөнө манай гэрийн ард жалганд адуу муухай орилоод байсан. Тэгээд би шөнө гарч бие засчихаад харахад манай хойд талд адуу нядалж байсан. Маргааш өглөө нь гараад харахад адууны сэвс баас болчихсон байсан. М.С адуу нядалсаны маргааш нь цэнхэр өнгийн портер машин Сын гаднаас мах ачсан. ..тухайн 1 тооны адуу алсаны дараа 3-4 хоногийн дараа М.Сын гэрийн баруун талд 3 адуу алсан бололтой 3 адууны сэвс баас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 20-21 тал/,
Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын эхээр Б гэдэг айлд очиход тэднийд Д буюу Д гэдэг залуу малын мах авахаар ирчихсэн байхаар нь би түүнээс чи надад 800.000 төгрөг өгөөч би чамд бог мал өгье гэж хэлсэн тэгэхэд тэр залуу зөвшөөрч надад 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Би тухайн үед банкны мөнгө хийх шаардлагатай байсан тул банкныхаа зээлийг төлсөн түүнээс хойш 12 дугаар сарын 20-ны үед Д буюу Д ирээд надаас бог мал авна гэсэн тэгэхээр нь би Дд би бог мал зарахаа болилоо хоёулаа миний адуун дээр очъё би чамд морь өгье гэсэн тэгээд бид хоёр манай 10 гаруй тооны ижилтэй адуун дээр очоод бор зүсмийн нас гүйцсэн морь үзүүлээд энэ морь хурдан морь байгаа юм уналганд ашиглаагүй болохоор тарга тэвээргэ сайтай байгаа чи үүнийг 1.500.000 төгрөгөөр авчих надад мөнгөний хэрэг байна гэхэл би ийм үнэтэй мал авахгүй би өөрөө ашиг олох гэж байгаа хүн ийм их төгрөгөөр адуу аваад надад ашиггүй гэж дургүйцсэн тэгэхээр нь Бгийн хүрэн морь сул явж байгааг харчихаад ер нь түүнийг хулгайлаад үүнд өгчихье гэж бодоод Дг за тэгвэл хоёулаа энд миний бас нэг морь сул явж байгаа түүн дээр очъё гээд Бгийн хүрэн морин дээр ирээд би тухайн хүрэн морийг чи үүнийг 800.000 төгрөгөндөө тооцоод ав гэхэд Д чадахгүй энэ морь 800.000 төгрөг хүрэхгүй 500.000 төгрөгөөр бодож авъя гэхээр нь би за за тэгвэл авдаг юм байлгүй гэж гэрээсээ авч гарсан сур аргамжаар барьж аваад ногтлоод мотоциклийн араас хөтлөөд гэрийн хажууд авч ирээд уясан. Тэгээд тэр оройгоо буюу харуй бүрий болж байсан 17-18 цагийн үед болж байхад Д бид хоёр хүрэн морийг алж нядлаад махыг нь гялгар цаасаар хучиж орхиод хөлдөхөөр нь маргааш ирээд ачаад аваархй гэж хэлсэн. Тэгээд Д Бийн гэр рүү явж би гэртээ орж амарсан. Маргааш орой нь Д цэнхэр ачааны машинтай ирээд манайд байсан нэг торомны, урьд шөнө алсан адууны мах хоёрыг ачаад аваад явсан. Би Ц.Бгийн хохиролыг төлж барагдуулсан. Би өөрийнхөө 6 настай морийг Бд өгч хохирол барагдуулсан. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 44-46 тал/-үүдээр тогтоогдож байна.
Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19/212 дугаартай "Увс аймгийн Өлгий суманд 9 настай морины зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 12 сарын байдлаар 850.000 төгрөг болохыг тодорхойлов" гэх 19/212 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 26 тал/-ээр М.Сын хулгайлсан адуу нь 850.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан, уг морьны махыг 500.000 төгрөгөөр зарсан болох нь гэрч С.Ды мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Сыг гэмт хэрэг үйлдэж 500.000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ.
2. Шүүгдэгч М.С, Л.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Н.Пын 3 тооны адуу хулгайлж 2.300.000 төгрөгний хохирол учруулсан болох нь
- Мотоцикль битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн I хавтасны 96-97 тал/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 98-99 тал/,
- Эд мөрийн баримт /Хутга/-аар тооцох тухай тогтоол /хх-ийн I хавтасны 100 тал/,
Хохирогч Н.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өмнөговь сумын орлого 3 дугаар багийн нутагт мал маллан амьдардаг. Манай гэр 2018 оны 12 дугаар сард Өмнөговь сумын орлого багийн нутаг Бор хагийн улаан толгой гэх газарт байсан, харин манай адуу намирын түнгийн зах гэх харуулын овоо гэх газарт 2018 оны 12 сарын 23-ны өдөр байсан тухайн өдөр адуугаа би өөрөө харсан тэгээд шинэ жил өнгөрөөд 1 дүгээр сарын 1-ний өдөр миний адуу байсан газарт очиж харахад тарчимаг дэлтэй бор хээр азрага, шар халтар морь, хээр судал халзан гүү зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. Тэгээд тэр адуугаа одоо хүртэл олоогүй, бор хээр зүсмийн тарчимаг дэлтэй 6 настай азарга баруун талын бүдүүн гуяндаа баруун талын гуяндаа зөв матаастай босгон дэгэрээ тамгатай, шар халтар зүсмий морь буруу талын буюу баруун талын ташаандаа буруу матаастай, дагуулан дэгэрээ тамгатай, хоёр чих нь шуулбар имтэй, хээр зүсмийн гүү бурууталын буюу баруун талын ташаандаа бруу матаасан дэгэрээ тамгатай зөв талын зүүн талын хаа гуяндаа дормон тамгатай 2 чих нь шуулбар имтэй байсан. Хээр азарга 6 настай, шар хээр зүсмийн морь 7 настай, хээр халзан гүү 7 настай байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь сумын төв дээр миний 3 тооны адууны хохиролыг Увс аймгийн Өлгий сумын иргэн М.С, Л.Н нар барагдуулсан. Тухайн 2 хүн ирээд надтай уулзаад бид хоёрын буруу, таны ядууг хулгайлж авсандаа гэмшиж байна гээд хээр зүсмийн азрага 1, шар хээр зүсмийн морь-1, Хөх зүсмийн морь-1 зэрэг нийт 3 тооны адууг миний алдсан адууны хохирол гэж өгөөд дээр нь та адуу малаа хайж их явсан байх танд зөндөө их зарлага гаргасан байхаа гээд дээр нь хээр зүсмийн унагатай гүү өгсөн. Ингээд нийт надад 5 толгой мал өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 103-104, 105-106, 107-108 тал/,
Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна ямар ч байсан 12 дугаар сарын 20-ноос хойш шинэ жил дөхөж байсан манай нөхөр нэг өдөр Н гэдэг хүний хамтаар хөдөө гэрээс гараад Өлгий сумын төв явлаа гээд мотоцикльтэй явсан. ... тэгээд хоёр гурав хоногийн дараа гэртээ шөнө дунд орж ирээд мотоциклио тавчихаад эмээл хазаар аваад гарсан. ...тэгээд би байж байтал манай нөхөр Н ахын хамтаар гэрт орж ирж цай унд уугаад амарсан. Маргааш өглөө нь Н ахыг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд тэр орой манай нөхөр нэг адуу нядалдсан ...гэрийн ойролцоо дахиад хоёр адуу байсан ба тэр хоёр адууг маргааш орой нь Н ахын хамтаар тухайн газарт нядалсан. Тухайн 3 тооны адууны махыг хэзээ яаж ачиж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 125-126 тал/,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Д надад С манай гэр дээрээс очоод мах дайгаад Ховд руу аваад яваач хүүхдүүдэд мах явуулах гэсэн юм тэр махыг аваад яваач гэж хэлсэн. Тэгээд би ганц нэг уут мах юм байх гэж бодоод очиход 3 адууны мах надад ачуулаад, чи энийг адууныхаа махтайгаа хамт зарж борлуулаад өгөөч гэж гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ би борлуулж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн 3 адууны махыг ачаад Ховд аймагт орж ирээд байж байтал С өөрөө ирээд тухайн махнуудаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 109-110 тал/,
Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....С ирээд чи надаас 3 тооны адууын мах авах уу гэхэд нь би авъя гэсэн тэгээд би ховд аймагруу оруулаад байж байтал 4-5 хоногийн дараа он гарсаны дараа 2019 оны 01 дүгээр сарын эхээр С надруу залгаад би ховд аймагт байна, чи хаана байна гэхэд би Өлгий суманд явж байсан болохоор Өлгий суманд байна гэхэд замаараа бригадын төв дээр миний нэг мах байгаа, түүнийг ачаад Ховд аймаг руу оруулаад ирээч гэхээр нь би тэр махыг нь бас надад өгөх гэж байгаа юм байна гэж бодоод ачаад Ховд аймаг руу орсон. Тэгэхэд маргааш нь С манайд ирээд мах үнэд орж байна, би чамд урьд өгсөн 3 адууныхаа махыг өгөхөө болилоо гэж хэлээд надаас 3 адууныхаа махыг аваад мөн урьд өгсөн нэг торомныхоо махыг, сүүлд ачиж ирсэн 1 адууны махтай нийлүүлээд хөлсний портер машинд ачаад явсан. Би Ст махны мөнгө гэж өгөөгүй бөгөөд Ховд аймагт оруулж борлуулж байгаад өгнө гэж тохирсон тэгээд манай гэрт мах нь байж байтал С 2019 оны 01 дүгээр сарын эхээр ирээд надад өгсөн адууныхаа махыг чамд өгөхөө болилоо гээд аваад явсан. Тэгэхэд нь би Соос чи тэгвэл миний 300.000 төгрөг болон чиний махыг Ховд аймаг руу оруулж ирсэний хөлс өг гэхэд С адууныхаа махыг борлуулаад чамд өгнө гээд тэр өдрөө махаа авч яваад тэр өдрөө надад миний 300.000 төгрөг дээр нэмж мах ачсаны хөлс гэж 200.000 төгрөг нийт 500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 127-128 тал/,
Гэрч О.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед манай суманд тэмээний баяр болж байсан. С архи уучихсан, хажууд нь дагаж явсан хүн нь бас архи уучихсан байсан. ...манай гэрт унтчихаад өглөө эрт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 123-124 тал/,
Гэрч О.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ховд аймагт С нь ирж байсан. 2019 оны 01 дүгээр сард ирэхдээ Д гэх залууд 4 адууны мах өгсөн одоо мөнгийг нь гүйцээж өгч чадахгүй байна гэж хэлээд тэр 4 тооны адууны махыг борлуулмаар байна гэж хэлэхээр нь Э гэдэг залууд аваачиж өгсөн чинь бэлэн мөнгө байхгүй байна гээд манай эхнэр болох Бийн дансаар 2 удаа 2 сая гаруй төгрөг 2 хувааж хийхээр нь би авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 116-117 тал/,
Гэрч З.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Баруун монгол интернэйшнэл ХХК-ий махны үйлдвэрт манай танил нутгийн ах Т гэдэг хүн манай нэг найзын 4 адууны мах худалдаж аваач гэхээр нь нийт 4 адууны 571 кг махыг 1кг нь 4700 төгрөгөөр нийт 2.683.700 төгрөгөөр манай компанид тушааж тухайн өдрөө 1,183.700 төгрөгийг 5845405159 гэсэн дансаар авсан маргааш нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үлдэгдэл 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Яг хэдэн тооны адууны мах байсныг санахгүй байна нийт 571 кг мах байсан гэж бодохоор том жижиг биетэй адуунаас шалтгаалаад 3-4 тооны адууны мах байсан байхаа. Т хажуудаа 1-2 хүнтэй ирсэн хөдөөний малчин бололтой хүмүүс шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 111-112, 113-114 тал/,
Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...5845405159 дансны дугаар миний хаан банкны дансны дугаар байгаа юм. Тухайн үед би БНХАУ-ын ӨМӨЗО-нд ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын эхээр Ховд аймагт ирсэн. Тэгээд би явахдаа энэ дансныхаа виза картыг нөхөртөө Ховд аймагт үлдээгээд явсан” гэх мэдүүдлэг /хх-ийн I хавтасны 115 тал/,
Гэрч У.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны өвөл манайх С гэх айлтай цуг өвөлжсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны үед М.Сын гэрийн баруун талд 3 тооны адуу нядлагдсан бололтой адууны баас сэвс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 130 тал/,
Прокурорын зөвшөөрлөөр авсан П.Бийн хаан банкын депозит дансны хуулга /хх-ийн I хавтасны 181-185 тал/, эд зүйлд /депозит дансанд/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 198 тал/
Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Өмнөговь сум руу тэмээний баяр болж байна гэхээр нь явахаар болж замаараа нутгийн ах Л.Нг аваад би өөрийнхөө 60-25 УВЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоциклийг унаад Л.Н бид хоёр Өмнөговь сум орж Х гэдэг айлд очсон анх очсон өдрөө архи ууж өнжөөд маргааш нь бас архи ууж өнжөөд хоёр хоноод бид хоёр буцаж Өлгий сумруу явахаар болж орой харанхуй бүрий болохын өмнө Өмнөговь сумаас гараад Өлгий сум руу явж байх замд Орлогын гол хавьд Улаан толгойн орчим явж байтал замд 10 гаруй ижилтэй адуу бэлчээрт байхаар нь Л.Н бид хоёр ярилцаж байгаад эндээс хэдэн мал тууя гэж шийдээд бид хоёр арай гайгүй гэж үзсэн 3 тооны адууг барьж аваад 2 морийг нь толгойгоор нь холбож, 1-ийг ногтолж Л.Нд унуулаад би өөрөө мотоциклио унаад бид хоёр Өлгий суманд (манай гэрийн ойролцоо ирээд маргааш нь би 1 адууг нь алж дахин нэг хоноод 2 адууг нь нядалж махлаад махыг нь гэрийн ойролцоо хучиж орхиод мах авч байсан Дг дуудаж манайд мах байна ирж аваач гэж хэлээд Дд ачуулаад Ховд аймаг руу оруулсан. Тэгээд 2019 он гараад мах жаахан үнэд орохоор би Ховд аймаг руу явж очиход Д байгаагүй тэгэхээр нь би Д рүү залгаад хаана байна гэхэд Өлгий суманд явж байна гэж хэлсэн. тэгээд чи Ховд аймагт хүрээд ирээч би чамд сүүлд өгсөн 3 адууныхаа махыг хүнд өгөхөөр болчихлоо гэхэд Д маргааш нь ирж надад надаас авсан 3 адууны махыг гаргаж өгсөн. Би тухайн махыг таксинд ачаад махны ченжид аваачиж зараад мөнгийг нь найз Тгийн данс руу хийлгүүлж гаргуулж авсан. Тухайн үед 3 адууны мах нийт 2 сая гаруй төгрөг болсон тэр мөнгөөр би малдаа өвс аваад дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 153-154 тал/,
Шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гэрт байж байтал манай сумын М.С манай гэрт ирээд бид хоёр М.Сынд очиж 1 шил архи уусан. ... бид хоёр Өмнөговь сум руу ороод тэндээ архидаж хоноод маргааш нь дахин архидаж өнжөөд 3 дахь хоног дээрээ бид хоёр буцахаар болж орой Өмнөговь сумаас гараад явж байтал Орлогын гол Харуулын овоо хавьд 10 гаруй ижилтэй адуу байхаар нь М.С энэ адуунаас хоёулаа хулгайлая гэхээр нь би бууж С мотоциклоос өөрөө авч явсан сур аргамжаар 3 адуу буюу 1. шар хээр зүсмийн нас гүйцсэн ташаан дээрээ буруу матаастай дэгрээ тамгатай морь, 2. хээр зүсмийн нас гүйцсэн буруу ташаан дээрээ буруу матаастай дэгрээ тамгатай морь, 3. хээр зүсмийн буруу ташаан дээрээ буруу матаастай дэгрээ тамгатай гүү зэрэг 3 адууг барьж 2-ыг нь холбоод нэгийг нь ногтолж би унаад холбосон хоёр адуугаад хөтлөөд араас нь С мотоциклио унаж туугаад бид хоёр Сын гэрийн ойролцоо модны үндэснээс уяад би гэртээ хүргүүлсэн. Маргааш нь манайд ирээд би 1 адууг алчихлаа та очоод 2 адууг алаад өг гэхээр нь би тэднийд очиж 2 адууг нь алж бид хоёр махаа цаасаар ороож орхиод би яваад өгсөн. Тухайн адууны махыг С зарж борлуулсан. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 163-164 тал/-үүдээр тогтоогдсон байна.
Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/187 дугаартай “...Увс аймгийн Өмнөговь суманд 6 настай азарганы зах зээлийн дундаж үнэ 2018 оны 12 сарын байдлаар 800.000 төгрөг, 7 настай морины үнэ 800.000 төгрөг, 7 настай гүүний үнэ 700.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 133 тал/-ээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж хохирогчид 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үлдэж 2.683.700 төгрөгийн орлого олсон болох нь гэрч З.Эын “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Баруун Монгол интернэйшнэл ХХК-ий махны үйлдвэрт манай танил нутгийн ах Т гэдэг хүн манай нэг найзын адууны мах худалдаж аваач гэхээр нь 571 кг махыг 1кг нь 4700 төгрөгөөр нийт 2.683.700 төгрөгөөр манай компанид тушааж тухайн өдрөө 1,183.700 төгрөгийг 5845405159 гэсэн дансаар авсан маргааш нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үлдэгдэл 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Т хажуудаа 1-2 хүнтэй ирсэн хөдөөний малчин бололтой хүмүүс шиг байсан.” гэх мэдүүлэг, Д.Бийн 5845405159 дугаартай Хаан банкын депозит дансны хуулгаар нотлогдож байна.
3. Шүүгдэгч М.С нь Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн нутаг Хавх гэх газраас 2018 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хохирогч Д.Чгийн 1 тооны адуу хулгайлж 700.000 төгрөгийнн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сард Хавхаг, цатгалангийн бэл гэх газарт байж байгаад миний бор хээр зүсмийн 8 настай морь, 5 настай бор хээр морь тус тус хулгайд алдсан юм. Миний морьтой хамт Ганаа /Гансүх/ гэх залуугийн 8 настай бор хээр морь алга болсон. Энэ гурван адуу бол 8 настай бор морь Өлгий сумын иргэн Лаас 2013 онд байх 500.000 төгрөгөөр худалдан авсан, Бор хээр морь Ховд аймгийн Мянгад сумын иргэн Г гэх залуугаас 2016 онд 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хоёр миний морийг Гийн нэг бор хээр дөнөн морь дагаж явсан юм. Ийм хоёр тооны адуун алдаад хайгаад олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Бор морь буруу талын гуяндаа урагшаа тонгойлгож дарсан дэгрээ тамгатай. Бор хээр морь буруу гуяныхаа бүдүүндээ босгон дарсан дэгрээ тамгатай, нөгөө бор хээр морь нь 4 настай мөн адил буруу талынхаа гуян дээр босгон дарсан дэгрээ тамгатай адуунууд байсан тэгж байтал 2018 оны намар Өмнөговь сумын Б гэх залууд миний 8 настай бор морь байна гэхээр нь би Бтай ярихад С гэдэг хүн авч ирж өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд цуг явсан 2 морь нь яасан бэ гэхэд ердөө ганц бор хээр морь л авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд авч чадалгүй байж байтал С Баас аваад буцаагаад Баян-Өлгий аймагт хүнд зарсан гэж сураг дуулдсан. М.С надад би таны бор морийг авсан таны хэлээд байгаа цуг байсан 2 бор хээр морийг мэдэхгүй гэж хэлээд авсан адууны үнэ гэж 700.000 төгрөг бэлнээр 2019 оны намар авч ирж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 222-223, 224-225, 226-227 тал/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын иргэн О гэх хүнээс 1 морь авах ёстой байсан юм. Тэр өрөндөө 2018 оны 05 сарын 24-25 үеэр Өлгий сумын иргэн Н гэдэг хүн 1 морь авч ирж өгсөн юм. Би адуу хайж яваад Н гэдэг айлд очиход тэр хүн О гэдэг хүн чамд энэ бор морийг өгөөрэй гэж хэлсэн ба усны хажууд уг бор морь байсан. Тэгэхээр нь би та өөрөө аваачаад өг гэж хэлчихээд би явсан. Нгийн авч ирсэн тэр бор морь гэрийн гадаа адуунд байж байгаад алга болсон юм. Тэгээд хайгаад байж байтал айлын адуунд байж байхад нь Б Б гэдэг хүнд захиад чи аваад хадгалж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед миний хөл хугарсан байсан ба би хэвтэрт байсан. Тэгээд 2018 оны 12 сарын эхээр О гэдэг хүн Б Б гэдэг хүн дээр очоод адуунаас нь уг бор морийг аваад явсан байсан. О тэр бор морийг аваад Баян-Өлгий аймгийн Баяннуур сум руу авч явсан гэж Б надад хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн I хавтасны 231, 232 тал/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын үед манайх Өмнөговь сумын Ёлын шилийн цэгээ гэдэг газарт байхад Д.Б над руу утасаар яриад танай байгаа газар луу айлын адуу дагаад нэг бор зүсминй морь хазаартай гараад явчихлаа. Та тэр морийг барьж аваад эзэн болоод хадгалж байгаач гэж хэлсэн. Тэгэхээр нь зэргэлдээ айл байсан М гэдэг залууд С Н гэдэг айлын адуунд хазаартай бор морь явж байгаа тэрийг бариад өгөөрэй гэж гуйсан. Хэд хоногийн дараа М над руу утасаар яриад нөгөө морийг тань барьчихлаа морио аваарай гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ дагуулж очоод уг морийг унуулаад гэр дээрээ авч ирээд нэг морьтой ижилтгэж хэд хонуулаад шууд адуундаа тавьсан. ..Б байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2018 оны намар 09 дүгээр сарын үед манайх Ховдын голд байхад О /С/ гэдэг хүний хүргэн Б гэдэг хүн манайд ирсэн. Тэр залуу танай адуунд Өлгий сумын О ахын бор морь байгаа гэж хэллээ, намайг тэр морийг бариад бэлдэж бай өөрөө ирж авна гэлээ би тэр морийг авахаар ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би морь чинь Д.Бын морь юм биш үү гэхэд үгүй ээ О ахын морь юм байна гэхээр нь манай адуу усанд орж ирэхээр нь барьж ав гэж хэлсэн. Тэгээд хэд хонож байтал Д.Б над руу утасаар яриад та тэр морийг хүнд өгч болохгүй шүү хулгайн морь юм шиг байна, та өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Тэгтэл тэр Б гэх залуу дахиад манайд ирэхээр нь би өгөөгүй. Тэгээд байж байтал 2018 тоны 11 дүгээр сарын сүүлээр хүнсний үеэр О манайд өөрийнх нь хүү гэсэн нэг хүүхэдтэй мотоцикльтой ирсэн. О ирээд уг бор морийг би авахаар ирлээ гэж хэлсэн. О би хүнээс өрөндөө авсан юм гэхээр нь за тийм бол би худалдаж аьъя гэхэд за тэгвэл та 650.000 төгрөг өгөөд ав гэсэн. О бид хоёр ингэж ярьж тохироод би сум орохоороо Огийн данс руу шилжүүлэхээр болж тохиролцсон. Тэгээд О манай гэрээс явсан. Тэгээд байж байтал Д.Б над руу утасаар яриад тэр бор морийг та худалдаж авч байна гэж сонслоо та авч болохгүй хулгайн морь гэж байна гэж хэлсэн. Тэгээд гайхаад байж байтал сар орчмын дараа О манай адуунаас тэр бор морийг бариад авчихсан Ховдын гол дээр надтай таарсан. О надтай уулзахаар нь энэ морь чинь хулгайн морь гэж байна шүү дээ гэхэд үгүй ээ тийм юм байхгүй би өөрөө мэднэ гэж хэлээд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум руу авч явсан. ...хөх бор зүсмийн буруу талын ташаандаа урагшаа тонгойлгож дарсан дэгрээ тамгатай морь байсан. Зун огт унаж эдлээгүй байсан болохоор их тарган байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 233-234 тал/,
Гэрч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын сүүлч 6 сарын эхээр шиг санагдаж байна, би сумын төвд явж байтал О /С/ гэдэг манай сумын хүн таарсан, тэгтэл О намайг та манай гэр дээрээс нэг морь аваад гэртээ аваачиж байгаач Өмнөговь сумын Б гэх залуу ирж авах ёстой гэсэн. Бор зүсмийн буруу гуяндаа урагшаа тонгойлгож тавьсан дэгэрээ тамгатай буруу чих нь эгц шуулбар имтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 225-227 тал/,
Гэрч Х.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 17-ны үед байхаа /өдөр хоногийг нь сайн санахгүй байна/ би Баяннуур суманд өөрийн эзэмшилийн истана автомашинаар хүн тээвэрлээд явж байхад Баяннуур сумын төв дээр 1 морь зарна гэсэн 2 хүн явж байсан. Тухайн морийг явганаар хөтлөөд явж байсан. Тэгээд би очиж уг морийг үзэж хараад хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг нь асуухад 800.000 төгрөгнөөс яриад өгнөө гэсэн. Тэгээд би уг хүнтэй ярьж тохироод 750.000 төгрөгөөр тухайн морийг худалдаж авсан. Би тэр хүнд 50.000 төгрөг бэлнээр өгсөн ба 700.000 төгрөгийг тэр хүн өөрийнхөө хүүхдийн дансруу шилжүүлчих гээд надад дансны дугаар өгсөн юм. Баян-Өлгий аймагт ирээд маргааш өглөө нь тухайн хүний өгсөн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би уг бор морийг Баяннуур суманд өөрийн төрсөн дүү болох Х.Аийн гэрийн гадна нядлуулж хүнсэндээ хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 238 тал/,
Гэрч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....бид хоёр Өмнөговь сумын Улиастай гэдэг газарт байх Б гэдэг айлын гэрт очсон. Уг айлд очиход Б байхгүй байсан бөгөөд тухайн айлын хүүхэд аавтайгаа яриад адуугаа байгаа газрыг асуугаад С бид хоёрт тухайн адуу байгаа газрын зааж өгч бид нар очиж адуунаас нь бор зүсмийн морь барьж аваад С тухайн морийг унаад би мотоциклийг нь жолоодоод Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд очсон. Тэгээд С тухайн морийг Баяннур сумын төвөөр хөтөлж явж байгаад Баян-Өлгий аймаг болон Баяннуур сумын хооронд хүн тээвэрлэдэг истана маркын автомашинтай хүнд 750.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед тэр хүнээс 50.000 төгрөг бэлнээр авсан ба 700.000 төгрөгийг тэр хүн маргааш нь Сын дансруу хийнэ гэж хэлсэн тэгээд бид хоёр Өлгий сумандаа гэртээ ирсэн. Тухайн морь нь буруу талын гуян дээрээ урагшаа тонгойлгож дарсан дэгрээ тамгатай, хөх бор зүсмийн морь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 239-240 тал/,
Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дансаар 700.000 төгрөг орж ирсэн ба энэ ямар мөнгө вэ гэхэд нөгөө бор морийг Баяннуур сум руу хүнд зарсны мөнгө гэж М.С хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 244-245 тал/,
Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хулгайн хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна гэхдээ би 3 тооны адуу хулгайлаагүй би ердөө Д.Чгийн буруу талын гуяндаа босгон дэгрээ тамгатай бор зүсмийн нас гүйцсэн морийг хулгайлсан, түүнээс өөр Д.Чгийн нэхээд байгаа 1 адуу, Ч.Гийн 1 адууны талаар мэдэхгүй би энэ 2 адууг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаврын муу малыг би хаана хадгалах билээ би ганц л морь авсан. Би Д.Ч гэдэг хүнийг танина. Учир нь Ховд аймгийн Мянгад сум Увс аймгийн Өлгий сум хоёр хил залгаа байдаг. Д.Ч нь Өлгий сумаас эхнэр авсан хүн болохоор би эртнээс танина. Д.Ч нь 2009 онд надаас миний ааваас өвлөж ирсэн шар халтар манан хөөрөгийг 2 адуу, 1 тэмээ өгөхөөр тохирч авсан юм. Тэгээд 2 адуугаа өгөөд 1 тэмээгээ өгөөгүй өдий хүрсэн. Тэгээд би Д.Чгээс тэмээгээ нэхэж олон удаа очсон боловч Д.Ч нь та өөрөө миний нэг алга болсон тэмээ байгаа түүнийг олж ав гэсэн тэгээд би тэр тэмээг нь хайгаад байж олж авсан. Тэгтэл Д.Ч тэмээг нь олж авсаны дараа надаас тухайн тэмээгээ буцаагаад авчихсан тэгэхээр нь би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Өлгий сумын нутаг Өлгий нуур багийн төвийн ойролцоо ганц бор зүсмийн морь явж байхаар нь би түүнийг Д.Чгийн бор морь гэдгийг таньсан. Учир нь тэр морийг Д.Ч нь Өлгий сумын харъяат Л гэдэг хүнээс худалдаж авсан буруу талын гуяндаа босгон дэгрээ тамгатай бор морь мөн байсныг би таниад тэр морийг барьж авах гэхэд ганц морь баригдахгүй болохоор ойролцоо байсан өөрийн 5 адуунд нийлүүлээд Хүрэн толгойн чулуун хашаа руу тууж оруулж байгаад барьж аваад тухайн бор морийг Н гэдэг хүнд аваачиж хадгалуулсан. Тухайн үедээ би Н ахад та энэ бор морийг хадгалаж байгаарай миний морь байгаа юм би Д.Чгээс өрөндөө авсан юм гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явах ажил гарч 2018 оны 05 дугаар сарын 15-ны үед Улаанбаатар хот руу яваад тэнд байж байгаад Б гэдэг хүн рүү залгаад чи надад нэг морь хадгалаад өг гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд би Н ах руу залгаад та бор морийг Бд хүргээд өгчих би хэлчихсэн байгаа гэж хэлээд Бд хадгалуулсан тэгээд би 2018 оны 12 дугаар сард тэр бор морийг зарж борлуулж мөнгө болгох гээд Баас миний бор морь байна уу гэхэд байхгүй Бгийн адуунд байгаа гэхээр нь би хажуу айлын Ц буюу Мыг чи ахынхаа мотоциклийн ард суугаад мотоцикль бариад өгөөч би хүнд адуу зарах гэж байна гэж хэлээд дагуулж яваад Бгийн адуунаас бор зүсмийн морийг барьж аваад би бор морийг унаад Ц-ээр мотоциклио бариулаад Баян-өлгий аймгийн Баяннуур сум руу оруулж С гэдэг хүнд зарсан. Учир нь Баян-өлгий аймагт адуу манай аймгийг бодвол үнэтэй байдаг учир Баян-өлгий аймгийн Баяннуур сум руу оруулж зарсан юм. Би тухайн бор морийг С гэдэг хүнд 750.000 төгрөгөөр зарж борлуулж, тэр мөнгөөрөө 50.000 төгрөгөөр бензин хийгээд 700.000 төгрөгөөр зээлтэй байгаад зээлээ төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 14-16 тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Д.Чгийн 8 настай, бор морьтой хамт байсан Ч.Гансүхийн 1 тооны адуу, Чгийн 1 адууг хулгайлсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч Д.Чгийн 8 настай, бор морийг хэзээ хаанаас хулгайлж, хэрхэн зарсан нь хангалттай тогтоогдсон боловч бусад 2 адууг хулгайлсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд прокуророос Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн Хавх гэх газраас 2018 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хохирогч Д.Чгийн 2 тооны, хохирогч Ч.Гийн 1 тооны адуу хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж ирснийг хохирогч Д.Чгийн 1 тооны адуу хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж өөрчлөх үндэслэлтэй байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Шинжээчийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 334 дугаартай “Увс аймгийн Өлгий суманд 2018 оны 5 сарын байдлаар 8 настай эр адуу 700.000 төгрөгийн үнэтэй байсныг тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн II хавтасны 03 тал/-ээр шүүгдэгч М.С энэ гэмт хэргийг үйлдэж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Гэрч Х.Сын “Би М.Соос 750.000 төгрөгөөр тухайн морийг худалдаж авсан. Би тэр хүнд 50.000 төгрөг бэлнээр өгсөн ба 700.000 төгрөгийг дансруу шилжүүлчих гээд надад дансны дугаар өгсөн юм. Маргааш өглөө нь Баян-Өлгий аймагт ирээд тухайн хүний өгсөн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн “...Миний дансаар 700.000 төгрөг орж ирсэн ба энэ ямар мөнгө вэ гэхэд нөгөө бор морийг Баяннуур сум руу хүнд зарсны мөнгө гэж М.С хэлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Сын “Би тухайн бор морийг С гэдэг хүнд 750.000 төгрөгөөр зарж борлуулж, тэр мөнгөөрөө 50.000 төгрөгөөр бензин хийгээд 700.000 төгрөгөөр зээлтэй байгаад зээлээ төлж барагдуулсан.” гэх мэдүүлгүүдээр энэ гэмт хэргийг үйлдэж 750.000 төгрөгийн орлого олсон болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч М.С, Л.Н нар нь хохирогч Н.Пын 3 тооны адууг, шүүгдэгч М.С нь хохирогч Бгийн 1 тооны адууг, хохирогч Д.Чгийн 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.С, Л.Н нарт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.С, Л.Н нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Б, Н.П, Д.Ч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч М.С, Л.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.С, Л.Н нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн I хавтасны 55-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Н нь урьд нь 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 4/86 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйл, 153.3 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж 1991 оны 02 дугаар сарын 28- ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Мөн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 6 дугаар тогтоолоор 145.2 дугаар зүйлд зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн I хавтасны 207-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч М.Сын хувийн зан байдлын талаар: Гэрч М.Оын өгсөн: “М.С нь өөрөө мал маллах дур сонирхолтой, морь уралдуулах дуртай. Зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч зөв боловсон харьцаатай, ямар нэгэн хүний эв дүйг олохдоо сайн. Сураар ойр зуурын эд зүйл хийдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 22 тал/, Гэрч Х.Аын өгсөн: “М.С нь багаасаа өр нь төлөв даруу, үг дүү цөөтэй хүн юм. Бусадтай нийтэч, олонтой харьцаатай, хүнтэй зөв боловсон ямарч асуудлын талаар ярилцчихдаг. Бага насаа эцэг эхийн дэргэд мал маллаж өссөн айлын бага хүүхэд Мтэй гэр бүл болж 6 хүүхэдтэй, 2 хүүхэд нь Улаанбаатар хотод оюутан оусэд нь Өлгий суманд сурдаг, нэг хүүхэд нь хөдөө мал дээр байгаа байх. Мөн тэднийд М.Сын эгч нь болох хэлгүй Ангираа цуг амьдардаг. М.С нь Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт мал маллан амьдардаг. 100 орчим бог малтай, 7-8 тооны адуутай . Уг нь өөрөө мал маллах тэр дундаа адуунд их сонирхолтой хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 23 тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Л.Нгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Эын өгсөн: “Л.Н нь Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багт эхнэр 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Өөртөө 100 гаруй толгой малтай хүний малыг бас хөлсөөр маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эхнэр нь Д нь мал малладаг, том хүү Ж нь Өлгий суманд мал маллан амьдардаг тусдаа гэр бүл болоод гарчихсан, Ж нь лам хүү байдаг. 2 дахь хүү нь З гээд хүүхэд мэдрэлийн өвчтэй гээд групп-д байдаг, бага охин Б нь Ховд аймгийн Багшийн их сургуульд оюутан. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхөд хамаардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч зөв боловсон харьцаатай, бусдад тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй, гутал оёдог уран хүн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 24 тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч М.С, Л.Н нар бүлэглэн хохирогч Н.Пын 3 тооны адууг хулгайлж 2.683.700 төгрөгийн орлого олсныг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 1.341.850 төгрөг, шүүгдэгч М.С нь хохирогч Ц.Бгийн 1 тооны адуу хулгайлж олсон орлого болох 500.000 төгрөг, мөн хохирогч Д.Чгийн 1 тооны адуу хулгайлж олсон орлого болох 750.000 төгрөг, нийт 2.541.850 төгрөгийг шүүгдэгч М.Соос, шүүгдэгч Л.Нгаас 1.341.850 төгрөгийг тус тус гаргуулан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 387.500 төгрөгийн үнэ бүхий 60-25 УВЗ улсын дунаартай ДК-150-99 загварын мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Сын 2 тооны адуу, шүүгдэгч Л.Нгийн 1 тооны адуу битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.С, Л.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З овогт Мийн С, Бовогт Лн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст 1 /нэг/ жил хорих ял,
-шүүгдэгч Л.Нд 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.С, Л.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Соос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.541.850 төгрөг, шүүгдэгч Л.Нгаас 1.341.850 төгрөгийг тус тус гаргуулан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 387.500 төгрөгийн үнэ бүхий 60-25 УВЗ улсын дунаартай ДК-150-99 загварын мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Сын 2 тооны адуу, шүүгдэгч Л.Нгийн 1 тооны адуу битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ