Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2016/00014

 

Б.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2016/00647 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Сандагсүрэнд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.000.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгчШ.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Сандагсүрэнтэй 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүү 3 сарын хугацаатайгаар 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Сандагсүрэн зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн зээл 20.000.000 төгрөг зээлийн хүү, алданги 13.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөгийг хариуцагч С.Сандагсүрэнгээс гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариутайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 33.000.000 төгрөгөөс 28.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд төлөхөөр эвлэрэх хүсэлттэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэх саналыг хүлээн авахгүй байна. Хүүний төлбөр 3.450.000 төгрөг өгсөн. Хүүгийн хугацаа дууссан гэрээ сунгаагүй учраас алдангийг төлөхгүй. Эвлэрээгүй учраас үндсэн зээл 20.000.000 төгрөгийг төлнө. Хүү алдангийг төлөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Сандагсүрэнгээс 29.825.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчБ.Пүрэв-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын төлсөн 322.950 төгрөгийн 307.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сандагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.075 төгрөгийг, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 15.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир /РД:ЧК79032274/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Сандагсүрэн давж заалдах гомдолдоо: ... Хариуцагч С.Сандагсүрэн би Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Алтантуулын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэн Б.Пүрэв-Очироос өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 20 сая төгрөгийг зээлж аваад хүү болон алдангид 3.450.000 төгрөг төлж, сүүлийн саруудад амьдралын гачигдалтай байдлаас шалтгаалан зээлээ төлж чадаагүй байгаа. Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир шүүхэд нэхэмжлэл гаргасныг 5 дугаар сард мэдсэн. Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очиртой зээлийн гэрээгээ сунгах, хүү алдангиа хэрхэн төлөх талаар албан ёсны тохиролцсон гэрээ хийгдээгүй байхад шүүх шийдвэрлэхдээ 29 сая 825 мянган төгрөгийг надаас гаргуулж, Б.Пүрэв-Очирт олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийнхөө төлөөгүй хугацааны хүүг үндсэн зээлийн хамт нийт 23 сая төгрөгийг Б.Пүрэв-Очирт өгөөд орон байраа барьцаанаас нь чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Иймд миний амьдралын бололцоо нөхцлийг харгалзан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Би өөрөө болон эхнэр Ш.Энхчимэг нь хууль эрх зүйн сайн мэдлэггүй байдлыг харгалзан итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийг миний гомдол гаргасан дээрх давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир, хариуцагч С.Сандагсүрэн нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэстэй байна гэж дүгнэв. Талууд нь 20.000.000 / хорин сая / төгрөгийг 3 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай зээлийн гэрээг бичгээр байгуулж харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан ба энэхүү гэрээндээ хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл болсон байх ба Иргэний хуулийн заалт, шаардлагад бүрэн нийцсэн байна. Ийм учраас нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу гэрээний үндсэн зээл болон гэрээний хугацааны хүү, хариуцлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй байна. Харин зээлийн гэрээний үндсэн үүрэг, хариуцлагыг тооцохдоо нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцооллын алдаа гаргасан байгааг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд зээлийн гэрээгээр өгсөн 20.000.000 төгрөг, түүний хүү 3 сая төгрөг нийт дүн 23.000.000 төгрөг байх ба үүнээс 3.450.000 төгрөгийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд зохигчид маргаагүй байна. Иймд үндсэн гүйцэтгэх ёстой үүрэг 23.000.000 төгрөгнөөс 3.450.000 төгрөгийг хасч тооцоход гүйцэтгээгүй үүрэг нь 19.550.000 төгрөг байна. Энэ гүйцэтгэсэн үүрэг, гүйцэтгэвэл зохих үүргийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв дүгнээгүй байна. Зээлийн үндсэн үүргээс 19.550.000 төгрөгийг гүйцэтгээгүй байх бөгөөд Монгол Улсын Иргэний Хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг тооцоход нэг хоногт 97.750 төгрөгийн алданги тооцогдох ёстой ба үүнийг хугацаа хэтэрсэн 100 хоногоор тооцоход 9.775.000 төг болж байна. Энэхүү алдангийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрээгүй байх тул түүнийг багасгах, хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь 29.825.000 төгрөгийг гаргуулж гэснийг 29.325.000 төгрөг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.175.000 төгрөг гэснийг 3.675.000 төгрөг гэж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн зүгээс хүү, алдангийг төлөхгүй хэмээн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч С.Сандагсүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 29.825.000 төгрөгөөс үндсэн зээл хүү 23.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй ба алданги төлүүлсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгүүдэд зааснаар илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2016/00647 дугаар шийдвэрт дараахь өөрчлөлт оруулсуай.

а/ Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...29.825.000 төгрөгийг... гэснийг ...29.325.000 төгрөгийг... гэж, ...3.175.000 төгрөгийг... гэснийг ...3.675.000 төгрөгийг... гэж,

б/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сандагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасанхэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 304.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэв-Очиртолгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.100 төгрөгөөс 124.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 182.950 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч С.Сандагсүрэнд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Ш.ТӨМӨРБААТАР