Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0057

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0057

Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн Прокурорын газрын

                             хяналтын прокурор Г.М-ын дүгнэлттэй                                                                                                                   захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, дүгнэлт гаргагч Г.М, хариуцагч Ө.З, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Л.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М-ын дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-од холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.5, 2.8, 2.9, 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд И.Э ХХК-ийн гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох “И.Э” ХХК-ийн захирал Л.Д би энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Хариуцагчийн зүгээс “И.Э” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20,600) ам.долларыг химийн материалын төлбөрт шилжүүлсэн боловч 2016 оны 05 дугаар сарын 31–ний өдөр 02-2151007-16-130018 дугаартай гаалийн мэдүүлгээр 10,300 ам.доллараас гаалийн бүрдүүлэлт хийсэн.

Мөн тус онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Д.И компани руу 109,250 юань шилжүүлсэн боловч 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гаалийн мэдүүлгээр 54,776 юанийн гаалийн бүрдүүлэлт хийсэн.

2017 онд 278,577,714 төгрөгийг химийн материал болон бусад барааны төлбөрт шилжүүлсэн ч гаалийн мэдүүлгээр 168,213,740.64 төгрөгөөр мэдүүлж, импортолсон.

Мөн 2018 онд 652,136,239.51 төгрөгийг химийн материал, тоног төхөөрөмжийн үнэд шилжүүлсэн боловч мэдүүлэхдээ 597,891,418.25 төгрөгөөр мэдүүлж, импортолсон хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн 31,508.552 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувь буюу 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Гэвч шилжүүлсэн мөнгөндөө л таарсан бараагаа авах ёстой буюу шилжүүлсэн мөнгөнөөсөө бага хэмжээний бараа авсан, эсхүл бараа орж ирээгүй байхад мөнгө шилжүүлсэн байгааг худал мэдүүлсэн гэж үзэх нь өөрөө ойлгомжгүй байна.

Гаалийн улсын байцаагч бол мөнгөндөө таарсан бараа авсангүй гэж шалгах субъект биш. Тиймээс “И.Э” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т заасан “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэх зөрчлийг гаргаагүй болно.

Хоёр, анхан шатны шүүх нь “И.Э” ХХК-ийн 2016 оноос 2018 онд импортолсон барааны гаалийн татвартай холбоотой зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөх”-өөр заасан.

Гаалийн татвар нь Монгол Улсын татварын нэг төрөл, гаалийн татварыг ногдуулж төлүүлэх, хураан барагдуулахтай холбоотой нарийвчилсан харилцааг Гаалийн тухай хуулиар зохицуулах ч татварын төрлийн хувьд тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ерөнхий зохицуулалт нь Татварын ерөнхий хуульд хамаарна гэж дүгнэсэн.

Гаалийн тухай хуульд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан заагаагүй тул Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийг баримтлан тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацааг 4 жил гэж үзсэн.

Хариуцагч нь “И.Э” ХХК-ийг Гаалийн тухай хууль зөрчсөн хэмээн шийтгэл оногдуулсан. Тиймээс Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “ Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Учир нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацааны нарийвчилсан зохицуулалт байх тул Татварын тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна

Ийнхүү Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг баримтлан Зерчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд “И.Э ХХК-д холбогдох зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа юм.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1.2 дахь хэсэгт “Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасан. Тус зүйлийн 3-д “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасан бөгөөд хуулийн этгээдийн хувьд таван мянгаас дээш зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулахаар заасан бол хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байхаар байна.

Хариуцагчийн зүгээс “И.Э” ХХК-д 31,508,552 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувь буюу 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил байна. Тиймээс 2016 оноос 2018 оны хоорондох гаалийн бүрдүүлэлттэй холбоотой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй” гэж заасан тул анхан шатны шүүхийн Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаартай дүгнэлтийг хангаж, хариуцагч гаалийн улсын байцагчийн маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд И.Э ХХК-ийн гаргасан уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

Гуравдагч этгээдээс “...нягтлан бодох бүртгэлд буруу бүртгэснээс үүдэлтэй зөрүү гарсан, уг зөрчилд татварын хяналт шалгалт орж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг хийсээр байхад хариуцагч энэ талаар холбогдогчоос тайлбар, нотлох баримт авалгүйгээр, өөрөөр хэлбэл нотлох ажиллагааг хийлгүйгээр зөвхөн тус компанийн гадаад гүйлгээний дансны хуулга, нягтлан бодох бүртгэл буюу гүйлгээний баланс, авлага өглөгийн товчоо гэх баримтуудад үндэслэн “2016-2018 онд импортолсон барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн  203,280,980 төгрөгийн үнийн дүнтэй зөрчил тогтоогдсон” гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6, 6.7 зүйлд илэрсэн зөрчлийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр, харин тогтоогоогүй бол зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулж, зөрчлийг шалган тогтоож шийдвэрлэхээр тус тус заасныг хариуцагч зөрчсөн бөгөөд “татварын актыг нотлох баримтаар үнэлээгүй...” гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайлбал, зөрчилд тооцсон үнийн дүнгийн зөрүү аль дүнгээс яаж үүссэн, хэзээ импортолсон ямар барааны гаальд мэдүүлсэн үнэ, тоо хэмжээ, төлбөр хийгдсэн гадаад гүйлгээний ямар дүнгээс яаж зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгаагүй, ямар гүйлгээг санхүүгийн бүртгэлд алдаатай бүртгэсэн, энэ нь яагаад зөрчилд тооцогдсон талаарх тооцоолол, үндэслэл тодорхойгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, зөрчлийн үндэслэл, зөрчлийн дүн, холбогдох баримтыг үнэлэх боломжгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

Гуравдагч этгээдийн “... Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалт нь хөөн хэлэлцэх хугацааны нарийвчилсан зохицуулалт байх тул Татварын тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хамаарахгүй,  Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1.2 дахь хэсэгт “... зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж зааснаар “И.Э ХХК-д холбогдох зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх гомдлын тухайд.

Гомдолд “...зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жил байх...” гэсэн агуулгаар маргаж байгаагаас үзэхэд гуравдагч этгээд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа ч тухайн зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа гэж ойлгогдохоор байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн “... зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэсэн зохицуулалтын хуулийн урьдчилсан нөхцөл нь зөрчил үйлдсэн байхаар байна.

Зөрчлийн тухай хуульд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөхөөр заасан. Татварын ерөнхий хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршдог бөгөөд татварын хөөн хэлэлцэх хугацааг уг хуулиар зохицуулсан тул 2016-2018 онд импортолсон барааны гаалийн татварын холбоотой зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу...” гэх гомдлын тухайд.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цуглуулаагүй, үнэлэгдээгүй баримтуудыг шүүх дүгнэх боломжгүй,  зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хийгдэх ажиллагааг шүүх хэрэгжүүлэх боломжгүй тул шүүхийн шинжлэн судлах хэрээс хэтэрсэн гэх үндэслэлээр хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх,  шударга ёсны зарчимд нийцэх юм. 

Иймд анхан шатны шүүх Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн хэргийг зөв дүгнэж, шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “И.Э” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

               ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН