Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

     Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  А.Анхбаяр,

Хохирогч: Ц.Б,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сын Бд холбогдох 1735001660204 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, Төрийн банкны Увс аймаг дахь салбарт мэдээлэл судалгааны эдийн засагч ажилтай, ам бүл 6, нөхөр, 2 хүүхэд, өөрийн асран хамгаалалтанд байгаа бүтэн өнчин 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9-09 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Т овогт Сын Б /РД:.........................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Д С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт тус аймаг дахь Төрийн банкны салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Б болон "Х" ХХК-ны зээлийн данстай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

            Шүүгдэгч С.Б нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Б болон "Х" ХХК-ны зээлийн данстай холбоотой мэдээллийг татаж авсан болох нь

            - Монгол Банкны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б-17/526 дугаартай “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00:32 цагаас 15:13:59 цагийн хооронд Зээлийн мэдээллийн санд Төрийн банкны cib1700010ni11 кодтой хэрэглэгч 202.131.225.153 IP хаягаас хандалт хийсэн байна” гэх албан тоот /хх-ийн 49-51-р тал/,

            - Монгол Банкны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-1а/1331 дугаартай “Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК, түүний гүйцэтгэх захиралтай холбоотой мэдээллийг Төрийн банкны cib17000ni11 кодтой хэрэглэгч 2 удаа хайж, холбогдох лавлагааг авсан байна. Эхний удаа “Х” ХХК-ий захирлын мэдээллийг иргэний регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 49 минут 51 секундэд хайсан, 10 цаг 49 минут 56 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна. Хоёрдох хайлт буюу “Х” ХХК-ий мэдээллийг байгууллагын регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 52 минут 22 секундэд хайсан, 10 цаг 52 минут 24 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна” гэх албан тоот /хх-ийн 68-р тал/,

            - Төрийн банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 02а /3104 дугаартай “Төрийн банкны cib1700010ni11 кодтой Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрхтэй хэрэглэгч Төрийн банкны Увс салбарт бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 156-р тал/,

            - Төрийн банкны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 36/379 дугаартай “cib1700010ni11 код нь Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэхдээ Төрийн банкны Увс салбар ашиглагдаг код болно. 202.131.225.153 дугаартай IP код нь Төрийн банкны Увс салбарын нэгдсэн IP хаяг буюу гадаад IP хаяг болно” гэх албан тоот /хх-ийн 170-р тал/,

            - Төрийн банкны Увс салбарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 36/544 дугаартай “cib1700010ni11 код нь Төрийн банк Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх код бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мэдээлэл судалгааны эдийн засагч С.Б ашиглаж байсан болно” гэх албан тоот /хх-ийн 214-р тал/,

            - Гэрч Т.О /Төрийн банкны Увс салбарын захирал/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төрийн банкны Увс салбарын мэдээлэл судалгааны эдийн засагчаар С.Б 2017 оны 9 дүгээр сараас хойш тасралтгүй, ээлжийн амралт, чөлөө авахгүйгээр ажиллаж байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд С.Б ганцаараа нэвтрэх эрхтэй. Уг санд нэвтрэх нэр, нууц үгийг зөвхөн С.Бгаас өөр хүн мэдэхгүй. С.Б Увс аймаг дахь 21 тооцооны төвийн эдийн засагч нарын байгуулллагын дотоод сүлжээгээр болон бичгээр ирүүлсэн регистрийн дугаараар Зээлийн мэдээллийн санд нэвтэрч,  шүүлт хийж, холбогдох мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р тал/,

            - гэрч Д.Д /Төрийн банкны Увс салбарын мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Монгол банкны Зээлийн мэдээллийн санд  нэвтрэх нэр,  нууц үгийг ашиглан дурын интернет орчиноос холбогдох боломжгүй. Зөвхөн Төрийн банкны дотоод сүлжээнд холбогдсон компьютерээс ордог. Манайд зөвхөн мэдээлэл судалгааны эдийн засагчийн компьютерээс ордог болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р тал/,

            -  шүүгдэгч С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажиллаж байсан. Тухайн өдөр Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх нэр, нууц үгийг хэн нэгэнд дамжуулаагүй...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Бгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас татаж авсан хохирогч Ц.Б болон "Х" ХХК-ны зээлийн данстай холбоотой мэдээлэл нь 2017 оны 11 дүгээр сарын 07-нд цахим орчинд буюу Facebook.com нийтийн цахим хуудасны Увсын амьдрал, Увсын цэнхэр хязгаар, Увсын нэгдсэн группт Б.Ц гэсэн цахим хаягнаас нийтлэглсэн болох нь хохирогч Ц.Б, гэрч С.П нарын мэдүүлгүүдээр нотлогджээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зөвхөн хувь хүний нууцыг гэмт халдлагаас хамгаалсан зохицуулалт тул энэ хэрэгт хохирогчоос тогтоогдсон “Х” ХХК-ий нууцыг хамгаалахгүй.

            “Х” ХХК –ий Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан хуулийн этгээд гэдэгт хамаарах бөгөөд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогдож, түүний нууцын асуудал нь Байгууллагын нууцын тухай хуулиар, бизнесийн нэр хүнд, ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл бусад холбогдох хуулиар маргаанаа шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалттай байна.

            Иймд “Х” ХХК-ийг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас уг компаний эрх, ашиг сонирхолд хохирол учирсан эсэхийг тогтоохгүй болно.

            Хохирогч Ц.Б нь Хас банкны Увс аймаг дахь салбараас 2017 оны 3 дугаар сарын 02-нд өөрийнхөө нэр дээр 90.000.000 төгрөгийн арилжааны зээл авсан, 2017 оны 11 дүгээр сарын 06-нд 87.000.000 төгрөгийн зээлтэй байжээ.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаас харахад  зээл нь эдийн засгийн эргэлтэнд ордог, зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр үүрэг хүлээдэг, өмчийн харилцааг бий болгодог хөрөнгө байна.

            Хувь хүний нууцын тухай хуульд тодорхойлсноор хувь хүний нууц нь 5 төрөлтэй байх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.3-т “хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг ойлгоно” гэж заажээ.

            Хохирогч Ц.Бын зээл нь хувь хүний хөрөнгийн нууцад хамаарна.

            Хохирогч Ц.Б нь Увс аймгийн ИТХ-ын гишүүний хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т /бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч/ заасны дагуу жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Авлигын эсрэг хуулийн 14.2-т зааснаар дээрх хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх боловч Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1.1-т төрийн байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авч албан ажлын хэрэгцээнд ашиглах, 10.1.2-т зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах, 10.1.3-т зээлдэгч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор зөвхөн өөрт холбогдолтой зээлийн мэдээллийг авч ашиглахаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2-т “хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн мэдээллийг хууль зааснаас /Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10-р зүйл/ бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно.

Эндээс дүгнэхэд хохирогч Ц.Бын зээлийн талаарх мэдээлэл нь Авлигын эсрэг хуулиар нээлттэй байх боловч Зээлийн мэдээллийн санд орсон зээлийн талаарх мэдээлэл нь  хувь хүний хөрөнгийн нууцад хамаарах бөгөөд Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хуулиар хамгаалагдсан, банк, түүний ажилтанд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10-р зүйлд зааснаас өөр зорилгоор олж авахыг хориглосон байна.

            Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэж заасан байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар Төрийн банкны Увс салбараас хураагдаж ирсэн шүүгдэгч С.Бгийн хувийн хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрх нь, хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаагаар Зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

            Хохирогч Ц.Б болон Төрийн банкны Увс салбарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болон түүнээс өмнө ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй, зээл судлагдаагүй байжээ.

            Шүүгдэгч С.Б нь хохирогч болон банкны хооронд зээлийн харилцаа үүсээгүй, зээл олгох эсэх асуудлыг судлаагүй, төрийн байгууллагааас уг мэдээлийг авах талаар хүсэлт ирүүлээгүй байхад Монгол банкны Зээлийн мэдээллийн санд өөр банк /Хас банк/-ы оруулсан мэдээллийн татаж авсан үйлдэл нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлүүдийг зөрчиж байгаа тул түүнийг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан гэж үзнэ.

            Шүүгдэгч С.Бгийн  хохирогч Ц.Бын регистрийн дугаараар Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 49 минут 51 секундэд хайж, 10 цаг 49 минут 56 секундэд PDF файл хэлбэрээр татаж авсан цахим орчинд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийтэд мэдээлэгдсэн тул түүнийг уг мэдээллийг бусдад дамжуулсан гэж дүгнэв.

            Дээрх мэдээллийг цахим орчинд буюу Facebook.com нийтийн цахим хуудасны Увсын амьдрал, Увсын цэнхэр хязгаар, Увсын нэгдсэн группт Б.Ц гэсэн цахим хаягнаас нийтэлсэн этгээдийг олж тогтоогоогүй нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

            Шүүгдэгч С.Б нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж, Монгол Банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрхээ ашиглан  хувь хүний зээлийн талаарх мэдээллийг олж авсан тул түүнийг эрх бүхий албан тушаалын байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.Б нь албан ажлын хэрэгцээнд зориулж, Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас иргэн Ц.Бын зээлийн талаарх мэдээллийг авч, бусдад дамжуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Бг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь Төрийн дотоод журмын дагуу дотоод сүлжээгээр эсхүл бичгээр ирүүлсэн хэний хүсэлтээр дээр мэдээллийг авч хэнд дамжуулсан нь тогтоогдоогүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед С.Бгийн ашиглаж байсан компьютерт 2017 онд  Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас PDF хэлбэрээр татаж авч утгасан файлуудыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчээр /дүгнэлт хх-ийн 127-128-р тал/ сэргээлгэхэд 73.139 ширхэг PDF файл сэргэсэн бөгөөд уг файлууд дотор хохирогч Ц.Бын регистрийн дугаараар Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас 10 цаг 49 минут 56 секундэд татаж авсан PDF файл байгаа нь уг мэдээллийг татаж аваад дахин сэргээх боломжгүйгээр зориуд, санаатайгаар устгасан гэж үзэх үндэслэл болно.

            Иймд шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч С.Б нь “Би энэ мэдээллийг өөрөө санаатайгаар татаж авч, бусдад дамжуулаагүй, хэн нэгний хүсэлтээр татаж авч өгсөн байх. Хэний хүсэлтээр авч, хэзээ хэнд өгсөн болохоо санахгүй байна” гэж мэдүүлж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

            Хохирогч Ц.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг талаарх нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж хүсэл гаргасан.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байх тул хохирогчийн дээрх хүсэлтийг хүлээн авч энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бын нэр төр, алдар хүнд /хүний эрхэм чанар/-д хохирол учирсан, үүний улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

 

             II. Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч С.Б нь “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь нөхөр, өөрийн  0-3 насны 2 хүүхэд, асран хасгаалагчаар нь тогтоогдсон бага насны  2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Баазын 9 айлын 9 тоотод амьдардаг болох нь гэрч Н.Г /С.Бгийн нөхөр/-ын мэдүүлэг /хх-ийн 123-р тал/, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1527 дугаартай тодорхойлолт /хх-ийн 192-р тал/-оор тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бгийн том хүү Гын Г 2016 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн 03 настай /хх-ийн 195-р тал/, бага хүү  Гын А 2019 оны 3 дугаар сарын 29-нд  төрсөн 09 сартай /хх-ийн 194-р тал/ байна.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх тэмдэглэл /хх-ийн 183 тал/-ээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгч С.Бд ял оногдуулахдаа анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2 хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь 0-03 настай хоёр хүүхэдтэй болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасныг баримтлан  түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хойшлуулж,  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Бгийн ашиглаж байсан компьютерт 2017 онд  Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас PDF хэлбэрээр татаж авч утгасан файлуудыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчээр сэргээлгэсэн 73.139 ширхэг PDF файл бүхий  CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Бгийн хувийн хэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн банкны Увс аймаг дахь салбарт хүргүүлж, Төрийн банкны Увс аймаг дахь салбарын менежер Б.Баасанхүүгийн 1620-LOANE2, Д.Хуланхүүгийн 1620-LOANH, Б.Баттулгын 1620-LOAN3, Х.Цэцгээгийн 1622-LOAN, Б.Солонгогийн 1620-LOAN5, Ц.Золзаяагийн 1620-LOAN5 загварын компьютерүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогт Сын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Бд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ц.Б энэ гэмт хэргийн улмаас өөрийн нэр төр, алдар хүнд /хүний эрхэм чанар/-д хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаахр хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бгийн хувийн хэргийг Төрийн банкны Увс аймаг дахь салбарт хүргүүлж, Төрийн банкны Увс аймаг дахь салбарын менежер Б.Баасанхүүгийн 1620-LOANE2, Д.Хуланхүүгийн 1620-LOANH, Б.Баттулгын 1620-LOAN3, Х.Цэцгээгийн 1622-LOAN, Б.Солонгогийн 1620-LOAN5, Ц.Золзаяагийн 1620-LOAN5 загварын компьютерүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ