Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

Шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Е.Ат холбогдох эрүүгийн 1918005430494 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Е.А /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, “...........................” ХХК-нд ерөнхий механик ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Е.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Е.А нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх гэх газарт нийт 134.35м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 193.42 м2 талбайд хиймэл нуур үүсгэж байгаль экологи эдийн засагт 578.061 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Е.Аын өгсөн: Би хэдэн найз нартаа цалин өгнө гэж хэлээд дагуулж яваад хориотой газарт хууль бусаар ашигт малтмал эрж хайх олборлолт хийхийг завдсан. Би өртэй, хувийн байдал хэцүү байсан учраас хууль бусаар эрэл хайгуул хийсэн. Тухайн үед тэнд байсан байгаль орчны хүмүүс газар ухаж болохгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аийн өгсөн: Е.Аын ухсан гэх газар өмнө нь хууль бусаар ухагдсан газар. Байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлсөн. Техникийг маш бага үнээр үнэлсэн байсан. Миний мэдэхээр 2 унагалдайн нэгийг нь 15,000,000 төгрөгөөр үнэлж байгааг хямд үнэлсэн гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Чын өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед намайг машинаа засварлачхаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт байрлах “Манжинт хайрхан” нөхөрлөлийнхөө талбайд ирэхэд А нь шар өнгийн толгойтой МАЗ маркийн машин, чиргүүл, бага оврын экскаватор, усан буу зэрэг тоног төхөөрөмж байрлуулаад экскаватороор газар ухаж байсан. Тэгэхээр нь би Аын үйл ажиллагааг зогсоогоод цагдаад мэдэгдсэн. Тэгтэл А “би өрөнд орчихсон, 1 цаг угаачхаад гаръя, цагдаа нар одоо ирэхгүй, би мэдэж байна, энэ газар тендер зарлаж байгаа, цагдаа нарт хамааралгүй” гэж хэлсэн. Тэгээд А дураараа газар ухаад гаргасан шороогоо нөгөө бага оврын усан буугаараа 1 цаг орчим угаасан. Дахиад 1 цаг ажиллачихмаар байна гээд байхаар нь би хориглосоор байгаад дахин ажиллуулаагүй. Тэгээд өглөө 05 цагийн үед А нь тоног төхөөрөмжөө ачаад явсан. Атой нийлээд 6 хүн ирж ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч С.Оийн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэхэр цөөрөм” гэх газарт байрлах “Манжинт хайрхан” нөхөрлөлийн талбайд сахиулын үүрэг гүйцэтгэж байхад 13 цагийн үед А нь 29-53 ДАР улсын дугаартай цагаан өнгийн машинтай ирээд “Ч ах байна уу? 1 цаг ажиллаад гаръя” гэхээр нь би “Ч Шарын голд явж байгаа. Энэ ам руу орж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл миний сахиж байсан газрын доор шар өнгийн толгойтой МАЗ маркийн чиргүүл, жижиг оврын экскаватор, жижиг оврын усан буу, цэнхэр өнгийн портер дээр дизель станц ачсан 6-7 хүн ирсэн байсан. Тэгээд би Ч руу утсаар яриад Ч 23 цагийн үед ирээд бид 2 хамт очиход хэсэг газрыг ухаад шороо овоолчихсон тэрийгээ усан буугаар угаачхаад гарна гээд Чтай ярьсан. Ч угаалгахгүй гээд байхад 1 цаг орчим угаачхаад гарна гээд угааж байгаад өглөө гэгээ ороход бүх тоног төхөөрөмжөө ачаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч Ж.Эий өгсөн: ...А нь “Хүйтэний гол “Цэхэр цөөрөм” гэх газарт очиж хуучин ухаад гаргасан шороог угаах гэсэн юм, машинаараа дизель мотор ачаад хүргээд өгөөч, шатахууныг нь хийгээд дээр нь нэмж 100.000 төгрөг өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Цэхэр цөөрөм” гэх газарт очоод А нь “Манжинт хайрхан” нөхөрлөлийн манаачтай уулзаад хэсэг байж байгаад ирээд чиргүүл дээрээс экскаватор, шороо угаагч төхөөрөмж, бусад тоног төхөөрөмжөө буулгасан. Тэгээд А өөрөө оператор хийгээд экскаватороор газар ухаж эхэлсэн. Тэгээд шөнө шороо угааж байгаад өглөө 5 цагийн үед машин, тоног төхөөрөмжөө ачаад явсан. Уг газарт очиход нөхөрлөлийн хүн нь “энэ газар ашигт малтмал олборлож болохгүй” гэхэд А нь нөхөрлөлийн нэг ахтай уулзаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч Э.Эын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А нь “газар шорооны ажил байна. Өдрийн 80.000 төгрөгийн хөлс өгнө, хийх үү?” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Аын гэрт очиход Э, Д, Б, Да нар байсан. Бид Аын өвөөгийн гэрт очиж шар өнгийн МАЗ чиргүүл дээр жижиг экскаватор, жижиг усан буу ачаад Эсений портер дээр дизель станцыг ачаад ярьсан. Эхлээд хаашаа явж байгааг мэдээгүй, “цэхэр цөөрөм” гэх газарт очоод газар ухах гэж байгааг мэдсэн. Тэгээд усан буугаа байрлуулаад А нь өөрөө экскаватороор газар ухаж, баяжмалтай шороогоо гаргаж дуусаад усан буу нь нэг цаг орчим ажиллаж байтал нөхөрлөлийн Ч гэх ах ирээд ажиллаж болохгүй гээд болиулсан. А нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч А.Дын өгсөн: ...А ирээд “угаачихсан шороог угаах ажил байна. Өдрийн 50.000 төгрөг өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд А МАЗ маркийн машин, чиргүүл, Сумитомо маркийн экскаватор, бага оврын усан буу зэрэг зүйлийг ачаад Эий портерт цахилгаан станц болон ойр зуурын эд зүйлүүд ачаад Хүйтэний голын “Цэхэр цөөрөм” гэх газарт очсон. Тэнд очоод А нь “би өвөл ухаж байсан газар дээрээ дахин ухна” гээд нэг нуур үүсчихсэн хонхор газрыг заагаад экскаватороо буулгаад нөгөө нуурын усыг шуудуу татаж усыг нь шүүх үйл ажиллагаа явуулж байхад Улаанаа, Жообий бид 3 усан бууг нь байрлуулж шланкийг холбож угаах төхөөрөмжийг бэлэн болгосон. Тэгтэл нөхөрлөлийн Ч гэх хүн ирээд Атой “дураараа нөхөрлөлийн талбай дээр шороо ухаж байна” гэж маргалдсан. Тэгээд гаргасан шороо нь шавартай угааж болохгүй байна гээд өглөө нар гарахад тоног төхөөрөмжөө хурааж ачаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч Б.Бн өгсөн: ...А над руу залгаад “өдрийн 50.000 төгрөг өгье. Хамт нэг газарт очоод жоохон шороо угаачхаад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Аын өвөөгийн гэрийн гадаа байсан шар толгойтой чиргүүл дээр Сумитомо маркийн экскаватор болон бусад тоног төхөөрөмжөө ачаад Эий портер дээр дизель станцаа ачсан. Тэгээд “Цэхэр цөөрөм” гэх газарт очоод А экскаватороор хуучин ухсан нуур тогтсон газраас ашигт малтмалтай шороо авах гэхэд ус ихтэй байсан болохоор усыг нь гоожуулж асгах зорилгоор шуудуу ухсан. Тэгээд дахин газар ухаж нуур үүсгэж, ус тогтсон газраас шороо авч усан буу руу хийж угаасан. Тэгтэл 23 цагийн үед нөхөрлөлийн Ч гэх хүн ирээд бид нарыг зөвшөөрөлгүй ажиллуулахгүй гэхэд А тэр ахыг аваад гэр лүү нь явсан. Тэгээд А буцаж ирээд болохгүй байна гээд тэр шөнөдөө ажиллаагүй, үүрээр 05 цагийн орчимд техник, тоног төхөөрөмжөө ачаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газар нь Шарын гол сумын төвөөс хойд зүгт 50 км зайд урд зүгт байрлах уулын ам газар байх бөгөөд урд хүмүүс хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан талбайд дахин ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/,

Шүүгдэгч Е.Аоос Монгол Улсын механизмын бүртгэлд бүртгэгдээгүй, арлын дугааргүй Сумитомо маркийн жижиг оврын шар, цагаан өнгийн бүхээгтэй экскаватор 1 ширхэг, гар аргаар үйлдвэрлэсэн шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашин 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг зэргийг Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байрлуулахаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/,

“Монслов” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/089 дугаартай “Иргэн Е.А нь нийт 134.35 м2 талбайд олборлолт явуулж, 193.42 м2 талбайд хиймэл нуур үүсгэж байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 578,061.81 төгрөг байна. Үүнд: Эвдрэлд орсон 134.35 м2 талбайн эдэлбэр газарт учирсан хохирол 7,365.07 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 60,47.5 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 165,047.14 төгрөг, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4,072.67 төгрөг, нийт 236,942.38 төгрөг, урьд нь нуур байсан гэх 193.42 м2 талбайн эдэлбэр газарт учирсан хохирол 10,603.28 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 87,039.0 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 237,613.83 төгрөг, ургамлан нөмрөгт учирсан хохирол 5,863.31 төгрөг, нийт 341,119.43 төгрөг байна. Нийт нөхөн сэргээлтийн зардал 375,499.39 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-49/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10-04-305/12 дугаартай “Иргэн Е.Аын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 1,606,560.86 төгрөг” гэх акт /хх-ийн 53/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Е.Аын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх гэх газарт нийт 134.35м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 193.42 м2 талбайд хиймэл нуур үүсгэж байгаль экологи эдийн засагт 578,061.81 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой санаатай үйлдлийн улмаас хохирогч байгаль орчинд 578,061.81 төгрөгийн шууд хохирол учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдэл нь байгаль орчинд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.     

Иймд шүүгдэгч Е.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 578,061.81 төгрөгийн шууд хохирол учирсан ба шүүгдэгч нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10-04-305/12 дугаартай актаар тогтоогдсон байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 1,606,560.86 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн сангийн 100190200914 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 610.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 997.000 төгрөг тус тус төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 111, 135/-аар нотлогдож байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Е.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Е.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “...........................” ХХК-нд механикч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/, “...........................” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 38/19 тоот албан тоот /хх-ийн 117/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Е.А нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Е.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Е.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Е.Ат тэнссэн хугацаанд алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийх, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдэхдээ 15.000.000 төгрөгийн үнэ бүхий Сумитомо маркийн бага оврын экскаватор 1 ширхэг, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гар аргаар үйлдвэрлэсэн усан буу 1 ширхэг, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий МАЗ маркийн 16-82 УББ улсын дугаартай ачааны машин 1 ширхэг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 голтой чиргүүл 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “VOLEE” гэсэн бичигтэй шар өнгийн гадартай хуучин цахилгаан үүсгэвэр 1 ширхэг эд зүйлийг ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Чинбат, С.Отгонцэнд, Ж.Эсен, Э.Энхболд, А.Даует, Б.Баярмагнай нарын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56, 64-65/ зэргээр тогтоогдож байх тул дээрх техник тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч Е.А болон түүний өмгөөлөгч нар нь эдгээр машин механизмууд нь өөр хүний өмчлөлийнх тул улсын орлого болгох боломжгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “............” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 32/2016 дугаартай албан бичиг зэргээр, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 голтой чиргүүл нь иргэн Д.Аын, Сумитомо маркийн экскаватор нь “..............” ХХК-ийн өмч эзэмшлийнх байж болзошгүй, эдгээр машин механизмын өмчлөгчийг эргэлзээгүйгээр тогтоож ирүүлээгүй байх тул экскаваторын үнэ 15.000.000 төгрөг,  2 голтой чиргүүлийн үнэ 3.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийг Е.Аоос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Е.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашин нь “......................” ХХК-ийн эзэмшил боловч Е.А нь түүнийг худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан гэрч М.Бийн “...”......................” ХХК-нд цуг ажиллаж байсан М гэх залуу над руу “......................” ХХК-аас гэрээ хийж МАЗ самосмол автомашин авсныг зармаар байна гэж ярьсан. Тэгэхээр нь би хамт ажиллаж байсан Ерболтой холбосон. 2017 оны 5 дугаар сард Ербол нь Мөнхцэцэгийн МАЗ самосмол автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/-ээр нотлогдож байна.

Гар аргаар үйлдвэрлэсэн усан буу, “VOLEE” гэсэн бичигтэй шар өнгийн гадартай хуучин цахилгаан үүсгэвэр зэрэг нь өөр этгээдийн өмчлөл болохыг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2019 оны 11 дүгээр 13-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гар аргаар үйлдвэрлэсэн усан буу 1 ширхэг, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий МАЗ маркийн 16-82 УББ улсын дугаартай ачааны машин 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “VOLEE” гэсэн бичигтэй шар өнгийн гадартай хуучин цахилгаан үүсгэвэр 1 ширхэг зэргийг хураан авч улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 15.000.000 төгрөгийн үнэ бүхий Сумитомо маркийн бага оврын экскаватор 1 ширхэг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 голтой чиргүүл 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Е.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ат тэнссэн хугацаанд алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийх, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Е.А нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2019 оны 11 дүгээр 13-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий усан буу, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий МАЗ автомашин, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотор зэргийг улсын орлогод оруулж, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэ бүхий экскаватор, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн чиргүүл зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аоос 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Е.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР