Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 49

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн прокурорын дүгнэлттэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-д холбогдох,

       “Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот прокурорын дүгнэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Прокурор П.У, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Прокурор Я.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Иргэн Б.Батцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст "...гадаад паспортанд хар тамга даруулж гэмтээсэн шинээр олгож өгнө үү" гэх өргөдөл гаргасныг хяналтын улсын байцаагч Д.П нь хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 дугаартай шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Зөрчил шалгасан материалыг хянахад иргэн Б.Батцэцэг нь энгийн гадаад паспортоо хэзээ, хаана аль улсад зорчиж явж байгаад болон зорчиж явах гэж байгаад хар тамга даруулсан болохын тодорхой болгож шалгахгүйгээр шийтгэл оногдуулсан, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн байхад торгуулийн мөнгийг Төрийн сангийн 100150000952 дугаартай дансанд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тушаалгасан. Өөрөөр хэлбэл зөрчлийг шалгаж эхлэхээс өмнө торгуулийн мөнгийг төрийн сангийн дансанд тушаалгасны дараагаар зөрчил шалгаж, шийтгэврээр арга хэмжээ авсан хууль зөрчсөн байна. Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...энгийн гадаад паспорт ... барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол" гэж заасан байх тул энгийн гадаад поспорт дээрээ хар тамга даруулсан нь санаатайгаар гэмтээсэн зөрчилд хамаарах эсэхийн тодорхой болгож шалгаж тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулахгүйгээр Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар явуулж, зөрчил гаргасан этгээдэд эрх, үүргийн танилцуулж, тайлбарлаж өгсөн, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулаагүй зэрэг зөрчилтэй байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр прокурор байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэнийг хянахад энэхүү хууль бус зөрчлийг илрүүлсэн болно. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2000000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

       Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлтэнд иргэн Б.Батцэцэг нь уг зөрчлийг хэдийд гаргасныг шалгаж тогтоогоогүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан байна гэжээ. Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Батцэцэг нь 2017 оны 01 дүгээр сард гадаад паспорт дээрээ хар тамга даруулсан байна. Иргэн Б.Батцэцэг нь хууль зөрчсөн үйлдэл хийснээр хар тамга даруулсан тул иргэнийхээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөө хүлээн зөвшөөрснөөр уг асуудал Захиргааны хариуцлагын тухай хууль хэрэгжиж байсан хугацаанд үйлдэгдсэн учир тухайн хуулийн 27-р зүйлийг үндэслэн 10000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Б.Батцэцэг нь уг асуудлыг 6 дугаар сард танилцуулж асуудлыг тайлбарлаж өгснөөр өөрийн буруугаа зөвшөөрч мөнгө тушаахаар яваад уг торгуулийн мөнгөө 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 150000952 тоот дансанд тушаачихаад ирж уулзахгүй хугацаа алдсан тул 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр шийтгэврийн хуудас бичигдсэн тул Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш бичигдсэн гэж үзэж хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

        Прокурор П.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.Батцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспортанд хар тамга даруулж гэмтээсэн шинээр олгож өгнө үү гэх өргөдөл гаргасныг хяналтын улсын байцаагч Д.П нь хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 тоот шийтгэврийн хуудсаар 15.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Б.Батцэцэгийг гадаад паспортаа хэзээ, хаана, аль улсыг зорьчих гэж байхдаа хар тамга даруулсныг шалгахгүй шийтгэврийн хуудсыг ногдуулсан байгаа. Шийтгэврийн хуудсыг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн байхад торгуулийн мөнгийг төрийн сангийн дансанд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тушаалгасан. Өөрөөр хэлбэл зөрчлийг шалгаж эхлэхээс өмнө торгуулийн мөнгийг төрийн сангийн дансанд тушаалгасны дараагаар зөрчил шалгаж шийтгэврээр арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн байна. Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энгийн гадаад паспорт ... барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол” гэж заасан байх тул энгийн гадаад паспорт дээрээ хар тамга даруулсан нь санаатайгаар гэмтээсэн зөрчилд хамаарах эсэхийг тодорхой болгож тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар явуулж зөрчил гаргасан этгээдэд эрх үүргийн танилцуулж тайлбарлаж өгсөн, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулаагүй зэрэг зөрчилтэй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын үйлдсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Д.П шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.Батцэцэг нь 2017 оны 5 дугаар сард ирж хар тамга даруулсан гэдгээ мэдэгдсэн. Тэгэхэд хуучин баримтыг хүчингүй болгож шинэ баримт авах ёстой гэдгийг тайлбарлаж өгсөн. Тухайн үед Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгууль оногдуулсан. Б.Батцэцэг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөнгөө тушаачаад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирж шийтгэврийн хуудсаа авсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д нь Увс аймгийн УБХ-ийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 00000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар  прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Я.Д нь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн /Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны/ шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн ба прокурорын дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарч байгаа тул шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн болно.

        Шүүхээс прокурорын дүгнэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд прокурорын дүгнэлтийг баталж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

      Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П нь иргэн Б.Батцэцэгийн  “паспортоо гэмтээсэн тул дахин паспорт олгож өгөх”- ийг хүссэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг хүлээн авч хянаад түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам зөрчиж “гадаад паспорт гэмтээсэн” гэх зөрчил гаргасан гэж  үзэн 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр захиргааны журам зөрчигчдөд арга хэмжээ авсан тухай зөрчлийн тэмдэглэл үйлдэн 000000101 дугаартай шийтгэврийн хуудсаар 10000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Б.Батцэцэг нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахаас өмнө буюу Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан өдрөө 10000 төгрөгийг төрийн санд тушаасан байна. Тухайн иргэн “гадаад паспорт гэмтээсэн” гэх зөрчил гаргасныг тогтоосон баримт зөрчил шалган шийдвэрлэх материал дотор байхгүй байна.

      2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ-аас Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсан ба энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт энэ хууль хүчин төгөлдөр болох хугацааг “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” гэж тогтоожээ. 

        Хариуцагч хяналтын улсын байцаагч Д.П нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болон шийтгэл оногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэхгүйгээр хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу болжээ. Энэ нь тухайн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

       Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан байх бөгөөд зөрчил гаргагч уг зөрчлийг хэзээ гаргасан, хууль тогтоомжийг хэрхэн яаж зөрчсөнийг болон шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож шийтгэл оногдуулах ёстойг цаашид анхаарч ажиллах шаардлагатай  байгааг тэмдэглэх нь нь зүйтэй гэж үзлээ. 

        Иймээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар прокурорын дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын №000000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай прокурорын дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.П-ын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000000101 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг  гаргуулан төрийн санд олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ