| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0182/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 218
2020 02 05 2020/ШЦТ/218
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Я.Год холбогдох эрүүгийн 1906 07445 0190 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Я.Г, Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2 дугаар төрөхөд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “СОС” хүүхдийн хотхон асрамжийн газарт жолооч ажилтай, ам бүл 1 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 6 дугаар баг, Өлзийт, граж 10 дугаар гудамж, 10 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “СОС” хүүхдийн хотхоны 1-1 тоот хаягт оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 7-18 тоот хаягт Ч.Дошгинбаатарын нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 7-18 тоот хаягт Ч.Дошгинбаатарын нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, 2 шүдний сулрал, уруулын дотор талын салстын язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Я.Гын гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Я.Г мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
2. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №14506 дугаартай шинжээчийн “...1. Ч.Дошгинбаатарын 2 шүдний сулрал, уруулын дотор талын салстын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[1],
3. Я.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[2], оршин суугаа хаягийн тодорхойлолт[3], иргэний үнэмлэхний лавлагаа[4],
4. Хохирогч Ч.Дошгинбаатар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би хүргэн Отгонбаярын гэрт очоод юм ярьж сууж байгаад, жорлон ороод тамхи татаад зогсож байхад Я.Г гэх залуу ирээд “чи хэн бэ” гэхээр нь би “чи намайг танихгүй байна уу” гэхэд “Догоо ах байна” гэж хэлснээ намайг заамдаж байгаад шүд рүү нэг удаа мөргөсөн. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[5],
Хохирогч Ч.Дошгинбаатар, шүүгдэгч Я.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр гаргасан хүсэлт[6] зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Я.Г эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.Г нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Я.Год анхааруулсан.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гал овогт Ядамсүрэнгийн Я.Годыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Гын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Я.Год мэдэгдсүгэй.
5. Ялтан Я.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Я.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 24 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 26 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 28 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал